Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Сүхбаатар: Миний гал цогийг хэн ч унтрааж чадахгүй


Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатартай ярилцлаа. Тэрээр Монгол Улсын филармонийн ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа билээ. Гэхдээ түүнтэй энэ удаа ажил амьдралаас нь илүү монгол бүжгийн талаар хөөрөлдсөн юм.

-Монгол бүжиг Ц.Сэвжид гэдэг хүнээр овоглодог гэхэд буруудахгүй болов уу. Таны ч гэсэн дэглэсэн бүжиг олон бий. Тэгэхээр таны уран бүтээлд аав гэдэг хүн маш хүндтэй бас чухал байх?
-Сэвжид гэдэг хүн Сүхбаатар миний амжилт. Бурхан болоод явсан хэдий ч гайхамшигтай уламжлал, бүжгийг хөгжүүлэх замыг анх бий болгож. Энэ яаж харагдаж байна гэвэл, би хүүгийн хувьд аавтайгаа “Ааваа” гэж танилцаж байсан ч аав минь “Би багш чинь байна” гэж хэлдэг байлаа. Тэгэхээр “Би чиний багш” гэж танилцдаг нь бүжгийн урлагийн зүтгэлтэн хэдий ч би чиний зүтгэлтэн байх учиртай гэж хэлүүлэхийг хүссэн хэрэг. Тиймээс би аавыгаа “Багшаа” гэж хэлдэг байсан.
Намайг бүжигт хайртай болох, энэ уламжлалаа хадгалах мөн онгодыг минь Сэвжид багш хөглөж өгсөн. Би багшийнхаа шавь, тухайн үеийн шижигнэсэн сайхан бүжигчидтэй хамт уран бүтээл хийж байлаа. Өнөөдөр миний шавь нар, дараачийн үеийн бүжиг дэглээчид. Удамт монгол гэдэг шиг Сэвжидийн гэр бүл, ирээдүй уламжлагдаж байна. Энэ бол сайхан хэрэг. Бид Монголынхоо бүжгийн урлагийг хөгжүүлж яваа асар том гэр бүл болж чадсан.

-Тэр хүнээр амжилт ялалтаа хийж явдагийн хувьд хийж байсан ажил, мөрөөдөж явсан хүслийг нь биелүүлэх талаар бодсон зүйл бий л байх?
-Аавын маань мөрөөдөл бол Үндэсний бүжгийн чуулга байгуулах байсан. Ийм том гэр бүл байгаагийн хувьд монгол бүжгийн чуулга байгуулах бүрэн боломжтой. Үүндээ ч хүрсэн. Тиймээс бүжгийн чуулга байгуулах санаагаа Соёл, спорт, аялал жуулчлалын сайддаа хэлсэн. Саналыг минь хүлээн авч, зөвшөөрөөд “Бүжгийн чуулга байгуулах талаараа төр засгийнхантай ярилцъя. Хамгийн гол нь энэ саналаа боловсруул” гэж хэлсэн. Бүжгийн чуулга байгуулах нь бидний бахархал. Байгуулъя гэсэн зүтгэл ч байна. Үүнийгээ заавал хэрэгжүүлнэ. Аав минь “Монгол бүжгийн чуулга” нэртэй гайхамшигтай бүжгийг 35 жилийн өмнө найруулан дэглэсэн байдаг. Монгол бүжгийн чуулга бий болно гэдгийг зөгнөж, далдуур хэлж байсан нь өнөөдөр биелэх ёстой гэж бодож байна. “Монгол бүжгийн гайхамшиг” гэсэн концертыг хүртэл хийж байсан. Тэгэхээр аавын минь тэр сайхан ирээдүйн зөгнөл нь биднийг сургаж байгаа ухаан юм. Аавынхаа өгсөн бэлгийг өнөө­дөр Монголынхоо уламж­лалт арга билгийн ухаанд зориулж чадлаа.

-Ц.Сэвжид гэдэг хүн С.Сүхбаатарын амжилт гэ­сэн шүү дээ. Ярианаас тань сонсоход бас бахархал юм шиг?
-Аав гэдэг Сүхбаатар миний эцэг. Миний амин сүнс, ясны эхлэл. Аав минь “Монгол Улсын төлөө монгол бүжгээ хөгжүүл. Монгол хүнээ дэлхийд сурталчил” гэсэн агуу оюуныг ойлгуулж чадсан нь гүн ухааны том ойлголт гэж боддог. “Монгол бүжгийн чуулга” гэсэн бүжиг, “Монгол бүжгийн гайхамшиг” концерт нь Монгол хэдэн зуун зуунаар дэлхийд байна тэр бүхэнд уламжлагдах ёстой. Монгол Улс, төрөө хамгаалж явах тэр ухаан надад заяасан. Улсаа, төрөө урлагаараа бүтээгээд үүгээр дэлхий Монголыг хүлээж авдаг.

-Өөрийн амьдралаа бүж­­гээр бүтээсэндээ омогш­дог уу?
-Би хөгжмийн ертөнцөд амьдардаг хүн. Хөгжимд багтдаг урлагийн олон төрөл байдаг. Түүний нэг нь бүжиг. Амьдралынхаа хугацаанд уурласан, гомдсон үедээ атаархсан хүмүүсийн аашинд нь тогширч, магтсан хүмүүсийн сэтгэлд зөөлөрч,  онгирсон үедээ сэтгэлээ бодлоороо хөглөж, галзуурсан үедээ гал халуун явж чадсан гэж өөрийгөө ойлгодог. Энэ юу вэ гэж бодсон чинь миний цусанд нутгийн нандин хэлхээ гэж байдаг юм шиг байна. Аав маань Дорноговь аймгийн хүн. Би аавынхаа нутгаар овоглодоггүй, Улаанбаатарынх л гэдэг. Гэхдээ аавтай минь нэг бууцанд хамтдаа бий болсон хүн бол Соён гэгээрүүлэгч, Догшин ноён хутагт Данзанравжаа. Энэ хүнийг залууд нь галзуу, солиот гэж нэрлэдэг байсан юм билээ. Аавтай минь нэг бууцанд ханьсаж төрсөн тэр хүний нөлөө надад бий болсон юм болов уу гэж бодоод байгаа. Намайг галзуу, солиотой гэдэг ч энэ бүхэн хүнд байвал онгод буудаг. Гэхдээ онгодыг галзуу, солиотой гэдэгтэй зүйрлэж хэлж байгаа ч бид үүнийг дүрэлзүүлж, асааж чаддаг. Харин атаач хүн бол дотроо шатсаар үүгээрээ мөнхөрдөг. Тиймээс юу илэрхийлэх гэж байна вэ гэвэл, миний гал цогтой, бадрангуй амьдралыг хэн ч унтрааж, мөхөөж чадахгүй. Яагаад мөхөөж чадахгүй гэвэл, миний удмыг авч явах амин сүнс хүүхдүүд маань. Миний бүжгийн урлагийг авч явах гайхамшигтай бүжиг дэглээч, бүжигчид байна. Энэ хэд маань мөнхөд авч явна.

-Хэдийгээр бүжигчин хүн ч одоо найруулгын ажил илүү­тэй хийж байгаа. Гэх­дээ тайзан дээр гараад хүмүү­сийг алмайруулсан зүйл хийх юмсан гэж боддог уу?
-Би тайзан дээр гараад Мон­голынхоо бүх ястнуудын ёсолгоо, биелгээг хийхэд бэ­лэн. Тэр бүх ёсолгоо, хүн­дэт­гэл, дэг жаяг миний тар­хинд бичигдсэн. Биеэрээ үзүүлэх боломж ч бий. Тэр ч утгаараа миний дэглэсэн, най­руулсан уран бүтээлд тэр их хөдөлгөөний гайхамшиг бий.

-Сүүлийн үед хөгжмийн талын бүтээлүүдийг най­руулж байгаа харагдсан. Бүжиг бол хөгжимтэй салш­гүй холбоотой ч энэ талын бүтээлийг ямар учраас хийх болов?
-Хоёр жилийн өмнө томи­лолт авч Улсын филармоний ерөнхий найруулагчаар очсон. Энэ хугацаандаа дэлхийн жаз хөгжмийг тоглодог “Баянмонгол” чуулгатай “Хязгааргүй хүслэн” гэсэн гайхамшигтай уран бүтээл найрууллаа. Энэ концертыг найруулж байхад орчин үеийн хөгжмийн их соёлтой танилцаж, жаз хөгжмийн соёлд хөглөгдлөө. Тэгэхээр авьяастай хүн ямар ч хөгжмийн төрлийг найруулж, дэглэж чадна гэдгийг ойлгож авлаа. Цаашид дуурь, хөгжимт драмын бүтээл бүтээх онгод байна. Би олон удаа наадмын нээлтийн тоглолт, төрийн концертыг найрууллаа. Хараад байх нь ээ, өөртөө бахархах сэтгэл төрж байна. Төрийн наадмыг олон уран бүтээлч найруулсан. Харин бүжгийн найруулагчийн хөгжимлөг байдлыг харуулсан найруулагч харагдсангүй. Харин төрийн наадмыг нээх хөгжимлөг хүмүүс миний шавь нараас гарч байгаа шүү. Энэ талаар яамныхаа удирдах хүмүүст хэлсэн.

-Монгол бүжиг хүмүүсийн сэтгэлийг огшоож чаддаг. Гэхдээ энэ урлаг маань сүүлийн үед хэр хурдацтай хөгжиж байгааг таныг тодорхойлох болов уу гэж бодож байна?
-Монголын ардын урлаг гэхээр хөгшчүүлийн гэсэн том ойлголт явдаг. Хуучны урлаг улстөрчдөөс болдог. Яагаад ингэж хэлж байна гэвэл, дэлхийн хөгжингүй орон АНУ, Япон, хөгшин Европын хөгжлийг Монголдоо хийх гэдэг. Гэхдээ урлаг гэдэг өөр. Дэлхийн их соёлыг киногоор илтгэж болно. Харин үүний гол шигтгээ нь бүжиг байдаг. Дэлхийн хүн төрөлхтний мөнхийн хөдөлгөөнийг мон­гол­чууд бий биелгээндээ авч үлдсэн. Монголын үндэс­тэн ястны өвөрмөц хө­дөлгөөн болгож, өөрсдөдөө шингээсэн. Тиймээс дэлхийн хүн төрөлхтний мөнхийн хөдөлгөөнийг монголчууд авч үлдсэнийг монгол бүжгийг үзсэн ямар ч хүн ойлгодог. Тэгэхээр дэлхийн олон ястан үндэстний бүх хөдөлгөөнийг би монгол бүжгэнд шингээсэн байдлаар Монголын бүжгэн жүжиг хийх дуртай.

-Уран бүтээлийн сэд­вээ­сээ хазайгаад нэг зүйл асуу­чихъя. Урт үс­гүй­­гээр С.Сүхбаатарыг харж байгаагүй болохоор тайруулсан бай­гаагаар тө­сөөлж чадах­гүй байна л даа. Энэ уран бүтээлтэй чинь холбоотой юу эвсэл үзэл санааг тань илэрхийлдэг үү?
-Бүгдтэй нь холбоотой. Гэхдээ хааяа үсээ тайрчихмаар санагддаг шүү. Даанч найз нө­хөд эргэн тойрныхон маань зөвшөөрдөггүй. “Энэ бол чиний “Нарны домог”, “Бөхийн дуулал”-аа бичиж явах үеийн тань дурсгал. Үс чинь түүх болж үлдэг” гээд гар хүргэдэггүй юм.

-Тэгэхээр “Нарны до­мог”-оо бичиж байх үеийн тань дурсгал юм чинь их олон жил өнгөрч ээ?
-Тэгэлгүй яахав. 1977 он гэхээр 30 гаруй жил болж байна уу даа. Одоо тайруулахгүй ээ. Урт үстэй байлаа гээд би муухай, зэрлэг харагдахгүй байх. Толийлгож засууллаа гээд ч сайхан харагдахгүй байх. Миний хувьд үс зүсний сайхан биш оюун ухааны мэдлэгийг хамгийн түрүүнд тавьдаг учраас нэг их ач холбогдол өгдөггүй.

-“Нарны домог” анхны тань уран бүтээл байх аа. Хэцүүхэн үед хатуухан шалгуурыг давсан бүтээл гэдэг?
-Үүнийг бүтээснээр Монголын сонгодог урлагийг дэлхийд гайхуулахад хувь нэмэр болсон. Гэхдээ тэр үе надад маш хүнд байсан. Учир нь дээд тэнгэр, бөө мөргөл, хаад, хатдын тухай ярьсан хүн толгойгоо авахуулахаас наахна болж байсан юм. Энэ бүтээлийг хийхээс өмнө би ЗХУ буюу ОХУ-ын Театр урлагийн дээд сургуулийг төгсч ирээд байлаа. Сурч байх хугацаандаа тус улсын уран бүтээлчид өөрийн улсын түүх соёлоо бүтээл болгож дэлхий дахинаа таниулж байхыг харсан болохоор дээрх бүжгэн жүжгийг найруулахаар шийдсэн хэрэг л дээ. Ардчиллын дараа ардчилал яллаа гэж хэлсэндээ хүртэл дээдсүүдээс зэмлэл хүртэж байлаа.

-Ер нь, их зэмлэл хүр­тэж явжээ дээ. Саяхан В.Баттулга гэрэл зурагчны үзэс­гэлэн дээр таарахад бүрх малгай өмссөнийхөө төлөө хөрөнгөтний соё­лыг сурталчилсан гэж шүүмж­лүүлж байснаа ярьсан?
-Яахав, үнэн үг хэлсэн хүнд ноён өшөөтэй. Үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг чинь л тэр. 1980-аад оны сүүлээр АНУ явчихаад ирэхдээ цагаан бүрх малгай авч өмсөөд хэрэндээ л гангараад ирсэн маань шүүмжид өртөхөд хүргэ­сэн. Хөрөнгөтний суртлаар явлаа гээд л...

-Урлагийн холбоо танай гэр бүлээс хэзээ ч тасрахгүй гэдэг нь олон түмний өмнө нэгэнт батлагдсан зүйл л дээ. Магадгүй, та ч гэсэн хүүхдүүдийнхээ амжилт байх?
-Би Амармэндийг эх орон, монгол хүн гэдгээ зоригтой тунхаглаж чаддагт нь сөгддөг. Гэхдээ би түүний өмнө сөгдсөн биш мөргөж байгаа юм. Нэг ёсондоо, өөрийн адисаа хүүдээ тэгж өгч байгаа хэрэг. Энэ бол миний бодлын нэгэн ухаан. Үүнтэй адилаар жижиг Амараа “Аав аа би зүгээр нэг уран бүтээлч байхгүй. Ирээдүйн Монголын урлагийг хөгжүүлэхэд менежмент дутагдаж байгаа учраас гадаадад сурна” гэж тулгасан. Уг нь тэр хүүхдийг морин хуурч, хөгжмийн зохиолч болгоно гэж бодож явсан. Гэтэл менежмент дутагдаж байгааг нь олж харна гэдэг үнэлүүштэй, эх оронч сэтгэл юм. Миний хоёр хүү хар багаасаа л намайг дагаж, тайзан дээр мөлхөж өссөн болохоор эх орон ч сэтгэлгээ мах цусанд нь шингэсэн байна гэдгийг нь одоо л харж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан