Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ ТОЙРСОН БӨӨН БУДЛИАН

Үлэг гүрвэлийн өндөг, яс, аргаль угалз, хар сүүлт, бөхөн, цэн тогоруу... гээд л Монголын өргөн уудам нутгаар тархсан ан, амьтан ургамал, хэдэн сая жилийн тэртээх амьдрал гээд байгалиас харж болох бүгдийг ганцхан байшин дотроос үзэж болно гэхээр сонин. Өчүүхэн муу бактериас эхлээд аварга биет үлэг гүрвэл хэрхэн үүсч бий болсныг хаана, яаж амьдарч, яагаад мөхсөн түүхийг Монгол хэмээх энэ асар баян орноос олдсон олдворууд л гэрчилдэг хэмээн судлаачид ярилцдаг. Гадаад, дотоодын палеонтологичдын арааны шүлсийг асгаруулж байдаг энэ олдворуудын зарим өөрийнх нь түүхийг тайлж унших судлаачийг хүлээн газрын гүнд, агуйн ёроолд, цаст уулын оройд ер хаа сайгүй хэвтэж байгаа. Харин олдсон нь Байгалийн түүхийн музейд заларч, балар эртний түүхийг бидэнд өгүүлж байдаг билээ. Монгол орны байгалийн ховор нандин олдвор, шинжлэх ухааны асар үнэтэй баримтуудыг хадгалж, нандигнаж буй Байгалийн түүхийн музей маань үзэгчдэд эх орныхоо байгалийн асар баян түүхээс ярьж өгөх хүндтэй үүргээ гүйцэтгэж чадахгүй болох аюул нүүрлээд байна. Учир нь, энэ сарын 1-нээс тус музейн үйл ажиллагааг зогсоожээ.
Төрийн өмчийн хорооны бүртгэлээр энэ музей 1953-1954 онд ашиглалтад оржээ. Харин суурийг нь 1951 онд тавьсан гэх там тум сураг гарав. Тэгэхээр улаан тоосгоор барьсан энэ барилгын ашиглах хугацаа 2011 онд дуусаж байгаа юм. Тухайн үед манай улсад санхүү эдийн засаг, хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх сургууль хэрэгтэй гэж үзэн Санхүү эдийн засгийн болон Хөдөө аж ахуйн техникумын барилга барихаар Ю.Цэдэнбал дарга шийдвэрлэжээ. Санхүү эдийн засгийн дээд сургууль одоо ч анхны байрандаа хичээллэж байгаа.
Харин Хөдөө аж ахуйн техникумд зориулагдсан барилга дуусах үед улс эх орныхоо үүх түүхийг хайрладаг нэгэн хүн тэнд Байгалийн түүхийн музейг оруулахаар Ю.Цэдэнбал даргыг ятгаж дөнгөжээ. Тэр цагаас хойш энэ барилгад нэг ч удаа их засвар хийсэнгүй. Урсгал засвар хийж будаг шунх наасан төдий. Огт арчилж тордоогүй барилга хахир хатуу өвөлтэй, аагим халуун зунтай Монгол орны уур амьсгалыг тэсэн 60 жилийн нүүр үзэж байгаа нь энэ аж.
Санхүү эдийн засгийн сургуулийг хувьчилсан учраас үе үеийн удирдлагууд нь засвар хийсээр шинэ баригдсан барилгуудын хажууд өнгө зүсээ алдаагүй хэвээр л дүнхийж байна. Харин төрийн өмч гэх Байгалийн түүхийн музейн барилга нурах аюултай болсон учраас нурааж, шинээр барих шийдвэр гаргасан. Барилгыг нурааж шинэчлэх ажил хоёр талтай. Эхний асуудал нь, Байгалийн түүхийн музейн одоогийн дарга Н.Зоригтбаатар 2005 онд ажлаа авсан цагаасаа музейн барилгыг нураан шинэчлэхээр хөөцөлдөн эрх бүхий албан тушаалтнаар зөвшөөрүүлж чадсан. Харин музейн ажилт­нууд, мэргэжлийн хүмүүс нь “Манай дарга мэргэжлийн хүн биш. 2005 онд томилогдож ирсэн цагаасаа хойш музейд төсөвлөсөн хөрөнгө мөнгийг өөрөө л идэж уусан байх. Адилхан онд баригдсан барилга нурсан зүйл алга. Гэтэл урсгал засварынх нь мөнгөөр засвар хийхгүй байсаар ийм байдалд хүргэ­сэн” хэмээн учирлан ярилаа. Мөн ажилчдын зүгээс музейн барилгыг заавал нураах шаардлагагүй гэж үзэж байгаа ч дуулгасан юм.
Байгалийн түүхийн музей жилдээ 100-120 сая төгрөгийн орлого олдог. Манай улсын бусад бүх музейн нэг жилийн орлогыг нийлүүлбэл ийм тоо гардаг гэнэ. Гэтэл музейн дарга ажилчиддаа тайлбарлахдаа “Орлогыг нь улсын төсөвт хамж авчихаад, их засварын мөнгө өгдөггүйгээс тус музей хариугүй нурахад бэ­лэн байгаа. Ханаа ядахдаа бэ­хэлж ч чадахгүй сууж байн­а. Дээрээс нь ямар нэг байд­лаар өрөө илүүчлэн бус­дад түрээслүүлж, таван сая төгрөг олж тушаах үүрэг нэмж оноод­ог. Байгалийн түүхийн музейн зүүн хойд буланд нэгэн хуу­лийн байгууллага байрлаж бай­на” гэхчилэн тайлбарладаг гэнэ.
Үнэхээр бусад музейн бүх ашигтай тэнцэх хэмжээний ашиг олж байгаа байгууллагаа харин ч шагнаж урамшуулж өөд татах ёстой байтал бусдаас нь илүү үзэж мөнгө татдагт ямар учир байна аа, төсөв хамагчид аа...
Ингээд өчигдөр 12 цагийн үед Байгалийн түү­хийн музейгээр орлоо. “Музейн барилгыг цаашид ашиглах боломжгүйгээс шинэчлэн барих болсонтой холбогдуулан үйл ажиллагааг зогсоосон болохыг мэдэгдье” гэсэн би­чиг үүдэнд нь хаджээ. Хаал­гаар нь ортол ажилчид нь ажлаа хийсээр л байна. Харин захирал, менежер нь алга. Захирлын туслах эмэгтэй “Манайхыг хаалгаа барь. Хоёр, гурван жилдээ үзмэрүүдээ агуулахад хадгалж магадгүй учраас хадгалалтад зориулж бэлтгэ гэсэн. Энэ жилдээ бэлтгэл ажлаа хийж байгаад дараа жилээс нураах байх. Динозаврын яс зэрэг палеонтлогийн олдворуудыг Палеонтлогийн хүрээлэн өөрсдөө авна гэсэн. Манайх үзмэрүүдээ хойд талын өргөтгөлийн байр руугаа зөөнө” гэлээ.
Захирал, менежертэй нь холбогдож чадаагүй учраас тус музейн Чихмэлийн лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээ, арга зүй, сан хөмрөгийн тасгийн даргаар ажиллаж байсан одоо “Үлэг гүрвэлийн төв музей”-н захир­лаар сонгогдсон Н.Жавзмаатай холбогдлоо. Тэрээр “Байга­лийн түүхийн музейн ажил­чид болон үзмэрийг манай музейд шилжүүлэх шийд гарсан. Гэхдээ Лениний музейн асуудал шийдэгдээгүй учраас энэ асуудал хэрхэн шийдэгдэхийг сайн мэдэхгүй байна гэлээ”.
Хэдийгээр Лениний музейг “Үлэг гүрвэлийн төв музей” болгохоор болсон ч хараахан шийд гараагүй байгаа. МАН-ынхан шүүхээр явж, заргалдсаар байгаа. 90 жилийн түүхтэй ууган нам хэрэв нааштай шийд гаргахгүй бол Байгалийн түүхийн музейн хэдэн арван ажилчид, мөнгөөр ч үнэлэх аргагүй үзмэрүүдийн ирээдүй бүрхэг болох нь.  
Нэг баавгайны чихмэл хийхэд 500 мянга орчим төгрөг шаардагддаг. Гэхдээ тэр чихмэлийг мөнгөөр үнэлэх аргагүй. Хүний хөдөлмөр шингэж бүтээгдсэн чихмэл дээр дурдсанчилан хоёроос гурван жил хадгалагдах юм бол илжирч муудах аюултай. Гэхдээ Байгалийн түүхийн музейн асуудал зөвхөн нэг баавгайны чихмэлийн тухай яриа биш. Хэрэв ийм аюулын ирмэг дээр ирвэл нөгөө гадаадынхны шүлсийг гоожуулдаг Монголын байгалийн түүх үгүй болно гэсэн үг билээ.

Б.Цэдэв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан