Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөх их ажил хурдны зам руу орж ирлээ. “Нийслэлийн иргэний танхим”-д дүүрэг дүүргийн 100 орчим хүн чуулж, газар чөлөөлөх журмын талаар албаны хүмүүстэй өчигдөр санал солилцсон юм. Өмнөө тулгарсан үл ойлгогдох зүйлийг тодорхой болгож, мэдэхгүй зүйлээ асуухаас гадна шинэ журамд нэмэх саналаа илэрхийллээ.
“Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын эрх олгох, шилжүүлэх харилцааг зохицуулах журам”-ын танилцуулгыг иргэдэд урьдчилан хүргүүлжээ. Тиймээс асуулт, хариулт халуухан эхэлж, өрнөсөн юм. Хотын удирдлагуудын мөрийн хөтөлбөрт иргэдийн амьдрах орчныг сайжруулах асуудал чухалд тооцогдоно. Гэхдээ харилцан тохирох аргачлалаар үйл ажиллагаа өрнөх аж. Үүний тулд иргэн, барилгын компани, төрийн удирдлага гэх гурвалсан харьцааг онцолж байна.
ОЛОНХИЙН САНАЛААР ОРОН СУУЦЖУУЛНА
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд долоон газар багтаж байгаа бол хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр хөгжүүлэх таван газар тодорхой болжээ. Үүнд, Сүхбаатар дүүргийн долдугаар хороолол, Баянзүрх дүүргийн Нарантуул худалдааны төвийн хойд хэсэг, Чингэлтэйн Дэнжийн мянга орчим болон МҮОНРТ-ийн орчим, Баянгол дүүргээс Гандантэгчилэн хийдийн газар нутаг багтсан аж.
Эдгээр газарт бүтээн байгуулалт хийхээр 12 компани тендерт шалгарсан гэнэ. Тухайн бүс нутгийн оршин суугчдаас 75 хувийн дэмжлэг авсан тохиолдолд бүтээн байгуулалтаа хийх эрхтэй болох юм. Өөрөөр хэлбэл, олонхийн саналаар орон сууц барина гэсэн үг. Харин иргэдийн дийлэнх нь татгалзсан хариу өгвөл хашаа, хашаагаар нь хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах ёстой.
Иргэдийг хашаанаас нь нүүлгэн шилжүүлж дээр нь орон сууц барих гэж байгаа тохиолдолд газрын нөхөн олговор төлөх учиртай. Айл өрх компанитай тохиролцож гэрээ байгуулна. Газар болон үл хөдлөх хөрөнгийн оронд орон сууц авах, бэлэн мөнгө авахын аль нэгийг сонгох учиртай. Мэдээж, үүний тулд газар, хөрөнгийг үнэлэх тодорхой жишиг үнэ шаардлагатай. Нийслэлийн өмчийн харилцааны газраас Улаанбаатар хотыг 65 бүсчлэлд хувааж, жишиг үнэ тогтоожээ. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд нэг ам.метр газрын үнэ 27092 төгрөг. Их тойруу буюу Ногоон нуур дахь газрын нэгжийн үнэ 81 мянган төгрөг болж байгаа аж. Үнийн ялгаа нь хотын төв, харилцаа холбоо, тээвэр, үйлчилгээндээ хэр ойрхон байгаагаас хамаарч буй гэнэ.
ГАЗАР ТОЙРСОН АСУУЛТ, ХАРИУЛТ
Энэ бүхнийг дагаад иргэдээс газартай холбоотой олон төрлийн асуулт ирсэн юм. Үүнээс зарим иргэний асуулт, хариултыг тоймлон хүргэе. Хүмүүсийн сонирхсон асуултад нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар хариулт өглөө.
СХД-ийн тавдугаар хорооны иргэн
-Иргэдийн 75 хувь нь зөвшөөрвөл орон сууц барина гэсэн. Бид үлдсэн 25 хувьд нь багтчихвал асуудал маань хэрхэн шийдэгдэх вэ. Түүнээс гадна дэлгүүр ажиллуулж, орлого олдог иргэд түүнийгээ зараад хоёр өрөө байранд орчихвол аж ахуйн нэгжээс ямар нөхөн олговор олгох юм бол?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам НИТХ-ын хуралдаанаар батлагдсан. Тухайн газарт амьдардаг иргэдийн 75 хувь нь орон сууц бариулъя гэж шийдвэл газраа чөлөөлнө. Үлдсэн 25 хувь ч олонхио дагах хэрэгтэй. Барилгын компани тэнд амьдарч буй бүх айлд орон сууц эсвэл нөхөн олговор олгох ёстой. Газрыг бүсчлэлийн жишиг үнээр тооцоод үл хөдлөх хөрөнгийг нь ч давхар үнэлж, мөнгөн дүнгээр тооцно. Үүний тулд тохиролцооны гэрээ байгуулах хэрэгтэй.
Хан-Уул дүүрэг 16 дугаар хорооны иргэн
-Гэрийнхээ дэргэд цэвэр усны шугам сүлжээ татлаа. Өнгөрсөн 2-3 жил шугам татах гэж маш их хөдөлмөрлөж, хичээж зүтгэсэн. Шугам сүлжээнд холбогдон хувийн байшингаа баривал моргейжийн зээл олгох болов уу?
-Цэвэр усны шугамаас ус татах асуудал өртөг өндөртэй. 2001-2004 онд Дарь-Эхийн хоёрдугаар хороонд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сая гаруй ам.доллараар цэвэр, бохир усны шугам татан зам, гэрэлтүүлэг хийж хашааных нь үүдэнд халуун ус хүргэсэн. Гэтэл өртгийг нь дийлээгүйн улмаас өнөөдөр нэг ч айл шугам сүлжээнд холбогдоогүй. Тэгэхээр дахин төлөвлөхөөс өөр аргагүй болсон юм. Та моргейжийн зээл авч чадвал хамрагдах эрх хэзээд нээлттэй байгаа. Халамж шаардсан, орон сууц шаардлагатай болсон ахмад настан, залуусыг орон сууцаар хангах асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэсэн. НИТХ-аар сар бүр хуралдахдаа авч хэлэлцдэг юм. Таны саналыг бид хуралдаандаа хэлэлцэж дахин боловсруулъя гэж бодож байна.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн
-Зайсанд баригдаж буй олон хорооллын асуудал нийслэлийн дахин төлөвлөлтөд орсон байдаг уу, оруулах шаардлага бий юү. Мөн Богдхан уулыг дархан цаазтай гэдэг ч зам харилцаа нь хотынх юм чинь нийслэл мэдэлдээ авч болдоггүй хэрэг үү?
-Зайсан, Яармагийн асуудлаар бид нэгдсэн бодлого гаргаж, Засгийн газар, УИХ-аар батлуулах зайлшгүй шаардлагатай. Хуулийн төслийг бэлэн болгосон ч парламентын чуулганд өргөн барих хүн олдохгүй байна. Уг нь, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамаар өргөн бариулъя гэсэн ч олон улсын конвенцид нэгдсэн учир болохгүй ээ гэдэг. Гэтэл зөвшөөрөл олгох, газар өгөхдөө тэр конвенцийг баримтлаагүй байдаг нь хачин. Дархан цаазат газрын зөвшөөрлийг өмнөх Байгаль орчны яам аялал жуулчлалын зориулалтаар олгосон байдаг ч өнөөдөр ийм байдалтай болчихлоо. Тэгэхээр хуулийг эдгээрт нийцүүлэх, эсвэл хуулиа хэрэгжүүлэх хоёрхон зам л үлдээд байна.
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн
-Дахин төлөвлөлтөд түр оршин суугаа иргэдийг яаж хамруулах вэ?
-Жилд Улаанбаатар хот руу дунджаар 10 мянган хүн шилжин ирдэг тул тээвэр, цахилгаан, эрүүл ахуй, хог хаягдлын ачааллаа дийлэхээ больсон. Үүнийг үндсээр нь шийдвэрлэх гарц бол дахин төлөвлөлт. Энэ ажилд хамрагдаж буй аж ахуйн нэгжүүд иргэдтэй өөрсдөө харилцана. Харин түүнийг ийм байдлаар хийх юм гэсэн журам, баримтлах аргачлалыг боловсруулахаар өнөөдөр бид анхны алхмаа хийж байна. Үндсэн хуульд хүн эрүүл, аюулгүй амьдрахыг заасан. Гэвч орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдахаар дээрх зүйл үгүй болно. Бидний эцсийн зорилго эрүүл, аюулгүй орчин шүү дээ. Одоогоор 700-800 өрх түр оршин суух орон сууцаа шийдэж байна.
БЗД-ийн УС 15 хотхоны иргэн
-Хашааны нэг ам.метр талбайг хэтэрхий хямд үнэлж байна. Урьд нь Э.Бат-Үүл дарга газрыг сая төгрөгөөр үнэлнэ гэж байсан нь худлаа болчихлоо. Гэтэл бидний байр төв замдаа ойрхон, байршил сайтай. Газраа суллаад нүүе гэхээр бидэнд боломжийн байр олгодоггүй хүндрэл учраад байна?
-Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхийн хотыг 65 бүсэд хуваарилсан. Энэ үнийг эдийн засгийн үнэлгээгээр тооцоолж, нэлээд хэдэн шалгуур үзүүлэлтийн дүнд гаргадаг учраас одоогийн орон сууцны зах зээлд сайн нийцэх, бодитой гэж үзэж байна. Мэргэжлийн олон судлаачид ажиллаж боловсруулсан болохоор эргэлзэх зүйл үгүй. Ер нь, дэлхийн аль ч улс оронд дахин төлөвлөлт, газар чөлөөлөх зарчмаар л хотоо сайхан болгосон байдаг. 1998 онд Японд болсон олон улсын цаг уурын мэргэжилтнүүдийн тооцоогоор 1968 оны Токио хот 1998 оны Улаанбаатар хоттой агаарын бохирдлоор тэнцэж байна гэдгийг нотолсон. Тэр үед япончууд иргэдтэйгээ тохиролцоод, ажлаа шуурхай амжуулсан хэрэг. Бид ч гэсэн эсгий туургатны хот гэж явдаг байсан шүү дээ. Харин одоо гурван талтай, алдаа багатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр хичээж байна.
Нийслэлийн Өлзийт хорооны иргэн
-Улаанбаатар хотод маш олон худалдааны төв, зах төвлөрсөн байдаг. Тэдгээрийн нэгийг нь манай хороололд нээж өгөөч гэж хүсэх байна. 0.07 га газрыг цаашид хаана олгох вэ?
-Зах, худалдааны төвийн асуудлыг бид тэмдэглэж авлаа. Харин газар олгох асуудлыг НИТХ-аар шийдвэрлэдэг. 2013 онд Улаанбаатар хотод өмчлүүлэх газрын хэмжээ, байршил удахгүй тодорхой болно. Нийслэлийн харьяалалтай хүн бүр 0.07 га газар эзэмших эрхтэй. Гэтэл өнөөдрийн байдлаар шугам сүлжээ, нийтийн тээвэр, нийгмийн үйлчилгээндээ ойрхон боломжит газрын хэмжээ маш бага байна. Жишээлбэл, 1000 хүнд оногдох газар үлдчихээд байхад түүнийг эзэмшихээр 5000 хүн хүсэлтээ ирүүлсэн байж болох юм. Энэ тохиолдолд бидэнд хоёр сонголт гарч ирсэн. Хамгийн түрүүнд хүсэлт ирүүлсэн 1000 хүнд тарааж өгөөд дуусгах эсвэл хүний тоонд хязгаар тавихгүйгээр дунд нь сугалаа зохион байгуулах. Бүгдээрээ газартай болохыг хүсч байгаа учир аз нь мэдэг гээд сугалааны аргыг сонгосон. Эс тэгвэл газрын албаныхан танил талаараа өгчихлөө, мэдээлэлтэй хүмүүс түрүүлээд авчихлаа, худалдчихлаа гэх мэтээр биднийг маш их хардаг.
ГАЗРЫН ҮНЭЛГЭЭГ НЭМЭХИЙГ ХҮСЛЭЭ
“Нийслэлийн иргэний танхим”-д цугласан гол зорилго нь удахгүй бодит ажил хэрэг болох үйл ажиллагааны журамд иргэдийн саналыг тусгах. Тиймээс хэлэлцүүлгийг удирдагч С.Очирбат иргэдээс саналаа хэлэхийг хүссэн юм. Тэдний дийлэнх нь газрын үнэлгээг нэмэгдүүлэх саналтай байлаа. Урьд нь, Улаанбаатар хот дахь ам.метр газрын үнэ 12-44 мянган төгрөг байсан аж. Харин энэхүү журмыг хэлэлцэн, НИТХ-аар баталснаар үнийг нэмэгдүүлэх боломж бүрдэх бололтой. Гэвч нэмэгдсэн үнийг ч иргэд чамлаж байлаа.
БГД-ийн 16-р хорооны иргэн
Газрын үнэлгээний асуудлыг дахин бодолцож үзээсэй гэж хүсч байна. Орон сууцны ам.метр талбайн үнэ 1.2-2.5 сая төгрөг хүрчихээд байхад яагаад газрын үнэлгээ ийм бага байдаг юм бэ. Нэг хашаанд амьдарч байгаа олон айлыг яаж хоёр өрөө байранд хамт ор гэж хэлэх юм бэ. Үүнийг дахин бодолцож үзэхийг хүсч байна.
СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч
2000-3000 мянган ажилтантай албан байгууллагууд цөөнгүй бий. Тэр компаниудын ажилтнууд дотор газар эзэмшээгүй хүн олон байдаг юм билээ. Ийм асуудлыг шийдвэрлэх талаар бидэнд санал тавьсан хүн нэлээд бий. Тэр дундаас СХД-т харьяалагддаг тодорхой хэмжээний газрыг сонгож аваад, жишиг байр, орон сууц, хороолол байгуулж өгье гэж албан байгууллагууд ярьж байсныг та бүгдэд дуулгая. Дараа, дараагийн шатанд үүнийг ажил хэрэгч байдлаар ярилцаж болох байх.
ЧД-ийн наймдугаар хорооны иргэн
Манай хороонд “Өндөр буянт” компаниас иргэдэд санал тавьж, газрын ам.метр бүрийг 100 ам.доллараар худалдаж авъя гэсэн санал тавьсан. Гэвч бид эсэргүүцээд, 440 гаруй хүн цуглаж гарын үсгээ нэгтгээд төрийн удирдлагуудад хүргэсэн. Бид яагаад 100 ам.долларыг үгүйсгэж байгаа вэ гэхээр бидний дунд 0.07 га газартай хүн тун цөөн. Дандаа бага талбайтай, жижиг хашаатай учраас татгалзсан хэрэг. Тэгэхээр бид үнийн саналыг дахин судлаач гэсэн гэж хэлсээр байна.
БГД-ийн иргэн
Хэрэв би хажуу айлынхаа хүнтэй наймаа хийвэл хэн хэндээ ашигтай байхыг бодож тохиролцоно шүү дээ. Гэтэл өнөөдрийн байдлаар та бүхний боловсруулсан газрын үнэ зөвхөн компанид ашигтай, иргэдэд хохиролтой болчихоод байна. Тэгэхээр зайлшгүй эргэж бодох хэрэгтэй шүү. Төр төмөр нүүртэй байж болох ч, арай ч ийм байдлаар хүний хөрөнгө рүү халдаж болохгүй. Мөн кадастрын зургийг нээлттэй болгож өгөөч ээ гэж хүсэх байна.
БГД-ийн 15 дугаар хорооны иргэн
Гандангийн дэнж дэх иргэд орон сууц бариулах санал асуулга 75 хувьдаа хүрээгүй гэж дуулсан. Ер нь, бидний хүсч байгаа зүйл бол хашаандаа хүрсэн шугам сүлжээтэй болох юм шүү. Өөр, өөрийн хувийн байшинтай болохыг эрхэмлэж байна. Хоёрдугаарт, бид газраа чөлөөлье гэвэл үнэхээр сэтгэлд ханасан үнэ хэлбэл сая зөвшөөрнө шүү.
Ийнхүү иргэд, төрийн байгууллагын хэлэлцүүлэг өндөрлөлөө. “Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын эрх олгох, шилжүүлэх харилцааг зохицуулах журам” удахгүй батлагдана. Үүнд, газрын бүхий л харилцааг нарийвчлан тусгасан бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуультай холбоотой зүйлийг ч тусгажээ. Товчхондоо, Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөх дэлгэрэнгүй журам юм.