Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ховор ан амьтан агнах зөвшөөрлийг нутгийн иргэд олгоно


Хятад хүнийг аятайхан жогорхой байсан ч амтлаад идчихдэг хэмээн бид эгдүүцдэг. Гэвч монголчууд бид өөрсдөө бие эрхтэнд сайн л бол мал, амьтны юу ч байсан болсон, болоогүйгээр нь идэхэд бэлэн байдаг. Наад зах нь зурагтаар “Хойлогийн мах авна”, “Чонын хэл авна”, “Баавгайн савар авна”, “Согооны сав авна” гэх мэтийн зар сонсогдож л байдаг. Мэдээж, энэ бол яалт ч үгүй хууль бусаар ан агнахыг өөгшүүлэх хамгийн тод жишээ.

Ингээд баримт сөхөөд үзвэл 2009-2012 онд  хууль бус ангуурын илрүүлэлтээр хулгайн анчид 76 монгол бөхөн, дөрвөн борцгор хотон, есөн толгой халиун буга, дөрвөн согоо, зургаан хүрэн баавгай, хоёр хар сүүлт хороосныг холбогдох байгууллагууд тогтоосон байгаа юм.

Үүнээс үүдэж хууль бусаар амьтны эд эрхтэн, арьс дамлан худалдаалагчид зөвхөн гурван жилийн хугацаанд 510.9 сая төгрөгийн хохирол улсад учруулжээ. Гэхдээ энэ бол мэргэжлийн байгууллагуудад баригдаж илэрсэн нь. Үүний цаана хэчнээн амьтны эд эрхтэн, арьс, үс хууль бусаар гараас гар дамжин наймаалсныг бүү мэд.

 гишүүд, урлаг соёлын одод маань ч ховор, нэн ховор гэх ангилалд багтсан амьтныг авласан зургаа ид бах болгон дэлгэсэн байгааг нэг бус удаа харж байлаа. Гэтэл жил бүр бэлчээрийн даац хэтэрсэн, ан амьтад үргэсэн, үгүй болсон хэмээн мэргэжлийн хэдэн байгууллага нь хэнд хаягласан нь тодорхойгүй гомдол мэдүүлсээр байдаг.

Тэгвэл Монгол Улс зэрлэг ан амьтнаа хэрхэн тоолдог юм бол оо. Таван хошуу мал шиг эзэнтэй бас бэлчээр нь тодорхой биш болохоор энэ бол амаргүй ажил гэдэг нь тодорхой. Энэ талаар БОНХЯ-наас тодруулахад, 2010 оны үнэлгээгээр аргаль 19000, янгир 24400 орчим, хар сүүлт 12000 орчим, халиун буга 16000, молцог хандгай 7000, зэрлэг гахай 35000, бор гөрөөс 29000, баданга хүдэр 6500, монгол бөхөн 5200-8000 орчим, хулан адуу 14000 орчим, цагаан зээр гурван сая орчим, хүрэн баавгай 350 орчим, идлэг шонхор 6800 орчим гэсэн тоо бий гэв. Эдгээр амьтныг барьж аваад нэг, хоёр, гурав гээд тоолоогүй нь ойлгомжтой. Тэгэхээр баримжаа тоо.  Та энэ тоог хараад ямар бодол төрж байна. 19000 аргаль хонийн маань бэлчээр өдөр ирэх тусам хумигдаж, идэх хоол нь багасч байгаа гэдгийг тооцоод үзээрэй. Энэ бол бид Монголын гэсэн энэ хэдхэн ан амьтнаа хамгаалах хэрэгтэй болсныг сануулж байна гэж танд бодогдож байна уу.
Хулгайн анг зогсоох, ан амьтнаа хамгаалахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэх хүмүүс бол хамгийн түрүүнд нутгийн иргэд байх нь дамжиггүй. Гэвч энэ хүмүүст хэрхэн үүрэг хариуцлага ногдуулж болох билээ...

Хулгайн ан, агнуураас гадна иргэдийн дунд байнга асуудал дагуулдаг нэг зүйл бол ховор амьтныг тусгай зориулалтаар агнуулах. 2012 онд тусгай зориулалтаар 50 угалз, 102 тэх, гурван халиун буга, 44 цагаан зээр, 13 бор гөрөөс, долоон саарал чоно, 150 идлэг шонхор, 545 толгой агнуурын шувууг гаддаадын анчдад жуучлан ангнуулсан.  Спорт загасчлалын журмаар гадаадаас 260 загасчин хүлээж авчээ. Тэднээс 3,5 тэрбум төгрөг улсын төсөвт оруулсан гэнэ.
Ан амьтнаа бодвол 3,5 тэрбум гэдэг 50 мянган оюутны 70 мянган төгрөг. Харин үүгээр ямар бүтээн байгуулалтын ажил өрнүүлж болох билээ. 1000 хүүхдийн багтаамжтай нэг сургууль барих мөнгө гэнэ. Гэвч...
Байгаль хамгаалагчид, иргэний нийгмийн байгууллагуудын гомдол санал хүсэлтийн үр дүнд энэ тоо тав дахин багассан гэдгийг гуравдугаар сард баталсан Засгийн газрын тогтоолоос харж болно. Зөвхөн амьтны тоо багасаад зогсохгүй зэрлэг ан амьтан хамгаалалтад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ан амьтан агнасан төлбөр хураамжийг 100 хувь тухайн сумын төсөвт төвлөрүүлэхээр болсон.

Нутгийн иргэд нөхөрлөл төрийн бус байгууллага дор нэгдэн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч хуулийн этгээд болж гадаадын анчдад зуучлагч аж ахуйн нэгж, сумын Засаг даргатайгаа гурвалсан гэрээ байгуулсны дараа БОНХЯ-наас зөвшөөрөл авдаг болсон байна.

Сайн санаагаар нэгдээд ан амьтнаа хамгаална гэж зүтгээд мөнгөгүй эрх мэдэлгүй хүмүүс нэг их холдохгүй нь тодорхой. Тиймээс мөнгөнийхөө 50 хувийг аргаль, угалз, тэхээ хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулахад зарцуулах эрхзүйн орчныг нь бүрдүүлж өгчээ. Тухайлбал, нэг алтайн угалз агнуулбал ангийн төлбөр 14 мянган ам.доллар, зөвшөөрлийн хураамж 4000 ам.доллар нь сумын төсөвт орно. Үүнээс 7000 ам.долларыг нь бэлчээр сайжруулах, хууль бус агнуурыг бууруулах зэрэг ажлыг нутгийн иргэд зохион байгуулах нөхцөлөөр хангаж  байгаа юм. Иргэд ийн зуучлагч аж ахуйн нэгжтэйгээ гэрээ байгуулдаг болсон эерэг тал олонтой ч гадаадын аж ахуйн нэгжид илүү боломж олгож эхэллээ гэх мэдээлэл ч сүүлийн үед гарах болсон. Энэ талаар БОНХЯ-наас тодруулахад одоогоор ховор ан амьтан  агнах зөвшөөрлийг нэг ч аж ахуй нэгжид олгоогүй гэв. Учир нь орон нутагт ховор амьтан агнах хүсэлтээ ирүүлж, гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн нэр яаман дээр дөнгөж ирж байгаа гэнэ. Тухайлбал Төв, Өвөрхангай, Увс, Хэнтий аймаг гурвалсан гэрээг ирүүлсэн. Одоо Ховд аймаг л дутуу байгаа. Энэ гэрээнд үндэслэж тусгай зөвшөөрөл гарах учиртай аж. Ер нь, манай улс анх 1962 оноос эхлэн улсын төсвийг бүрдүүлэх зорилгоор ховор ан амьтныг гадаадын иргэнд тусгай хөтөлбөртэйгээр агнуулж ирсэн гэдэг.

Харин спорт загасчлалын чиглэлээр 16 бүс нутаг таван голын сав нутагт ховор амьтныг олзворын болон спорт чиглэлээр агнуулах  тушаал гаргасан.  Үүнд, 200 толгой тул загас бариулж буцаан тавих нөхцөлөөр  Онон, Балж, Эг-Үүр, Дэлгэрмөрөн голоос барина. Эдгээр голд ойролцоогоор 1300 гаруй тул загас байна гэж үздэг. Харин жилд тул загасны нөөцийн 15 хувийг бариад буцаан тавихад загасны тоо толгойд нөлөөлөхгүй гэнэ.
 Мэдээж, үүний ард хамгийн чухал зүйл бол хариуцлагын тогтолцоо...

0 Сэтгэгдэл
Ховор ан амьтан агнах эрхийг нутагийн иргэдэд олгож болох л байх.Гэвч хариуцлага хамгаас чухал.Манай орон нутгийн байгаль орчины байцаагчид байгаль хамгаалагч нар ажилдаа эзэн болдоггүй уг нь тэд төрийн нэрийн өмнөөс хууль сахиулагч эрх бүхий хүмүүс.Манай орны хангай бүс ой мод элбэг нутгаар нутаглаж буй иргэд малчид, хойд хил дагуу үүрэг гүйцэтгэж байгаа хилийн цэргийн албан хаагч нар ховор ан амьтан гахай,баавгай,бор гөрөөс,чоно үзэгдэхээ больж буй буга хандгай агнаж,жилийн 4улиралд загас барьж байгаан нууц бишээ.Орон нутгийн иргэд ялангуяа малчидын гар дээр бүртгэл байхгүй хууль бус ***** ***** элбэг байна.Үүнийг цэгцлэх цаг нь болсон.Орон нутгийн иргэд болон холбогдох байгуулгууд хариуцлагатай байж ажилахгүй бол ямарч эрх,зөвшөөрөл тэдний гарт очоод нэмэргүй.Эзэн болж чадвал тэр нь шиг хэрэгтэй зүйл үгүй.Ямар үр ашиг гарахийг цаг хугацаа харуулна.Ойн нөхөрлөлүүд шинээр байгуулагадан үр дүнтэй ажиллаж байгаа нэг хэсэг байхад нөхөрлөл нэрээр хулгайн мод бэлтгэдэг зарж борлуулж байдаг бүлэг улсууд ч бий болсон байдаг. Энүүхэн ойрхон улиастайн баянголын аманд хавар 5 р сард гөрөөс агнаж явдаг шүүдээ уг нь тэр улсууд өөрсдөө тэнд байгаль орчин ан амьтанаа хамгаалана буга өсгөж үржүүлэнэ гэж газар авч байшин бариад манаач гэж хүн ажилуулаад байж байх юм билээ.Итгэхэд хэцүүл юмдаа.Яваандаа манай иргэд байгаль орчиноо хамгаалах сэтгэл улам их болно.Хулгайч нар цөөхөн үнэнч шударга иргэд хавьгүй олон байгаа.Өөрсдийнхөө байгальд өөрсдөө эзэн больё.
Хамгийн их уншсан