Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орсон нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж МАН-аас үзэж ШӨХТГ-т хандаад байгаа билээ. Тэгвэл энэ нэвтрүүлгийн уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж уран бүтээлийг улс төржүүлэхгүй байхыг хүссэн юм. Нэвтрүүлгийн хөтлөгч Ардын уран зохиолч, төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн, “Бид сонгуулийн хууль зөрчсөн ялд уначихаад байгаа болохоор хэвлэлийнхэнд хандахаар болсон юм. Гэхдээ хэвлэлээр бичигдээд байгаа шиг их мөнгө байгутай сохор зоос ч энэ нэвтрүүлэгт оролцсон хүмүүсээс авч байгаагүй. Бидний хийж буй нэвтрүүлэг бол мөнгөний төлөө бус цэвэр уран бүтээл. Хэрвээ мөнгө авч хийдэг байсан бол би энэ нэвтрүүлгийг “Монгол тулгатны 100 баян” гэж нэрлэх байсан юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орох ёстой нэгэн болохоор урьж оролцуулсныг зарим хүмүүс сонгуулийн шоу мэтээр харж байна. Бид Б.Бат-Эрдэнэ аваргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс өмнө долоон удаа нэвтрүүлэгтээ оролцуулах санал тавьсан. Гэвч бидний саналыг одоо хүртэл хүлээж аваагүй л байна. Хэрэв өөрөө зөвшөөрвөл бид түүнийг нэвтрүүлэгтээ сонгуулиас өмнө оролцуулж болно.
Ер нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт урьж оролцуулсан нь улс төр гэж үзвэл, манай нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин өөрийн намын эсрэг үйл ажиллагаа хийсэн болж таарна. П.Анужин бол МАН-ын бага хурлын гишүүн. Яагаад үүнийг заавал эсрэгээр харж байж санаа нь амардаг улс вэ. Манайхан сонгууль дөхөхөөр бүх зүйлийг улстөржүүлдгээ болих хэрэгтэй” гэсэн юм.
Мөн энэ нэвтрүүлгийн уран бүтээлчдийн ярьж байгаагаар нэг нэвтрүүлгийн зураг авч, эвчлүүлж, дэлгэцээр цацах хүртэл багадаа л гурван сарын хугацаа зарцуулдаг байна. Тиймээс энэ нэвтрүүлгийг сонгуулийн сурталчилгаанд зориулж хийх боломж ерөөсөө байхгүй гэж хэлэв. Тэрчлэн энэ нэвтрүүлэгт монгол үндэсний бөхийн аваргуудыг цуварлаар хийх хүсэлт тавьж, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарын нэвтрүүлгийг хийсний дараа Б.Бат-Эрдэнэ аваргад нэвтрүүлэгт орооч гэдэг саналыг олон удаа тавьсан байна. Гэвч ажил нь амжихгүй байна гэсээр өдийг хүрчээ. Тэрчлэн Монгол Улсын ерөнхийлөгчдийн нэвтрүүлгийг ч цувралаар хийхээр зэхэж анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэвтрүүлгийг хийсэн. Дараа нь Н.Багабандийн тухай нэвтрүүлгийг хийх хүсэлт тавьсан ч хоёрдахь ерөнхийлөгч түр хойшлуулах санал тавьсан байна. Харин гуравдахь нь ял эдэлж байгаа болохоор дөрөвдэх ерөнхийлөгчийнхөө тухай нэвтрүүлгийг хийсэн гэдгийг тэд хэлж байна.
Хэдийгээр энэ нэвтрүүлгийг хийж их хэмжээний мөнгө авдаг мэтээр ярьж байгаа ч нэвтрүүлгийн баатруудаас мөнгө авсан зүйл байхгүйг уран бүтээлчид онцолж байна. Мөн ингэж хардлага сэрдлэгэ төрүүлж байгаа ч цаашид нэвтрүүлгээ үргэлжлүүлэх болно гэдгээ Hero интертайментын уран бүтээлчид хэллээ.
Уран бүтээлчид ийн хэвлэлийнхэнд нэвтрүүлгийнхээ талаар мэдээлэл хийснийхээ дараа цуврал болгон гаргасан 30 нэвтрүүлгээ Үндэсний архивын газарт хүлээлгэж өгнө гэсэн юм.