“Суварган цэнхэр уулс” нэртэй киног санан өмнөд хилийг зорих аялалаа хоног тоолон хүлээсний эцэст замдаа гарлаа. Хилийн анги харуулыг байтугай цэргийн анги гэдэг нийтлэг ойлголтыг тэр киногоор төсөөлдөг байсан хэрэг л дээ. Магадгүй, гол дүрийн бүсгүйтэй адил мэргэжилтэй болохоор ч тэр үү эл кино санаанд буусан байж болох. Ингээд орос ах нарын маань ураа гаргаж хийсэн, ямар ч замыг ажралгүй туулдаг фургонд тухлаад “Сэтгүүлчид торгон хилд” аяллын багт багтан Өмнийн цэнхэр говийг зорилоо. Монгол орны хамгийн өмнөд цэг болох “Орвог гашууны бор толгой”-г үзнэ гэхээс өөр мэдээлэлгүй үзэг нэгт нөхөд маань даруй дотносож, ...Хилийн тэнгэр цэлмэг байгаасай
Холын чамд минь дуу минь хүрээсэй... хэмээн хоолой нийлүүлэн дуулсаар их хотыг ардаа үдлээ. Монгол Улсад Хил хамгаалах байгууллага үүссэний түүхт 80 жилийн ой энэ жил тохиож буй учраас бид дайчин эрсээ эргэн амьдрал ахуйтай нь танилцахаар зорьж яваа нь энэ.
Говь нутаг үзээгүй бидний заримд юм бүхэн нь сонихон. Шөнийн талд элдвийг ярилцан явтал, Даланзадгад хот гэрэлтэх нь ёстой л талд тэнгэрийн одыг буулган төрөлх нутгаа чимээ юу гэлтэй харагдана. Биднийг очиход Хилийн 0131 дүгээр ангийн захирагч хурандаа Б.Баярбат болон албаны бусад хүн хүлээж авсан юм. Тус ангийн 80 жилийн ой ч энэ онд тохиож байгаа аж. Анх 1933 оны нэгдүгээр сарын 21-нд аймгийн төв дээрээ байгуулагдаж байсан тус анги 1946-1957 оны үед буюу их хэлмэгдүүлэлтээс хойш “Сангийн далай” хийд дээр байрлаж байжээ. Хэдийгээр тус хийд одоогоор лам, бурхан, сударгүй ч Юнескогийн соёлын өвд бүртгэгдэж, сайхан цаг, дайны хүнд жилүүдийн сайн, мууг тоосго бүртээ шингээн хадгалан байгааг аяллын хоёр дахь өдөр очиж сонирхсон юм.
Монгол Улсын хилийн цэргийн ууган ангийн нэг 0131 дүгээр ангийнхан 80 жилийн түүхэндээ үлдээсэн 240 гаруй хил зөрчигчдийг илрүүлэн баривчилж, дархан хил, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлж яваа юм. Үүнийг нь тус ангиас төрсөн долоон генерал, 37 хурандаа гэрчлэх шиг...
Даланзадгадад байрлах Отрядын байранд амарсан бид өглөө эртлэн босч, Монгол Улсын газар нутгийн хамгийн өмнөд цэг болох “Орвог гашууны бор толгой”-г хариуцан хамгаалдаг тус ангийн 0247 дугаар салбарыг зорилоо. Аймгийн төвөөс зүүн өмнө зүг явж байхдаа хараа цуцаасан хөндий, элстэй газраар явах болов уу гэж бодтол тийм биш ажээ. Нутгийн зон олон “Хан-Уул хайрхан” хэмээн шүтэн дээдэлдэг тэгш оройтой том хайрханыг өнгөрөөд “Хүрхийн уул”-ын зүүн сугаар урагшилсаар Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт очдог. Уг сумаас чанх урагшаа “Усны хөндий” хэмээх байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэн бүрдсэн хадан хясаа бүхий амаар уруудаж явсаар “Борзонгийн говь” хүрлээ. Эндээс хилийн застав хүртэл багагүй замыг туулах ч Монгол Улсын нууцын тухай хуулиар хилийн заставын байрлалыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нарийн тайлбарлахгүй байхыг бидэнд 0131 дүгээр ангийн дэд захирагч, дэд хурандаа Б.Батсайхан зөвлөлөө.
Бидний зорьсон хилийн 0247 дугаар салбар 1980 оны долдугаар сард байгуулагдаж, хилийн 638-658 дугаар тэмдгийн хооронд хорин багана бүхий зуу орчим километр газар нутгийг хамгаалдаг аж. Булаг, сайрын татаал ус элбэгтэй, элс хайрга хосолмол хөрстэй, өнгө бүрийн шавар, байгалийн зотон будаг ихтэй байдаг нь хил зөрчигчид нуугдах сайхан боломж олгодог гэдгийг тус хилийн харуулууд хэлж байсан юм. Энэ заставын хариуцдаг хэсгээр 1949 онд манай нутгаар дамжин Орос руу гарах зорилготой эх нутгаасаа дүрвэсэн 120 хятад иргэнийг хил зөрчин орж ирэхэд нь буун дуу гаргалгүйгээр саатуулан баривчилж байж. Тус баривчлах ажиллагааг удирдсан Жигжидсүрэн хилийн харуулуудын бахархал. Тэрээр хил зөрчигчдийн өөдөөс ганцаараа очиж анхаарлыг нь татаж чадсаны ачаар ард нь үлдсэн цэргүүд бүслэн буулгаж авсныг ахмад хилчид ярьж байсан нь үлгэр домог шиг санагдана. Ийнхүү бид хилийн 0247 дугаар салбар дээр олон сайхан түүх сонсч, нэг өдөр буудаллаад “Цагаан дэрс” хэмээх цагаан өнгийн чулуугаар урд энгэрт нь бичсэн уулыг алслан үлдээсээр эх орны өмнөд цэгийг ургах нартай уралдан зорилоо.
Бидний өмнө зурайх замын хажуугаар их говийн нэгээхэн хэсэг элс гэхээр юм бараг байхгүй, хангай нутгаас дутахааргүй өндөр, өндөр хадан хавцалтай байх нь гайхмаар. Өглөөний нарыг “Орвог гашууны бор толгой” дээрээс харахыг хичээсэн ч биднийг очиход аль хэдийнэ нар дээр мандсан байлаа. Бэлд нь буугаад харахад жижигхэн бор толгой... Байгалийн хавтгай чулуугаар шатлан зассан замаар дээшлэн өгсөх тусам холоос харагдаж байсан өнөөх жижигхэн толгой хувирсаар үүлс шүргэсэн сүрлэг оргил болчихсон мэт санагдана. Орой дээр нь гарахад хааш хаашаа хараа ил газар, салхи нь хүчтэй байх аж. Баруун хойгуур нь хунгарласан элсэн манхан хүчтэй салхиар дамжуулан алгадах мэт шуурах ч эх нутгийн минь шороо гэж бодохоор хил давуулж хийсгэмээргүй тийм харамын сэтгэл төрлөө.
Цементэн суурьтай гантиг чулуугаар хийсэн, хоёр талдаа Монгол, Хятад улсын төрийн сүлд бүхий “Хилийн 652 дугаар тэмдэгт багана” энэ толгойн урд хэсэгт бий. Биднийг очиход “Цагаан дэрс” заставын дарга, ахлах дэслэгч Ц.Энхбаатар хилийн баганадаа хүндэтгэл үзүүлээд хүлээж байсан юм. Сэтгүүлчдийн багийг ахлан яваа дэд хурандаа М.Баатарсүрэн ахлах дэслэгчтэй ёслож “Дархан хил тайван уу” хэмээн асуутал “Тайван” гэж намуухан мөртлөө өөртөө итгэлтэйгээр товчхон хариулах нь бахархмаар ажээ. Тэр үнэхээр өөрийн ахлан хариуцсан хэсгээр тайван байгаад итгэлтэй байвч ердөө төө гаруйхан өргөнтэй баганын талаас нь цаашаа гарч болохгүй гэж бидэнд анхааруулах нь “үүнээс цааш хүний нутаг” гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Ийнхүү хилийн зурвас, сүлдэт баганы өмнө зогсч байгаа хэн ч харамламаар. Аяллын багт багтсан нөхөр маань энэ сэтгэлээ яруу найргаар хөврүүлж,
Өмнийн цэнхэр говьд
Буйдхан нэгэн застав байдаг
Өөрийгөө ч үл мартах тангарагтай
“Баянгол”-ын харуулын цэг байдаг
Ширхэг чулууг нь хүртэл алдаж болохгүй
Шувуу нислээ ч эргэж ирээсэй гэж залбирдаг
“Цагаан дэрс”-ний “...”-дугаар салбарт
Цэргийн хүү болон өсдөг
Хэний ч мэдэхгүй цэрэг эндээс
Хотлын баатар болдог
“Баянгол”-ын харуулын цэгт
Эх орон минь байдаг
хэмээн шүлэглэсэн юм. Бидний амар тайван амьдрал хилчин дайчдын нойр, хоолоо умартан зүтгэх эх орны төлөө гэсэн хайр дээр тогтдог гэдгийг хилийн зурвасаа нүдээ ч цавчих завгүй манаж зогсоо хилчдийг харж байж л ойлгосон юм. Анх Хятад, Монголын хилийн зурвасыг 1963 онд тогтоож, тэмдэгт багануудыг байгуулжээ. Түүнээс өмнө хоёр улсын хил нээлттэй оршиж байсан байх юм. Харин одоо Хятад улс бүх хилээрээ төмөр тор татаж хамгаалжээ. Түүгээр ч барахгүй хилийнхээ тор дагуу хурдны зам тавихаар бэлдчихсэн байгаа нь харагдана. Үүнийг хараад миний нутгийн хөгжил гүйцэгдэх ч, нутгаа гэсэн хүн зоных нь сэтгэл гүйцэгдэхгүй дээ гэсэн тэрс бодол толгойд зурайна. Өмнөд захын цэг 652 дугаар багана байрлаж буй Өмнөговь аймгийн нутаг “Орвог гашууны бор толгой” -г өмнө нь “Дугших бор хошуу” хэмээн нэрлэдэг байж. Үнэхээр ч Хятадын нутаг руу түрж ороод урагшаа духайн хошуулдсан газар байна лээ. Харин “Орвог гашууны овоо” гэдэг нэртэй газар одоогийн Хятадын нутаг дотор таван километрийн гүнд байдгийг нутгийн өвөө хэлсэн юм. Мөн Монгол Улсын өмнөд цэг, 0247 дугаар салбарын хооронд орших “Баянгол”-ын харуулынхан анх байгуулагдсан цагаасаа ундны усаа авдаг байсан “Ингэн ус” хэмээх газар нь ч одоо харийн нутагт бий гэнэ. 1963 онд хоёр улсын хилийг тогтооход тухайн үеийн улс төрийн байдал нөлөөлсөн үү эсвэл хил тогтооход оролцсон хүмүүсийн хайнга байдлаас ч болов уу ямартаа ч эх орны тодорхой хэсэг өөр улсын мэдэлд орчихож. “Орвог гашууны бор толгой”-гоос буцаж, тэндээс 18 километрийн зайд байрлах “Баянгол”-ын харуулын цэг дээр бага үдийн үед бид очиж, цэргүүдийнх нь амьдралтай танилцсан юм. Эх орны дархан хилийг тайван байлгах тангараг өргөсөн эгэлхэн баатар цэргүүдийн маань амьдардаг байр цомхон мөртлөө, тохилог ажээ. Хоёр, хоёроор нь давхарлан тавьсан цэрэг цагаан ор бүхий унтлагын өрөө, гал тогоо болон усанд орох шүршүүрийн өрөөнөөс тэдний “гэр” бүрдэнэ. Арав хоногийн хугацаатай ар талаас нь хоол хүнс, оо, саван гээд хэрэглээний зүйлс ирдэг учир тэд “өөрсдийн хүссэн хоолоо хийгээд идчихдэг” хэмээн ярьж байлаа. Үүнээс гадна Хилийн 0131 дүгээр ангид зөвхөн Өвөрхангайгаас цэргүүд татагдан ирдэг нь тэдний гэрээ санах сэтгэлийг зөөллөдөг бололтой юм билээ. Харуулын цэг дээр буугаа мөрлөн сүлдэт хилийн багана тийш дурандан зогсох тэдний хувьд юугаар ч сольшгүй цаг хугацаа, бахархал нь байдаг ажээ.
Тус харуулын цэгийн баруун хойно модод бий. Энэ нь нөгөө алдарт “Тооройн төгөл” ажээ. 1700-аад оны сүүлээр тус нутагт амьдарч байсан Гомбосүрэн тайжийн гурван хүүхэд “Нутаг усандаа хэрэгтэй сайн үйл хийе” гэж тохироод том хоёр хүү нь худаг гаргажээ. Харин түүний бага хүү болох Сайн-Эр гэгч “Тооройн төгөл” байгаа тус газарт Баянхонгор аймагтай хил залгаа нутгаас тэмээгээр гучин ширхэг тоорой модыг авчирч суулгасан гэнэ. Харин түүнийг нутгийнхан нь эсэргүүцэж “Шүтлэгтэй газар эвдэж сүйтгэлээ” хэмээхэд тэрээр “Газар эхэд хөмсөгийг нь суулгаж байгаа юм байна, гайгүй байлгүй дээ” гэж хариулсан гэдэг. Гэтэл одоо түүний суулгасан өнөөх гучин тоорой бараг хааш хаашаа нэг километр газрыг хамарсан их ой болон өргөжжээ. Харин сүүлд 1970-аад оны үед “Баянгол”-д алба хааж байсан Өвөрхангай аймгийн харьяат Шарав гэж цэрэг Хятад, Монголын хил нээлттэй байх үед нутгийн малчдын тэмээ, мал удаа дараа хилээр гараад байсан учраас тус төгөлийн хэсэг модыг төмөр утсаар боож, хашаа болгон хил зөрчигч тэмээнүүдийг долоо хоног хорьж суллатал дахиж ирэхээ больсон гэдэг. Харин түүнийг ингэж тэмээ хорьсоноос хойш тус газрыг “Шаравын чангалан” гэж нэрлэдэг болсон ажээ. Эдгээр тооройн моднуудад түүхийн гэрч гэмээр төмөр утсаар хүлүүлсэн ором байх аж. Моднууд ургасан ч дотор нь төмөр утас байгаа нь харагддаг юм билээ. Монголын өмнөд цэгийг зорих хүсэл өвөртлөн гарсан аялал маань шувтрах дөхөж, буцаад л Хилийн 0131 дүгээр анги дээрээ ирэхэд хуучин танилындаа айлчилж буй мэт санагдах нь олон аавын хүүгийн орон гэрийг олон жил орлож ирсэн түүхтэй газар болоод л тэр биз. Ангийн захирагч хурандаа Б.Баярбат, дэд хурандаа Б.Батсайхан бусад офицер албан хаагч, цэргүүд биднийг ангийнхаа үүднээс гарган өгч, аян замыг минь ерөөн ёслон үлдсэн. “Хилийнхээ баганыг өнгөрөхдөө санамсаргүйгээр ширхэг чулуу өшиглөчихөөр харамсах сэтгэл маш их төрдөг. Тиймээс бид хэзээд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй” хэмээсэн ахлах дэслэгч Ц.Эрдэнэбаатарын үг их говийн наран дор буцаж явахад бодогдсоор байлаа... Эх орноо хайрлах сэтгэлтэй, өргөсөн тангарагтаа үнэнч хилчин дайчид л хилээ хамгаалж явааг газар дээр нь очоод л ойлгож мэдэрсэн юм. Тиймээс хэн нэгэн надаас “Монгол Улсын дархан хил тайван уу” гэж асуувал би цэрэг эрсээрээ сэтгэл дүүрэн бахархаж итгэл төгс, омог бардмаар “Тайван” гэж хариулна.