Анх “Сорхугтани” романыг ажлынхаа эгчээс авч уншаад амтанд шимтэж, хуудас нимгэрэх тусам номоо дуусгахгүйг хичээн удаан уншиж билээ. Харин номын зохиогч нь “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгээр гэрийн маань хойморьт орой бүр зочилдог эгч байсныг хараад түүгээр бахархсансан. Уншаад дуусгамааргүй тийм номыг хэрхэн бичдэг талаар зохиогчоос нь асуумаар санагдсан хүслээ гүйцэлдүүлж зохиолч, яруу найрагч Б.Сарантуяатай уулзаж ярилцлаа.
-Сорхугтани хатны талаар бичсэнийг тань уншаад бишрэх сэтгэл төрсөн. Гэхдээ түүхэн дүрийг өөрийнхөөрөө бүтээнэ гэдэг дуртай нэгний санаанд багтах зүйл биш. Яагаад заавал Сорхугтани хатныг сонгох болов?
-Би 21 дүгээр зуунд амьдарч байгаа шинэ зууны иргэн. Өөрөөр хэлбэл, миний хамгийн сайн мэдэх зүйл бол одоо цаг. Бидний хүсэл бол сайхан амьдрах, улс орон минь амгалан байж, айх аюулгүй, дутах зүйлгүй тайван амьдрах. Ингэж хүсэх бүртээ эх зах нь олдохгүй байгаа энэ улс оронд ид шид амилах мэт Чингис хаанаа дахин гарч ирээсэй гэж хүмүүс үгүйлж байна. Тэр дахин төрөөсэй. Үгүй дээ, түүн шиг нэг хүн гарч ирээд энэ улс орныг залаасай. Болохоо больсон энэ нийгмийн амьдралыг өөрчлөөсэй гэж монголчууд хүсч байна. Тэгвэл Чингис хаан гэж хэн байсан бэ. Түүний тухай өгүүлэх гадаад, дотоодын олон эх сурвалж, ном зохиолууд бий. Тэдний дундаас шүүрдэн их хааны оюун санааг хэрхэн өнөөгийн хүмүүсийн өмнө ил гаргах вэ гэдэг асуулт гарч ирсэн. Түүний оюун санааг ил гаргаснаар их түүхээсээ суралцаж болно гэж бодсон. Би эмэгтэй хүн. Тиймээс эр хүний өмнөөс бодож, сэтгэх амаргүй. Мөн хүний эцэг болж үзээгүй учир энэ жаргал хийгээд зовлонг мэдэхгүй. Харин тэр цагт зэвсэг барин дайтаагүй ч, их хаадын амсхийх чөлөөнд засгийг удирдаж, тухайн үеийн дэлхий ертөнцөд оюун санааны дайныг явуулсан ухаант хатдыг сонирхон судалсан. “Монголын нууц товчоо” зохиолын үндсэн суурь болсон эвлэн нэгдэхийн тухай өгүүлэх таван сумны сургаалийг хайрласан Алун гуа эхээс эхлээд Өэлүн эх, Бөртэ хатан, Хулан хатнаар үргэлжлэх олон сайхан эмэгтэйчүүдийн түүхийг сөхсөн. Харин энэ олон хатдын дундаас надад Сорхугтани хатны түүх хамгийн ихээр таалагдсан тул цааш судалсан. Судлах тусам сонирхолтой санагдаж, бүдэг бадаг мэдээллүүдийг цааш хөвөрдөх, ургуулан бодох, хоорондоо зөрүүтэй эх сурвалжуудыг тайлах гэж тэмүүлэх амтанд нь орж эхэлсэн. Эндээс л энэ роман төрөх эхлэл тавигдсан даа.
-Тэгэхээр маш их судалгаа хийсэн байх. Гэхдээ зөвхөн Сорхугтани хатны тухай мэт боловч гарч ирж байгаа дүр бүхэн түүхийн холбогдолтой байх ёстой. Судалгаагаа хийн номоо бичээд уншигчдын гарт хүргэхэд хэр хугацаа шаардагдсан бол?
-Судлахад нэг их удаан хугацаа зарцуулаагүй ээ. Гэхдээ богино хугацаанд асар их ном уншсан. Нимгэн, зузаан хорь гаруй ном уншсан. Заримыг нь бүтнээр нь уншиж, заримыг нь өөрт хэрэгтэй гэсэн хэсгээ түүвэрлэн уншсан. Эндээс хатны тухай ерөнхий ойлголт гаргаж аваад, түүхэн цаг хугацаануудад тулгуурлан үйл явдлыг зохиомжилсон. Цаг хугацааны хувьд Сорхугтани хатан Чингис хааны бэр болон ирж байгаагаас эхлээд насан эцэс болж байгаа хүртэлх 50 гаруй жилийн хугацааг багтсан тул эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын хагас зуун жилийг өгүүлэх хэрэгтэй болсон. Романд шинэ, шинэ баатрууд нэмэгдэн гарч ирэх бүрийд тухайн хүний түүхийг дахин судлах их ажил ундардаг. Бичихэд дөрөв, засахад хоёр сар зарцуулсан даа. Мөн холын хүнээс үг сонс гэдгийг санаж ТАСАМ буюу Тархан суурьшсан Монголчууд ТББ-ын тэргүүн Санчираас их зөвлөгөө авсан.
-Миний хувьд таны номыг уншихад үйл явдал нь урсаад л явчихсан. Нуршиж, тээглээгүй юм шиг санагдсан. Таны хувьд романаа бичихдээ юун дээр хамгийн их анхаарсан бэ?
-Бид цаг хугацаа хэмээх хэнийг ч хүлээхгүй асар их хурдтай уралдаж яваа. Хүмүүс ном унших дуртай ч хэт урт, нуршсан, үйл явдал хэрхэх нь тодорхойгүй, сунжирсан зохиол уншихаас цааргалах болж. Миний номыг нэг барьсан хүн яавал дараа уншина гэж хойш тавихгүйгээр үргэлжлүүлэн уншиж дуусгах вэ. Хэрхвэл тэднийг эцсийн мөч хүртэл дагуулж чадах, хэрхэн нуршихгүй 400 гаруй хуудастай роман бичих вэ гэдгээ бодож бичсэн. Мэдээж, утга зохиолын онолоос гажихгүйгээр шүү дээ. Харин ном гарсны дараа миний эргэн тойрны хүмүүс дээд тал нь хоёр өдрийн дотор уншаад дуусгачихлаа гэж хэлж байгааг сонслоо. Ямартай ч, тэдний шаардлагад нийцсэн бололтой байна.
-Та Чингисийг төрөөсэй гэж бодож суухаар түүхээсээ суралцах ёстой учраас судалсан гэсэн шүү дээ. Тэгвэл таны романаас залуус юуг ойлгоосой гэж бодсон бэ?
-Ирээдүйгээ бүтээе гэвэл өнгөрснөөсөө сурах учиртай. Өнөөдөр уншигчдын дунд түүхийн судалгааны ном уншдаг хүн тун цөөхөн байна. Харин болж өнгөрсөн түүхийг уран зохиолын аргаар уншигчдад хүргэхэд олон хүн сонирхон уншдаг. Өвөг дээдсийнхээ бахархам түүхийг бид эндээс мэдэж болно. Тэдний оюун санаа, хүсэл мөрөөдөл, амьдралын зорилго юу байсныг харж болно. Өнөөдөр хүмүүс сайхан байшин, гоё машин, ганган хувцас, эд хөрөнгө эрх мэдэлд шунаж байна. Найман зууны өмнө ч хүмүүс амьдарч байсан. Тэд сайхан байшингийн оронд орд өргөө, ганган машины оронд хүлэг морь, эд баялаг, эрх мэдэл гээд тэдний хүсэл ч өнөөгийн бидэнтэй л адил байсан. Гэвч Чингис хаан хийгээд түүний үр хүүхдүүд энэ олон сонирхол, зөрчлийг зангидаж, зөвхөн Монгол туургатныг бус бүх дэлхийг хэрхэн нэгэн тугийн дор нэгтгэн захирч, улс орноо дэлхийн дайтай тэлж чадсан агуу ухаан хүч нь чухам юунд оршиж байсан бэ гэдгийг харуулахыг хүссэн. Зэвсэг барин дайтахаас өөрийг мэддэггүй гэж хэлэгдэх өвөг дээдэс минь оюун санааны хувьд ямар төвшинд хүрсэн хүмүүс байсан юм бэ гэдгийг мэдрүүлэхийг зорьсон хэрэг.
-Хэдийгээр бодит түүх ч гэсэн болж байгаа үйлдэл нь хэтэрхий үнэмшилтэй гардаг л даа. Жишээ нь, та өөрөө тийм болгох гэж ухаан санаагаа зарсан хэсэг байгаа юу?
-Байлгүй яахав. Тулуй хаан ах Өгөөдэйн золиос болдог хэсэг байна. Хядан улсын газар усны эзэд лус савдаг хилэгнэж хааныг авна хэмээн хэлүүлсэн үгийг бөө зайрангууд дамжуулсны дараа Тулуй өөрийн шийдвэрээ гаргаж хаан ахынхаа өмнөөс золиос болсон түүхтэй. Хааныг авна гэж хэлүүлж байхад дүүг нь золио болгохыг лус савдаг хүлээж авах уу. Хэдийгээр бодит түүх ч, ургуулан бодох хэрэгтэй болсон. Эцэст нь, хааны оронд хааны дүү биш хаан хүн л тэнгэрт халих ёстой хэмээн сэтгэж, Тулуйг хаан ширээнд залах ёсыг үйлдүүлж, дараа нь бөөгийн шившлэгтэй усыг уулгаж тэнгэрт мордуулж байгаагаар зохиосон юм. Тулуй бол Чингис хааны отгон хүү. Гал голомт сахих албан ёсны хүн. Гэвч отгон хүүгийн хувиар хаан болох заяатай төрсөн ч хаан ширээнд заларч, ахынхаа өмнөөс тэнгэрт халих тавилантай байжээ гэдгийг өгүүлсэн нь миний зохиомж л доо.
-Мөнх хаан сэнтийдээ суугаад их цэвэрлэгээ явуулж, төрд тэрсэлсэн хүмүүсийг хатуу цээрлүүлсэн тухай гашуун түүхүүд байдаг. Таны номд энэ түүхүүдийг арай зөөлрүүлж оруулсан юм шиг санагдсан?
-Танай аав ээжийг хажуу айлын чинь хүмүүс муу хэлээд байвал чи дуртай байх уу. Яг түүн шиг бидний түүхийг ихэнхдээ гадаадынхан бичиж байна. Өөрөөр хэлбэл, аав, ээжийн минь тухай хажуу айлынхан дур зоргоороо ярьдаг. Зарим үед их түүхээ өмгөөлмөөр, их хаадынхаа төлөө заргалдмаар ч үе гардаг. Бид л өөрийнхөө түүхийг өмөөрөхгүй бол хэн өмөөрөх билээ.