Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ганцэцэг: Миний хувьд ганцаардах нь уйтгарлаж, гуниглахын шалтгаан биш

Оюутны ширээнээс шууд л драмын театрын тайзнаа гялалздаг эрдэнийн шигтгээ ховор. Тэгж гэрэлтлээ ч удах нь үгүй. Гэхдээ УДЭТ-т хэд хэдэн шигтгээ болсон жүжигчин бий. Тэдний нэг бол өнөөдрийн театрын дунд үед харьяалагдан ахмадаас үг сонсч, залуу үедээ хаа нэг үгээ хэлчихдэг “том” Ганаа. Театр хоёр Ганцэцэгтэй учраас түүнийг ингэж дуудна. Үзэгчид түүнийг “Жинжиймаа” кинонд тоглодог том нүдтэй жүжигчин бүсгүй гэвэл андахгүй. Тэрээр хамгийн сүүлд драмын урлагийн их наадам болох “Гэгээн муза 2013”-аас нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдөж, алтан цом атгаж чадвараа баталсан. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-“Гэгээн муза 2013” наадмын шагнал гардуулах үеэр тухтай уулзаж чадаагүй. Дахин баяр хүргэе?
-Баярлалаа. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн ч гэсэн хоёр хүүдээ баярлаад ханахгүй л байна. Музагийн “Улаан хивсний ёслол”-д хоёр хүүтэйгээ оролцоод орой болсон  учраас гэр рүү нь буцаах гэсэн чинь том хүү маань “Би ээжийгээ шагнал авахыг харна”  гээд явдаггүй. Хэрэв шагнал авахгүй бол хүүгийн маань сэтгэлд хэцүү. Тийм болохоор “Ээж нь шагнал авахгүй байж магадгүй” гэсэн. Тэгсэн хүү маань “Үгүй ээ авна. Би заавал харна” гээд тайз руу ширтээд суучихсан. Шагнал гардуулах гээд миний нэрийг дуудахад том хүү Хангай маань “Тийм ээ, та байна” гээд хашхираад, надаас илүү баярласан.

-Ганц хүний жүжгийн төрөл энэ жил л анх удаа музагийн шалгаруулалтанд нэмэгдсэн. Хэдий хэцүү төрөл ч гэсэн ханцуй шамлан орж, хүч үзсэн?
-Театрынхаа бүх тоглолтод оролцохын хажуугаар жүжгээ бэлдсэн. Хэний ч оролцоогүйгээр зөвхөн өөрөө л бүх дүрээ гаргана. Нэг үзэгдлийг л хамгийн багадаа долоон өдөр бэлдэнэ. Энэ хугацаанд хоёр хүүхэддээ ч цаг зав гаргах сөхөө байгаагүй. Ер нь шинэ уран бүтээлийн үед гэрийнхэндээ цаг зав зориулж гаргах нь ховор. Гар утсаа хүртэл унтраагаад сэтгэл оюун бүх зүйлээ урлагийн тайзанд зориулах тохиолдол олон. Анх найруулагч Наранбаатарын найруулсан “Цэцэрлэгт учирсан хоёр” гэж хоёр хүний жүжигт Болд-Эрдэнэтэй хамтарч тоглосон. Хоёр хүний төрлөөр тавигдсан анхны жүжиг. Энэ жүжгээрээ “Гэгээн муза”-д нэр дэвшинэ гэдэгтээ итгэлтэй байсан ч чадаагүй. Яагаад гэдгийг нь мэдэхгүй. Итгэлтэй байсан жүжиг маань ороогүй учраас ганц хүний жүжгийн төрлийг би заавал авах ёстой гэж өөрийгөө зоригжуулсан.

-Зохиол бас их нөлөөлсөн байх л даа?
-Найруулагч Хишигзаяа маань Францын зохиолч Эрик Эммануэль Шмиттийн сайхан зохиол өгсөн. Энэ зохиолын үзэл санаа миний ертөнцөд маш сайн нийцэж байсан. Хүн аливаа зохиолын өнгө аяс, цэг, таслалыг нь хүртэл мэдэрч чадвал тэр уран бүтээл чанартай сайн болдог. Зохиолоо анх уншихад л сайхан мэдрэмж төрсөн. Гол дүр Оскар хүүгийн дүрийг бүтээхэд ч урамтай байлаа. Уран бүтээлч хүн, тэр дундаа жүжигчин бол үргэлж өөрийгөө хурцалж, хөгжүүлж байх ёстой. Бид шинэ дүр авах бүртээ цоо шинэ ертөнцийг бий болгодог. Тэр хэмжээгээр хорвоо ертөнцийн мөн чанарыг таньж, мэдэж байдаг.

-Сонгодог тэгээд ганц хүнийх гэхээр манайд арай л хүлээн авч үзэх хугацаа нь болоогүй ч юм шиг санагдаж байна л даа. Та гэхдээ үзэгчид хэр хүлээж авсныг нь мэдэх байх...?
-Бид анх “Гамлет”-ыг тайзнаа тавихдаа болгоомжилж байсан. Сонгодог зохиолын үг хэллэгээс үзэгчид уйдах вий гээд л. Манайхан ашиг орлогоос илүүтэй үзэгчдийнхээ сэтгэл ханамжийг боддог. Гэтэл “Гамлет”-ыг үзэгчид таатай хүлээж авсан. Үүнээс харахад үзэгчдийн маань оюуны төвшин өндөр болжээ. Аливаа театр улс орныхоо хөгжлөөс нэгээс хоёр алхам түрүүлж явах ёстой гэдэг. Манай улсад ирсэн гадаадынхан Монгол ямар хөгжилтэй улс вэ гэдгийг мэдрэхийн тулд театрт нь тоглогдож байгаа уран бүтээлийг үздэг. Тиймээс хүн төрөлхтөний хөгжлийн толь болсон театрын урлагтаа төр засгийн зүгээс анхаарал хандуулах шаардлагатай юм шиг санагддаг.

-Оскар хүүг шүүгчид их өндөр үнэлсэн байна билээ?
-Театрт орсноос 13 жилийн дараа моно жүжигт өөрийгөө сорьж үзлээ. Хэрэв энэ уран бүтээлээ олигтой хийж чадаагүй бол урлагийнхаа тайзыг орхиход ч бэлэн байсан. Гэсэн ч уран бүтээлийнхээ үр шимийг хүртлээ. Тэгэхдээ бүр олон улсын шүүгчдийн өндөр үнэлгээтэй хамт шагналаа авсан. “Гэгээн муза”-гийн ёслолын арга хэмжээ эхлэхэд ОХУ-ын шүүгч надтай таарахдаа “Оскар мөн үү” гэж асуусан. “Мөн байна” гэхэд “Чи өөр өөр дүрд чадварлаг хувирах юм. Би чамд баярлаж байна. Надад бичлэгээ өгч явуулаарай. Орос орондоо заавал урина” гэсэн. Мөн ёслолын ажиллагааны өмнөх өдөр буюу гуравдугаар сарын 26-нд моно драмын шүүгчдийн хэлэлцүүлэг дээр шүүгч Анжаллена Ростер  “Бурханд илгээсэн захидал” жүжиг жинхэнэ жүжигчний уран чадварыг харуулсан уран бүтээл болсон гэдгийг хэлсэн. Тэр үгийг сонсоод цом авахгүй байсан ч яах вэ гэж бодсон.

-Та “Гэгээн муза”-гийн тайзан дээрээс өөрийн амьдралын хамгийн нандин, хайртай хоёр эр хүнд мөргөж байсан. Гэхдээ тэд тэнгэрт байгаа ч таныг хурцалж байдаг юм шиг?
-Би өөртөө зориулж тэмдэглэлийн дэвтэрт үг бичдэг. Тэр үгсээ уншаад сууж байтал “Эмэгтэй хүн энэ хорвоод төрөхдөө өөрийнхөө төлөө бус бусдын төлөө амьдрах гэж төрдөг. Тиймээс бурхан эмэгтэй хүнд бусдаас илүү сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр, уучлалыг өгдөг юм” гэсэн үг таарсан. Энэ үг л миний амьдралын замналын үнэн түүх байх. Урлаг хатуу. Маш олон шалгалт авдаг. Би боддог юм. Урлаг өөртөө хамгийн хэрэгтэй гэсэн хүнээсээ хатуу чанга сорилтыг авдаг юм болов уу гэж. Би энэ л хатуу сорилтоо сөрж гарсныхаа дараа “Одоо жинхэнэ урлагийн хүн байж чадах уу, үгүй юу” гэж өөрөөсөө асуудаг.

-Д.Ганцэцэгийн үгийг сонсоод хатуужилтай эмэгтэй гэдгийг нь ойлгож байна. Гэхдээ бас зөөлөн ч юм шиг. Магадгүй хор шартай ч байж болох юм. Чухам хувь хүн Д.Ганцэцэг хэн бэ?
-Хүнд бүх төрлийн зан чанар байдаг. Гол нь аль нь хэдэн хувь давамгайлж байна вэ гэдгээс л хамаарч ааш зан нь илэрдэг болов уу. Ганцаараа байж юм бодох дуртай. Миний хувьд ганцаардах нь уйтгарлаж, гуниглахын шалтгаан биш. “Хэрэв ганцаардвал өөртэйгээ ярилцах завшаан олдлоо гэж баярла” гэдэг үг байдаг даа.

-Тэгвэл танд байдаг хэрнээ төдийлөн давамгайлж гарч ирээгүй зан араншинг тайзан дээр илэрхийлэхийн тулд хэр их судалгаа хийдэг вэ?
-Хүн тэр бүр өөртэйгөө ярилцдаггүй. Ихэвчлэн хүний хэлснээр л явдаг. Жүжигчнийг хүн судлалын ажилтан гэдэг. Тэгэхээр өөрийгөө сайтар таньж мэдэх нь зүйтэй юм болов уу. Оскар гэх 10 настай хүүгийн дэргэд би бүү хэл өөр хүн ч хэн ч биш байсан. Энэ дүр надад эрч хүч өгсөн. Гол дүрийн хүүд туссан цусны цагаан бөөм өвчнийг судлахын тулд олон эмчтэй уулзсан. Цагаан бөөмөөр өвдсөн хүн нүдээ ч хөдөлгөж чаддаггүй гэнэ ээ. Гэтэл Оскар хүү өвчнийг сөрсөн. Тэмдэглэлийн дэвтрээ хараад сууж байхад 2013 оны нэгдүгээр сарын 12-нд “Цаг хугацаа гэдэг гэрлийн хурдаар урсан өнгөрөх юм. Цаг хугацааг яагаад ч зогсоож чадахгүй. Өнгөрсөн бүх алдаагаа засч залруулж, ирээдүйгээ сайхан болгохын төлөө хичээх ёстой. Бид цаг хугацаатай мөнх амьдрахгүй ч мөнхийн сайхан бүтээл хийж хэсэг хугацаанд хамт амьдарч болно. Тэгэхээр цаг хугацаа гэдэг бидний мөнхийн өрсөлдөгч эсвэл мөнхийн үнэнч найз юм” гэж бичсэнээ уншаад энэ санаагаа жүжигтээ оруулсан. Өнөөдөр өрөөл бусадтай өрсөлдөх гэвэл тухайн хүн цагаа алддаг. Гагцхүү хэнийг ч анзааралгүй ажлаа сайн хийж байвал илүү их амжилтад хүрнэ. Үүнийг л хүмүүс ойлгоосой.

-Гэхдээ 10 настай Оскар хүүгийн дүр танд ойрхон байсан болов уу. Учир нь та хоёр хүүтэй шүү дээ?
-Арван настай хүүхдийн дүрийг бүтээхийн тулд хөнгөн хурдан хөдөлгөөнтэй байх ёстой. Том хүүгийнхээ хөдөлгөөнийг л их ажсан даа. Уурлахаараа, уйлахаараа яаж байна гээд л. Өмнө нь “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжигт долоон настай хүүхдийн дүр бүтээсэн. Тэр үед хүү маань нэгдүгээр ангид байсан. Бас л хөдөлгөөнийг нь ажиглана. Энэ удаа фитнесс, бассейн, бүжгийн дасгалаар хоёр сарын хугацаанд тасралтгүй хичээллэсэн.

-Хүн амьралынхаа турш уулын оргил руу гарах гэж тэмцдэг. Энэ удаагийн алтан цом ч гэсэн таны тэр тэмцлийн үр дүн. Тэгэхээр дараагийн үр дүн хэзээ гарах бол?
-Миний хийсэн уран бүтээл бүр үр дүн. Тэгэхээр  гавьяат жүжигчин Уранчимэг, залуу жүжигчин Ганчимэгтэй хамтарч нэг бүтээл дээр ажиллаж байна. Одоо зохиол нь ерөнхийдөө цэгцэрсэн. Тэгэхээр тун удахгүй чиний хэлснээр тэмцлийн маань үр дүн гарах байх аа. Бас нэг зүйлийг хэлэхэд сая “Гэгээн Муза” авснаар 2010 онд авсан төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоо бататгасан гэж боддог.

0 Сэтгэгдэл
энэ Ганцэцэг өөрөөсөө бусдыг дорд үзсэн сэхүүн зантай нэгэн болох нь саяхан болж өнгөрсөн хүүхдийн баяраар тод томоруун харагдсан байна.Тэр бээр тайзны ар талд байхдаа баяраа тэмдэглэж буй хүүхдүүдийг янз бүрээр хэлж өөрийнхөө үгэнд орсонгүй гэж муухай аашилж хүүхдийн баярыг цааш харж уйлж, нааш харж инээж нэг юм өнгөрүүлсэн б.на.Өөрөө хүүхэдтэй л шиг санагдах юм
Tanid sain saihniig husie. Taniig hindelj bas bahargaj yavdag shu. Zorilgotoi, zorigtoi busgui
Bi ene emegteig uneheeer ih hundeldeg, hun yaaj zorilgiinhooo tuluu zogsoltguigeer yu ch bolj bsn dairaad ungurrvul ur shimiig ni zaaval hurtene gedgiig nadad oilguulah shig, uneheer huchirheg emegtei, hervee nadad bolomj garval gants udaa ch gsn yariltsaj uzeh yumsan, ih zuiliig oilgoj avah bhdaa, mundag minii hairlaj yavdag hun.
Bi tanias egchmed Gevch taniig mash ih hundelj baina
chadjiishd yadiin magtah l heregtei. chadaj bgaa yumand arga bhgue gej medehuu. minii huwid ih saiahn yariltslaga boljee. sain uran buteelch shuu amijlt
өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн бүхнийг магтсан гэж ойлговол юу болох болж байна. Нөгөө талаар "Би л өөрийгөө ярихгүй бол өөр хэн миний тухай ярих вэ" гэсэн үг байдаг. Надад энэ ярилцлага таалагдаж байна. Ингэж ярьж чаддаг эмэгтэй хүн ховор шүү. Амжилт хүсье. Ярих зүйл ихтэй байна гэдэг хийсэн ажил ихтэй хүний шинж
юун нь ч ширүүн юм бэ дээ.өөрийгөө л магтсан нэг хүн.
Хамгийн их уншсан