Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддоржтой энэ жилийн зам засварын ажлын талаар ярилцлаа.
-Энэ жил хэчнээн км замыг засч, шинэчлэхээр төлөвлөөд байна вэ?
-Нийт 18 цэгт шинээр зам барина. 127 км замд нүүлгэн шилжүүлэлт хийнэ. Нийслэлийн төсвөөр 154 тэрбум, Хөгжлийн банкны санхүүжилтээр 80 тэрбум, Чингис бондоор 200 сая төгрөг гээд нийт 350 тэрбум төгрөгийн санхүүжилттэй зам засварын ажил хийгдэнэ. Чухал, ач холбогдолтой замыг улсын баярын өмнө буюу долдугаар сарын 10 гэхэд засч, ашиглалтад оруулана. Харин баярын дараагаас наймдугаар сарын 30 хүртэл дараагийн шатны ажлууд эхэлнэ. Наймдугаар сарын 30 гэхэд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн өмнөх замын ажлыг дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Газар чөлөөлөх ажилд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Нэн тэргүүнд аль хэсгийн замын газрыг чөлөөлөх шаардлагатай вэ?
-Нэн тэргүүнд гэх юм байхгүй. Бүгд чөлөөлөх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар газраа чөлөөлөхгүй байгаа айл болон албан байгууллагын хашаанд зам засварын ажил тулчихсан явж байна.
Тухайлбал, тухайн газар хүний өмч болсон учраас аль аль талаасаа зөвшилцөнө. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас дахин төлөвлөлтөд ороогүй газрыг өгч байна. Хуучин барилгуудыг буулгах шийдвэр гарсан ч зарим нь газраа чөлөөлж өгөхгүйгээс ажил саатах нь. Гэхдээ газар чөлөөлөх ажил өнгөрсөн жилийнхээс ахицтай явж байгаа.
-Газар чөлөөлөхөөс гадна шинээр барьсан замуудыг дулааны шугам тавих нэрээр эвддэг. Энэ талаар ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?
-Улаанбаатар дулааны шугам сүлжээ, УСУГ, холбооны газартай Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөр хамтран ажиллах итгэлцлийн санамж бичиг байгуулж, гарын үсэг зурсан. Өнгөрсөн жилүүдийг бодвол дэд бүтцийн байгууллагууд харилцан уялдаатай ажиллах учраас чанарын ахиц гарна.
-Хотын захын хорооллын замын нөхөөсний ажил хэзээ эхлэх вэ?
-Өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвараас бүрдсэн мөнгөөр нөхөөс хийнэ. Нөхөөс хийх задаргааг нийслэлийн холбогдох хэлтсүүдэд хүргүүлсэн. Одоо тендерийн асуудал яригдаж байна. Мөн захирамж гарах ёстой.
-Саппорогийн аюулгүйн тойргийг дөрвөн замын уулзвартай болгоно гэсэн. Энэ ажил хэзээ эхлэх вэ?
-Энэ асуудлыг ярьж байна. Зураг төслөөр Саппорогийн аюулгүйн тойргийг гэрлэн дохиотой, дөрвөн замын зохицуулалттай уулзвар болгох юм.
-Бас аюулгүйн тойрогт давхар зам барина гэж байсан. Энэ ажил хийгдэх үү?
-Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр долоон гүүрэн гарц барих ёстой байсан. Юуны өмнө, Засгийн газар БНХАУ-ын холбогдох байгууллагын удирдлагатай яриад ЗЦГ-ын төмөр замын гарц, Яармагийн гүүр, Баянбүрдийн тойрог гэх мэт зургаан байршилд барихын тулд тус улсын Засгийн газраас зээл авсан байсан. Энэ зээлийг түр зуур хурдны зам руу татъя гэсэн. Мөн нэгэнт энэ зургаан байршилд давхар зам барина гээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орчихсон учраас эхний ээлжинд Яармаг, ЗЦГ-ын уулзварт давхар зам барих тухай асуудал яригдсан. Хэрэв үүнийг шийдвэл анхны давхар замууд баригдана гэсэн үг.
-Шинээр тавьсан замуудад ус зайлуулах хоолой барьсан уу. Тухайлбал, Баянхошуу, Дарь-Эхийн замд?
-Гэр хороолол дундах авто замын ус зайлуулах хоолойг иргэд санаатай, санамсаргүй байдлаар хаадаг. Тавдугаар сарын 15-наас замуудын ус зайлуулах шуудууг онгойлгоно. Ханын материалын замд гэхэд ус зайлуулах хоёр шугам хийсэн ч, иргэд нь бөглөсөн асуудал гарсан.
-Зуслангийн чиглэлийн зам явах аргагүй болсон. Энэ жил засвар хийх үү?
-Шаргаморьт хүртэлх замыг дөрвөн эгнээтэй болгох байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банк энэ ажлыг санхүүжүүлж чадахгүй гэсэн. Тэгэхээр зуслангийн замын ажил зогсонги байдалд орчихоод байна. Байдал маш хүнд. Нийслэл төсөвтөө тавдугаар сарын 20-нд тодотгол хийнэ. Энэ үеэр асуудлыг оруулна.
-Дэлхийн хотууд автомашины замаасаа гадна явган хүн, дугуйны зам бий гэж бид их ярьдаг. Гэтэл ярьдаг хэрнээ хэрэгжүүлдэггүй. Улаанбаатар хот хэзээ дугуйн замтай болох вэ?
-Төлөвлөж байгаа. Сэлбэ голын далан, аравдугаар хорооллын даланг ашиглаж дугуйн зам барих асуудлыг судалж байна. Энэ жил Дунд голын даланд дугуйн зам барих зураг төслөө нь хийнэ. 2014 оноос ажил нь эхлэх байх.
-Тендер авсан компаниуд чанаргүй зам барьж байна гэж жил бүр л ярьдаг. Энэ жилийн тухайд ажилдаа хариуцлагагүй хандсан компаниудад ямар хариуцлага тооцох вэ?
-Энэ жилийн бүх замын тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зарлаж байгаа. Хэрвээ ажлаа муу хийвэл хар жагсаалтад оруулна. Оны эцэст хэн чанартай зам барив гэдэг нь тодорхой болох байх.
-Энэ жилийн зам засварын ажлын төлөвлөгөөг харж байхад Энхтайваны гүүрийг засварлана гэж төлөвлөөгүй харагдсан. Яагаад?
-Энхтайваны гүүр засварт орно. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд ороогүй ч засварын ажлын төлөвлөгөөний задаргаанд гүүрийг доороос нь модоор тулсан хэсэгт засварын ажил хийнэ гэсэн байгаа. Гагцхүү хийсэн ажлаа эргээд тээврийн хэрэгслээс яаж хамгаалах вэ гэдэг асуудлыг ярьж байна. Япон, Солонгост гүүрээ хамгаалж, өндрийн хэмжээг нь заадаг юм билээ.
-Нийслэлийн зах байтугай төвийн замын тэмдэг, тэмдэглэгээ шаардлага хангахгүй байгааг хэн хүнгүй шүүмжилдэг. Засч шинэчлэх, шинээр хийхээр төлөвлөсөн ажил бий юү?
-Энэ жилээс тэмдэг, тэмдэглэгээг хийх байдалд өөрчлөлт оруулна. Нэг хэсэг нь тэмдэг тэмдэглэгээ хийж байна гэж будаад л өнгөрдөг байсан бол энэ оноос дэвшил гарна.
-Таны ажлын үр дүн энэ хаврын засвар, шинэчлэлтээс харагдана. Ер нь, нийслэлийн замын чанарт ямар дүн тавих вэ?
-Олон улсын стандарттай харьцуулахад сайн болсон гэж хэлэхэд бэрхшээлтэй. Замын чанар олон зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, хөрөнгө мөнгө, хайрга. Жишээ нь, Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргын захирамж гарч, хайрганы карьеруудыг хаасан нь бүтээн байгуулалтын ажлыг саатуулах жишээтэй. Замын гол түүхий эд чинь хайрга шүү дээ. Ер нь, зам нэг үүрэгтэй байх ёстой атал нийслэлийн хоёр байдаг. Автомашин бас ус нэвтрүүлдэг. Зам бол хөдөлгөөнийг аюулгүй, хурдан хугацаанд нэвтрүүлэх үүрэгтэй шүү дээ.