Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мод тарих өдөр Туулын бургас руу халджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн өмнүүр, Туул голын хойд эргийг эмжин өндөр хүчдэлийн шугам өнгөрдөг. Хэдийгээр ийм хүчдэлийн шонгоос 200 метр дотор хүн амьдрах ёсгүй ч 10 метр зайд хотхонууд зэрэгцэн сүндэрлэжээ. Тэдний нэг болох “Грийн хаус”-ын оршин суугчид цахилгааны шонд улам ойртож буй. Шовх шовх оройтой, хоёр давхар 25 хауснаас бүрдсэн хотхоны хашааг өмнө талд нь сэтэлсэн байв. Хүүхдүүд дээш гаргахгүй, хүмүүсийг шонд ойртуулахгүй гэж байгуулсан хоёр метр өндөр хашааг нураасан учир нь гарааш барихын төлөө. Ойролцоогоор 15х45 метрийн харьцаатай талбайг тэгшилж, нэг метр гүнзгий нүх ухсан нь суурь цутгах гэж байгааг илтгэнэ. Ухаж гаргасан шороог Туул голын далан руу шахан овоолохдоо өндөр хүчдэлийн шонгийн сууринд тулгажээ. Хэргийн эзэд нь УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Д.Батбаяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг, Улсын заан Ч.Батзориг нар бололтой. Байшинтайгаа залгаа хоёр машины гарааштай хэрнээ дахиад том гарааш барих гэсэн нь эздийн эд хөрөнгийн хэмжээг илэрхийлэх шиг. Гэхдээ бидний хөндөж буй сэдэв маань хувь хүний машины тоо бус наанадаж улсын чанартай эд хөрөнгө, цаанадаж байгаль экологид  халдаж байгаа тухай юм.

“ӨНДӨР ХҮЧДЭЛ АЮУЛТАЙ”

Нийслэлийн газрын албаны хийдэг ажлын нэг нь аюултай бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх. Хуулийн дагуу оршуулгын газар, өндөр хүчдэлийн орчим, үерийн далан нь аюултай бүсэд хамаардаг учраас айлуудыг албадан нүүлгэдэг. Түүнчлэн өндөр хүчдэлийн шонгийн дор байгуулсан барилгыг ч буулгах нь бий. Хүчдэл дор амьдрах нь гурван ноцтой асуудал дагуулж болохыг мэргэжлийн хүн хэлж байна. Юун түрүүн өндөр хүчдэлийн цахилгаан урсч буй утас, шонд байгалийн болон техникийн хүндрэлээс шалтгаалж гэмтэл гарч болох юм. Энэ үед иргэдийн эрүүл мэнд, амь насыг хохироох эрсдэл ихтэй. Хоёрдугаарт, шон болон утасны доорхи байгууламжид оч унаж, гал гарах магадлал өндөр байдаг. Нөгөө талаас цахилгааны гэмтлийг засах гэсэн мэргэжилтнүүд зорьсон хүчдэлийн цэгтээ очиж чадахгүй хүндрэл үүсгэдэг аж. Бидний очсон хотыг хөндлөн холбосон өндөр хүчдэлийн шугам Туул гол, том хаустай хотхонуудаар хашигдсаныг анзаарлаа. Техник хэрэгсэл тийшээ нэвтэрч, тохиргоо засвар хийе гэвэл боломжгүй болсон нь харагдаж байв. Байшинтай нь оноож өгсөн гараашт багтаагүй олон машинаа одоо барьж буй шинэ барилгадаа хадгалах нь мэдээж. Хүчтэй шуурга, аадар бороо, аянга цахилгаан зэрэг байгалийн давагдашгүй хүндрэлээс үүдэж цахилгааны гэмтэл үүсээд гараашт гал гарвал яах вэ.  “Хэлээд байхад тоогоогүй” гээд эзэд хохирлоо үүрэх үү, төрийн өмч хувийн байгууламж дээр унаж иргэдийг хохироолоо гэх болов уу.
Гудамжинд хаа нэгтээ таардаг “Өндөр хүчдэл аюултай” гэх үг Хан-Уул дүүргийн дурдаж буй газарт заавал байх үг. Харамсалтай нь, гараашны газар ухуулж буй эрхмүүд хэтэвчин дэх мөнгөөрөө аюултай гэдэг үгийг ч “аргалж” болох юм шиг санасан бололтой. Гарааш байгуулж, өндөр хүчдэлийн доогуур барилга барьж эхлэх үед нь л хүмүүс өндөр хүчдэлийн аюулыг хэлж, зогсоохыг оролджээ. Гэтэл өөдөөс нь “Чамд хэдэн төгрөг хэрэгтэй вэ, тэрийг чинь аманд нь чихээд скочдоод өгье” гэж хариу тавласан гэнэ. Магадгүй тэд сэрэмжлүүлээд байхад тоолгүй өнгөрсөн ч хохирол гарвал төрөөр төлүүлнэ гэж төсөөлж суухыг ч үгүйсгэх аргагүй. Хүчдэлийн аюулаас амь насыг тань хамгаалъя гэж, төрийн нэрээр энгийн иргэдийг албадан нүүлгэдэг. Харамсалтай нь, “Грийн хаус”-ын дураараа оршин суугчдын үйлдлийг таслан зогсооход одоохондоо хэний ч үг хүчин мөхөсдөж байгаа бололтой.

“МОНГОЛЧУУДАД ХЭРЭГТЭЙ МОД”

Бүх нийтээрээ мод тарих өдөр өнгөрөөд дөрөв хонож байна. Эх дэлхийгээс авч буй хүчилтөрөгчөө эргүүлэн “төлөхийн” тулд нэг хүн 18 мод тарих ёстой гэх албан бус тооцоолол хүн төрөлхтөнд түгжээ. Түүний мөрөөр монголчууд мод тарихдаа дуртай, урамтай ажиллаж, цэцэрлэгч хэмээх мэргэжил ч “цэцэглэж” буйг харж байна. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 20 мянга дахь модоо суулгаж байхтай зэрэгцээд моддыг “үхүүлэх” ажил өрнөж байсныг мэдсэнгүй. “Грийн хаус”-ын оршин суугчид том гарааш байгуулахын тулд 20 орчим бургас, залуу модыг шороогоор даржээ. Ганц мод ч үнэ цэнэтэйд тооцогдох энэ үед гараашийн төлөө олноор нь устгаж чадсан байна. Туулын шугуйд ойрхон тэдэнд 20 мод хэрэггүй юм бол хотоос зайдуу өөр нэг монгол хүнд хэрэгцээтэй. Тэд хашааныхаа гадуур хөглөрөх хогийг цэвэрлээгүй атал хотын ногоон  байгууламж руу халдахдаа сайн ажээ. Байгалийн унаган төрх рүү өдөр өдрөөр зүтгэж буйг эсэргүүцэх экологид ээлтэй иргэн олширч буй энэ үед дээрх үйлдлийн эздийн нэр хүндэд халтай гэдгийг бодож үзээгүй бололтой. Туул голын эрэг рүү алхам алхмаар ойртохдоо өндөр хүчдэл доогуур шургаж байгаагаа ч анзаарсангүй. Эргээ дагаж ургасан модод ч, нийслэлийг “амьдруулж” буй өндөр хүчдэлийн шон ч улсын өмч гэдгийг тооцоолохоо орхижээ. Хүний аманд мөнгө чихэж, скочдож, дуугүй болгоё гэж тавлахын оронд хуулийн дагуу, зохих газарт гараашаа барья гээд бууж өгөхөө яагаад бодохгүй байна вэ.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Бөх хүн чинь бөх л байдаг байхгүй юу, зан характер энэ тэр бүгд адилхан, толгой нь хоосон л доо хөөрхийс, мөнгөний үнэр авхаараа ямар муухай муухай хэрэг хийдгийг бид бүхэн олон харсан
boliosoi
шуналын тулам гэж хэцүү хүмүүс байх юм даа.
Хамгийн их уншсан