Урдаас хараад ялдамхан инээмсэглэх бүсгүй. Түүнийг анх хараад гадаадын олон оронд тоглолтоо хийдэг, Азийн төдийгүй дэлхийд танигдсан дуучин гэж хэлэхэд хэтэрхий энгийн. Өнгө будганд уусаагүй хөрслөг бор төрхтэй түүний царайнаас тал газрын салхи үнэртэх шиг. Монголд газардаад дөнгөж хоёрхон цаг болж байгаа ч сэтгүүлчидтэй уулзахаар ирсэн Цахар Тугчийн Урна дуучинтай цөөн хэдэн үг солилоо. ӨвөрМонголын Ордосоос гаралтай, цус нэгтэй дуучин маань одоогоор Германы иргэн. Гэхдээ тэрээр тал нутгийн дуучин учраас Монголоо санан санан хоёр дахь удаагаа дуу хоолойгоороо монголчуудтайгаа учран золгохоор ирсэн нь энэ.
Тэр энэ удаагийн тоглолтод өөрөөсөө гадна гурван хөгжимчин, нэг дууны техникчтэйгээ иржээ. Аав, хүү, гурван хөгжимчин. Аав нь Ираны алдарт хэнгэрэгчин хүн гэнэ. Одоо нас 70 гарсан ч Урнагийн урилгыг дуртайяа хүлээн авч Монголын тал нутагт хөл тавиад байна. “Хэдийгээр нас дээр гарч дэлхийн орнуудаар аялан тоглолт хийхээ больсон ч энэ удаа миний урилгыг хүлээн авч ирсэн нь бидний хувьд маш том аз завшаан болсон” хэмээн дуучин Урна инээмсэглэн ярилаа. Тоглолтодоо голчлон Ордос ардын дуу дуулна гэснийг нь сонсоод түүнээс Ордос ардын дууны утгыг хэрхэн илэрхийлэхийг ч мэдэх хүсэл төрсөн юм.
Түүнд энэ сонирхол маань маш таалагдлаа. Сайхан асуулт байна гээд л нүд нь сэргэх тэрээр “Манай ӨвөрМонголд чинь Ордос, Алшаа, Хөлөнбуйр гээд олон дуу байдаг. Би 1997 онд нутгаараа явж ардын дуунуудыг бичиж авсан юм л даа. Тэр үед нэг дууг өндөр настай таван хүн өөр өөр янзаар дуулсан байсан. Үг нь давтагдах ч, ая нь өөр. Монгол орон ийм л уудам агуу байхгүй юү. Тийм ч учраас би ардын дуугаа дуулах дуртай. Би хөдөөний хүүхэд шүү дээ. 18 нас хүртлээ мал маллаж амьдарсан. Түүнээс хойш Шанхайд ирж, урлагийн сургуульд суралцаад, Германд очиж уран бүтээлээ хийж эхэлсэн. Гэхдээ одоо жил бүр нутагтаа, аав ээжийнхээ амьдардаг газарт очдог. Манай аав, ээжийн нутагладаг газрын баруун талаас говь эхэлдэг юм. Ордост бүх зүйл байдаг. Говь, хангай, уул нуруу, ус, ургамал гээд. Тийм агуу баялаг учраас дуу нь ч гэсэн баялаг. Би дэлхийн хаана ч явсан монгол хүн ам нээвэл л дуулдаг гэж бардамнах дуртай” хэмээн ярьсан юм.
Түүний дуунууд нэг л амар амгалан, бас уудам. “Ойр орчны хүмүүс маань заримдаа намайг монголоор дуулж байна уу гэдэг. Би тийм ээ л гэж хариулдаг. Тоглолтын үед гэнэт шинэ дуу толгойд орж ирэх үе бий. Тэр үед нь хөгжимчидтэйгээ ярилцаж байгаад л шууд тэрийг тоглож үзэгчдэд хүргэх ч үе бий. Монголчууд чинь угаасаа тэнгэр шүтлэгтэй, бөө мөргөлтэй улс. Намайг магадгүй онгод тэнгэр ч чиглүүлдэг байж магад” хэмээн яриад “Ээж маань надад “Монгол хүн байгаа газар бүр Ордос ардын дуу байх ёстой” гэж хэлсэн нь миний амьдралыг утга учиртай болгосон” гэлээ. Тэрээр 20 гаруй цаг онгоцоор нисэж ирсэн ч ердөө төвөгшөөлгүй сэтгүүлчдэд Ордос ардын дуу дуулж сонирхууллаа. Нүдээ анин дуундаа тэр чигээрээ уусан шингэж дуулах түүний дуутай хамт тал нутгийн салхи хацар илбэх шиг мэдрэмж төрсөн юм.
Улс доторхи тусгаарлагдсан улс гээд хэлэхэд буруудахгүй өвөрлөгч ах дүүсийн маань дуу хоолойг дэлхийд таниулах гэсэн зоригтой алхмыг хийсэн дуучин Урна “Дундад улсын паспорттай учраас гадаадын бусад оронд чөлөөтэй нэвтэрч, уран бүтээлээ хийхэд төвөгтэй байсан. Хамгийн анх удаа Тайванд очих гэж хоёр ч удаа буцсан. Тэр үед найз маань Германы паспорт авахыг зөвлөсөн” хэмээн ярилаа. Хэдийгээр иргэншлээ сольсон ч тэр Монголынх. Монголоор чөлөөтэй ярьж, монгол төрхөөр өөдөөс ширтэж, инээмсэглэх бас тал нутгийн уянгыг хөгжим мэт хоолойгоороо эгшиглүүлэх тэр эгэл бүсгүй бол Монголынх.

Цахар Тугчийн Урна гэх дуучин бүсгүйн дуунуудыг сонсч байсан ч үүнээс илүү ихийг мэдэх түүний найз “Цэрэн турс” компанийн үүсгэн байгуулагч Э.Цэрэндолгорын Урнаг тодорхойлсонг хүргэж байна. Өвөрмонгол гаралтай энэ гайхалтай эмэгтэй хөгжмийн ертөнцдөө Азийн дива хэмээн нэрлэгддэг. Түүний тоглолтыг Монголын сонсогчид нь тэсэн ядан хүлээж байна. Урна энэ сарын 29-нд эх оронд минь “Тэнгэрийн шувуу”-г нисгэнэ. Түүний тоглолтыг “Tseren tours” санаачлан, ивээн тэтгэн, зохион байгуулж байгаа юм.
Э.Цэрэндолгор: Шүтээн
Хүн болгонд өөрийн шүтээн гэж байгаа. Хүн болгонд... Дурлан дурлан шимтэн сонсдог дуучид байгаа. Сонсоод л баймаар... Аз жаргал, гуниг, хөөр баясалд автан өөрийн эрхгүй хэмнэлд нь ороод найгах ч гэдэг юм уу. Хайртай хүнээсээ холдоход сэтгэлийн тэр их хоосон орон зайг нөхдөг ч гэх үү... Миний хүн болж төрснийг ухааруулан, амьдралын нандин хэлхээ холбоог дуугаараа сануулсан тийм нэг мэдрэмжийг би Урна Цахар Тугчигаас авдаг. Сонсоод үз. Орчноос тасраад үз. Гайхамшигтай. Урна Монголд ирж буй нь үнэндээ миний өөртөө өгч буй бэлэг мэт.
Би яагаад Урнаг сонсдог вэ... гэж үү?
Би янз бүрийн хөгжим сонсдог, таашаадаг. Гэхдээ... Урнагийн хоолойн цэвэр өнгө, өнгө будаггүй өөрөөрөө байхын үлгэр, улам бүр биднээс холдон буй монгол ахуйг хүүрнэх хүүрнэл, салахын аргагуй уянгалаг хоолой, хөгжмийн давтагдашгүй хэмнэл зэрэг нь намайг өөрийн ертөнцдөө орж, өөрийнхөөрөө байхад минь тусалдаг.
Надад ямар ч дуучин энэ хэмжээнд нөлөөлдөггүй. Миний үзсэн тоглолт болгон өөр байсан... Тэр зөвхөн дуулдаг биш зохиодог бас зохиомжилдог. Таныг ч бас ойлгож мэдрээсэй гэж би хүсч байна.