Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Уламбаяр: Хүүхдээ гэдсэндээ томруулах нь эрүүл бус төрөлт


Нэгдүгээр амаржих газрын төрөх тасгийн эх баригч Д.Уламбаяртай ярилцлаа.

-Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд бие муутай, сульдаатай болсон гэж ярих юм?
-Сүүлийн үед идэж байгаа хоол хүнснээсээ шалтгаалан охид, бүсгүйчүүд ясны сийрэгжилттэй болчихсон байна. Дээрээс нь, сэтгэлийн хатгүй. Анхан төрөгч 12 цаг өвдөх ёстой ч хүүхэд нь гэдсэндээ таргалснаас 14, 24 цаг өвддөг. Их удаан өвдөөд ирэхээр бүсгүйчүүд сэтгэлээр унадаг. Энэ нь, сүүлийн үед айлууд ганц, хоёр хүүхдээ гар дээрээ бөмбөрүүлэн өсгөдгөөс сэтгэлийн хат тэвчээргүй болгочихдог юм уу даа. Ээж, аав, хань ижилдээ эрхэлж хэвтсээр байгаад хүүхдээ гэдсэнд нь томруулчихдаг. Нэгэнт хүүхэд таргалчихвал жирийн төрөлтийг бодвол эрүүл бус төрөлт болдог юм. Жиндээ байгаа хүүхэд өвддөг цагтаа өвдөөд амархан төрдөг. Харин том хүүхэд эхийн аарцаг, толгойн хэмжээний харьцаа алдагдан төрөлт хүндэрдэг. Энэ утгаараа хүүхэд нь том эсвэл эх хавсарсан өвчтэйгөөс хийсвэрээр төрөх нь нэмэгдэж байна.

-Хүүхдээ том тээхгүй байхын тулд юу анхаарах хэрэгтэй юм бол оо?
-Хамгийн түрүүнд, гэр бүл төлөвлөлтөө сайн хийх хэрэгтэй. Би төрөх насанд хүрлээ, надад ямар нэгэн суурь өвчин байна уу, үгүй юү гэдгийг мэдэх шаардлагатай. Ямар нэгэн суурь өвчтэй бол түүнийгээ эмчлээд хоёроос гурван жил бэлдсэний дараа одоо би ээж болж болно гээд жирэмслэх ёстой. Хоёрдугаарт, жирэмсэлсэн үедээ төрөл бүрийн витамин бус байгалийн гаралтай сүү, тараг хэрэглэж байх шаардлагатай. Хүүхдээ гэдсэндээ таргалуулах шалтгаан нь агаарын  бохирдол, баталгаагүй хүнс, төрөл бүрийн витамин. Витамин их уувал гэдсэн дэх хүүхдийн өсөлт эрчимтэй явж хэт том болдог. Дээхнэ үед сүү, цагаан идээгээ түлхүү хэрэглэдэг байсан болохоор ясны сийрэгжилт, гэдсэндээ хүүхэд нь таргална гэх зүйл байсангүй. Одоо худалдаанд байгаа нь цагаан идээ нь ч шаардлагатай витаминыг нь өгөхгүй байна л даа. Нөгөөтэйгүүр, охид бүсгүйчүүд маань  кола,  газтай ундаа их уудаг болсон. Энэ цаагуураа чимээгүй байдлаар эрүүл мэндийг тань устгаж, ирээдүйн хүүхдэд муугаар нөлөөлнө гэдгийг бодох хэрэгтэй.

-Хийсвэр хагалгаагаар төрөхийг эхчүүд илүүд үздэг болсон. Энэ хагалгааны талаар мэдээлэл өгөөч?
-Төрөлт гэдэг физилогийн үйл ажиллагаа болохоос өвчин биш. Эхчүүд маань болж л өгвөл өөрөөрөө төрвөл дараа, дараагийн төрөлтөд асуудал гардаггүй.  Учир нь, үтрээний санаац сайн байвал хярзан гэдэг эрхтэн намирсан торго шиг болдог. Төрөх дөхөхөөр эмэгтэйчүүдэд үтрээний санаац хамгийн их хэрэгтэй байдаг. Энэ нь эхийг хүндрэлгүй төрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Доошоо ялгадас гарахгүй, ямар нэгэн үрэвслийн шинж тэмдэг байхгүй бол хэчнээн том хүүхэд байсан ч амархан төрдөг. Харин үрэвсэлтэй хүнийх доошоо гарч байгаа ялгадасандаа түлэгдсэнээс бэлэг эрхтэн нь хавдчихдаг. Нэг ёсондоо, сунамтгай байдал нь алдагддаг гэсэн үг. Эх баригч бол амьсгалын дасгал зааж, болж өгвөл хярзанг нь урахгүй, хүүхдийнхээ толгойд ямар нэгэн хавдаргүй, эрүүл саруул төрүүлэхийн төлөө ажилладаг. Эхчүүд маань ч гэсэн иймэрхүү асуудлыг эртнээс мэдэж байх хэрэгтэй.

-Жирэмсэн эмэгтэйчүүдийг ЭХО-д олон харуулах муу, урагт туяа нь нөлөөлдөг гэж ярьдаг. Гэтэл зарим эмч байнга харуулж бай гэдэг. Аль нь зөв юм бэ?
-Одоогийн ЭХО дээр үеийнхээс шал өөр болсон. Техник технологи хөгжиж хортой бодис ялгаруулах нь багасч, 3D,4D болсон. Иймээс урагт нөлөөлнө гэж байхгүй. Европт төрөх эх эмнэлэгт ирэнгүүт өвчин намдаах эм уулгаад төрөн төртөл нь дэлгэцээр хянаж төрүүлдэг. ЭХО-г тогтмол байнгын хяналт тавих үйл ажиллагаа гэж ойлгох хэрэгтэй.

-Танайд амаржихаар ирсэн эхчүүд хэд орчим насных байна?
-Манайх 2011 онд 11 мянга гаруй эх төрүүлсэн бол 2012 онд 12 мянган эх төрүүлсэн гэхээр төрөлт ихэссэнийг илтгэж байгаа биз. Анхан төрөгчөөс илүү давтан төрөгч нар их болсон. Учир нь, тэр хүмүүсийн амьдрал тогтчихсон, дахин хүүхэдтэй болоход бэлэн байдаг. Нэг үеэ бодвол хүмүүс нэг, хоёр биш гурваас дөрвөн хүүхэдтэй болно гэж төлөвлөдөг болж. Одоо хоногтоо 30-40 эх амарждаг. 2013 оны эхний таван сарын байдлаар 3780 эх амаржсан. 

-Жирэмсэн болохоор төлөвлөж байгаа эмэгтэйчүүдэд хандан зөвлөгөө өгөхгүй юү?
-Гэр бүлээ сайн төлөвлөж, төрөх насандаа төрөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бүх эрхтнээ эрүүл болгосны үндсэн дээр шинэ хүнээ өлгийдөж аваарай гэсэн үг. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө шүү дээ. Эх хүн болно гэдэг тухайн айл гэрт аз жаргал, баяр баясал нэмдэг. Тиймээс жирэмсэн болбол эрт хяналтандаа орж, аль болох малын гаралтай органик бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Хэвлий дэх хүүхэдтэйгээ сайн ярьж байх хэрэгтэй. Нүдэнд харагдахгүй байгаа ч амьд бие махбодь чиний ярьж хэлж байгаа бүгдийг сонсч, идэж ууж байгаа хоол хүнснээс чинь хүртдэг. Мөн сайн унтаж амарч, агаар салхинд гарч байгаарай. Ингээд Монголын үрс маш олон болтугай гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан