АНУ-ын Сиэтль хотод Монголын өмчит шив шинэхэн “Боинг 767” хөлөг хөөрөхөд бэлэн болжээ. Монголын иргэний агаарын тээвэр компани түүхэндээ анх удаа хил дамнан нисээгүй шинэ онгоц худалдан авч байна. Үүнээс өмнө бид түрээсийн эсвэл хуучин онгоц ашигладаг байсан хэрэг.
Хуучин онгоцонд дунджаар сар бүр 200-300 мянган ам.доллар төлж, ашиглалтын зардал ч багагүй гаргадаг байсан. Харин өнөөдрөөс өөрийнхөө өмчийг харж хандах цаг ирлээ. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, “МИАТ” ХК-ийн захирал тэргүүтэй дөрвөн хүн “Боинг” компанийг зорин очоод байна. Тэднээс урьтаж нисэх бүрэлдэхүүн, инженер техникийн баг онгоцтойгоо танилцжээ. Монгол Улсын онгоц гэх нэрийг албан ёсоор эзэмших “Боинг” маргааш өглөө 07:00 цагт хөөрч, нутгаа зорино. Нөгөөдөр буюу 15-ны 10 цагийн орчимд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 12 цаг тасралтгүй ниссээр газардахаар товложээ. Онгоцны анхны зорчигч нь дээрх албаны төлөөлөгчид болон онгоцны “эмч” нар. Тэднийг угтах ажилд “МИАТ” компани бэлтгээд завгүй байна. Тус компанийн нэр дээр 600 гаруй ажилтан, зургаан давхар хүрэн барилга, зургаан оронд зорчигч тээвэрлэх эрхээс өөр бодит өмч хөрөнгө байдаггүй аж. Харин одоо хүний онгоцоор зүтгэдгээ больж, “хувийн” хөлгөөр үйлчлэх замдаа оров. Тус компани 1986 онд ЗХУ-аас “ТУ-154” онгоц түрээсэлсэн нь “МИАТ” компанийн нэр дээрх ниссэн анхны том онгоц.
Түүнээс хойш 1993 онд БНСУ-ын агаарын тээвэрт 24 жил ашигласан хоёр онгоц маш хямд үнээр худалдан авсан бол 1998 онд “Аэробус А310” онгоцыг мөн түрээсэлсэн аж. 2002-2004 онд “Боинг 737” онгоц түрээслэн зургаан жилийн хойно одоо ашиглаж буй “Боинг 767” хэмээх хоёр онгоцоо түрээсээр авчээ. Хамгийн сүүлд авсан онгоцны нэгний гэрээ дуусч, зургадугаар сард түрээслүүлэгч компанид буцаахаар будгийг арилган, зогсоогоод байна. Нөгөө онгоцыг ирэх оны 11 дүгээр сард буцаах юм байна. Түүнчлэн 10 жилийн өмнө түрээсэлж байсан “Боинг 737” хэмээх хоёр онгоцны гэрээ ч 2015, 2016 онд дараалан дуусах ажээ. Ийнхүү “МИАТ” ХК нисч байгаа “хүний” онгоцнуудаа удахгүй буцаана. Иймд нислэгээ ямар онгоцоор үргэлжлүүлэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл нөгөөдөр газардах гэж буй “767-300 ER” онгоцноос гадна дахиад хоёр ширхэг “Боинг 737” шинэхэн онгоц худалдан авах гэнэ. Мөн ийм загварын нэг онгоц шинээр нь түрээслэхээр төлөвлөжээ.
Шинэ онгоц ашиглах нь ямар давуу талтай вэ гэдгийг “МИАТ” ХК-ийн дэд захирал С.Хүрэлбаатараас тодруулахад “Агаарын тээврийн үйлчилгээ сайжирч, нислэгийн тоо нэмэгдэнэ. Хуучин онгоцонд хийдэг байсан олон төрлийн нэмэлт үйлчилгээ, тохиргоо үгүй болсноор ашиглалтын зардал багасна. Мөн “Боинг” онгоцыг дагаж сургалт, хөтөлбөрүүд манай улсад хэрэгжинэ” гэлээ. АНУ-ын “JRI” компани уг онгоцыг дагалдуулж 400 мянган ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо мэдэгджээ. Мөн “Боинг” компанийн тусгай мэргэжилтэн өөрийн зардлаар манай улсад хагас жил ажиллаж сургалт явуулна. “МИАТ” ХК энэ жил 420 мянган зорчигч тээвэрлэх зорилго тавьснаас цөөнгүй хувь нь шинэ онгоцоор нисэх аж. Түүнчлэн 2013-2014 онд нислэгийнхээ тоог нэмэгдүүлэхээр зорьж байна. Бээжин рүү долоо хоногт 14, Сөүл рүү 10 удаа нисэх бол Хонгконг, Токиогийн нислэгийг тав болгон нэмэх аж. Сингапур, Ханой болон Тайландын Бангкок руу шууд нислэг нээхээр ажиллаж байгаагаа хэллээ. Москвагаар дайрч Берлин хүрдэг байсан бол шинэ онгоцоороо долоо хоногт хоёр удаа 12 цаг шууд нисэх төлөвлөгөө боловсруулж буй аж. Лхагва гарагт Монголд буух шинэ онгоц долоо хоног зогссоны дараа нислэгээ эхлүүлэх гэнэ. Учир нь шинэ хөлгөө олон улсын нисэх буудлуудад бүртгүүлж, хөөрөх, буух зөвшөөрөл авдаг аж. Үүнд хамгийн шуурхай ажилладаг нь БНСУ учраас эхний нислэг Сөүл рүү чиглэх бололтой. Юутай ч анхны нислэгээ тавдугаар сарын 25-нд тохиох нисгэгчдийн баяраас өмнө хийхийг зорьжээ.
Монголчуудын “Боинг” онгоцны үйлдвэрийн үнэ 100.3 сая ам.доллар. Гэвч тохижуулалт болон нэмэлт тоноглолд 14 сая доллар зарцуулсан байна. Тухайлбал, ор болон дэлгэгддэг 25 суудалтай бизнес ангиллаас гадна сайн чанарын 195 суудалтай энгийн ангилалд дээрх мөнгө зарцуулагджээ. Түүнчлэн нисэх үед агаарын эсэргүүцэл бууруулах тусгай бодисоор далавчийг нь бүрсэн гэнэ. АНУ-д үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг экспортлоход дэмжлэг үзүүлдэг банкаас жилийн 4-5 хувийн хүүтэй зээл авахаар хэлэлцээр хийж байгаа. Тэр хүртэл Монгол Улсын Засгийн газар хуралдаанаараа Хөгжлийн банкнаас онгоцны зардлын 85 хувийг гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм. Үлдсэн 15 хувийн зардлыг “МИАТ” ХК өөрийн нэрээр арилжааны банкнаас зээл авч төлбөрөө бүрэн хийжээ. Энэ бүхний ард тасалбарын үнэ нэмэгдэх үү гэх асуулт урган гарсан юм. С.Хүрэлбаатар бидэнд “Тохь тух нэмэгдэж байгааг дагаад тасалбарын үнэ бага зэрэг өснө. Гэхдээ манай үнэ бусад компанийнхаас тийм ч их ялгаагүй” гэлээ. Үүний шалтгаан нь их хэмжээний зээлийн өр төлж эхэлсэнтэй холбоотой юм. Гэвч энэ дарамт нь жил ирэх тусам багасч, 10 жилийн дараа хэн нэгэнд түрээс болон хүү төлөхгүйгээр бие даасан байна гэдэгт итгэж буйгаа хэллээ. Нөгөө талаас шатахууны үнийг буулгах нь тасалбарын үнийг бууруулахад нөлөөлнө гэсэн юм. Солонгосчууд түүхий нефтиэ АНУ-аас авчраад өөрсдөө нэрдэг байна. Тонн түлш 1050 ам.доллар байхад манай улсад орж ирсэн түлшний үнэ 1700 орчим ам.доллар. Импортолж буй ОХУ-д ч тонн түлш 1200-1300 долларын ханштай байгаа аж.
Дашрамд дуулгахад, нисч л байвал онгоц ашиглалтаас гаргадаггүй гэнэ. Тэртээ 1998 онд 24 настайд нь БНСУ-аас хямдхан худалдан авч байсан хоёр онгоц одоо ч Африкт нисдэг аж. 1972 онд үйлдвэрлэгдсэн, 41 жил ашиглагдаж буй онгоцоор ачаа тээвэрлэдэг байна. Монголчууд “Боинг”-оо түүнээс ч удаан хэрэглэх нь зүйн хэрэг.