Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Галын дуудлага гурав дахин ихэсчээ

Цаг агаар дулаарч хуурайшилт ихтэй байгаагаас нийслэлд гал түймрийн дуудлага ихсэх болжээ. НОБГ-т өнгөрсөн амралтын өдрүүдэд 82 дуудлага иржээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Шадивлангийн аманд хоёр өдрийн зайтай гурван гал гарч зуслангийн байшин шатжээ. Мөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Шинэ дөл” цогцолборын хойно байрлах “Траст трейд” ХХК-ийн хиамны цехэд гал гарсан байна. Галын дуудлага 101 утсанд 14:29 минутанд ирж Аврах гал унтраах аравдугаар анги, 14 дүгээр анги шуурхай ажиллаж, 14:33 минутанд галыг унтрааж чаджээ. НОБГ-т өдөрт ирж буй галын дуудлага нь өвлийн ид оргил ачаалалтай үеийнхээс даруй гурав дахин ихэссэн гэнэ.  Өвлийн оргил ачааллын үед НОБГ-т  хамгийн ихдээ л  15-16 гал түймрийн дуудлага ирдэг байна. Гал түймэр гарах шалтгаан нь иргэд хашааныхаа хог, өвсийг шатааж байгаад гал алдах тохиолдол их гэнэ.

Түүгээр ч зогсохгүй хог болон хогийн цэгт гал түймэр тавих болсон байна. Тухайлбал, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт  гэр хорооллын дунд зөөврийн хогийн сав тавьсан нь гал алдахад хүргэдэг гэнэ. Учир нь, хогийн цэг нь дүүрчихээд байхад хогийг нь  авдаггүйгээс иргэд нь шатааж гал алдуулдаг аж.
Иймээс НОБГ-аас ахуйн хүрээнд гал алдахгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Ахуйн хүрээний жижиг дуудлага их байгаа нь онцгойнхны бэлэн байдлыг алдагдуулахад хүргэж буй гэсэн. Угтаа, жижиг дуудлагад явсан хойгуур ахуйн хүрээнээс хальсан галын дуудлага ирэхэд очих гэсээр цаг их алддаг байна. Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн “Орчлон” хорооллын нэгдүгээр байранд гарсан галын дуудлагад долоон километрийн газраас гал унтраах анги очсон гэнэ. Уг нь, хажууханд нь шахуу хоёр километрийн газар байх гал унтраах анги нь очих байсан ч цаашаа  Орбит руу хог унтраах дуудлагад явсан байжээ. Ер нь, нийслэлд нийт 13 гал унтраах анги байдаг. Нэмэгдэл авсан дуудлагад тухайн өдөр хоёроос гурван тасаг ажилладаг. Энэ амралтын өдөр нэмэгдэл авсан дуудлага гурав байжээ.


Д.Эрдэнэбаатар: Нийслэлд байгаа гал унтраах 13 анги хаанаа ч хүрдэггүй

НОБГ-ын дэд дарга Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Хуурайшилтын улирал эхэл­сэнтэй холбогдуулан гал түймрийн дуудлага ихэссэн. Галын машин хэр хүрэлцээтэй байгаа вэ?
-Нийслэлд өнөөдөр 52 галын машин бий. Үүний 17 нь 2003 онд Япон улсын буцалтгүй тусламжаар орж ирсэн. Үлдсэн нь ОХУ-д үйлдвэрлэсэн машинууд байдаг. Ирэх долдугаар сард Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 22 галын авто машин шинээр орж ирнэ. Тэгэхээр галын авто машинын парк шинэчлэлт 100 хувь хангагдана гэсэн үг.

-Гал унтраах ангиудыг дуудлагад шуурхай ирсэнгүй гэж иргэд их шүүмжилдэг. Юунаас болж хугацаа алдаад байна гэж боддог вэ?
-Хот өргөжин тэлэхийн хэрээр байгаа хэдэн гал командын машин чөлөөтэй явах зам, гудамж талбай хомс  байна. Харин гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд дэд төвүүдийг байгуулна гэж байна лээ. Энэ хүрээнд норм, дүрмээрээ хотод гал унтраах ангиудыг шинээр барих шаардлага гарч байгаа. Тухайлбал, хот тосгон төлөвлөлтийн дүрмээр дөрвөн километрийн радиус тутамд нэг гал унтраах анги байх ёстой. Энэ нь хурдан шуурхай, хугацаа хэмнэж очих, гарсан галыг бага дээр нь унтраана. Ер нь, хотын аюулгүй байдлыг хангахын тулд гурваас дөрвөн километрийн радиуст таваас найман минутын дотор хүрч очих боломжтойгоор гал унтраах ангиудыг төлөвлөсөн байдаг. Мөн гал унтраах ангийн зэрэглэлийг тогтоосон стандарт бий. Энэ стандартаар 1000 хүн тутамд нэг галын автомашин байна гэж заадаг. Ингээд бодохоор нийслэлд буй  гал унтраах 13 анги хаанаа ч хүрэхгүй.

-Норм, дүрмээр нь гал унтраах ангиудыг байгуулах хэрэгтэй гэвэл хэд байх хэрэгтэй вэ?
-Ойролцоогоор 50-60 анги байх ёстой. Эхний ээлжинд бид нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт зуслан, 3, 4 дүгээр хорооллын чиглэлд нэг, нэг  гал унтраах анги байгуулах талаар тусгуулсан. Байршлыг нь тогтоох, бариулах шат дараатай арга хэмжээ авч байгаа.

-Ой хээрийн түймрийн тухайд. Хамгийн сүүлд Богд ууланд түймэр гарсан гэж байсан?
-Өнөөдрийн байдлаар нийслэлд гурван удаагийн бага хэмжээний ой хээрийн түймэр гарсныг түргэн шуурхай унтраасан. Тухайлбал, өнгөрсөн сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэр, Бага тэнгэрийн амны дунд ой хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагын дагуу НОБГ,  Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн гал унтраах тасаг, нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлэг шуурхай ажиллаж гурван га орчим талбайг хамарсан түймрийг унтраасан. Ой хээрийн түймэр гарч байгаа шалтгаан нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл, татсан тамхиныхаа ишийг унтраалгүй орхисноос болж байна. Тиймээс иргэддээ хандаж хэлэхэд, өнгөрсөн сарын 10-наас зургадугаар сарын 10, есдүгээр сарын 10-наас арваннэгдүгээр сарын 10-н хүртэл ойд зугаалахыг хориглодог. Тиймээс дулаарлаа, амралт зугаалгын цаг эхэллээ гээд ой, ногоон бүс рүү очихоо зогсоогооч  гэж хэлмээр байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан