Болдоо 25 настай. Үеийнх нь хүүхдүүд их, дээд сургуульд орно хэмээн хөөрцөглөн гүйж явахад тэрээр сурах биш ажиллахыг илүүд үзсэн. Түүний хачин гэмээр сонголтыг эцэг, эх нь зэмлэж байсан ч, өнөөдөр тэрээр хамгийн эрэлттэй барилгачин. Харин түүний дээд боловсролтой найзууд бүртгэлтэй ажилгүйчүүдийн эгнээнд шилжив. Амьдралд ийм жишээ тун ч олон...
Үндэсний статистикийн судалгаагаар нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн сарын эцэст 37.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 30.3 хувиар буурчээ. Гэхдээ эл тоон үзүүлэлтээс буурсан мэт харагдах ч, хувиараа болон хамаатан садандаа ажлын байр захисан хэчнээн залуус цаана нь байгааг үл мэднэ. Учир нь, социологчдын судалгаагаар ажилгүйчүүдийн 16 орчим хувийг дээд боловсролтой, зургаан хувийг тусгай дунд боловсролтой залуус эзэлдэг. Харин 6,1 хувийг мэргэжлийн анхан шатны боловсролтой, 0,4 хувийг нь л боловсролгүй, ажилгүйчүүд эзэлдэг гэжээ. Эндээс харахад, залуусын боловсрол ахих тусам ажил олдоггүй гэсэн сонирхолтой судалгаа гарч ирж байна. Тэр дундаа, 25-34 насны дээд боловсролтой залууст. Судлаачдын хэлснээр ид хөдөлмөрлөх насны эдгээр залуус ажилгүй байгаа нь их, дээд сургуулийн боловсролын чанар унасантай ч холбоотой байж мэднэ. Үүнийг ч нийслэлийн Хөдөлмөрийн газраас зохион байгуулж буй “Хүний нөөцийг бүрдүүлэх өдөрлөг”-т оролцогч зочид буудлын хүний нөөцийн менежерүүд дуу нэгтэй хэлж байна. Цаг үеэсээ шалтгаалан энэ чиглэлийн ажлын байрны шаардлага өндөрсөх ч, босгыг нь давах мэргэжилтэй боловсон хүчин тун цөөн байдгийг хэлж байсан юм.
Тус өдөрлөгт зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллагын хүний нөөцийн менежерүүд боловсон хүчнээ сонгохоор ирсэн байсан юм. Гэвч өдөрлөг зорин ирэгсэгдийн зарим нь ажил олгогчийн шаардлагыг хангахгүйгээс гадна зарласан ажлын байранд тун цөөхөн хүн ирж байсан юм. Энэ талаар “Тэрэлж“ зочид буудлын Хүний нөөцийн зохицуулагч, менежер Д.Мягмаржаргал “Энэ салбарт мэргэжилтэй боловсон хүчин олно гэдэг тун хэцүү. Тиймээс дадлагжуулах буюу ажиллахынх нь хажуугаар зааж сургаж ажилтнаа бэлтгэдэг. Манай буудлын хувьд 18-35 насны ажлын дадлага туршлагатай тогооч, зөөгч, ресепшин, үйлчлэгчээ энэ өдөрлөгөөс олно байх гэж найдаж байна. Хэрвээ англи хэлний мэдлэг нь сайн бол заавал мэргэжлийнх гэхгүйгээр сургаж авна” гэв. Харин “Whinte house” зочид буудлын Хүний нөөцийн менежер Г.Доржпагма “Зочид буудлын чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг сургууль цөөхнөөс мэргэжилтэй боловсон хүчин олж авна гэдэг хэцүү. Зөөгч, хаалгач, үйлчлэгч авна гэж зар өгөхөөр оюутнууд л ирдэг. Харин зохион байгуулагч, менежер авна гэвэл өдөрт 30 гаруй дээд боловсролтой хүн ирж, ажлын байрны шалгалт өгдөг.
Миний бодлоор дээд боловсролтой хүмүүс зөөгч, үйлчлэгч хийхгүй гэдэг. Энэ нь ч, зөв байх л даа. Гэтэл энэ талын боловсон хүчинг чанартай бэлтгэдэг сургалтын төв байдаггүй нь бүх аж ахуйн нэгжийн “толгойн өвчин”. Уг нь, зөөгчийн цалин дунджаар 300-400 мянган төгрөг. Дээр нь, борлуулалт сайн хийвэл бонус авдаг. Ажилтан ховор байдаг учраас заавал мэргэжил гэхгүйгээр дадлагажуулах замаар боловсон хүчнээ бэлтгэдэг. Өнөөдөр ч гэсэн зорьж ирсэн хүмүүсээс хэлнийх нь мэдлэг гайгүй бол дадлагажуулан шууд авна” хэмээв. Ямартай ч, дээд мэргэжилтэй ажилгүй залуус хотын гудамж метрлэж явна. Харин нийслэл, дүүргийн хөдөлмөрийн хэлтэст дээд боловсролтой ажилтан эрэхээсээ илүүтэй зам, барилга, зөөгч, угаагч, үйлчлэгч, оёдолчин гэх мэт жинхэнэ баялаг бүтээгчдийг хайсан, эрсэн сурсан зар олон. Гэвч тэд хаана явна вэ...
Д.ЭРДЭНЭБИЛЭГ: Юу хийх ёстойгоо ч мэдэхгүй хүүхэд байна шүү дээ
-Өдөрлөгөөс харахад дээд боловсролтой хүн авъя гэхээсээ илүү гүйцэтгэх ажилчдыг авна гэсэн ажил олгогчид олон байна. Гэтэл энэ талын боловсон хүчин яагаад хөдөлмөрийн зах зээлд байхгүй байна вэ?
-Нийслэлийн Хөдөлмөрийн газарт 2000 гаруй ажлын байрны зар бий. Үүнээс 40 гаруй хувь нь худалдаа, үйлчилгээний чиглэлийнх. Үлдсэн нь барилга, хөнгөн үйлдвэрийнх байх жишээтэй. Энэ удаагийн “Хүний нөөцийг бүрдүүлэх өдөрлөг”-ийг зочид буудлын чиглэлээр явуулсан юм. Гэвч иргэдийн идэвх их сул байна. Ажилгүй гээд гэртээ суугаад байхаас биш ажлын байр хаана байна, би хаана очих уу гээд эрж сурж ирдэг нь тун цөөхөн. Өнөөдрийн байдлаар 20 гаруй аж ахуйн нэгж, зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтсийнхэн хамтран оролцож байна.
-Ер нь, цонх үе үүсгэхгүйн тулд хөдөлмөрийн зах зээлийн өнгөрсөн, одоо, ирээдүйн талаархи судалгаа хийн боловсон хүчнүүдийг тэнцвэртэй бэлддэггүй юм уу?
-БШУЯ-ны ажил мэргэжлийн судалгаа хийдэг газар гэж бий. Тэдний судалгаагаар хөдөлмөрийн зах зээлд сэтгүүлч, хуульч, нийгмийн ажилтан, бага ангийн багшийн мэргэжил илүүдэлтэй байна. Харин ирээдүйд эрэлттэй байх 20 мэргэжлийн жагсаалтыг гаргаад их, дээд сургуулиудад өгсөн. Энэ дагуу ч ангиуддаа хэр их элсэлт авахаа их, дээд сургуулийн сургалтын алба тооцоолж гаргадаг байх. Нөгөөтэйгүүр, ЕБС-ийн сурагчид ямар мэргэжил эзэмшвэл би амьдралын баталгаатай байх вэ гэдгээ маш сайн бодож сонго. Хүнд хэлэхэд гоё гэхээсээ илүүтэй сургуулиа төгсөөд би ажилтай байх уу гэдгээ бодолцож мэргэжлээ сонгох хэрэгтэй. Өнөөдөр сургуулиа төгсөөд ирж байгаа хүүхдүүд мэргэжлийнхээ чиглэлээр дадлага хийж үзээгүй, бараг юу хийх ёстойгоо ч мэдэхгүй байна шүү дээ.
Манай газраас их, дээд сургууль төгсч байгаа оюутнуудад ажлын байранд гараад яах вэ, мөн ЕБС-ийн 9,10 дугаар ангийн хүүхдүүдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдлэг, мэдээлэл өгдөг. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт л гэхэд 51 дүгээр сургуулийн хүүхдүүдэд сургалт зохион байгууллаа.
-Ирж байгаа хүмүүс ажил олгогчийн шаардлага хангахгүй байна. Хэлний мэдлэг гайгүй бол сургаж дадлагажуулан авна гэсэн. Шалгуур нэлээн өндөр байдаг юм аа даа?
-Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллагын ажлын байранд тавигдах шаардлага нь өндөр байдаг. Тиймээс бууруулахын тулд “Туушин” компанитай гэхэд ерөнхий менежер, зохион байгуулагч, ахлагч гээд ур чадвар, мэргэжил шаардсан ажлын байрны шалгуурыг хэвээр үлдээж, харин доод тушаалын гүйцэтгэх ажилтанд тавих болзлыг багасгах талаар ярьж байгаа. Түүнчлэн Монголын зочид буудлын холбоотой хамтран 7-45 хоногийн сургалтад хамруулан энэ чиглэлийн боловсон хүчин бэлддэг юм.