Хятад улсад газар хөдлөлт болсны улмаас олон хүн амиа алдаж, шархдаж, хэдэн мянган байр нурсан тун ч таагүй үйл явдал болоод нэлээд хэд хонож байна.
Оросын Онц байдлын яамны хоёр онгоц газар хөдлөлт болсон бүс нутаг руу ослын дараа шаардлагатай бүх л зүйлсийг ачин хөдөлжээ. Хятадын Сычуань мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 200, шархадсан хүн 15 мянга хүрсэн учраас тус улс ийнхүү өөрийн санаачилгаар тусламж явуулжээ.
Газар хөдлөлтийн цөм нь Чэндү хотын ойролцоохь Яань тойргийн Лушань хотын дор байжээ. Хамгийн гол нь, Ил -76 гэдэг энэ онгоц хэдий хэмжээний тусламж авч очих нь чухал биш, бид юу хийж байна вэ гэдэг нь чухал гэжээ.
Хөрш зэргэлдээ улсад нь байгалийн гамшиг тохиолдсон үед улс төрийн харилцаа ямар байснаас үл хамааран тусламж үзүүлдэг нь хүний ёс. Дарангуйлагч авторитар засаглалтай улсууд л ийм гамшгийн үед гадаадын туслалцаа авахгүй гэж муйхарладаг. Жишээлэхэд, Мьянмар улсад болсон аймшигтай үерийн дараагаар дэлхийн нийт тусламж үзүүлэх гэхэд цэргийн эрхтнүүд эсэргүүцсэнээс олон мянган хүний хувь заяа хэцүүдсэн. Хүйтэн дайны үед л байгалийн гамшгийн дараагаар аль нэг улс тусламж авахгүй гэж мэдэгддэг байсан. Японд болсон аймшигтай газар хөдлөлтийн дараагаар дэлхий нийтээс тусламж үзүүлэх гэхэд тус улс татгалзсан хариу өгөхөд бүгд гайхах, уурлах үзэн ядах зэрэгцэн хүлээн авч байсан. Ер нь, аливаа нэг улсын хүч чадлыг харуулдаг зүйл нь байгалийн гамшиг бус гамшгийн үр дагаврыг арилгахын тулд хэр олон тооны улстай харилцан ажиллаж байна вэ гэдэг асуудал. Тийм ч болохоор манай урд хөрш газар хөдлөлтийн үр дагаврыг арилгахын тулд дэлхийн нийтийн төвшинд тусламж авахад бэлэн гэдгээ зарласан хэрэг. Түүний дагуу ч манай хойд хөрш тусламж илгээж байгаа нь энэ.
Дотоод улс төрийн тэмцэл гэх мэт зүйлсээс болж бид нанхиад иргэдэд дургүй байж болох талтай. Тэглээ гээд хүний зовлонг тоохгүй байж үл болно. Харин хөрш зэргэлдээ орны хувьд хамгийн том түншдээ байгалийн гамшиг тохиолдсон үед нь тусламж үзүүлэх нь наанадаж улс төрийн соёл байх.
Тэртээ олон жилийн өмнө Зөвлөлт гэдэг их гүрэн байх үед Арменид газар хөдлөлт болоход манайх үнэхээр чин сэтгэлээрээ тусалж байсныг уншигч та санаж байна уу? Одоо Арменид барилгын тэддүгээр бригадын барьсан цэцэрлэг гээд олон байгууламж байгаа. Тэр үед дээрээс тэг ингэ гэж хүчилдэг байсан хэдий ч тэр олон барилга байгууламжийг шинээр барьж байгуулсан хүнийг “захиргаадах” боломжгүй. Манай хойд хөрш үүнийг сайн мэддэг болохоор онгоц илгээж соёлтойгоо харуулж байна. Бид харин хаана явна?