НьюЙоркт болсон ёслолын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай манай сэтгүүлч Б.Сэвжидмаа ярилцлаа.
-Батаарыг эх орондоо буцаан авч байгаа энэ үйл явдлын ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?
Хамгийн анх ганцхан Тираннозавр батаарын талаар нэхэмжлэл гаргаж байсан бол мөрдөн байцаалтын явцад нэмэгдээд арав гаруй болж байх шиг байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр орны дипломат харилцаа, хамтын ажиллагаанд чухал үйл явдал тохиолоо. Харилцааг цоо шинэ төвшинд аваачиж, утга агуулгын хувьд ч нэмэгдүүлсэн үйл явдал бол энэ хэрэг дээр хамтран ажилласан явдал байлаа. Нөгөө талаар олон улсын хэмжээнд соёлын өвийг хулгайлдаг гэмт хэрэгтэй хамтарч тэмцвэл үр дүнд хүрдэг гэдгийг харуулж чадлаа. АНУ соёлын үнэт зүйлсийг хэрхэн хамгаалж, ийм төрлийн хулгайтай хэрхэн тэмцдэг зэрэг нь манай хуулийнханд бараг сургалт, хичээл боллоо. Зөвхөн соёлын үнэт өвийг нутагтаа буцаж очиж байгаадаа ч биш, АНУ-ын шүүх ямар шударга шийдвэр гаргадаг, олон зуун жилийн баялаг уламжлалтай юм бэ гэдгийг харуулснаараа ач холбогдолтой. Түүнээс гадна Тираннозавр батаарыг Монголд буцаан аваачихад АНУ-ын сэтгүүлчид ч чухал үүрэг гүйцэтгэснийг дурдах хэрэгтэй. Тираннозавр батаар Монголынх мөн эсэхийг шинжлэхээр Канад, Монгол, АНУ-ын олон эрдэмтэн ажилласан. Тэд дуу нэгтэйгээр энэхүү олдвор нь Монголын Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийгөөс олдсон гэдгийг хэлсэн. 70 сая жилийн настай олдвороо өөрийн улсынх гэдгийг АНУ-ын шүүхээр батлуулж буцаан авахаар болж байгаа нь манай улсын нэр хүнд ямар байгааг харуулж байна ч гэж хэлж болно. Өнөөдрийг хүртэл манай улсын маш олон олдвор гадагшаа хууль бусаар хил давсан. Тэр дундаас хамгийн хол газраас, хамгийн өндөр настай соёлын өвөө буцаагаад авч байгаа нь энэ боллоо. Энэ нь монголчуудын түүх соёлоо гэсэн эх оронч үзэл сэргэж байгаагийн нэгэн илрэл ч энэ байж болох юм. Их бэлгэшээж хүлээж авч байна даа.
-Өөр бас олон үлэг гүрвэлийг Монголд буцаах талаар ярьж байна. АНУ-аас л гэхэд таван ч олдвор эх нутгаа зорихоор болж байх шиг байна. Бусад газраас манай соёлын өвийг буцааж эх нутагт нь хүлээлгэж өгөх талаар мэдээлэл байна уу?
-Олон байгаа нь гарцаагүй. Одоо зургаан олдвор буцахад бэлэн болоод байгаа. Түүнээс гадна арав гаруй олдвор бас бий. Тираннозавр батаарыг хамтран наймаалцах гэж байсан Английн иргэн нь хэргээ хүлээн өөрт байсан Монголын олдворуудаа буцааж өгөхөөр болсон. Тэднийг ямар төрлийн, хэдэн сая жилийн настай үлэг гүрвэл гэдгийг манай эрдэмтэд тогтоох гээд ажилдаа орсон байгаа.
-Дараагийн Батаар хэзээ эх орондоо очих бол?
-Бид ямар ч байсан хамгийн том, хамгийн анхны үлэг гүрвэлээ агаараар тээвэрлэхээр бэлэн болчихлоо. Бусдыг нь далайн тээврээр аваачих төлөвлөгөөтэй байна. Энэ зундаа багтаагаад аваачих байх.