Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уриалга

Энэ жил дэлхий нийтээрээ 20 дахь удаагаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэм­дэглэж байна. ЮНЕСКО,Олон улсын сэт­гүүлчдийн холбооны хамтарсан Уэндхүегийн тун­хаглал 1991 оны тавдугаар сарын 3-нд батлаг­даж, 1993 оноос  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өд­рийг тэмдэглэж эхэлсэн билээ.  Энэ жил НҮБ-ээс  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Үгээ хэлэхээс үл эмээх нь: хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах нь“ сэдвийн дор“Сэтгүүлч,  ХМХ-ийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах нь”, “Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээхтэй тэмцэх нь”, “Цахим орчны аюулгүй байдал” хэмээх гурван дэд сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.
“Хараат бус хэвлэл мэдээлэл гэж Засгийн га­зар, улс төр, эдийн засгийн хувьд, мөн үйлд­­вэрлэл, түгээлттэй холбоотой материал, дэд бүтцээс хараат бус байхыг хэлнэ” хэмээн Уэнд­хүегийн тунхаглалд тодорхойлсон байдаг. Монгол Улс чөлөөт, хараат бус хэвлэлийг хөг­жүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах чиг­­­лэлээр тодорхой амжилтад хүрснийг сайшааж байна.  Ялангуяа, ирэх долоо хоногоос олон нийтээр хэлэлцүүлэх гэж буй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг халсаныг бид олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй шударга, дэвшилттэй үйл хэрэг хэмээн талархан сайшааж байна.  2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр  “Глоб Интернэшнл төв“ ТББ-аас явуулсан “АСУУЯ!”  кампанит ажлын үеэр  “нэр төр гутаасан гэх хэргийг Эрүүгийн хуулиар бус, Иргэний хуулиар шийдвэрлэдэг“байхыг дэмжсэн  МАН,  Иргэний зориг, Ногоон нам, “Шударга ёс” эвсэл, АН-ын гишүүд амлалтаа биелүүлж, намрын чуулганаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх явцад энэ дэвшилтэт зүйл заалтыг эргэн нэхэхгүйгээр батална гэдэгт итгэж байна.  
“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ өдөр бид Засгийн газрууд, нийгэм, хувь хүмүүсийг цахим болон цахим бус орчинд ажиллаж буй бүх сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд бололцоотой бүхнээ хийхийг уриалж байна. Хүн бүр дуу хоолойтой. Бүгдээрээ чөлөөтэй, аюулгүй байдалд ярих, хэлэх боломжтой байх ёстой” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова нар Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан Хамтарсан илгээлтдээ дурдсан юм. Тэд мөн Хамтарсан илгээлтдээ “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд өдөр бүр шинэ түгшүүр тулгарч байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь олон нийттэй холбоотой асуудалд  ил тод,  хариуцлагатай байдлыг хангахад тусладаг учраас сэтгүүлчид байнга хүчирхийллийн бай болдог” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Монгол иргэн бүрийн үзэл бодлоо илэрхийлэх,  айдас хүйдэсгүйгээр  үгээ хэлэх эрх өнөөдөр төдийлөн баталгаатай бус, ялангуяа цахим орчинд өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хандлага хүчтэй байгааг бид эрс буруушааж байна. Иймд УИХ, шинэчлэлийн Засгийн газрын гишүүдэд уриалж байна. Үүнд:
1. Иргэдийн шүүмжлэх эрх, нэрээ нууцлах эрхийг хязгаарлаж, интернэтийн цензур тогтоож  байгаа учраас Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 1-р сарын 5-ны өдрийн “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн системийн тухай”  НЭГ  тоот  тогтоолыг цуцлах,
2. 2011 онд батлагдсан “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”, “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”, ялангуяа бүртгэл, шүүлтүүртэй холбоотой заалтыг НҮБ, олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн өөрчлөх,
3. Төрийн цензур бий болгох нөхцөл бүрдүүлж  байгаа учраас  Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус байдлыг бүрэн утгаар нь хангах. Үүний тулд “Харилцаа холбооны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах, удирдлагыг нь  Ерөнхий сайд томилдог 8.3 зүйл заалтыг өөрч­лөх. Тусгай зөвшөөрөл олгох,  агуулгад  хя­налт тавих, түүнтэй холбоотой шийдвэр гаргах  үйл явцыг олон нийтийн оролцоотой, ил тод  болгох,
4. Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пактын 19-р зүйлийн дагуу хэвлэл мэ­дээллийн агуулгын хязгаарлалтыг гагцхүү хуу­лиар, үндэслэлтэй,  хэр хэмжээндээ, нарийвч­лан тогтоохын тулд агуулгад тавьсан бүх хяз­гаарлалтыг эргэн нягтлах, шаардлагатай өөрчлөлт хийх,
5. Сэтгүүлчийн мэдээллийн  нууц эх сур­валжийг хамгаалах, мөн үзэл бодлоо илэр­хийлэх­дээ  иргэн хүн нэрээ нууцлах нь түүний ху­вийн нууцын салшгүй хэсэг болохыг хүлээн зөвшөөрч,  хуульчлах,
6.Хэвлэл мэдээллийн олон талт байдал, олон ургальч үзлийг хөхиүлэн дэмжихийн тулд хүйн /community media/ хэвлэл мэдээллийн хэрэгслийн бодлого, эрх зүй, зохицуулалтын орчинг бүрдүүлэх,
НҮБ-ын Хүний эрхийн хороо 2011 оны гуравдугаар сарын 21, 23-ны өдрүүдэд Монгол Улсын 1974 онд соёрхон баталсан, Иргэний бо­лон улс төрийн эрхийн олон улсын Пакт /ИБУТЭОУП/-ын хэрэгжилтийн тухай  Засгийн газ­рын тавдугаар тайланг 2784, 2785 дугаар уул­залтаараа  хэлэлцсэн билээ. 2011 оны гурав­дугаар сарын 30-ны өдөр болсон 2797 дугаар уулзалтаараа  НҮБ-ын Хүний эрхийн хороо Монгол Улсад өгсөн дүгнэлт зөвлөмждөө “Сэт­гүүлч, түүний гэр бүлийнхэнд, сүрдүүлж за­налхийлэх, халдах тохиолдол байнга гардаг ...”-т санаа түгшиж байна гээд “Сүрдүүлэг занал­хийлэл, халдлагын аливаатохиолдлыг хуулийн дагуу мөрдөн шалгаж, гэмтэнд хариуцлага хүлээлгэхэд Оролцогч улс анхаарах”-ыг зөвлөсөн юм.  Энэ зөвлөмжийн хэрэгжилтийн тухай тайлангаа Монголын Засгийн газар 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн хороонд тавьж хэлэлцүүлнэ. Энэ тухай Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бид эргэн сануулж байна.  Учир нь, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээд ял шийтгэлгүй үлдэх нь Монгол Улсад бараг хэвийн зүйл болоод байгаа билээ.  

“Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллага,  
Монголын сэтгүүлчдийн эвлэл
Монголын өдөр тутмын сонинуудын холбоо
Монголын сонины холбоо
Монголын телевизүүдийн холбоо
Монголын сайтын холбоо
Монголынхэвлэлийнхүрээлэн
2013 оны 5-р сарын 1-ний өдөр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан