Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүлээлт өгүүллэг

Намар оройн жин үдийн наран тал нутгийг эгц дээрээс нь төөнөн амьтай бүхнийг сүүдэр газар руу үлдэн хөөжээ. Уудам талын дундуур урт могой адил хөврөх замаар тоос татуулан нэгэн машин хурдална. Жолоо барин яваа нь байлдагч Жалав. Хажууд нь суугаа цэрэг хүнд баймгүй цэвэрхэн цагаан царайтай, хүйтэн харцтай хүн бол хурандаа Сүхээ.
-Одоо хэчнээн километр үлдэв?
-Ойролцоогоор таван километр.
-Замаас гараад зогс.    
-Ойлголоо хурандаа гэж хэлээд задгай дээвэртэй ар­мийн жижигхэн ногоон тэргээ хүн малын хөл зүглэлгүй удсан болов уу гэмээр хараа цуцам их талыг хоёр хуваасан замаас алгуурхан гарган зогсоолоо.
Машин зогсмогц хурандаа дугуй оройтой шинэхэн пянз шиг гялгар хар саравчтай малгайгаа аван цонхны өмнөх тавцан дээр тавиад урт замд хөшиж чилсэн биеэ амраан гараа алдлан суниагаад, мойногшин эвдэрсэн хуруугаа энгэрийнхээ халаас руу шургуулан тэр бүр нүдэнд үзэгдэж харагдаад байдаггүй орос тамхи гарган ирээд нэгийг сугалан авч ишийг нь хайрцганд нь хоёр тогшин амандаа зуугаад “гал” гэв. Хурандаагийн жолооч болоод удаагүй би түүнийг харан алмайрч суугаад хэлсэн үгийг нь анзаарсангүй.
-Хөөе гал гээд байна шүү! гэхэд нь сая нэг ухаан орсон аятай хамаг л халаасаа тэмтчин ухсаар шүдэнзээ гарган ирээд сандарсандаа байдгаараа салгалан чичирсээр асаатал салхинд унтарч орхив. Хуран­даа уцаарлангуйгаар:
-Өө урагшгүй амьтан ч бол доо чи гээд гараас нь шүдэнзийг шүүрэн авч тамхиа асаагаад машинаас холгүй байсан жижигхэн бул чулуун дээр сандайлан суугаад тамхиа нэрж эхлэв. Би суудлынхаа завсраас алчуур гарган урт аян замын тоосонд өвч битүү дарагдсан машиныхаа шил толийг арчин зогстол хурандаа
-Жалав аа! Нааш ир хэмээн дуудав.
“Одоо бас намайг яаж зарцлах гэж байгаа бол доо” хэмээн бодсоор гүйх нь холгүй яваад очтол хурандаа эелдэг зөөлөн дуугаар:
-“Май тамхи тат” гэдэг юм байна.
Ярдаг нохой шиг муухай ааштай, жихүүдэс хүрэм хүйтэн харцтай энэ хүний жолооч болсоор бүтэн сарыг элээхэд амнаас нь ийм үг гарна чинээ санаагүй явсан билээ. Өнөөх урт шар иштэй гадаад тамхинаас нэгийг авч асаагаад хурандаагийн хажууд хөшөө шиг л зогсон баагиулна. Хурандаагийн “май тамхи тат” гэсэн гуравхан үгэнд шингэсэн тэр нэгэн хүч миний сэтгэлийг догдлуулсан хийгээд цуурай мэт чихэнд минь ахин дахин сонсогдсоор байлаа. Цэргүүд Сүхээ хурандаагийн тухай ярихдаа: “Эр хүнд баймгүй адаар ааштай амьтан, хамар дээр нь баас нялчихсан юм шиг байнга л үрчийж ярвайж явдаг” гэхчлэн элдвээр муулцгаадаг билээ.
Хурандаа бид хоёр үй зайгүй найзууд шиг зэрэгцэн сууж тамхилав. Би ч өнөөх урт шар иштийг баланд дурлах баавгай мэт угсруулан сорж дуусгаад эргэн машинаа арчиж эхлэв. Хурандаа тамхиа татаж дууссан ч өнөөх жижигхэн чулуун дээр суусаар л.
Би машинаа хойно урд нь гаран арчиж явахдаа хурандааг нүднийхээ булангаар сэм сэмхэн ажиглавал сэтгэл нь нэг л юманд зовиносон шинж­тэй үе үе санаа алдан байхыг анзаарав. Бид хоёр өглөө эрт үүр цүүрээр ангиасаа гарсан бөгөөд Мөөгтийн талд нутаглах Должин эмгэнийхийг зорин яваа билээ.
Должин эмгэн хүний ертөнцөд гурван сайхан хүү төрүүлсэн бөгөөд гурван хүү нь гурвуул эр цэргийн албанд мордож дайны самуун жилүүд ууган хүү, дунд хүү хоёрыг нь авч одсон юм. Хурандаа бид хоёрын эмгэнийх рүү зорин яваа хэрэг бол бага хүү Содном нь мөн эх орныхоо төлөө эрэлхэг зоригтойгоор тулалдан яваад амиа алдсан тухай эмгэнэлт мэдээг дуулгах ёстой байлаа. Гурвын гурван хүү нь дайнд мордож, хоёрыг нь алдсан энэ буурайд бага хүү Содном чинь амь үрэгдсэн гэдгийг яаж хэлэхээ мэдэхгүй шаналж суугаа хурандаагийн сэтгэлийг би сайн ойлгож байв. Хурандаа Сүхээ ч өөрөө хагацал үхлийн зовлонг сайн мэддэг нэгэн байв. Учир юу вэ гэвэл хурандаа газар дээрх ганц ахыгаа цаг бусаар алдаад удаагүй байтал тэрхүү гунигт мэдээг сонссон ээж нь төд удалгүй түүнийг орхин одсон юм. Дайн тулаантай самуун үед цэргийн ажил алба гэдэг хойшлуулж боломгүй чухал зүйл учир өөд болсон ээжийгээ нутаглуулахад нь ч очоогүй болохоор түүнд их хэцүү байгаа нь мэдээж.
 Гэтэл төд удалгүй хурандаа эрс өөр хүн болон хувирч, нүдэнд нь тунасан санаашрал үгүй болсон мэт харагдах нь өөрийгөө зоригжуулж байгаа гэлтэй. Малгайгаа өмсөн босоод тал нутгийн таана агь ханхалсан цэнгэг агаараас уужмаар амьсгалан ма­шинд суугаад “хөдөлье” гэв. Би ч шалмаг ногоон тэр­гээ асаан шаргал талын шороон замаар тоос татуулан хурдлав. Зах хязгаар нь үл харагдах энэ их талын дунд хөмөрсөн аяга шиг ганц цагаан гэр сүүмийн тодорсоор. Гэрийн урдуур хойгуур гүйлдэх хоёр жижигхэн тугалыг үргээн сүүлээ годогнуулан өөдөөс хуцах нохойн дуу ойртсоор.
 Бид явсаар гэрийн гадаа очин зогслоо. Нар салхинд идэгдсэн намхан бор гэрийн үүдэнд нүдэнд нь ус гүйж, нүүрэнд нь горьдлого тодорсон азай буурал эмгэн угтав. Бид хоёр машинаас буун гэрийн үүдэнд очоод эмгэнээс:
-Амар байна уу? та Должин гуай мөн үү? гэхэд
-Мөн байлгүй яахав хүү минь хэмээн бид хоёрын ца­райг байн байн ээлжлэн харна.
