Татварын байгууллага татвар төлөлт, татварын тайлан гаргалт дээр тоон гарын үсэг нэвтрүүлж, түүгээр баталгаажуулан татварыг цахим хэлбэрээр авах болоод нэг жил болж байна. Татварын байгууллагын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй орчин үеийн технологид суурилсан цахим татвар хэрэгжиж эхэлснээр татвар төлөгчид татварын алба руу заавал очих хэрэггүй болж тэдний цаг завийг барахаа больж, цаас, тээврийн зардал хэмнэж татварын үйлчилгээ хялбар, түргэн шуурхай болж байгаа гэх. Гэвч цахим татварт бүгд хамрагдаагүй байгаа. Энэ талаар Татварын ерөнхий газраас татвар төлөгчдийн дунд судалгаа явуулахад оролцогсдын хамгийн их буюу 31 хувь нь цахим татварыг ашиглаж мэдэхгүй, хэт төвөгтэй, 29 хувь нь эрсдэлтэй байх хэмээн болгоомжилсон хариу өгсөн байна. Харин татварынхны мэдээлж байгаагаар цахим татварт одоогийн байдлаар нийт татвар төлөгчдийн 50-иас дээш хувь буюу 61 мянган ААН хамрагдаад байгаа аж. Энэ сэдвээр Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын дарга Д.Баяраагаас тодрууллаа.
-Юуны өмнө бизнес эрхлэгчид, татвар төлөгчид цахим татварт яаж холбогдож хамрагдах вэ гэдгийг тодруулна уу?
-Энд интернэттэй болон шилэн кабельд холбогдсон газарт байгаа хүмүүс, ААН хамрагдана гэдгийг эхлээд хэлье. Сум, аймаг, дүүрэг, нийслэл хот, бусад төв суурин газар татварын алба, хэлтэст бүртгэлтэй хувь хүн, ААН татварын байгууллагатайгаа гэрээ байгуулж, гэрчилгээ болон тоон гарын үсгээ авч баталгаажуулна. Дараагаар нь хувийн шифр буюу түлхүүрийг татварын байгууллагаас мөн авснаар цахим татварт холбогдоно. Түлхүүр нь хувийн болон нийтийн гэж хоёр янз байгаа. Нийтийнх нь татварын мэдээлэл ил тод, нээлттэй байна гэсэн үг. Харин хувийнх бол тухайн хүн, ААН-ийн нууц байна. Ингээд уг түлхүүр буюу шифрээрээ татварынхаа байгууллагатай харьцаж төлбөр тооцоогоо интернэтээр хийж эхэлнэ.
-Ингээд тооцохоор анх бүртгэл дээр тоон гарын үсэгтэй болох, гэрчилгээ болон шифр авах гэх мэтээр нилээн ажил гарах нь ээ... Хүмүүс төвөгшөөх зүйл байхгүй гэж хэлж болох уу? Жишээ нь, тоон гарын үсгийг жил бүр авдаг гэсэн. Ингэж жил бүр олгох шаардлага байгаа юм уу?
-Төвөг учруулах зүйл байхгүй. Тоон гарын үсгийг жил бүр буюу жилд нэг авдаг нь нууцлал болон аюулгүй ажиллагаатай холбоотой юм. Нэг авснаа өөрчлөөд явж болохгүй. Энэ талаар хуульдтодорхой заасан байгаа.
-Татвар төлөгчид болон бизнес эрхлэгчид цахим татварт холбогдсноор цахилгаан болон сүлжээ тасрах, саатах, мөн татварын төлбөр тооцоо андуу ташаа буруу хийгдэх юм уу, алдаа гарах үед гарах эрсдлийг хэн тооцож хариуцах вэ гэж асуугаад байгаа? Дээрх тохиолдлуудад татвар төлөгч татварынхаа байгууллагатай яаж эргэж холбогдох вэ гэж мөн асууж байна?
-Энэ бүх эрсдэл, түүнээс гарах, хүлээх хариуцлага зэргийг бүгдийг яах вэ гэдгийг гэрээнд тусгасан байгаа.
-Түүнээс гадна дүүргийн Татварын алба тамга, тэмдэгтэй татварын тайлан л хүлээж авна гэж нэхээд байгаа өнөөгийн нөхцөлд цахим татварт хамрагсад тайлангаа яаж гаргаж өгөх вэ. Мөн цахим татварт холбогдогсод интернэт болон мобайлбанкинд холбогдон үйлчүүлж төлбөр тооцоогоо хийж болно гээд байдаг. Гэтэл банкны шимтгэл гэж нэг зардал гарч байгаа...?
-Таны асууж буй наад зүйлүүдийн талаар татварын байгууллага банк талаасаа ХХБ, “Голомт” зэрэг банктай, татварын цахим тайланг гаргах, хүлээж авах талаар “Интерактив” ХХК зэрэг газруудтай хамтран ажиллаж төсөл хэрэгжүүлээд дуусч байна. Татварын байгууллага таны татварын тайланг цахим хэлбэрээр хүлээн авдаг болж байгаа. Цаашдаа онлайн хэлбэрт шилжиж ингэснээр татварын алба татвар төлөгчидтэйгээ эргэх холбоо бий болно. Ер нь тэгээд энэ талын харилцааг хөгжүүлж байгаа учир гар утаснаасаа татвараа төлөх цаг ирсэн хэлж болно.
-Та бүхний мэдээлж байгаагаар цахим татвар хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд зардлууд хумигдаж 4.4 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан гэж байна. Энэ бол багагүй тоо. Энэ яг юунаас хэмнэгдэж гарсан тоо вэ?
-Ер нь бол цаасан тайлан хэвлэж гарах, татварын алба руу явах, үйлчилгээний дараалалд зогсох цаг зэргээр бизнес эрхлэгчдээс гардаг цаг хугацаа, зардлууд хэмнэгдэж байгаа. Энд мөн нягтлан бодогчийн цалин, өмнө нь цаасаар гаргадаг татварын тайлангийн тушаах давтамжийн хэмнэлт хүртэл багтаж байгаа.