Тираннозавр батаарыг эх нутагт нь буцаан авчрахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол АНУ-ын хуульч Роберт Пэйнтер юм. Тэрээр тираннозавр батаарыг дуудлага худалдаанд орохоос хоёр хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүсэлтийн дагуу энэ хэрэг дээр манай талыг өмгөөлөн ажиллаж эхэлсэн юм.
Та бол тираннозавр батаарын хэрэг дээр анхнаас нь ажилласан хүн. Энэ өдөр таны сэтгэгдлийг сонсъё?
-Өнөөдөр маш том үйл явдал тохиож байна. Энэ хэрэг дээр ажиллаад бараг жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Нью Йоркт дуудлага худалдаа болохоос нэг өдөр хагасын өмнө Монголын Ерөнхийлөгчийн Тамгын газраас надтай холбогдсоноос хойш өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байна. Энэ хэрэг дээр АНУын хууль шүүхийн байгууллага маш хурдан шуурхай ажилласныг хэлмээр байна. Монголын Засгийн газар, АНУын засаг захиргааны дэмжлэг оролцоо ч ийм хурдан үр дүнд хүргэлээ.
-Тираннозавр батаараас өөр хэрэг дээр монголчуудтай хамтран ажиллаж байв уу?
-Хууль, өмгөөлөл зүйн хувьд биш ч гэсэн өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд би Монголтой холбоотой ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Монголд хорь гаруй удаа очсон байна. Олон төрлийн ажил хэрэг дээр холбоотой ажилладаг. Монголчууд надад их элэгсэг дотно санагддаг учир туслахдаа таатай байлаа.
-Дээрхтэй адил гадагш алдагдсан соёлын өв, бусад динозаврын ясыг Монголд буцаан авчрах талаар цаашид манай улстай хамтран ажиллах уу?
-Мэдээж тэгэлгүй яахав. Тираннозавр батаарынх шиг алдагдаж, буруу гараар орсон эртний палеонтологийн олдворыг эргүүлэн олж авах ажилд цаашдаа ч Монголын талтай, тэр дундаа Ерөнхийлөгчийн тамгын газар, Соёл урлаг, спорт аялал жуулчлалын яамтай хамтран ажиллах болно. Бидэнд хууль эрх зүйн орчин байна. Улс төрийн хувьд ч дэмжлэг байгаа учраас хурдан хугацаанд үр дүнд хүрч, соёлын өвийг хадгалан хамгаалах боломжтой.
-Тираннозавр батаарын хэрэгт буруутай нь тогтоогдсон Эрик Прокопигоос гадна түүнтэй холбоотой байж болох бусад хамсаатныг олж тогтоосон болов уу?
-Хэргийг шалгах явцад энэ хэргийн зарим нэг холбогдогчийг илрүүлээд байгаа. Тухайлбал, Их Британийн иргэн Крис Мор энэ хэрэгт холбоотой болох нь илэрсэн. Тэрээр Монголын хууль, эрх зүйн орчны талаар олж мэдээд өөрт байсан динозаврын яснуудыг эргүүлэн өгөхөөр хүлээн зөвшөөрөөд байгаа. Энэ бол бидний хувьд бас нэг том ялалт юм. Бид энэ хэргээр зөвхөн Эрик Прокопиг яллаад зогсохгүй сүлжээ болсон гэмт хэрэгтнүүдийг илрүүлэн гаргаж ирж байгаа нь маш том амжилт юм.