Төсвийн тухай шинэ хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэдэд мэдээлэл түгээх үүднээс шууд ардчиллын сургагч багш нарыг бэлтгэж байгаа. Өөрөөр хэлбэл, танай хороо, багт ямар ажил хийх нь танаас хамааралтай гэдгийг иргэдэд таниулах ажлыг тэд хийх юм. Мөн ирэх хичээлийн жилээс МУИС, Удирдлагын академийн оюутнуудад орон нутгийн төсөв, шууд ардчиллын талаар хичээл заах аж. Энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Д.Солонготой ярилцлаа.
-Швейцарьт шууд ардчилал хэрхэн хөгжсөнийг судалж, сургалтад суугаад ирсэн гэсэн. Энэ улстай харьцуулбал, манайд шууд ардчилал хөгжих хууль эрх зүйн орчин ямар байна вэ?
-Би сургалтад сууж ирсэн даруйдаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистрантурт суралцаж буй оюутнуудад харьцуулсан судалгааны талаар хичээл орсон. Цаашид сургуулийнхаа сургалтын хөтөлбөрт энэ талаар тусгаж хичээл оруулна. Мөн санхүүгийн эрх зүйн багш нар орон нутагт төсвийн эрх мэдэл шилжсэнтэй холбоотойгоор сургалтад хамрагдаж байгаа. Би хуульч мэргэжилтэй. Үндсэн хуульд бүх эрх ард түмний мэдэлд байна хэмээн заасан. Үүнийг шууд болон төлөөллийн ардчиллын замаар хөгжүүлнэ гэж бий.
Манайх төлөөллийн ардчиллын тухай хангалттай хуульчилж, эрх зүйн болон зохион байгуулалтын төвшинд нэлээд сайн хэрэгжүүлээд явж байгаа. Харин шууд ардчилал хөгжих хууль эрх зүйн орчин үнэхээр хангалтгүй. Бид сарын хугацаанд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 495 хуулийг нэг бүрчлэн үзэж, судалсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн оролцоог хэрхэн хангаж буйг ИТХ, ИНХ, дүүрэг, аймаг, хороо, багийн Засаг дарга гэсэн субьектийн хүрээнд судалж үзэхэд 121 хууль үүнд холбоотой байсан. Ийм олон хууль хэрэгжиж байхад хангалттай юм биш үү гэсэн ойлголт хөндлөнгийн хүнд төрөхөөр байгаа ч ерөнхий зохицуулалт орсон болохоос биш хэрэгжүүлэх, хангах арга замын талаар тусгаагүй байгаа юм. Мөн уг хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд хэнд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг орхигдуулсан байх жишээтэй.
-Энэ талаарх хуулийн төслийг Засгийн газарт өргөн мэдүүлээд байгаа гэсэн. Уг хуулийн төсөлд дээрх заалтуудыг нарийвчлан тусгаж өгсөн үү?
-Хуулийн төсөл боловсруулахдаа судалгаа хийж, энэ талаарх заалтыг тусгаж өгнө. Би 30 гаруй жил багшийн ажил хийж байна. Энэ хугацаанд Монгол болон гадаад орнуудын Үндсэн хуулийн эрх зүй гэсэн хичээл зааж, мэргэшиж байв. Өнгөрсөн хугацаанд оюутнуудаас болон сургалтад хамрагдаж байсан хүмүүсээс “Хороо, багийнхаа иргэдийн нийтийнхээ хуралд оролцож байсан уу” гэхэд ихэнх нь “Үгүй” гэсэн хариулт хэлдэг. Ямар нэг шийдвэр гаргахад иргэд өөрийнхөө хувь нэмрийг оруулдаг болчихвол тэд дуртайяа хуралдаа очно шүү дээ. Тухайн иргэний амьдарч буй хороонд сургууль, цэцэрлэг барих, зам, гэрэлтүүлэг тавих талаар ярилцана гэвэл хүн бүр саналаа өгөх гэж оролцоно. Тиймээс одоо боловсруулах хуулийн төсөлд иргэдийг татан оролцуулах, тэдний саналаар шийдвэр гардаг болчихвол идэвхи нь сайжирна. Ингэхийн тулд зар мэдээг хэн, яаж хүргэх эсэх талаар журам боловсруулж, хуульчилж өгөхгүй бол ямар ч нэмэргүй. Одоогийн мөрдөгдөж буй хуульд төдөн өрхөөс төлөөлөл оролцож, хүн амынх нь тодорхой хувь оролцвол ирц хүчинтэй байна гэж заасан. Энэ бүхнийг судалж үзнэ. Иргэдийн ярьж буйгаар тодорхой тооны хүмүүс л хуралд суудаг юм шиг байгаа юм. Үүний үнэн мөнийг тогтоохоор ажиллана. Нийт иргэдэд хамааралтай байлгахад зохицуулалт шаардлагатай. Шууд ардчиллыг орон нутгийн санал асуулга тал руу чиглүүлж, иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулан ая тухтай орчинг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Бүхий л асуудлыг иргэдийн саналаар хэлэлцүүлнэ гээд явчихвал хэтэрхий туйлширсан, өрөөсгөл болно. Тэгээд ч хүмүүсийн ухамсрын төвшин, соёл, боловсролын ялгаа гарсан энэ үед нэг талыг барьсан тодорхой бүлэг хүмүүсийн эрх ашгийг хангасан нөгөөг нь орхигдуулсан шийдвэр гарахад ч нөлөөлж болзошгүй.
-Одоо боловсруулах гэж буй хуулийн төсөлд шууд ардчиллын өлгий болох Швейцарийн туршлагаас тусгах уу?
-Тусгана. Бидний сургалтад хамрагдсан газраас сургалтын материалыг цахим хэлбэрээр ирүүлсэн. Энэ материалуудыг хөрвүүлэн гарын авлага болгож нийтийн хүртээл болгох бодолтой байна. Швейцарьт шууд ардчиллыг хэрэгжүүлдэг маш олон хэлбэр бий. Бид шууд ардчиллыг хөгжүүлэхэд сэтгэлийн хөөрлөөр хандах бус хууль эрх зүйтэй болох ёстой. Парламентаас үлгэрчилсэн хууль гаргадаг болчихвол тэр хуулинд нь нийцүүлээд орон нутаг өөрийнхөө онцлогийг тусгасан эрх зүйн баримт бичгээ гаргаад хэрэгжүүлдэг жишиг тогтвол зүгээр. Түүнээс биш бүх зүйлийг хуулиар зохицуулна гэдэг хэцүү. Манай улсын хувьд орон нутгийн хүн амын нягтрал, газар нутгийн хэмжээ, газарзүйн байрлалаас эхлээд хөгжлийн төвшингөөрөө Швейцараас өөр. Нэг хууль батлаад бүгдийг нь мөрд гэх нь хэр оновчтой байх бол. Тиймээс нийтлэг нөхцөлийг хуульчилж өгөөд, орон нутаг нь хуулийн хүрээнд дүрэм журмаа батлаад явах нь оновчтой. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд орон нутагтаа эрх зүйн хэм хэмжээний шийдвэр, акт батлан гаргах эрх Үндсэн хуулиар олгогдсон. Өнөөг хүртэл гарсан актуудын 5-6 хувь нь эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байдаг юм билээ. Үүнийг хэрэгжүүлж чадахгүй байгаа нь мэдлэггүйгээс болохыг үгүйсгэхгүй. Тиймээс шинээр сонгогдсон орон нутгийн удирдлагуудыг гарын авлагаар хангаж, сургалт явуулах шаардлагатай байна. Асуудлаа ойлгоогүй байтал дөрвөн жилээ нь дуусчихдаг. УИХ, ИТХ гэдэг курс, дамжаа биш шүү дээ. Мэддэг, чаддаг хүний ажлын талбар. Гэтэл юу гаргаж, хэлэлцэхээ сайн мэдэхгүй байсаар дөрвөн жилийг үдэх нь нийгмийн амьдралд хор хохиролтой гэж боддог.
-Та аль дүүргийн хэддүгээр хороонд оршин суудаг вэ. Орон нутагт төсвийн эрх мэдэл шилжсэнтэй холбогдуулан өөрийн амьдардаг хорооныхоо үйл ажиллагаанд хэрхэн оролцож байна вэ?
-Би Хан-Уул дүүргийн XI хороонд оршин суудаг. Нэг ч удаа хорооныхоо иргэдийн нийтийн хуралд оролцож үзээгүй. Зар хүлээж аваад санаатай болон санамсаргүйгээр очоогүй юм биш. Би энэ хороонд 12 жил амьдарч байгаа ч надад нэг ч удаа нийтийн хурал болох зар ирээгүй. Иргэнийхээ хувьд хорооны тодорхойлолт авах гээд хааяа очихдоо “Иргэдийн нийтийн хурал болсон уу” гэхээр “Болчихсон” гэдэг. Нийтийн зар мэдээ түгээх аргыг оновчтой сонгож, хуульчлан албан ёсоор хэрэгжүүлэхгүй бол зарласан, зарлаагүй гэсэн яриад гараад өнгөрч байна. Нийтийн зар түгээх нь шууд ардчиллыг хөгжүүлэх маш том хэлбэрийн нэг юм.
-Иргэдийн нийтийнхээ хуралд очвол орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрсөн мөнгийг нэн түрүүнд юунд зарцуулах ёстой гэж та хэлэх вэ?
-Манай хороо орон сууц ихтэй. Гэхдээ Зайсанд гэр хорооллын цөөн тооны өрх бий. Энэ өрхүүдийн газрыг чөлөөлнө гэсэн яриа их гардаг. Тэр өрхүүдийн төлөөлөл “Бидний газрыг чөлөөлж, орон сууцны хотхон барина гэсэн” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсныг сонссон. Хэрэв үнэхээр тэнд олон жил амьдарсан иргэдийн газрыг чөлөөлөөд орон сууцны хотхон барина гэж байгаа бол шударга биш. Тиймээс үнэн байдлыг тогтоох, тодорхойлох хэрэгтэй. Тэр утгаараа иргэдийн нийтийн хурал болоход газрын маргаантай байгаа иргэд албан ёсны зөвшөөрөл, бичиг баримт зэрэг бүх зүйлээ авчирч үзүүлдэг, тэндээсээ гарах гарцаа тодорхойлдог зарчмаар явах нь оновчтой.