Хүү нь ирсэн юм болов уу гэсэн шиг хоёр нүд нь аяганаасаа уначих дөхөн горьдлого дүүрнээр мэлтийнэ. Эмгэн биднийг хэсэг ажин зогсоод “За хүүхдүүд минь гэрт ор” хэмээн урив. Хурандаа тэргүүлэн гяхтнаж яайжийсан гэрийн хаалгыг татан орвол хоймор голлуулан тавьсан хуучин бор авдар дээр хоёр залуухан цэрэг эрийн зурагны урд зул бадамлан байх нь хамгийн түрүүн нүднээ тусав. Бид хоёр гэрийн зүүн талыг барин явсаар өнөөх зулын өмнө очин малгайгаа авч мөргөөд орны өмнөх сандал дээр суув. Эмгэн гаднаас хэсэг бут мөчир хормойлон орж ирээд зуухны өмнө суун өнөөх модороо гал өрдөж эхэллээ. Хуурай мөчир чад пад хийн ноцож оч цог нь зуухны амны жижигхэн нүхнүүдээр ийш тийш үсчинэ. Эм­гэн өн­дийн босч яайжийж унах дөх­сөн тогооны тавиур дээ­­­­рээс жи­жиг­хэн хумбан то­гоо авч дааж ядан өргөн алхалсаар зуухандаа амлуулав. Сааль сүү үсчин тос даасан модон хувингаас ус мэлтэлзүүлэн хутгаж тогоондоо хийгээд дээрээс нь сүү хийж тогооны тагийг тавив.

Хурандаа юу ч юм бодлогшрон шал ширтэн суу­на. Харин би гэрийг үүднээс нь хоймор хүртэл нь ажин суулаа. Бид гурвын хэн нь ч юу ч дуугарсангүй. Должин гуай бид хоёрыг түүнд юу дуулгах гэж байгааг гадарлаж байгаа нь нүднээс нь илт харагдаж байсан ч түүнийгээ нуух мэт дуугүй л дүнсийнэ. Тогоотой цай буцлан ааг үнэр нь гэрээр нэг тарсан ч насны хяруунд дарагдсан цал буурал үстэй эмгэн галын дөл ширтэн суусаар л. Удалгүй тэр уйлж эхлэв. Түрүүхэн эзгүй хоосон талын дунд юу руу ч юм уртаар борголон хуцаж байсан нохойн дуу тасарчээ. Гэрт чив чимээгүй. Эмгэний ар араасаа бөн бөн дуслан газар унах нулимсны чимээ л сонстоно. Хурандаа аяархан босч өөд болсон хүүгийнх нь хувцас эд юмсыг ширээн дээр үлдээгээд гэрээс аяархан гарч одлоо. Би түүнийг даган гарах гэвч нүцгэн талын дунд эзгүй гэрт энэ эмгэнийг ганцааранг нь үлдээгээд явна гэхээс өөрийн эрхгүй нүднээс нулимс мэлтрэн асгарлаа. Эмгэн ширээн дээрх нямбайлан эвхэн тавьсан цэрэг хувцсийг харан уйлсаар л. Түүний нүд өчүүхэн төдий ч үл цавчилна. Ар араасаа урсан асгарах нулимсан дуслууд  гал цог нь үгүйрэн унтарсан эмгэний нүдийг чийглэх мэт. Түрүүхэн бадамлан байсан зул аль хэдийнэ бөхжээ. Должин эмгэний хүүгээ хүлээсэн итгэл сэтгэл нь тэр зул адил бөхөн унтарч байх шиг. Би гэрээс гарч машиндаа суугаад ху­рандааг харвал өнөөх айдас тө­рүүлэм хүйтэн харцтай нү­дэнд нь үл мэдэг нулимс мэл­тэлзэн байхыг анзаарав. Түү­нийгээ нуух мэт тэртээ алсыг ширтээд “явъя” гэлээ. Би энэ үед даруйхан ээждээ очоод энгэрт нь наалдан тэврээд ганц үн­сүүлэхсэндээ л гэж бодож байв. Бид эргэн урт удаан үргэлжлэх аян замдаа гарлаа. Нохойн дуу холдсоор л...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан