Монголын киночид бүтэн жилийн ажлаа дүгнэлээ. Энэ удаагийн кино наадам олон номинац шалгаруулж, давчуу цагт хөтлөгдөн жаахан сэтгэл хөдлөлгүй болсон ч шударга шүүлт өрсөлдөгчдийг баярлуулж чадсан. Нэгэнт болоод өнгөрсөн наадам ч гэлээ зарим шилдгийг онцолмоор байсан. Арга хэмжээний дараа болсон хүлээн авалтын үеэр өрнөсөн илүү үгийг унагах нь.
Шилдэг эрэгтэй гол дүрд шалгарсан Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар “Улаан дөрвөлжин” уран сайхны киноны сойсон номинацуудын нэгийг нь авч чадсан. Энэ удаагийн бүтээлдээ тэрээр өөрийгөө эвдэж, шүүгчдийн харааг татсан ч, эмнэлгийн даргын дүрийг бүтээхдээ найруулагчийн хүсэлт болох шүдээ зөрүүлэн ярих үйлдэл дээрээ их анхаарснаас дотогшоо тоглож алдаа гаргасан хэмээн шүүмжлэгчид ярьсан. Тэрээр энэ тухайгаа ч “Найруулагч шүдээ зөрүүл гэж шаардсан. Түүнийг нь ч би биелүүлсэн. Энэ удаа өөрийгөө эвдэх гэж их хичээсэн маань тэр л дээ. Гэхдээ шүдээ зөрүүлэхээр эрүү чилээд, түүндээ анхаарлаа хандуулахаар тоглолт маань сайн гарч өгөхгүй байсан. Наадамд өрсөлдсөн шинэ залуу жүжигчдийн хувьд тоглолт дээрээ ур чадварын гэнэтийн тэсрэлт хийдэг ч гэсэн гаргасан алдаагаараа доош татчихдаг. Миний үеийнхэн чинь киноны алтан үеийнхэнтэй ажиллаж байсан болохоор нэг темпэндээ тоглоод сурчихсан байхгүй юү” гэсэн юм.
Шилдгээр шалгарсан “Аравт” кино зургаан номинацийн эзэн болсон. Нэг жилийн турш сойсон морио уралдуулдаг энэ наадамд тус киноны найруулагч Д.Золбаяр гурван жил сойсон хүлгээ уралдуулж, шилдэг болсон гэдгээ ярьж байлаа. Тэрээр “Бид заавал том түүхээр кино хийх гэж байхаар түүхийг хэсэгчилэн кино хийвэл зардал ч бага орно. Бас үзэгчдэд илүү хүрэх сайн талтай. Гэхдээ сайн уран бүтээл хийхийн тулд киночид нэгдэх хэрэгтэй. Киноны тухай хууль гарах гэж буй нь сайн хэрэг. Гэхдээ муу хууль гарвал кино урлаг дахиад л уналтад орно. Бид 23 жил уутанд хийсэн үхрийн эвэр шиг л явлаа. Одоо нэгдэх цаг болсон” хэмээн уран бүтээлчдийг нэгдэхийг уриалсан юм. Шилдэг эмэгтэй гол дүр, эффект, нүүр хувиргалт, монтажийн шагналыг авсан “Дүүлэн нис” уран сайхны киноны багийнхан БНСУ-д зураг авалтаа хийсэн ч Монголд ирээд монтажаа хийх гэтэл зураг авалтын хэрэгтэй файлынх нь 50 хувь нь устсан байсан аж. Байгаа план дээрээ орлуулж авсан зургуудаа нэмж киногоо хийсэн ч, зохиол гажуудсан зүйл гарсан гэнэ. Гэхдээ тэд чадварлагаар үзэгчдийг “хуурч” чадсан байна. Үүнийг нь “Academy awards”-аас түүсэн шагнал гэрчлэх аж.
Хэдийгээр энэ удаагийн наадамд чамбай бүтээлтэй залуу уран бүтээлчид байсан ч ахмадуудынхаа үгийг үл тоосноос шилдгийнхээ байрыг алдсан гэж ахмад уран бүтээлчид хэлж байсан. Монголын кино урлагийн зөвлөл нэртэй байгууллага нь кино урлагийн хөгжлийг түргэсгэх арга гэдгийг ч ахмадууд ярилцаж байсан юм.