Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Нацагдорж: Нүүдэлчин ард түмэн арай гэж хот байгуулж байна

Улаанбаатар хот жилээс жилд өргөжин тэлж, өнгөө засч буй. Тэгвэл 2030 онд  нийслэлийн хөгжлийн төлөв ямар байх бол...
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, ерөнхий архитектор Н.Нацагдоржтой ярилцлаа.



-Хот төлөвлөлтийг захиргаадалт биш шинжлэх ухааны аргаар авч явна гэдэгтэй та хэр санал нийлэх вэ?
-Нийлнэ шүү. 1921-1939 он хүртэл монголчууд уран барилгын гайхамшиг болсон олон сүм хийдээсээ гадна хот төлөвлөлт, барилгын мэргэжилтнүүдээ устгасан. 1954 онд оросууд Улаанбаатар хотын анхны төлөвлөлт хийж, нүүдэлчин ард түмнийг суурин болгох алхмыг тавьсан. Өөрөөр хэлбэл, суурьшил үүсгэхийн тулд иргэдээ яаралтай орон сууцаар хангах хэрэгтэй болсон гэсэн үг.  Шат дараатайгаар 3,4 дүгээр хороолол гээд л барьж эхэлсэн. Харамсалтай нь хувийн өмчийг хаалттай байлгасны гороор өнөөдрийн гэр хороолол үүссэн. Хэрвээ тухайн үед шийдэх эрх нь иргэдэд байсан бол гэр хороолол өөр өнгө төрхтэй байхсан. Барууны хийцтэй Европ амины орон сууц сүндэрлэх байсан. Гэхдээ монголчууд чадваргүй, тэнэгтээ ингэсэн юм биш. Нийгмийн байгуулал хүмүүсийг ийм байдалд оруулсан хэрэг. Гэтэл 1990 онд хот төлөвлөлтийг орхигдуулснаар замбараагүй тэлэлт бий болсон л доо. “Үнэндээ гэр хороолол бол орон сууцанд орно гэж хүлээсэн хүмүүсийн түр суурьшлын байр. Хашааг нь банзаар хий, тоосго болохгүй” гээд хязгаарладаг тийм л нийгэмд бид амьдарч байлаа. Өнгөрсөн жилүүдэд ерөнхий төлөвлөгөөг аль ч шатанд маш сайн ойлгуулсан учраас улстөрчид, шийдвэр гаргах төвшнийхөн байнга хөндөж ярьдаг боллоо.

-Өнөөдрийн Улаанбаатарын замын түгжрэл, хүн амын төвлөрлийг сааруулахын тулд бүсчилж хөгжүүлэх ёстой. Үүний тод жишээ нь Дархан, Эрдэнэт хотын одоогийн хөгжил хэмээдэг?
-Аливаа суурин газар, хот хүн амаа нэмэхийн төлөө ажилладаг. Дэлхийн аль ч  хот ийм. Гэхдээ хэт замбараагүй биш. Хүн ам өснө гэдэг нь тухайн суурьшилд амьдрах бололцоо нэмэгдэнэ гэсэн үг. 1990 оны эхээр хотын хүн ам бага, бизнес хийхээр ашиггүй гэдэг байсан бол өнөөдөр сая гаруй хүнтэй, тодорхой хэмжээний ашиг олох чадамжтай болчихож. Хотынхоо зохион байгуулалтыг зөв хийх хэрэгтэй. Бид их хүнтэй болчихлоо, орон нутаг руу нь шилжүүлье гэж ярьж болохгүй. ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа энэ хоттой өрсөлдөх ямар ч төв өнөөдөр Монголд алга. Ойрын хугацаанд төвүүд байгуулах бололцоо ч байхгүй. Өнөөдөр томоохон хотын хэмжээтэй нь Дархан, Эрдэнэт л байна. Сайхан амьдарч, ажлын байртай болохоор хөдөө орон нутгийн иргэд хотыг зорьж ирсээр. Тиймээс  орон сууц их баригдахын сацуу түүнийгээ дагаад бизнес ч хөгжиж байна. Өөрөөр хэлбэл Дархан, Эрдэнэт эдийн засгийн тулгуур байсан бол хүмүүс тэнд орон сууц бариад амьдарч болно. Үнэндээ эдийн засгийн хувьд соронз хэлбэртэй болчихсон Улаанбаатар хотод Монгол Улсын 50 гаруй хувь нь амьдарч байгаа. Тиймээс хөдөө орон нутгийн иргэдээр тэлээд буй гэр хорооллыг барилгажуулах хэрэгтэй. Улаанбаатар хотод барилга барих газар байхгүй юм шиг ярьдаг. Хангалттай бий. Хотын захаасаа эхлээд байна.

-Гэхдээ нийслэл наймаалж маягийн хэлбэргүй, замбараагүй тэлж байна гэж эрдэмтэд шүүмжилдэг?
-Тийм л дээ. Оросуудын болон монголчуудын төлөвлөсөн хот төлөвлөлтөөр 2020 онд Улаанбаатар 500 мянган хүн амтай байна гэж тооцсон юм билээ. Одоо хүн ам нь сая гарчихлаа. Социалист нийгмийн үед шилжилт, хөдөлгөөн хязгаартай, зохицуулалттай байсан болохоор тэгж тооцоолсон хэрэг. Төлөвлөлт тухайн үеийнхээ хууль дүрэмдээ баригддаг. Зах зээлийн нийгэмд шилжсэний дараа хүн амьдрах газраа өөрөө сонгоно гээд зааснаар өнөөдөр гэр хороолол ийм л дүр төрхтэй болоод байна.

-Хотоо зөв зохион байгуулж төлөвлөе гэхээр өнөөдөр дэд бүтэц нэг номерын асуудал болчихлоо?
-Өмнө нь дэд бүтцийнхээ хүчин чадалд тохируулж төлөвлөлт хийнэ гэж ярьдаг байв.  Ингэж болохгүй л дээ. Төлөвлөлтөө хийчихээд, тэрнийхээ дагуу тэлэх ёстой. Дэд бүтцээ хийчихээр хот төлөвлөлтөө гаргаагүй байж хаашаагаа яаж тэлэх юм. Мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо төлөвлөлтөө гэр хороолол, байшин хороолол руугаа маш хурдан явуулах ёстой.

-Барилгажуулъя гэхээр ТЭЦ-5 баригдаж байж шинэ найдвартай дулаан цахилгааны эх үүсвэртэй болно гэдэг. Тиймээс “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгчлэн станцаа барьсны дараа барилгажуулах ёстой юм биш үү?
-ТЭЦ-5 станцын байршлыг хэд дахин яриад сонгож чадахгүй байгаа нь өнөөг хүртэл нэгдсэн төлөвлөлт хийж чадаагүйн гай. Улиастай бүр Хөлийн гол, Багануурт ч байсан яадгийн гэж ярьсаар саяхан нийслэлийн Засаг дарга Хөлийн голд газар шийдэж өглөө. Яг үнэндээ шинэ станц хаашаа илүү чиглүүлж эрчим хүч үйлдвэрлэх вэ гэдгээ тооцох хэрэгтэй. Станц нэмж барих хэрэгтэй нь тодорхой. Одоо байгаа хэдийнх нь эх үүсвэрийн хүчин чадал нь тулчихсан учраас яаралтай шинийг барих шаардлагатай нь маргашгүй үнэн. Гол нь, хэрэглээ хаашаа явах билээ, ямар хороолол хаана баригдах вэ гэдэг төлөвлөлт нь гарч ирээгүй учраас өнөөг хүртэл энд тэнд гээд байршлыг нь яриад тэнээд байгаа юм.

-Улаанбаатар хотын ундны усны нөөц 2030 он гэхэд багасна гэсэн мэдээлэл гарсан. Гэтэл гэр хорооллыг орон сууцжуулахаар дийлэхгүй ч юм шиг яриа гарлаа?
-Нэг юм хэлье. Төлөвлөлт гэхээр барилгуудыг төлөвлөхийг хэлдэг юм биш. Хүн амынх нь болоод эдийн засгийнх нь өсөлт, боломж гээд бүхий л зүйлийг нь судалж байж хийдэг. Жишээ нь, хот өнөөдөр нэг л цэвэрлэх байгууламжтай. Энэ цэвэрлэх байгууламж социализмын үед ашиглалтад орж, өнөөдөр ч ажиллаж байна. Гэтэл технологийн шинэчлэл хийгээгүйгээс хоцрогдсон. Дээр нь, тухайн цэвэршүүлсэн лаг нь маш олон жил болчихсон учраас хуримтлал үүсчихсэн. Энэ чинь хортой хаягдал. Үүнийг боловсруулах үйлдвэрийн төсөл одоо яригдаж байна. Дээр нь, хотыг тойрсон 12 цэвэрлэх байгууламж байгуулах судалгаа эхэлсэн. Тэгж байж сая 200 гаруй хүн амтай хотын цэвэрлэх байгууламж сайн ажиллана. Усны хувьд ч давхар судалгаа хийж эхэлсэн. Гэхдээ хүмүүс яг мэргэжлийн байгууллагуудаас авсан яриаг таамгаар ярих, тэрийг нь хэвлэлийнхэн цацах нь их ажиглагддаг. Хэдэн жилийн өмнө л усгүй болчих ч юм шиг ярьж байсан. Одоо бол хүндэрсэн юм ерөөсөө алга. Цэвэр усны хэрэглээ их байгаа нь үнэн. Нэг хүн хоногт 100-200 литр ус хэрэглэж байна. Дээр нь, гадаргын бус дандаа гүний ус ашигладаг.

-Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил эхэллээ. Өмнө нь орон сууцжуулах  гээд бүтэлгүйтсэний шалтгаан нь газрын үнэлгээ гэж албаныхан ярьж байсан?
-Нэг зүйл ойлгуулмаар байна. Чи машинаа хэдээр үнэлэх вэ гээд хүнээс асуудаггүй биз дээ. Яагаад вэ гэвэл, энэ чиний өмч. Өмчийг өөрөө л үнэлдэг. Хүн чинь өмсч байгаа хувцас, унаж яваа машинаа өөрөө л үнэлнэ. Үүнтэй адилхан газар бол тухайн хүний өмч учраас төр биш эзэн нь үнэлнэ. Үнэлэхдээ хаанаас, ямар баримжаа авах вэ гэдгээ тухайн зах зээлийн харилцаанд ашиглаж буй үнэлгээгээр баримжаална. Гэр хорооллыг дахин төлөвлөхөд аж ахуйн нэгжийг яагаад оруулж байна вэ гэхээр энэ тохиролцоог хоорондоо хий гэсэн утгатай.  Ерөөсөө л тэр. Хамгийн эрүүл тогтолцоо. Төрөөс зөвхөн дэд бүтцэд нь дэмжлэг үзүүлнэ. Тэрнээс барилгын компаниуд газар аваад тэнд эндгүй барилга барихад төрөөс дэмжлэг үзүүлдэггүй. Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэг онцлог нь иргэнээс газраа худалдаж ав. Төрөөс барилга барихад газрын зөвшөөрлийг чинь хүнд сурталгүй олгоё. Дээрээс нь, дэд бүтцийнх нь мөнгийг өгье л гэж байгаа.

-Тэгэхээр 2030 оны хот төлөвлөлтийн ирээдүйн төлөв байдал ямраар гарч ирж байгаа вэ?
-2030 оны хотын ерөнхий төлөвлөгөөний тодотголоор нийслэл сая 700 мянган хүнтэй байна гэж төлөвлөсөн. Тэгэхдээ хүмүүсээ яаж байршуулах вэ гэдгээ ерөнхий төлөвлөгөөнд тусгаж өгсөн л дөө. Тухайлбал, Улаанбаатар хот одоо нэг төвтэй байгаа. Сүхбаатарын талбайгаа тойрсон төр захиргааны байгууллага, сургууль, эмнэлэг, худалдаа нь төвлөрчихсөн учраас хотын бүх цэгээс төв рүүгээ чиглэсэн хөдөлгөөн үүсч, хүндрэл учруулдаг. Автобус унаа нь хүрэлцдэггүй, замын эвдрэл үүсдэг. Тиймээс цаашдаа Улаанбаатарыг найман төвтэй болгоно. Хотын захиргааг Баянхошуунд, хоёр дахь нь Долоон буудал гэх мэт.  Төвүүд нийслэлийн төв цэгийн үүргийг хангаж чадахгүй ч, тухайн газрын хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээг хангах юм. Төрийн байгууллагыг дагаад сургууль, эмнэлэг, үйлчилгээ гарч ирнэ. Тэр хэсэгтээ амьдрах суурьшил бий болж, задалж өгөхөөр тусгасан.

-Хөдөлгөөний эрчим хамгийн их үүсгэдэг нь их, дээд сургуулиуд. Хотоос гаргая гэж дээд төвшиндөө хүртэл ярьж байгаад чимээ алдарсан?
-Ер нь, аливаа нийслэл ямар чиглэлийнх байх вэ гэдгээ эхлээд тодорхойлдог. Зарим нь аялал жуулчлал, үйлдвэрлэлийн, сургуулийн гэх мэт. Манайх бол үйлдвэрлэлийн байж чадахгүй болчихсон. Үйлдвэрүүд маань суурьшилдаа орчихоор үйлдвэрлэлийн дүүрэг байсан Хан-Уул хүн амын өсөлттэй холбоотойгоор орон сууц, үйлчилгээний хороолол болж хувирсан. Оюутны хотхоны тухайд маш олон сургууль байна. Хотод 170 мянган оюутан байна гэхээр ямар олон их, дээд сургуулиуд хотод төвлөрсөн нь харагддаг. Гаргана гэхээр нэлээн том хөрөнгө оруулалт хийж, хугацаа шаардана. Аймгуудад их сургуулийн салбарууд байхад яагаад тэнд сурахгүй, наашаа ирээд байна вэ гэхээр хот өөрөө амьжиргаа, соёлынх нь хэрэгцээг хангаж буй учраас л...Багануур дүүрэгт оюутны хотхон барина гэсэн зорилт тавьсан. Гэхдээ энэ ажил нэг л эхэлж өгөхгүй байна.

-Газар олгоход хотын захиргаанаас баримталж байгаа бодлогын талаар та мэдээлэл өгөөч?
-Газар олголтыг 2003 оноос дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах хоёр зарчмаар тодруулж байна. Олгохдоо инженерийн сүлжээн дээр барьж болохгүй, төрийн өмч гэж хуульчлан заасан. Өмчийн харилцааны газраас судалгаа хийхэд 40, дараа нь 150 барилгын жагсаалт танилцуулсан. Мөн сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газарт олгосон газрын зөвшөөрлийг цуцалж байгаа. Яагаад гэвэл, төрийн байгууллагын газар учраас төрийн өмч гэсэн үг. Төрийн өмчийг бусдад өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл. Нийтийн эзэмшлийн зам талбай буюу авто зам, явган хүний зам, зогсоол, талбай хэний хөрөнгөөр хийгддэг вэ. Татвар төлөгчдийн мөнгөөр.Тэгэхээр энд олгосон газрыг хүчингүй болгосон. Төрийн байгууллага өөрөө шийдвэр гаргаж өгсөн учраас авсан хүмүүсийг буруутгах аргагүй.

-Дэлхийн хотууд янз бүрийн чиглэлээр хөгждөг. Улаанбаатар үйлдвэржилтийн хот биш юм бол ямар чиглэлийнх байж болох вэ?
-Судалгаагаар л харагдана даа. Улаанбаатар одоогийн төвшинд үйлчилгээний л хот. Баар, ресторан, дэлгүүр, сургууль, цэцэрлэг гээд дан үйлчилгээгээр тэжээгддэг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь бага. Энэ маань цаашид яаж хувирах уу гэдэг бизнесийнх нь чиглэлээс хамаарна. Хуучин социалист системийн төлөвлөлтийн үед хүчээр барилга, гутлын үйлдвэр байгуулдаг байсан бол одоо хувийн хөрөнгө оруулалтаар үйлдвэр босдог учраас юу хэрэгтэйг тэд л гаргаж ирнэ. Жишээ нь, гутал, оёдлын үйлдвэрийн оронд нь өнөөдөр гар утасны үйлчилгээ зах зээлээ эзэлж, цагийн аясаар солигдсон байна шүү дээ.

-Ерөөсөө дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн гээд бүх асуудал нь дээд цэгтээ хүрчихсэн хотыг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Дэндүү хавчигдмал орчинд байна гэж эрдэмтэд ярьж байсан?
-Тийм юм битгий ярь. Арай гэж нүүдэлчин ард түмэн хот байгуулж байхад. Явж явж энэ дөрвөн уулсын дунд буусан. Өнгөрсөн 60 жилийг Европын 400-500 жил хөгжсөн хотуудтай харьцуулаад яриад байх юм. Үндсэн шинжийг нь агуулж энэ хотыг барьсан шүү дээ. Юун дахиад хот барих. Байгаа Дархан, Налайхаа хөгжүүлэхгүй байж. Ийм яриа гарсан нь өнөөх нүүдэлчний сэтгэлгээ. Улаанбаатар хот байгуулагдаад 370 жил болж байгаа. Европ, Азийн 370 гаруй жил болчихсон хотууд хэд  дахин өөрчлөгдөн өнөөгийн өнгө төрхөндөө ордог байхгүй юу. Хот байнга шинэчлэгддэг. Энэ чинь олон зуун жилийн процесс. Манайд бол хурдацтай байгаа гэж би хувьдаа үздэг. Тэгэхэд манайх ганц ТЭЦ-5 станц барина гэж хэдэн жил болж байна вэ. Шинээр хот байгуулна гэвэл асуудал. Уг нь, тэрний оронд Налайхыг сайхан дагуул хот болгон хөгжүүлэх ёстой. Хурдны зам, нийтийн тээврийн хэрэгслийг нь тавиад. Өнөөдөр Улаанбаатарт шинэчлэл явж байгаа. Хуучныгаа нураагаад олон сайхан барилга барьж байна.

-Улаанбаатар оонын хоёр эвэр шиг дагуул хоттой болно гэж хэдэн жил ч ярив. Энэ талаар хот төлөвлөлтөд ямар чиглэлээр хөгжүүлнэ гэж төлөвлөсөн юм бол?
-Дагуул хотын талаар бодож, санаж байгаа ажил их бий. Барилгын материалын үйлдвэрлэлийг Налайхад, хөнгөн үйлдвэрийг Био руу хөгжүүлнэ гэж... Төр бодлого шийдвэрээ гаргавал хэрэгжиж эхэлнэ. Зарим нэг хүчээр хийх юм байдаг шүү дээ. Бүх барилгын материалыг хотын төвөөс гарга гээд. Тэгвэл тэнд ажлын байрыг дагаад том суурьшил үүснэ.

-Хот төлөвлөлтөд барилгын загвар интерьерийг хэр анхаардаг юм бэ. Өнөөдөр хотын барилга байгууламжийн өнгө төрх, загвар хийц нүд булаах нь ховор л харагддаг юм?
-Дээр хэлсэнчлэн, хот хөгжлийнхөө шатанд юм, юмыг үздэг. Өнөөдөр хотыг 1990 оныхоос өмнөхөөр нь төсөөлбөл зохицлогоо сайтай байсан. Орон сууцны хороолол нь хоорондоо хол зайтай болохоор хөгшчүүл нь нарлаж суух, хүүхдүүд нь тоглох талбайтай байлаа. Одоо бол өөр болчихсон. Тэр их талбайд нь барилга бариад Азийн хотуудын хөгжил рүү ойртож байна. Орон сууцны айлууд нь бие биенийгээ таньдаггүй гээд байдаг нь гаднах талбайдаа танилцах орчин нь байхгүйтэй холбоотой. Өөр байгуулалд боссон хот өөр нийгэмд шилжихээрээ шинэчлэл үүсдэг. Өнөөдөр Улаанбаатар хотод шинэчлэл хүчтэй  явж байгаа. Жишээ нь, таван жилийн өмнө барьсан барилга 10 жилийнхээс тэс ондоо. Энэ бол эдийн засгийн боломж, санхүүгийн чадавхийн өсөлтийг харуулж буй хэрэг. 10 жилийн өмнө гоё гэж байсан барилгыг өнөөдөр нураая гээд байна шүү дээ.

0 Сэтгэгдэл
Ene amitan tvvhee vnen mededgvi mal uu daa arga eviig niilvvlen baridag baisan mongoliin ertniii hot tosgoduudiig komnistuud samarch ustgan sonooosun jisheelbel chinii doldoi etseg chin ustgaj chamaig ingej hel geed zaaj ogoo yu
Хуцаад байгаач хөдөөний гөлөг өө. Эрт үеэс манай монгол өвөг дээдэс хот гэдгийг чинь жинхэнэ жтгаар нь барьж өгдөг байсан. Эртний РОМ бол монгол өвгөдийн бүтээл шүү. Эртний хотын тууриуд бэлхнээ жишээ байна. Хуцах газраа очиж ***** САЙТАР МАРТАГДСАН ЮМЫГ ДАХИН САНАХЫГ ШИНЭ ЮМ гэдэг юм шүү.
Хамгийн их уншсан