Монгол улсын Засгийн газрын 2012оны 10 дугаар сарын 13–ны өдрийн 94 дүгээр тогтоол, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны 12 дугаар сарын 03–ны А/74 дүгээр тушаалын дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг 2013 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн байгуулсан.
Аж амьдралаа дээшлүүлэхээр БНСУ-ыг зорих Монгол иргэдийн тоо жил ирэх тусам л нэмэгдсээр байгаа. Өнөөдрийн байдлаар БНСУ-д 27 мянга орчин Монгол иргэн ажиллаж амьдарч байна. Гэтэл гэр бүл, эх орноосоо хол байгаа тэдний өмнө тулгамддаг олон асуудлыг зөвхөн хувь хүн хэмээн орхигдуулдаг.
Харин БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв байгуулагдсанаар Монгол иргэнийхээ нийгмийн асуудлыг Төр хамгаалах орчин нөхцөл бүрдэж байгаа юм.
Өнөөдөр буюу 2013-05-06 ны өдөр БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нээлтийн ёслол боллоо. Энэхүү арга хэмжээнд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, НХҮЕГ-ын дарга Д.Баярсайхан, НДЕГ-ын дарга Ц.Уртнасан, ХТҮГ-ын дарга И.Нарантуяа, СЗХҮТ-ийн дарга Б.Нарантуяа болон БНСУ дахь Монгол улсын элчин сайд Б.Ганболд нарын албаны хүмүүс оролцсон.
Тус төв нь БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдэд нийгмийн даатгал, нийгмийн халамж, гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл хүргэж, зөвөлгөө өгөх юм. Ер нь харийн нутагт ажиллаж , амьдарч байгаа Монгол иргэдийн нийгмийн асуудал орхигддог. Тэгвэл БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв байгуулагдсанаар Монгол иргэнээ Монголын төр хамгааллах орчин нөхцөл бүрдэж байна гэж ойлгож болох юм. Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийг Монгол улсын Тэтгэврийн даатгалд хамруулах, БНСУ-ын үндэсний тэтгэврийн даатгалд давхардуулан төлүүлэхгүй байх талаар лавлагаа мэдээллээр хангах юм. Түүнчлэн БНСУ-д амьдарч байгаа Монгол иргэдийг сайн дурын тэтгэврийн даатгалд хамруулах, мэдээлэл, зөвлөгөө өгнө. Мөн БНСУ –ын үндэсний тэтгэврийн даатгалд шимтгэл төлж байсан иргэдийн шимтгэлийг буцаан олгох, шимтгэл төлж байсан хугацааг нь Монгол улсын тэтгэврийн даатгалд хамрагдсан хугацаагаар тооцож шилжүүлэн даатгах, заавар зөвлөгөө өгөх үйл ажиллагааг явуулдаг юм.
Харин тус төвийн Нийгмийн халамж, гэр бүл, хүүхэд хамгааллын алба нь доорх үйл ажиллагааг явуулж, Монгол иргэдэд нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлдэг юм. Монгол улсын нийгмийн халамжийн чиглэлийн хууль тогтоомж болон БНСУ-ын хүнам, гэр бүл, нийгмийн хамгаалал, оршин суухтай холбоотой хууль, тогтоомж, эрх зүйн орчны шинэчлэлт өөрчлөлтийн талаарх мэдээллээр иргэдийг хангадаг.
Иргэдэд нийгмийн асуудлаар дэмжлэг туслалцаа үзүүлж шаардлагатай тохиолдолд иргэдийг дэмжих төрийн болоод төрийн бус байгууллагынханд холбон зуучлах чухал үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй. Мөн Нийгмийн халамж, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус бусад байгууллагуудыг холбох, харилцаа холбоо тогтоох, Нийгмийн хамгааллын чиглэлээр сургалт, судалгаа явуулах үйл ажиллагаагаар иргэдийн нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлэх чухал гүүр болон ажиллаж байна.
БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудынхаа нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулах энэхүү төвтэй 0222788030, мөн 0222788034 дугаарын утсаар холбоо барьж, үйлчилгээ авах боломжтой юм.