Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жеки Чан: Би Брюс Лигээс хойшхи хамгийн мундаг нь

Жеки Чан 1954 оны дөрөвдүгээр сарын 7-нд Хонгконгод ядруухан хятад гэр бүлд төржээ. Түүнийг орлон тоглогч, кино найруулагч, продюсер, найруулагч, зодоонт киноны баатар бас дуучин гэдгийг нь уншигчид андахгүй. 1962 оноос эхлэн тэрээр 100 гаруй кинонд тоглосон гэдэг.
“Би бол баян хүн. Мөнгө бол миний хувьд тийм ч чухал зүйл биш. Би хүссэнээ л худалдаж авч чадна.  Гэхдээ би маш их арвич хямгач. Анх их хэмжээний мөнгө олчихоод ухаангүй үрдэг л байлаа.  Дараа нь яах гэж мөнгө үрээд байгаа билээ хэмээн бодож эхэлсэн. Надад нэг л байшин, машин, хэдэн богино цамц, жинс л хэрэгтэй. Би амьдрахын тулд ажиллаж байна, кино хийх мөрөөдлөө бодит болгож чадаж байна. Тэгэхээр надад таван мянган еврогийн цамц ямар хэрэгтэй гэж” хэмээн ярих түүний  хувийн ертөнцийг сонирхоё.

 -Таньд амьдралдаа ичсэн удаа бий юу?
-Би үнэхээр ядуу амьдарч байсан. Хүүхэд нас минь үнэхээр хүнд байсан. Намайг долоон настай байхад эцэг эх маань жүжигчний мэргэжлээр сурч, хөгжим, тулааны урлагт суралц гээд Бээжин явуулсан. Энэ бол үнэхээр хэцүү үе байлаа. Өглөө таван цагаас хичээл эхлэнэ. Шөнө дөл болтол бид шийтгүүлдэг байсан юм. Биднийг саваагаар занчина. Хөхөрсөн газрууд нь нуль хөндүүр блчихно. Ороо муу хураавал зодуулна, будаа муу угаавал, муу дуулбал гээд л занчуулна. Ихэнх нь зугатчихна. Гэвч тэднийг барьж аваад л илүү хүндээр шийтгэнэ.  Би өдөр бүр намайг битгий л зодоосой билээ гэж бурханд залбирдаг байсан. Учир нь надад зугатах газар байсангүй. Амьдрахын тулд энд л байх хэрэгтэй гэж мэддэг байсан.

-Түүнээс хойш та хэрийн зүйлээс айхаа больсон биз дээ?
-Би бол тулаанч.  Би маш удаан, хэцүүхэн нөхцөлд энэ бүхнийг сурсан. Гэхдээ би шилдэг нь байсан юм шүү. Сургуулиа төгсөөд надад хаа сайгүй ажил санал болгож байлаа. Учир нь надаас шилдэг орлон тоглогч тун ховор байсан. Тэр үед хэрхэн ажиллаж байснаа одоо бодоход үнэхээр аймаар санагддаг юм.  Гэвч надад айдас гэдэг зүйл бараг байсангүй.  Гэртээ багагүй мөнгө олж өгч чаддаг байсан төдийгүй ажил минь л намайг ядуурлаас аварч чадна гэж боддог байлаа.  Намайг Хятад төдийгүй ази мэддэг болж, нэг кинонд тоглоход 500 мянган ам.долларын шагнал өгдөг боллоо.  Мэдээж Холливудаас өмнө шүү дээ.  Анх 10 сая ам.долларын шагнал авахдаа би хоёр цаг хэртэй таг чимээгүй байсан юмдаг.

-Та залуу байхдаа порно кинонд тоглож байсан гэдэг үнэн үү?
-Тийм үү. Та энэ тухай интернэтээс уншаа юу. Тэгвэл үгүй гэж хариулья.  Би энэ хугацаанд ганцхан удаа "Медальон" кинонд л францын жүжигчин Клэр Форланитай үнсэлцсэн. Үнэндээ тэр намайг үнсдэг юм. Би ямар их ичсэн гээч. Гэхдээ тэр үнсэлтийг өнөөдрийг хүртэл санадаг шүү.

-Таныг ичимхий хүн гэхээр итгэхэд бэрх байна шүү?
-Зөвхөн кинонд л доо. Би хувьдаа бүсгүйчүүдэд дуртай. Түүнийгээ хэнээс ч нуудаггүй. Миний амьдрал үнэндээ ээдрээн дунд л өнгөрсөн.  Би эхнэртээ үнэнч хань байж чадаагүй. Надад гэр бүлээс гадуур охин бий /1990 оны Азийн мисс Элейн Жекид охин төрүүлж өгсөн/. Гэхдээ миний хувьд цорын ганц насан туршдаа хайрлах эмэгтэй маань миний эхнэр Линь.

-Та охинтойгоо харилцаатай байдаг биз дээ?
- Тэгэлгүй яахав. Гэхдээ би сайн эцэг биш. Санхүүгийн хувьд охиндоо тусалж чаддаг ч хүмүүжлийн хувьд надаас хол өссөн.  Би гэдэг хүн чинь нэг л эхнэртэй хууль ёсны нэг л хүүтэй. Хоёр гэр бүлийн хооронд амьдарч чадахгүй, хүсэх ч үгүй байна.  Гэхдээ би замбараагүй амьдарч байснаа хүлээн зөвшөөрнө. Надад олон бүсгүй байсан, гэхдээ энэ бол эртний явдал шүү.  Эхнэр минь намайг уучилсан учраас одоо ахиад түүнийхээ сэтгэлийг өвтгөмөөргүй байна.  Тэр минь надад ганцхан шүү дээ.

-Эхнэрээ анх харсан тэр мөчөө санадаг уу?
-Саналгүй дээ. Залуу байсан ч сайн санадаг. Түүнийг анх харахад гоолиг, сайхан үстэй их тачаангуй харцтай бүсгүй санагдаж билээ.  Би  шууд л дурлачихсан.  Бүсгүйг хаана амьдардгийг мэдэж аваад л цэцэг өөрийнхөө зургийг явуулчихсан.  Бид удалгүй хамт амьдарсан ч гэрлэх гэж яараагүй . Тайваньд анх хамт амьдарч эхэлсэн юм. Хоёулаа тэнд ажиллаж байлаа.  Нэг удаа томилолтоор яваад иртэл эхнэр маань Америк явчихсан байв.  Эхлээд их уур хүрч байсан ч жирэмсэн гэдгийг нь сонсоод хамаг зүйлээ хаяад араас нь нисчихсэн.  Үнэндээ эцэг болох бодолгүй ч хүүхдээ өөрийнхөө нэрээр овоглож хамт амьдрах ёстой гэдэг л шийдвэр гаргасан даа.

-Гэхдээ та хүүтэйгээ таарамж муутай байдаг гэж сонссон. Өөрийнхөө өв хөрөнгийг ч хүүдээ өвлүүлэхгүй гэж хэлж байсан удаатай?
-Жейси бол бие даасан хүн. Хүү маань хөгжим зохиодог, бас муугүй авьяастай. Тэр мөнгө олж чаддаг учраас миний мөнгө огт хэрэггүй.  Би хүүдээ хамт ажиллахыг санал болгосон ч тэр өөрийнхөө замыг л сонгосон. Түүнийг хөгжмийн авьяастай гэдэгт нэг л итгэхгүй байсан учраас дэмий юманд мөнгө үрэх нь миний зарчим биш. Бид үнэхээр таарамж муутай харилцаатай. Гэхдээ хүү минь том хүн болсон. Тэр надгүйгээр сайхан амьдарч чадна гэдэгт би итгэдэг.

-Хэдэн жилийн өмнө таныг оршуулсан?
-Лос-Анджелест миний зүрх жаахан асуудалд орсон юмаа. Түргэн ирээд эмнэлэг рүү аваад явахыг сэтгүүлчид харсан. Тэгээд л бөөн сенсааци. Гэтэл би чинь эрүүл хүн. Үргэлж эмнэлгийн үзлэгт орж байдаг.  Үхэхэд арай л эрт байна даа.

-Тэгвэл танд айдаг зүйл бий юу?
- Шүдний эмч. Бас тарианаас айдаг. Өөр нэг зүйл гэвэл бүсгүйчүүд намайг хайрлахгүй болчих вий гэхээс айдаг /Инээв/. Би ажилламаар байна, маш их ажилламаар байна.  Би буддист, сэтгэл цэвэр бол урт удаан насална гэдэгтээ итгэдэг.

-Ноён Чан та өөрийгөө тодорхойлбол ?
-Би ажлын шүтэн бишрэгч. Хөл гарынхаа чадлаар дэлхийд танигдсан энгийн нэг эр. Брюс Лигээс хойшхи хамгийн мундаг нь. Өө бас эр хүн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан