Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Сүхбаатар: Сангаас тусламж хүссэн хүн олон байна

Хилийн чанадад байгаа болон зорчиж буй Монгол Улсын иргэн нас барах, осолд өртөх, өвдөх, хохирох, хэрэг төвөгт холбогдон баривчлагдах, шийтгүүлэх, ял эдлэх тохиолдол бишгүй л гардаг. Тиймээс Засгийн газар одоогоос дөрвөн жилийн өмнө Гадаадад байгаа иргэдэд туслах сан байгуулсан.
Энэ сангийн талаар болон үйл ажиллагааных нь талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ш.Сүхбаатараас тодрууллаа.

-Гадаадад байгаа иргэ­дэд туслах санд энэ жил 273 сая төгрөг төсөвлөсөн гэсэн. Энэ нь хэр хүрэлцээтэй мөнгө вэ. Ер нь, энэ он гарснаас хойш хилийн чанадад байгаа хэчнээн иргэнд тусалсан бэ?
 -Санд энэ жил батлуулсан 273 сая төгрөгийг мэдээж, хүрэлцээтэй гэхэд хэцүү. Энэ мөнгөө жилийн дөрвөн улиралдаа хувааж, тусламж зайлшгүй шаардлагатай байгаа иргэддээ зарцуулж байгаа. Хэрэв оны эхний эсвэл хоёрдугаар улиралд мөнгөө дуусгачихвал санхүүжилтгүй болно. Болзошгүй тохиолдолд гар мухардана гэсэн үг. Тиймээс аль болох сангийн тусламжийг зайлшгүй хэрэгтэй иргэндээ хүргэхийн тулд зохицуулж ажиллаж байна. Жишээ нь, гадаадын аль нэг улсад нас барсан иргэний шарил, чандарыг авчирахад найм хүртэл сая төгрөг зарцуулдаг. Сангийн Удирдах зөвлөл таван хүний бүрэлдэхүүнтэй, Гадаад харилцааны сайд ахалдаг юм. Иргэдээс ирүүлсэн хүсэлтийг судалж, шийдвэр гаргана. Ерөнхийдөө нас барсан иргэнийхээ шарил, чандарыг авчирахад сангийн мөнгөний дийлэнх хувийг зарцуулдаг. Он гарснаас хойш л гэхэд цөөнгүй иргэнээ эх оронд нь авчирсан.

-Тухайлбал?
-Нигер улсаас С.Энхмаа гээд бүсгүйг хоёр хүүхэдтэй нь, Балбаас Буянжаргал гэдэг хүнийг авчирлаа. Бас Т.Аятунгаа, Солонгоо нарын асуудал байна. Тэдний асуу­длаар эхлээд бид Филиппин дэх Өргөмжит кон­сулдаа асуудлыг тавьж дараа нь гарсан зардлыг энэ сангаас гаргасан байх жишээтэй.
 
-Энэ сангаас тусламж хүсч хэчнээн иргэн хандсан бэ?
-Тусламж хүссэн хүний тоо олон байна. Мэдээж, хүссэн болгонд туслах боломжгүй. Тухайн тусламж хүссэн хүний орлого, амьдралын боломжийг судална. Холбогдох дүүрэг, хороо, багийн санал, дүгнэлтийг харгалзана. Хүсэлт нь хэр бодитой, ах, дүү хамаатан садан гээд тусалж дэмжих хүмүүсийн боломж бололцоог ч судалж байж туслах эсэхээ шийддэг. Түүнчлэн хилийн чанадад эмчилгээ сувилгаанд яваад олон сараар эмчлүүлсэн боловч тэр нь үр дүнгүй болоод буцах зардалгүй болсон иргэдэд ч сангийн хөрөнгийг зарцуулдаг юм.
-Сангаас тусламж авах нь шийдэгдсэн хэчнээн иргэн байна вэ?
-Гадаадад байгаа иргэдэд туслах сангийн хурал сард 2-3 удаа болдог. Зарим иргэний асуудлыг тэр дор нь шийдэх шаардлага гарна. Жишээ нь, сар гаруйн өмнө Солонгосоос зургаан настай хүүхдийг авчрах онгоцны зардлын асуудлыг тэр дор нь шийдсэн байх жишээтэй.  Өнөөдрийн байдлаар надад сангаас тусламж авахыг хүссэн 24 иргэний өргөдөл байна. Үүнийг сангийнхаа хурлаар шийднэ.

-Сангийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэх талаар ямар гарц хайж байна вэ?
-Аливаа асуудал бэрхшээл тулгарсан иргэндээ зөвхөн энэ сан тусалдаггүй. Нүүлгэлт, шилжилт хөдөлгөөний бай­гууллага гэж бий. Энэ бай­гууллага иргэдээ эх оронд нь авчрахад тусалдаг. Олон улсын шашны байгууллагууд байна. С.Энхмааг авчрахад иргэдэд туслах сангаас тодорхой хэмжээний мөнгө гаргасан. Олон улсын шашны байгууллагатай ярилцаад түүний Монголд ирэх зардлыг төвлөрүүлэх данс нээсэн. Энэ дансанд тодорхой хэмжээний мөнгө хуримтлагдсан. Монголчууд бие биеэ дэмждэг, тусалдаг. ОХУ-аас Оюунчимэг гэдэг эмэгтэйг эх оронд нь ирүүлэхийн тулд сангаас зардлыг нь дааж, тэнд байсан монголчууд мөнгө нийлүүлж, солих хувцастай болгосон байх жишээтэй. Цаашид сангийн үйл ажиллагааг идэвхжүүлж, иргэд болон олон улсын байгууллагын тусламж дэмжлэгийг авч, гадаадад байгаа монгол иргэддээ бодитой туслалцаа үзүүлэх боломж хайж, судалж байна.

-Энэ сангаас тусламж авсан иргэд мөнгөө эргээд төлөх үү?
-Үгүй. Эргэн төлөх нөхцөлгүйгээр тусалдаг юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан