Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Кино урлагийн шинэчлэл-Монгол дархлаа


Нэгэн цагт цацсан шагай мэт бутарсан хэмээн харьяаллаа алдсан киночдыг нэрлэдэг байлаа. Харин “Монголын кино урлагийн зөвлөл нэртэй байгууллага “-тай  болсноор киночдоо нэгтгэж эхэлсэн. Тус зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газартай хамтран өнгөрсөн баасан гарагт Монголын кино урлагийн шинэчлэлийн форум зохион байгуулсан юм. Тайз дэлгэцийн одод, харагдахаа больсон жүжигчид, арын алба хариуцдаг хүмүүс гээд кино урлагт хүчин зүтгэдэг 400 гаруй хүн Төрийн ордонд цугласан нь 1990 оноос хойш анх удаа төрийн хайр хишгийг хүртэхээр ирсэн нь энэ. Монгол кино нэгтгэлийг хувьчилснаас хойш дор бүрнээ уран бүтээлээ хийж явсан хүмүүсийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлсэн “Та бүхэнд юу хэрэгтэй байна, тэрийгээ л хэл. Засгийн газраас дэмжье” гэсэн үг хамгийн том бэлэг, хишиг байлаа.

Форумыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Шинэчлэлийн Засгийн газар оролцоог бүрдүүлэгч байхыг эрмэлзэж, иргэд, олон нийт болон тухайн салбарынхан, судлаачдын саналыг сонсдог болсон. Иймд Монголын кино урлагийг хөгжүүлэхэд уран бүтээлчдийн санал чухал гэдгийг онцолсон юм. Мөн аймаг бүрт орчин үеийн тохижилт, төхөөрөмж бүхий кино театр байгуулах, 20 гаруй минутын турш үргэлжлэх “Монгол төрийн түүхийн товчоо”-г Төрийн түүхийн музейн зочдод үзүүлж байх шийдвэр гаргаж, музейн кино танхимыг тохижуулж байгаа тухайгаа дуулгалаа. Шинэчлэлийн Засгийн газар энэ оны эхний хагас жилд 20 гаруй сумын Соёлын төвд кино үзвэрийн жишиг цэг байгуулж, кино гаргалтын  орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулжээ. Давхардсан тоогоор 10 гаруй кино уран бүтээлчдийг дэмжиж, уран бүтээл туурвих, олон улсын кино наадамд оролцох санхүүжилтийг нь шийдвэрлэсэн байна. Кино урлагийг онцгойлон авч үзэж, эрх зүйн орчныг бий болгох, өнөөгийн шаардлагад нийцсэн киноны шинэ үйлдвэр барьж байгуулах, аймаг, томоохон суурин газрыг кино театртай болгох, үндэсний шилдэг кино бүтээж, үзэгчдийн хэрэглээ болгох улмаар олон улсын төвшинд өрсөлдөх хэмжээнд хүргэхэд чиглэсэн эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж, уран бүтээлчдээ дэмжинэ гэдгийг Ерөнхий сайд киночдод дуулгасан.

Мөн тэрээр “Кино урлагаар дамжуулан монгол дархлааг бий болгох ёстой. Хүүхдэд 35 үсгийг хүчээр цээжлүүлж амжилт олохгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд анзаарлаа” гэсэн юм.  Тийм учраас цаашид монгол дархлааг дархалсан кино төрийн дэмжлэг авах нь. Харин киночид Засгийн газарт хэд хэдэн хүсэлт хүргэсэн. Киночдын дунд нэгдсэн стандарттай болгох, боловсон хүчний чадварыг дээшлүүлэхэд төрөөс бодлогоор анхаарахыг хүссэн. Мөн түүхэн болон хүүхдэд зориулсан кино хийхэд төрөөс дэмждэг байх, дэлхийн зах зээлээс кино худалдаж авдаг, зардаг байхад ч төрийн дэмжлэг хэрэгтэйг киночид хэлсэн. 2012 оны байдлаар орлогоо нөхсөн кинонууд цөөхөн байгаа нь үзэгч тааруу. Үзэгч ихтэй ч кино театр орлогын ихэнхи хувийг нь авчихдаг. Хамаг хөрөнгөө барж хийсэн уран бүтээлээ амжилтад хүрнэ гэдэг романтик мөрөөдлөөсөө салж чадахгүй дараагийн бүтээлээ эхлүүлдэг уран бүтээлч бол киночид гэдгийг Монголын кино урлагийн зөвлөлийн дарга Д.Нямдорж хэлсэн юм.

Харин ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Кино урлагийн шинэ хууль бий болгохоор ажиллаж байна. Гэхдээ өмнө нь манайд байгаагүй учраас хуульчилж болохгүй зүйлийг нь ч хуульдаа тусгасан байж магадгүй. Тиймээс киночдоос санал сэтгэгдэл сонсох шаадлагатай байгаа” гээд БШУЯ-тай хамтран тэтгэлэг олгодог эрэлттэй мэргэжлүүдийн тоонд киноны мэргэжлээс оруулахаар ярьж буйгаа дуулгасан юм. Гэхдээ зарим уран бүтээлчид Ерөнхий сайдын ивээл дор болсон тус арга хэмжээг зүгээр цаасан дээр хараар тэмдэглэгдэн үлдэх вий гэдгээс сэрэмжилж байгаагаа ч  илэрхийлсэн юм.

Ийнхүү Монголын кино урлагийг цоо шинэ төвшинд хөгжүүлэх зорилготой хэлэлцүүлэг амжилттай болж нэгдсэн ойлголт, хууль эрхзүйн орчин болон техник технологи, сургалт, судалгааны гэсэн дөрвөн төрлөөр шинэчлэхээр боллоо. Цаашид Монголын кино урлагийг хөгжүүлэхэд кино уран бүтээлчдийн гаргаж ирэх оновчтой санаа чухал гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс дурдаж байв. Мөн ирэх жилийн төсөвт кинонд зориулан тусгайлан хөрөнгө тусгаж бүх талаар кино урлагийг дэмжихээ ч Засгийн газраас амлав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан