Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багахангайн аюултай хаягдлын юу нь хөнөөлтэй вэ


Улаанбаатараас 90 км зайд орших Багахангай дүүргийн иргэд түгшүүртэй байна. Байгальд, хүн амьтанд хөнөөлтэй, “аюултай” хаягдлаа 4000 хүн амьдардаг энэ дүүрэгт орхичихсонд тэд гомджээ. Төрийн нэр барьж БОНХЯ, “Тамбов-Цэргийн химичид” ТББ гүйцэтгэсэн уг ажлыг эсэргүүцсэндээ “Нутгаа хамгаалах иргэдийн оролцоо” нэртэй хөдөлгөөн ч байгуулаад амжсан гэнэ.

Бүлгэмийн бүрэлдэхүүнд дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч нар, хорооны Засаг дарга нар багтсаныг харахад багахангайчууд бүх нийтээрээ “аюултай” хаягдлыг эсэргүүцэж байгаа аж. Болсон явдал буюу бүх зүйл хэрхэн өрнөснийг товч өгүүлье.

Дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисэх онгоцны агуулах руу 70 тоннын даацтай гурван ачааны машин цувран явахыг иргэд харжээ. Дөрөвдүгээр сарын 13-ны үүр цайхтай зэрэгцсэн уг ажиллагааны учрыг мэргэжлийн албаныхан иргэдэд тайлж өгсөнгүй.  Үүний оронд 120 тонн аюултай хог хаягдал агуулахад буулгаж байгаа учраас иргэд ойртож болохгүй гэх сануулга хэлж. Учир битүүлэг тайлбарын төгсгөлд оршин суугчдын сэтгэлд эвгүйцэл төрсөн байна.

Ачааны машины тэвшин дээрх “Тэсрэх аюултай” гэсэн тод тэмдгийг хараад эвгүйцэл нь айдас болжээ. Энэ бол анхны сэтгэгдэл. Сэтгэл зүйчдийн нэгэн түүх бий. Нүдийг нь боосон хүний гарыг буцламгай усанд хийлээ гэж анхааруулаад бүлээн ус руу дүртэл нүдээ боолгосон хүн хашгирч, түлэгдсэн гэдэг. Яг л үүний адилаар “нүдээ боолгосон” багахангайчууд айж, сандарч түгшүүр авчээ. Юу нь мэдэгдэхгүй зүйл 120 тонн хэмжээтэй, хар үүрээр, харуул хамгаалалтын дор ирсэн. Тэр нь “Тэсрэх аюултай” гэдгээс бусдыг мэдэхгүй хүмүүс түгшиж, үймэхээс ч аргагүй. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамныханд биеэр ирж гомдоллож буй иргэд “Хаягдлаа буцааж ав” гэх ганцхан шаардлага тавьж байна. Үүний хариуд мэргэжилтэн, хаягдал буулгасан хүмүүс хэчнээн тайлбар хийгээд ч багахангайчууд анхны сэтгэгдлээрээ л асуудалд хандсаар. “Хаягдлаа буцааж авах хүртэл нь бид тэмцэнэ. Яамны гадаа жагсана, суулт хийнэ, өлсгөлөн зарлана” гэж хөдөлгөөний төлөөлөгч хэллээ. Хэдийгээр яамны хүмүүс хаягдлаа татаж, өөр газарт байршуулахаар болсон тухай баасан гарагт сэтгүүлчдэд хэлсэн ч тэмцэгчид “Авах хүртэл нь тэмцэнэ” гэсэн байр сууриа хадгалсаар. Харин одоо албаны хүмүүсийн тайлбарыг хүргэе. БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Б.Энхбат, мэргэжилтэн С.Болдхуяг, Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Жаргалсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

108 хайрцагтай 120 тонн ачаа нь геологийн лабораторт ашиглаж байсан шаазан аяганцар буюу тегель хэмээх зүйл. Монгол Улсын байгаль орчны хуулийн дагуу аюултай хог хаягдалд тооцогддог. Гэхдээ аяга нь бус аяганд агуулагдсан байж болох хүнд металлууд нь аюултай. Магнийн исэл буюу магнезит гэх байгалийн эрдсийг цельсийн 1600-1650 хэмийн халуунд шатааж эдгээр аягаа бүтээдэг. Үүнийгээ геологичдын олсон элдэв төрлийн бодис, эрдэс, түүхий эдийг шинжлэхэд ашигладаг байна. Газар дороос гаргасан зүйлийг халуунд урвалд оруулж үзэхийн тулд дангаар нь зууханд тавьчихдаггүй. Харин тегель буюу галд шатахгүй аяган дотор хийж шинжилдэг аж. “Олон янзын бодис, эрдсийн урвал явагдсан аяганд хүнд металлууд агуулагдсан байх магадлалтай” гэх шалгуураар дээрх 120 тонн аяганцар аюултайд тооцогджээ. Магнийн ислээс бүрдсэн аяга нь өөрөө хорт хавдар үүсгэдэг, аюултай эд биш. Үүнийг тодорхой болгохын тулд жирийн жишээ татъя. Хүндийг өргөлтийн тамирчид дэвжээнд гарч туйван өргөхийн өмнөхөн гартаа нунтаг цагаан түрхэж, гараа гулсахаас сэргийлдэг. Мөн гимнастикийн тамирчид ч нунтаг магнийн ислийг спорт-шохой гэдгээр нь андахгүй. Хэвлэлд нийтлэгдсэн мэдээлэл ёсоор магнийн исэл хорт хавдар үүсгэж, үргүйдүүлэх хөнөөлтэй байсан бол өдийд хүндийг өргөлтийн, гимнастикийн тамирчид хэцүүдсэн байж таарах нь. Энэ бодисоор ходоодны хүчил бууруулах эм бэлтгэн гаргадаг, Е530 хэмээх хүнсний нэмэлт тэжээл боловсруулдгаас харахад эрүүл мэндэд хөнөөлгүй аж. Галд шатдаггүй шинж чанарыг ашиглан  дулаан цахилгаан станц, металлургийн үйлдвэрийн зуухны хучилтын тоосго болгож, цемент, газрын тосны үйлдвэрт шүүлтүүр хийдэг аж.
Аяга нь хоргүй хэвийн юм бол юу нь аюултай вэ гэдгийг дахин тодруулъя. Алганд багтах хэмжээний жижигхэн аяганы хонхорт хоцорсон байх магадлалтай хүнд металлууд аюултай гэх тодорхойлолтод багтана. Гэвч энэ нь орчиндоо уурших, дэгдэх, хий байдлаар тархаж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг мэргэжилтнүүд баталлаа. Хүнд металлууд тасалгааны температурт уурших, дэгдэх шинж чанар байдаггүй тул иргэдийг тайвшрахыг хүслээ. Нөгөө талаас иргэдэд экологийн энэ мэт мэдээллийг зөв хүргэж байхыг сэтгүүлчдээс хүссэн юм. Мэргэжлийн хүмүүсээс тайлбар, тодорхойлолт, зөв мэдээлэл авч олон нийтэд түгээхгүйгээс үймээн самуун дэгдсэн тохиолдол түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Үүнд айсан хүнийг буруутгах ямар ч аргагүй, харин албан ажлаа буруу хийсэн хүмүүс л хариуцлага хүлээх ёстой болов уу.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өнгөрсөн оны долдугаар сарын 20-ны өдөр 13 дугаартай баталсан зөвлөмжид аюултай хог хаягдлын асуудлыг  хөнджээ. Одоогоор манай улсад  аюултай хаягдлыг боловсруулж, устгах үйлдвэр технологи байхгүй. Тиймээс 2012 онд үйлдвэр байгуулах ажлыг даруй эхлүүлж, үйлдвэр ашиглалтад орох хүртэл тусгай агуулах, зориулалтын байгууламжид хаягдлыг харуул хамгаалалт дор хадгалахыг үүрэг болгожээ. Энэ ёсоор Төрийн тусгай хэрэгцээний газарт хаягдлуудаа хадгалах шаардлага гарч, төрийн бодлого номоороо явж байсны нэг нь геологийн лабораторын аяганцрууд байв. Харамсалтай нь аягыг үүрээр сэмхэн зөөсөн нь иргэдийг эвгүйцүүлж, тэсрэх аюултай гэх тэмдгээ аваагүй нь айдас төрүүлсэн. Түүнчлэн ҮАБЗ-ийн зөвлөмжид “харуул хамгаалалтын дор” гэх тодорхой заалт бий. Гэтэл Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисэх онгоцны агуулах хамгаалалт муутай гэдгийг “Нутгаа хамгаалах иргэдийн оролцоо” хөдөлгөөнийнхөн  батална. Тэд дотогш орж, аягануудыг харжээ. Анх буулгахдаа химийн хорт бодисоос сэргийлэх зориулалтын хувцастай хүмүүс ажиллаж, 100 метрээс гадагш хамгаалалт гарч, иргэдийг ойртуулахгүй байсан гэнэ. Гэтэл хөдөлгөөн байгуулсан хүмүүс аль эрт ороод үзчихжээ. Тэдний хэлснээр хаягдлыг мэргэжлийн дүгнэлтэд гялгар уутаар битүүмжилж, модон хайрцагт савлахыг заасан байж. Гэтэл 108 хайргийн нүүрэн талын эгнээнд модоор хайрцагласныг байрлуулаад арагш нь задгай орхисон байсныг Багахангайн нэгдүгээр хорооны Засаг дарга Х.Баяраа хэллээ. Энэ мэтээр төрийн бодлого хэрэгжүүлж байсан “Тамбов-Цэргийн химичид” ТББ, төрийн албан хаагч, судалгаагүй сенсаац тарьсан  сэтгүүлч алдаа гаргасан болов уу. Амьд явах, эрүүл амьдрах эрх нь хуулиар баталгаажсан Багахангайн иргэд “тэсэрчихэж мэдэх”, 120 тонн аюултай хогны дэргэд өдий 20 гаруй хонохдоо харин ч тайвнаар хандаж иржээ гэж бодогдоно.

ҮАБЗ-ийн зөвлөмжид 2012 онд “Аюултай хог хаягдлыг устгах, боловсруулах үйлдвэрийн ажил эхлэх” тухай заажээ. Энэ ажил хэр урагштай явааг яамны ажилтнуудаас лавлахад тодорхой зүйл хэлсэнгүй. “Нэн яаралтай эхлүүлэх ажил” гэж бөөрөнхийлөөд “Энэ ажил 2012 оноос ч өмнө эхлэл нь тавигдчихсан байсан” гэлээ. Тэр ч бүү хэл техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулчихсан, барилгын тендер, бүтээн байгуулах ажил л үлдсэн тухай хэлсэн юм. Мөн газраа сонгох гэдэг асуудал хэлэлцэх шатандаа явааг дуулгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан