Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

День Победы


Дэлхийн түүхэнд гарч байсан хамгийн аймшигт дайн дууссаны, Их ялалтын бая­рын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ дайны хамгийн хүнд хүчир, аймшигт саад бэрхшээл давсан улс нь  хуучнаар Зөвлөлт. 27 сая хүний амиар олж авсан их ялалтын өдрийг тохиолдуулан Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалыг хүндэтгэх цогцолбор, Маршал Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайт Виктор Васильевич Самой­ленко, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, хуучин Зөвлөлтийн зарим Бүгд найрамдах Улсын Элчин сайд, төлөөлөгчид оролцлоо.
Расул Гамзатов: “Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чинь чам руу их буугаар буудна”

Хүндэтгэлийн ёслолд оролцогчид аймшигт дайнд ямар их үнээр ялалт байгуулж, агуу их ялалтын төлөө хэрхэн хамтран тэмцэж байснаа мартаж болохгүй гэдэгт санал нийлэн онцолж байсныг дурдах хэрэгтэй. Их ялалтын баярын ач холбогдлыг урвуулах, үгүйсгэх оролдлогыг зарим улс тууштай хийсээр байгаа нь харамсалтай. Жишээлэхэд, Эстони улсын парламентын зарим гишүүн Зөвлөлтийн байлдааны одон, медалийг нацист Германыхтай адилтган үзэж хориглох санал гаргасан. Аугаа эх орны дайныг Гитлер ба Сталин гэсэн хоёр дарангуйлагч хоорондын хувийн тэмцэл, хамгийн хэрцгий, аймшигтай дарангуйлагч нь ялсан. Энэ бол нацист Германаас илүү хэрцгийлэл авчирсан болохоор харууслын өдөр болгох ёстой гэж тайлбарлахыг оролдох болов. Энэ мэт өнгөрсөн үе рүүгээ сэм сэм гар буугаар буудах нь тохиолдлын бус зохион байгуулалттай, системтэй зүйл болж хувираад байна. Ингэх нь тэр аймшигт дайнд амиа өгч, Зөвлөлт, Зүүн ба Баруун Европ, Азийн олон орон түүний дотор манай орныг гарцаагүй сүйрлээс аварсан 27 сая хүний гэгээн дурсгалыг бүдүүлгээр доромжилж байгаа хэрэг гэдэгтэй маргах хүн гарахгүй байх.

Манай Улсын хувьд өнгөрсөн үеэ дээдэлдэг, түүхэн явцад ямар ч ээдрээ, зөрчил гарч байсан ч хөрш оронтойгоо найрсагаар оршин тогтнох, харилцан ашигтай хамтран ажиллах, нэгнээ хүндэтгэх нь ямар чухлыг жинхэнэ мэдэрч, харуулж чаддаг гэдэгт итгэлтэй байна.
Шинэ үеийн түүхэн дэх хоёр улсын хамтын ажиллагаанд ээдрээтэй, зөрчилтэй үе олон байсан ч Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө Зөвлөлтийн дайчдын байгуулсан гавьяаг мартаагүй.

Яруу найрагч Расул Гамзатовын хэлсэнчлэн “Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чинь чам руу их буугаар буудна” гэсэн үг яах аргагүй үнэн билээ. Тэр тусам манай ахмадууд их ялалтыг цогцлоон бүрдүүлэхэд зүйл бүрээр туслаж байсныг мартах ёсгүй. Дөнгөж найман зуун мянга даваад байсан хүн амтай Монгол Улс дайн эхэлсэн цагаас эхлэн Зөвлөлтөд өөрийн боломжоор ихээхэн тусламж үзүүлж их ялалтад хувь нэмрээ оруулсан гэдгийг бид мартах учиргүй. Наад захын жишээ нь “Хувьсгалт Монгол” нэртэй танкийн цуваа.  32 ширхэг Т-34, 21 ширхэг Т-70 танк бүхий энэ цувааг байгуулахын тулд монголчууд 2.5 сая төгрөг, 300 кг алт, 100 мянган ам.доллар цуглуулсан байдаг. Тэр үеийн ханшаар шүү дээ. Үхэр 50-70 төгрөг байсан гэж бодохоор 2.5 сая төгрөг гэдэг ямар их мөнгө вэ. 300 кг алтны тухайд тайлбарлах ч хэрэггүй. Танкийн цувааг хүлээлгэн өгөхөөр очсон Х.Чойбалсан тэргүүтэй Монголын төлөөлөгчид 1000 тонн мах, 90 тонн цөцгийн тос, 80 тонн хиам, 150 тонн чихэр, 30 мянган нэхий богино дээл, 30 мянган эсгий гутал гэх мэт зүйл ачсан 237 вагон цувааг мөн бэлэглэж байсан билээ.

Мөн “Монгол ард” сөнөөгч онгоцны эскадрилийг байгуулах хоёр сая төгрөгийг шилжүүлэн өгч байсан юм.
Дайны туршид монголчууд 500 мянга адууг Зөвлөлтийн талд шилжүүлсэн байдаг. Зөвлөлтийн дайчид “Бид анхандаа ийм давжаа биетэй морьд буу, сум агссан цэргийг даахгүй дээ гэж боддог байлаа. Гэвч дайны хүнд хэцүү замыг туулах явцдаа бид монгол морь маш тэнхээтэй, ядрахыг үл мэддэг, хоол тэжээл голдоггүй гэдгийг нүдээр харж итгэсэн юм. Тулааны хооронд түр завсарлах зуур монгол морьд өөрсдөө бэлчээрлэж, өвс багатай газар модны холтос хуулан идэж, ямар ч үед тулаанд ороход бэлэн байдаг байсан юм” гэж дурссан байдаг.

Мартах ёсгүйн учир үүнд буй

Дэлхийн хоёрдугаар дайн 1939 оны есдүгээр сарын 1-нд Германы арми Польш руу дайрснаар эхэлсэн гэж үздэг. Гэвч үнэн хэрэгтээ эхлэл нь Халх голд болсон дайнаар тавигдсан байдаг. Тэгэхээр манай улс дэлхийн хоёрдугаар дайнд Япон, нацист Германыг ялахад гүйцэтгэсэн үүргийг бид санаж байх ёстой. Бид ч зарим нэг тохиолдлыг эс тооцвол сайн санадаг, ахмад дайчдынхаа амьдралыг дурсдаг, үлгэр жишээ болгодог хэвээр.

Үүний нэг нь Халхын гол, Аугаа их эх орны дайн, Чөлөөлөх дайн гээд гурван дайнд Зөвлөлтийн дайчидтай хамт оролцсон Жадран Жунай овгийн Б.Гэндэнпил агсны туулсан амьдрал юм. Түүний ач нар өнөөдөр ч өвөөгөөрөө бахархдаг, амьдралыг нь  мартаагүй хэвээр. Б.Гэндэнпил агсны туулсан амьдрал нь тухайн үеийн монголчууд, Монголын арми, цэргийн албан хаагчдын амьдралын том жишээ гэж болно. Энэ хүн 1919 оны Бичин жил Түшээт хан аймгийн Түшээ гүний хошуу хожим Архангай аймгийн Лүн сум буюу одоогийнхоор Архангай аймгийн Хотонт суманд төржээ. Бага насандаа мал хариулж байгаад цэргийн албанд татагдан 1938 онд Халх голын 22 дугаар морьт хороонд алба хааж байв. Ингээд 1939 хавраас идэвхжсэн  Япон, Манж-Го Улсын өдөөн хатгалга тавдугаар сарын 22-нд байлдааны ажиллагаа болсноор Халхын голын зарлаагүй дайн эхлэхэд хорооны дайчдын хамт оролцжээ. Байлдагч Гэндэнпил нь тагнуулын болон байлдааны гавъяа олныг байгуулж байсныг төр засгаас үнэлэн Цусан гавьяаны одонгоор шагнасан байдаг. Гэтэл дайны төгсгөл хэсэгт Зөвлөлт ба Япон хоорондын энхийн хэлэлцээр хийж байх зуур япончууд гал зогсоох тохиролцоог эвдэн гэнэдүүлэн их хүчээр дайрч 22 дугаар морьт хороог түрэн гаргаж, Халхын сүм орчмын нутаг дэвсгэрийг эзлэн авсан бөгөөд хариу цохилтоор нутгаа эргүүлэн авах гэж байтал энхийн хэлэлцээрт хоёр их гүрэн гарын үсэг зурсан болохоор байлдааны ажиллагааг зогсоож, манайх арга буюу хэсэг газраа алдсан юм. Ийм байтал 22 дугаар морьт хорооны удирдлага, дайчдыг эх орноосоо урвасан гэж хилсээр шийтгэн хэлмэгдүүлсэн байдаг. Гэвч зарим дайчдыг Зөвлөлт Орос руу сургуульд явуулсны нэг нь Б.Гэндэнпил байв. 1941 оны нэгдүгээр сард тухайн үеийн Ленинградын сөнөөгч онгоцны сургуульд сонсогчоор очиж. Гэтэл тавхан сарын дараа Аугаа эх орны дайн эхэлснээр түүний төдийгүй сая сая хүний амьдрал, ирээдүйг орвонгоор нь эргүүлсэн юм.
Энд нэг зүйлийг заавал тодруулах хэрэгтэй. Дайн эхэлсэн өдрөөс л Монгол Улс Зөвлөлтийг идэвхтэй дэмжиж, Орост суралцаж байсан сонсогч нар нь сайн дураар фронтод явах хүсэлтээ удаа дараа гаргасан гэдэг.

Гэвч манай улсаас цэргийн хүчээр тусламж авбал япончуудад дайнд орох нэг шалтаг болж магадгүй гэж Зөвлөлтийн удирдлага үзсэн байдаг. Тиймээс Монголын сонсогчдыг фронтод явуулахгүй байх, зөвхөн ар талын бэхлэлт, хамгаалалт байгуулах ажилд оролцуулжээ. Цөөнгүй тохиолдолд монголчуудыг фронтод явуулсан ч нэр ус, намтрыг нь Зөвлөлтийн иргэн болгон өөрчилж, орос нэртэйгээр дайн тулаанд оруулж байсан нь түүхэн үнэн. Япончууд Эх орны дайны үеэр Монгол, Алс Дорнод, Байгаль нуурын орчмоор давхар дайралт хийсэн бол дайны ялагч хэн болох байсныг одоо ч хэлэхэд бэрх.

Ийнхүү Б.Гэндэнпил нь олон сая цэрэг, энгийн иргэний хамт Ленинградын бүслэлтэд оржээ. 900 өдөр үргэлжилсэн энэ аймшигт бүслэлтийн үеэр Ленинград хотод хоногт 125 грамм талхны нормтой байсан гэдгийг өнөөдөр төсөөлөхөд ч бэрх. Б.Гэндэнпил энэ аймшигт үед хотын иргэд, иргэний хамгаалахын хүчний хамт танк эсэргүүцэх шуудуу ухах, зараа байрлуулах ажилд өдөр шөнөгүй ажиллаж байж. Гурван жилийн бүслэлтийн үед Ленинград хот өвөлдөө Ладога нуурын мөсөн дээгүүр тавьсан “Амьдралын зам” нэртэй мөсөн замаар их газартай холбогдон тусламж авдаг, өлсөж туйлдсан хүмүүсийг тэр замаар гаргадаг байлаа. 1943 оны өвөл сургуулийг нь Ташкент рүү шилжүүлсэн болохоор Гэндэнпил нь бусад сонсогчдын хамт “Амьдралын замаар” тийш очжээ.
Их ялалтын дараагаар сургуулиа төгссөн шинэхэн офицер Гэндэнпил Монголын ардын армийн арын албанд алба хаасан байдаг. Ингээд жинхэнэ алба хааж эхлээд гуравхан сарын дараа чөлөөлөх дайнд арын хангамжийн офицерээрээр оролцсон юм.

Сүүлийн үед Чөлөөлөх дайнд монголчууд тав гурван хүнээ морин чирүүлж алдсан төдий, юу ч хийгээгүй, ямар ч шаардлагагүй дайнд орлоо гэх мэт баримт мэдээ олон гарах болжээ. Гэтэл Монголын арми, тухайлбал  Б.Гэндэнпилийн гүйцэтгэж байсан үүрэг асар чухал байсныг харж болох нь. Тэд бол одоогийн хэллэгээр ложистик хийж байсан юм. Хэчнээн мундаг байлддаг, олон зуун мянга, сая хүнтэй арми байлаа гээд сум, хоол хүнс, ус, хувцас гэх мэт бусад хангалтыг нь цаг тухайд нь нийлүүлж чадахгүй л болж удалгүй бие махбодь, ёс суртахууны доройтолд орж ялагдах үүд нь нээгддэг. Орост 1812 онд дайран орсон Наполеоны арми үүний том жишээ. Хүнс, зэвсэг, сумны хангамж гэж юм үгүй болоод ирэхээр анх “Агуу их” цолтой байсан Наполеоны армиас өчүүхэн бага хүн л эсэн мэнд зугатаж чадсан юм.

Манай монголчууд тэсвэртэй, нутаг орны байдлал, адуу малын хариулга маллагаа зэргийг сайн мэддэг болохоор тэр их өргөн уудам нутагт явагдаж байсан дайнд өөрийн хариуцсан бүсийн арын хангамжийн таслалгүй гайхалтай үүрэг гүйцэтгэж миллитарист Японыг ялахад өөрийн хувь нэмрээ оруулсан билээ.
Ийнхүү Б.Гэндэнпил гуай дэлхийн түүхэн дэх гурван аймшигт дайнд биеэр оролцон дайсныг дарахад  эгэл жирийн монголчуудын адилаар өөрийн хувь нэмрээ оруулсан хүн юм. Энэ гайхалтай хүн шиг Монголд олон байсан гэдгийг заавал хэлэх хэрэгтэй.
Энэ мэтээр бид Их ялалтыг цогцлуулахад оруулсан эцэг, өвгөдийнхөө гавьяаг мартаагүй байсан цагт энэ баярын ач холбогдол ч алдагдахгүй гэдэгт итгэлтэй байна.

Олзуурхахын цаана...

Иймд хүүхэд залуучуудад их ялалтын баярын арми ба иргэд хоорондын ойлголцлын ач холбогдлын тайлбарлан ойлгуулах нь улс эх орны тусгаар тогтнолтой салшгүй холбоотой юм. Монгол цэргийн музей энэ талаар багагүй зүйл хийсэн байсан нь ихэд олзуурхууштай санагдсан. Жуковын музейг би л 1986 онд ангиараа очиж үзсэнээс хойш огт үзэж байгаагүй, 90-ээд оны хямралын үеэр үгүй болсон тухай цуу ярианаас өөр зүйл сонсолгүй явсан. Харин энэ ялалтын баярын үеэр их жанжны музей бүрэн бүтэн төдийгүй үзмэрүүдээ тэлээд, музейн сүүлийн үеийн техник сэлт ашигласан хэвийн ажиллагаатай байгааг хараад баярласнаа нуух юун. Монгол цэргийн музейн ажилтнууд ялалтын баяраас өмнө зүүн аймгуудаар армийн түүх, тэр дундаа дэлхийн хоёрдугаар дайнд гүйцэтгэсэн үүрэг, Зөвлөлтийн армитай хамтран ажилласан, хамтран туслалцсан тухай ухуулан таниулж яриа хийгээд ирсэн нь цаашид улам өргөжүүлэн, чанаржуулах ёстой ажил болсон гэж бодогдсон шүү.
Бид түүхийг мартах ёсгүй, өнгөрсөн үе рүүгээ гэнэдүүлэн сэм сэм гар буугаар буудсан ухвар мөчид үндэстэн болж болохгүй. Их ялалтад хувь нэмрээ оруулсан Монгол, Зөвлөлтийн сая сая эгэл иргэн, ахмад дайчиддаа баярын мэнд хүргэе.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан