ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1.1 км авто замын зорчих хэсгийн хучилтын ажил дуусаад байна. Хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний ажлыг өнөөдөр хийж, маргааш орой авто замын хөдөлгөөнийг нээхээр боллоо. Одоогийн байдлаар явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэж байна. "Экспресс зам" ХХК ийнхүү Олимпийн гудамжийг төлөвлөсөн хугацаанаас хоёр өдрийн өмнө нээнэ.
Өнөөдрийн байдлаар Олимпийн гудамжнаас гадна дараахь авто замуудын хөдөлгөөн хаалттай байна. Үүнд:
1. Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1.8 км авто замыг урсгал тус бүрээр нь хэсэгчлэн хааж 6 сарын 01-нийг хүртэл хучилтын ажил хийнэ. Одоогийн байдлаар Чулуун-Овооноос зүүн тийш 500 метр авто замын урд урсгалыг хааж, суурийн ажил хийж байна. Нэг урсгалыг хаасан үед нөгөө талын урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгож тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Гүйцэтгэгч: "Ялгуусан" ХХК.
2. Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүртэлх 2 км авто замыг хаасан байна. Хучилтын ажил гүйцэтгэн 5 сарын 25-ны өглөөний 07 цагт нээнэ. Гүйцэтгэгч "ОДНД" ХХК.
3. Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу хорооллын Ахуйн үйлчилгээний уулзвараас хойш хуучнаар Эх нялхсын төвийн баруун хойд уулзвар хүрэх 460 метр авто замыг 5 сарын 25-ны 06 цаг хүртэл хааж, зам барилгын ажил гүйцэтгэж байна. Гүйцэтгэгч: “Хансуун зам” ХХК.
4. Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна. 7 сарын 09 хүртэл хөдөлгөөн хааж, гүүрийн барилгын ажлыг “Мотор сервис” ХХК гүйцэтгэж байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.