АНУ-д гурван бүсгүйг гэртээ нууцаар хорин байнга хүчирхийлж байсан эрийн тухай аймшигт зар дэлхийгээр нэг шуугьж байхад манайд хүүхдийн эсрэг сэтгэл сэрхийлгэсэн хоёр ч аймшигтай мэдээ тараадахлаа.
Архичин солиотой эр таван настай хүүг тамлан зовоож заазуураар биеийг нь зүсэн, зодож танхайрч. Хүүгийн ах, ээжийг нь бас зодож гарын чилээгээ гаргасан юм байх. Цагдаагийнхан түүнийг баривчилж авсан ч “шалгана” гэнэ. Хэдий хугацаагаар шалгах хийгээд, ингэж шалгах хугацаанд тэр аймаар мангас хаана байх нь тодорхой. Өнөөдөр ч аягүй бол тэр гэртээ эргээд оччихсон л байгаа.
Гэтэл бас Хөвсгөл аймагт өөрөө хоёр хүүхэдтэй, хүүхэд сурган хүмүүжүүлэх үүрэгтэй ардын багш эмэгтэй нас барсан төрсөн ахынхаа хүүг гурван жилийн турш амбаартаа хорьж байсан нь илэрлээ.
Энэ хэргийг мөн л цагдаагийнхан шалгаж байгаа гэнэ. Бас нэлээд хэдэн жил шалгана л даа.
Ингэж ингэж “Хохирогчгүй” гээд хүүхдийг аймшигтайгаар тамлан зовоосон, яргалсан зэрлэгүүдэд хариуцлага хүлээлгэлгүй өнгөрнө. Эцэгтээ заазуурдуулсан тавхан настай жаал хүү, цусаа гоожуулаад эмнэлэг рүү явж байхдаа “зүгээр ээ” гээд явж байсан гэдэг. Манай цагдаагийнхан хөөрхий жаалыг ээжийг нь байлцуулж байгаад “Миний дүү гомдолтой юу” гэж асууна. Хөөрхий жаал ээжийнхээ нүд рүү нэг хараад “гомдолгүй” л гэж хэлнэ л дээ.
Хүний мөс муудсан л гээд байдаг, гэхдээ яагаад ингэж нялх багачуулд, тэгэх тэгэхдээ өөрсдийнхөө мах цусны тасархайд ингэж хатуу ширүүн хандаад хүмүүн бус зэрлэг авир гаргаад байх болов оо.
Хуулийнхан үүний хаагуур нь өнгөрөөд байна аа. Хэргийн гол нь манай цагдаагийнхны хэлээд байгаа “Хохирогч гомдолгүй гэж байна” гэдэгт л байна. АНУ, барууны хөгжилтэй орнуудад насанд хүрээгүй хүүхдээ харж асрах хүнгүй ганцааранг нь орхих, хатуу ширүүнээр хандаж зодоход л цагдаа шууд баривчилдаг, хариуцлага оногдуулдаг жишиг байхад бид яагаад хүүхдийг хайрлахгүй байна аа. Хэдийгээр улсын хэмжэнд цэцэрлэг дутмаг байгаа ч хүүхдээ гэртээ цоожилдог явдлыг болиулчихаж болохгүй гэж үү. Цоожилсонд орох нь ээ, гадаа тоглож байдаг, эсвэл айлд байж болохгүй гэж үү.
Энэ бүхнийг угаасаа тоолгүй орхиод байсан нь улам бүр даамжирсаар ийм байдалд хүрч байна. Урьд нь хүүхдээ зодоод байхад тоодоггүй л байсан юм гээд өнөөдөр заазуурдаж байна.
Манай хуульд эцэг эх байх эрхийг нь хасна гэсэн нэг заалт бий. Нэг талаас нь харвал төрүүлсэн хүүхдээ өсгөж чадахгүй, харж хайхрахгүй, эсвэл гарын шүүс болгоод байгаа хүмүүст энэ ял бараг л “бөөн баяр” болж байгаа юм биш үү. Ашгүй нэг хоолны сав харж байх хэрэггүй боллоо л гэнэ. Нөгөө талаас нь үзвэл манайд энэ заалтыг хэрэгжүүлэх эрхзүй, эдийн засгийн орчин бий болоогүй. Хүүхдээ зодоод байдаг, харж хандахгүй тэнүүлчин замд оруулчихсан аав ээжийн эцэг эх байх эрхийг хасахаар хүүхэд хаачих вэ. Уг нь бол улс харж асрах ёстой. Хаана....Асрамжийн газарт. Тэр нь хэд байна вэ. Хүрэлцээтэй юу гээд асуулт гараад ирж байна.
Энэ мэтчилэн гаргасан авир, үйлдсэн хэрэгт нь тааруулж, тэр хүнийг залхаах төрлийн ял шийтгэл байхгүй хэрнээ харин ч бүр толгойг нь илж амарчилж өгдөг ганц заалтаар хэрцгийчүүдийн авирыг дэврээж суумааргүй л байна.
Энэ хорвоод хүн болж төрснөөрөө, тэр айлын хүүхэд болсон хувь тавилангаараа л буруутай юм биш бол өөр ямар ч буруугүй балчир үрсийг хайрлаж, тэдний төлөө анхаарах цаг болсон баймаар. Төрүүлж өсгөсөн үр хүүхдээ зодож дарамталсан, тамласанд нь байтугай, харж хайхрахгүй, эцэг эх байх үүргээ биелүүлэхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцож албадан арга хэмжээ авч байя.