Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн өмчийн хороо салбарын шинэчлэлээ шалгах биш дэмжихээс эхэллээ


Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний “Шинэчлэлийг эрж хайх биш өөрсдөө хийж эхлүүлэх хэрэгтэй” гэсэн үгийн биелэл төрийн олон байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл болж байна. Салбар бүхэнд эхэлж байгаа “Шинэчлэлийн Засгийн газрын тохируулагч агентлаг болох Төрийн өмчийн хороо Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийнхээ үйл ажиллагаатай шалгалт хийх журмаар биш нөхцөл байдлыг бодитойгоор харж харьяа байгууллагуудаа хэрхэн дэмжих, цаашид үр ашигтай байлгах вэ гэх эзэн хүний сэтгэлээр хандах ойлгох үйл ажиллагаанаас эхэлж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын бүтцийн ажлын өдөр болсон бямба гарагт Төрийн өмчийн хорооны удирдлага Дархан-Уул аймагт байрлах “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д ажиллалаа. 2009 онд 3,9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан тус үйлдвэр 2012 онд 6,4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Дарханы Төмөрлөгийн үйлдвэр нь 25 сая тонны нөөцтэй Төмөртолгой, 229.3 сая тонны нөөцтэй Төмөртэй, 12.6 сая тонны нөөцтэй Хуст-Уулын төмрийн хүдрийн ордуудаа түшиглэн төмрийн хүдрийг боловсруулж, төмөрлөг түүхий эдийн хомсдолыг багасгах, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг ихэсгэх, төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах таван жилийн концепц төлөвлөгөөг боловсруулан хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Эхний үе шатанд Төмөр толгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бусад төмрийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн бол дараагийн шатанд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, Дархан-Сэлэнгийн бүс нутагт Уул уурхайн хар төмөрлөгийн цогцолбор байгуулахаар тусгасан байгаа, одоогоор эхний үе шатны ажлаа гүйцэтгэснээ Төрийн өмчийн хорооны удирдлагад тус үйлдвэрийн удирдлагууд танилцуулсан.

2010-2015 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрлэлийг өргөтгөн Уул уурхай хар төмөрлөгийн цогцолбор байгуулахаар дотоодын хөрөнгө оруулагч “КьюЭсСи” компанитай хамтран ажиллаж, одоогоор 81,3 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ хүрээнд Төмөртэйн уурхайд Хуурайн соронзон баяжуулах үйлдвэр байгуулах, Төмөр толгойн уурхайд хуурай аргаар баяжуулах шинэ шугам барих, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт нойтон аргаар баяжуулах үйлдвэр, Гангийн үйлдвэрийн өргөтгөл барихаар төлөвлөж байгаагаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга П.Эрдэнэцогт танилцууллаа. Агуулга өндөртэй төмрийн хүдрийг хуурай, харин агуулга багатайг нь нойтон аргаар баяжуулалт хийх нь төмрийн агууламжийг нэмэгдүүлдэг. Ингэж агуулга багатай төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулснаар борлуулалтын үнэ тонн тутамд 40-45 ам.доллараар нэмэгдэх боломж бүрдэх юм байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад ороод 20 жил болж байгаа ч энэ хугацаанд хүчин чадлынхаа дөнгөж 50-60 хувийг ашиглаж ирсэн аж. Хэдийгээр 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ч жилдээ 50-60 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ нь, хаягдал төмрийн олдоцоос шалтгаалж байгаа гэдгийг тус үйлдвэрийн ерөнхий захирал танилцуулгадаа дурдаж байлаа.

Үйлдвэрлэлийн ажлын хажуугаар зам барилга, эрчим хүч татах гэхчлэн бүтээн байгуулалт хийж яваа 1600 гаруй ажилтантай эл үйлдвэрийн ажилтай танилцсан Төрийн өмчийн хорооны дарга бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэж байгаа хамт олныг дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ хариуцлага хаана ч илүүдэхгүйг сануулж, цаашид компанид тулгамдсан хаягдал төмрийн олдоцын асуудалд анхаарлаа хандуулан төрийн өмчийн компани үйлдвэрийн газруудаас актлагдсан төмрийг гар дамжуулалгүйгээр Дархан төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэх ажлыг зохицуулах, ачаалалтай цагийн графикийг гаргуулж яг тэр үед нь шаардлагатай мөнгө төгрөг, зээлийн асуудлыг шийдвэрлэхэд нь  туслалцаа үзүүлэхээ мэдэгдээд цаг тухай бүрт нь хугацаа алдалгүй шийдэж болохоор асуудлуудыг шийдвэрлэж байхаа хэллээ. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн хороо баялаг бүтээж байгаа компаниудаа дэмжиж, зөвлөж, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан