Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхтэй газар зохион байгуулалт өмчлөх, эзэмших эрхийн талаархи зарим асуудлаар ярилцлаа.
-Шинэ нэр эрх үүрэгтэй болжээ, газрын албаныхан. Хэр зохицож ажиллаж байна даа?
-Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба гэсэн статустай болсон. Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа, дээр нь өмчид хяналт тавих эрх үүрэг ногдсон. Гэхдээ дүүрэгт, өөрөөр хэлбэл бидэнд энэ үүрэг нь хараахан ирээгүй. Хуучнаараа газрын албаныхаа үйл ажиллагааг явуулж байна.
Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны алба нь 287 мянган хүн амд, 243 мянган га талбайд Газар зохион байгуулах хуулийн дагуу, иргэдийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу газар зохион байгуулах үйл ажиллагаагаа явуулдаг. Бид 15 мэргэжилтэнтэй, нийт 19 хүний орон тоотой байгаа. Гэхдээ яг газар зохион байгуулагч, байцаагчаар таван хүн ажиллаж байна. Дүүрэг маань 28 хороотой гэхээр нэг байцаагчид таваас зургаан хороо ногддог.
-Маш их ачаалалтай жилладаг юм байна даа?
-Өнөөдөр манай Өмч, газрын харилцааны алба бодит байдалд хүрч ажиллах боломжгүй болсон байгууллага гэж хэлж болох юм. Өмнө нь газрын харилцаа одоогийн төвшинд хүрч хөгжөөгүй, газар үнэд ороогүй байсан учраас газрын талаархи хүмүүсийн сонирхол ч өөр байж. Одоо газраа эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн хүмүүсийн сонирхол ихсэх тусам манай алба зохион байгуулалтаа өөрчлөх шаардлага гарч байгаа юм. Ардчилсан нам нийслэлд сонгуульд ялсан гол зүйл бол газрыг зөв зохион байгуулалтанд орох асуудлыг сөхөж тавьсанд гэж би боддог. Одоо үүнийг хэрэгжүүлэх хамгийн гол байгууллага нь энэ газрын албаныхан шүү дээ.
-Мэдээж, энэ зохион байгуулалтаар олон жил ажилласан. Газрын зохион байгуулалт муу, газрын алба эрх ашгийн зөрчилтэй гээд муу нэртэй явдгийн нэг шалтгаан энэ их ачаалал ч байж болох юм?
-Хүчин чадал нь хүрч чадахгүй байгууллага чинь ухамсартай төлөвлөлт хийж чаддаггүй юм байна. Газрынхаа судалгааг ч гаргаж чадахгүй. Гэтэл судалгаан дээр тулгуурлаж хотын төлөвлөлт, газар зохион байгуулалтаа хийхгүй юм бол ажил явдаггүй. Явах байтугай хор хохирол учруулдаг. Ийм байдалд хүрсэн байгууллагыг цаашид зүтгүүлээд байвал хүнд. Ямар ч чадамжгүй болчихсон ийм байгууллагыг манайхаас бусад оронд ажлыг нь шууд зогсоодог. Тэгээд цаашид ямар хувилбараар ажиллах вэ гэдгээ шийдвэрлэж байж ажлаа эхлүүлдэг.
-Үйл ажиллагааг нь зогсооно гэхээр их ноцтой байдалд хүрсэн гэж ойлгож байна л даа?
-Чадамжгүй байгууллагын үйл ажилллагаа нь зогсоосноосоо илүү хор хохирол учруулдаг юм байна. Жишээ нь, Өнөөдөр хэчнээн газарт олон давхар байшин зөвшөөрөлгүй барьчихсан байгаа билээ. Газар зохион байгуулалт хариуцсан байгууллага маань үүнд хяналт тавьж чадаж байгаа бил үү. Уг нь ямар ч барилга зөвшөөрөлгүй бариулахгүй газраа харж хамгаалж байх ёстой. Гэтэл энэ таван байцаагч маань иргэдтэйгээ зууралдсаар өдрийг бардаг. Ганцхан пүрэв гаригт албан ёсоор дотоод ажлын өдөр гэж гаргадаг. Харамсалтай нь долоо хоногт ингэж нэг өдөр гаргаад ч 28 хорооны газар зохион байгуулалтыг хянаж чадахгүй. Өөр ноцтой зүйл бол ухамсартай төлөвлөлт хийгдээгүйгээс ундны усны эх дээр баахан газар олгоод, барилга барьчихсан. Үүнийг одоо яах вэ гэхээр тэр чинь хүний өмч. Өч төчнөөн сая төгрөгөөр барьчихсан. Бүүр эзэмших гэрчилгээ нь бий. Эрхзүйн хувьд ийм гэрчилгээтэй бол миний өмч, надад улс нөхөн төлбөр өгөх ёстой гэсэн асуудал гарна. Тэгэхээр манай бүтцийг хүчирхэгжүүлэхэд гарах зардал энэ замбараагүй байдлыг цэгцлэхээс хамаагүй бага юм. Манайхан үүнийг огт тооцож үздэггүй.
-Тэгэхээр таны ажил эндээс л эхэлжээ дээ?
-Ажлаа иргэдтэй уулзахаас эхэлсэн. Хэдийгээр газар зохион байгуулалтын мэргэжилтнүүд маань иргэдтэй уулзаад асуудлыг судалж, мэдээллийн сангаасаа шүүгээд цаашид хуулийн дагуу олгож болох эсэхийг хянаад шийдвэрлэх ёстой. Тэгэхээр би ч гэсэн байцаагчтайгаа яг адилхан ажил хийлээ. Гэхдээ иргэдийн саналыг сонсохдоо тэдэнд яг юу хэрэгтэй байгааг мэдье гэж зорьсон. Тэгээд нэг байцаагч өдөрт яг хэдэн хүнтэй уулзаж байгааг гаргаад ир гэхэд нэг байцаагч 50-60 хүнтэй уулзсан гэсэн тоо гарсан. Би энд гурван сар ажиллахдаа байдлыг маш сайн ойлголоо. Тэгэхээр цаашид ингээд хуучнаар нь байлгах уу гэдэг асуулт өөртөө тавьсан.
-Уулзана гэдэг чинь асуудлыг нь шийдээд өгчихсөн гэсэн үг биш. Зарим нь маргааш нь ахиад л ороод ирнэ?
-Үнэхээр тийм. Зөвхөн манай дүүргийн иргэн төдийгүй өөр дүүргээс ч бидэнд ханддаг. Тэгэхээр зөвхөн энэ тооноос байгууллага маань ажлын ачааллаа дааж ажиллах чадамжгүй болоод байна гэдэг нь харагдаж буй юм. Үүнийг өөрчилнө гэхээр бүтэц, зохион байгуулалт, орон тоо гээд яриад явчихна. Дээрээс нь хүмүүсийн харилцааны зөрчил маш их байна.
-Шинэчлэлийн Засгийн газрын нэг зорилт бол бараг иргэн бүртэй тулж ажиллаж, иргэдэд нээлттэй засаг буй болгох гээд байгаа шүү дээ?
-Ажлаа хүлээж авчихаад албан хаагчаасаа “Та нар төрийн ямар албан хаагч билээ” гэхэд төрийн захиргааных гэж хариулж билээ. Шинэчлэлийн Засгийн газрын барьж байгаа бодлогоор бол төрийн нийтийн албаны хэв шинж рүү бид явна. Тэгж ойлгоорой. Хэрвээ иргэдтэй харилцах харилцаандаа өөрийнхөө суудал дээр гурван удаа ёс зүйн зөрчил гаргавал би та нартай хамтарч ажиллахгүй гэдгээ тавина. Би хэдхэн хоногийн өмнө энд гомдол мэдүүлээд явж байсан иргэн байна шүү” гэж их л хатуу шаардлага тавьж ажиллана гэж байсан ч дотор нь ажиллаад эхлэхээр энэ бол өрөөсгөл шаардлага гэдэг нь мэдрэгдэж эхэлж байгаа юм. Ийм их ачаалалтай хүнд нөхцөлд бухимдахгүй байх арга алга. Зарим нь таягаараа байцаагчийг маань цохиж байгаа ч харагдах юм. Эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хүн ч орж ирж байна.
-Үүнээс гарах гарц нь юу байна, та олж харав уу?
-Өөрийнхөө боломжоор ажлын байрны шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзээд нэг жижиг төсөл хийсэн. Үүнийгээ дүүргийнхээ Засаг даргад санал болгосон. Засаг дарга өөрийнх нь ажлын эрх үүргийн хүрээнд хамрагдах төсөл байсан учраас тун сайн дэмжсэн. Түүнээс миний хувьд нийслэлээс тушаал гарч, тэндээс шууд удирдлагатай байдаг хүн. Засаг даргын шийдэж өгсөн жаахан мөнгөөр иргэдэд мэдээлэл өгөх, бүртгэх, байцаагчтайгаа зөвшилцөх зэрэг ажлыг хийх гэрээт угтагч ажиллуулахаар төлөвлөөд байна. Дээрээс нь, хамгийн гол нь мэдээлэл учраас электрон самбар ажиллуулна. Үүнээс гадна нийслэлд бас хүсэлт тавьсан. Гэрээт хоёр хүний цалин шийдэж өгөөч гэж.
-Орон тооны асуудал яригдахаар хүн нэмлээ, төрийн албан хаагчийн орон тоо нэмэгдлээ гээд л асуудал босно доо?
-Бид иргэдийн төлөө ажиллах үүрэгтэй томилогдсон. Тэгэхээр манай алба хаалган дээрээ гэрээт албан хаагч авья гэж байгаа юм. Учир нь төрийн албан хаагч иргэний харилцааг хөндлөнгийн субьект хянаж байх хэрэгтэй байна. Байцаагчдын маань талаар хүмүүс үнэд орлоо, гар харлаа энэ тэр гээд гомдол мэдүүлдэг. Тэгвэл байцаагчийг шууд иргэнтэй нь харилцуулалгүй угтагч нь иргэнээс материалыг нь хүлээж аваад болох болохгүйг нь зөвлөөд тэгээд байцаагчдаа шийдэх төвшинд шилжүүлдэг болгочихьё. Хэрвээ үнэхээр иргэдийн хэлээд байдаг гомдол нь ахиад гарвал би байцаагчдаа, угтагчдаа хариуцлага тооцъё.
-Та хүндээ хариуцлага тооцдог юм байж. Харин таны байцаагч газар зөвшөөрөлгүй хөндсөн иргэнд ямар хариуцлага тооцдог юм бэ?
-Газрын тухай хуульд зөвшөөрөлгүй газарт буугаад газар хөндөөд байшин барилга барьчихсан тохиолдолд тооцох хариуцлага гэж байдаггүй. Тэгэхээр өнөөдөр байгууллагын хэмжээнд хийж байгаа дээрх ажил бол яг үнэндээ дотооддоо өнөө маргаашаа аргацаах л хэмжээний зүйл. Хэрвээ ирээдүйгээ харсан төлөвлөлт хийгээд зөв газар зохион байгуулалттай болъё гэвэл газрын албаныхныг хүчтэй болгох хэрэгтэй. Яг үнэндээ бидэнд сард 150 мянган төгрөгийн бензиний зардал л өгдөг. Тэгээд жижиг сажиг зардлаа дандаа гуйврын маягаар нийслэлээс хүсч байж хийдэг.
-Энэ жилийн хувьд ингээд аргацаадаг юм байж. Ирэх жил бас л иймэрхүү шалтаг шалтгаантай байвал хэцүү еэ?
-2014 оны төсвийн төслийн санал авсан. Миний хувьд 31 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах, хоёр жолоочтой, гадуур хяналт тавьдаг 4 газар зохион байгуулагчтай байхаар санал өгсөн. Хэрвээ батлагдвал хоёр газар зохион байгуулагч маань өдөржин гадуур явах ёстой. Газартай холбоотой гомдол, зөрчлийн дутагдал ирэхгүй болтол нь тухай бүрт нь зохион байгуулж, хяналтаа хийж чаддаг байх ёстой.
-Хорооноос мэдээллээ авч ажилладаг биз дээ?
-Хорооны Засаг даргатай нягт хамтарч ажиллаж байна. Гэвч хорооны Засаг даргын үндсэн үүрэг биш учраас үргэлж газар хянаад байна гэж үгүй. Иргэдээс мэдээлэл ирдэг л дээ. Гэхдээ л ажил хэргийн хэмжээнд биш.
-Цэцэрлэг барих ч газар олдохгүй байна гэсэн сурагч сонсогдож байсан?
-Манай дүүрэгт энэ жил түүхэндээ анх удаа цэцэрлэг сургуулийн 17 обьект баригдах гээд төсөв мөнгө шийдэгдсэн. Гэтэл тэр цэцэрлэгээ барих газар алга. Иргэд дээр очихоор ална уу, тална уу яавал чиг яа би газраа өгч чадахгүй гэдэг. Өөрсдийнх нь төлөө барьж өгөх гэж байна гэж хэн ч боддоггүй. Тэгэхээр энэ маань үндсэндээ төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт муугаас үүдсэн хэрэг. Хэрвээ энэ сайн байсан бол иргэдийн хашааг буулгах ч үгүй, бид очиж гуйх ч үгүй ажил төлөвлөгөөнийхөө дагуу л явах ёстой.
-Газар эзэмших эрх цуцалсан талаар яригдаж байсан ?
-Саяхан зөвхөн Баянзүрх дүүрэгт 56 газар эзэмших эрхийг цуцалсан. Үнэндээ газрынхаа судалгааг бүрэн гаргачихаад төлөвлөлтөө хийх ёстой. Гэтэл энэ талаархи судалгаа алга. Мэдээллийн сан дээрээс шүүгээд тэр судалгаагаа бариад эхнээс нь хорооныхоо нутаг дэвсгэрээр самнаж байна. 14 байцаагчаа бүгдийг нь командлаад зөвхөн 11 дүгээр хороог самнахад бид 2,5 өдөр зарцуулсан. Тэгээд план зураг гаргаад гараар зурахыг нь зурж үзээд 53 аж ахуйн нэгжийн эрхийг цуцлахаар байгаа юм. Мэдээж хууль зөрчсөн болоод л цуцлагдаж байгаа юм шүү. Үүний дараа 20 дугаар хороо руу орохоор бэлтгэж байна. 20 дугаар хороо бол нэг амыг нь хянахад л бөөн асуудал үүсдэг газар. Намайг ирээд л хамаг эрхийг нь цуцлаад байгаа юм шиг зарим хүн бодож л байх шиг байна. Гэхдээ миний хувьд хийх ёстой ажлаа л хийж байна.
-Кадастрын байгууллагуудын хувьд баахан хувийн компаниуд болж. Гэтэл иргэд кадастр хийлгэсэн л бол эзэмших зөвшөөрөл авчихсан юм шиг газрын наймаа хийгээд байдаг?
-Өө тэр чинь ёстой сурцтай хийдэг зүйл болчихож. Кадастрын байгууллагатай холбоотой зөрчил их байдаг. Худлаа кадастр гаргадаг нь ч бий. Дүүрэгт ийм үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага хэд байгааг судлаад өрөөндөө цуглуулаад уулзая. Хэрвээ цаашид худлаа кадастр гаргаж өгсөн тохиолдол гарвал ямар хариуцлага хүлээх ёстойг нь хэлье гэж байгаа. Тендерээр кадастрын зөвлөх байгууллага шалгаруулж, хамгийн хямдхан үнээр хийж чадна гэснийг нь оруулчихна. Хамгийн гол нь, чадамж сайтай байх ёстой. Манай хяналт дор хянуулдаг байх ёстой.
-Одоогоор Баянзүрх дүүргийн газрын алба яг ямар үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, шинээр газар олгохгүй байгаа гэхээр үүнийг асууж байна л даа?
-Өмчлөх эрхээ баталгаажуулах эрх иргэдэд бий. Эзэмших гэрчилгээ авсан иргэд маань өмчлөх эрхээ эдэлнэ. Харин шинээр газар эзэмших, эзэмшүүлэх үйл ажиллагаа зогсчихсон байна. Гэхдээ тухайн нэгж талбай дээрээ суурьшаад хоёроос дээш жил болчихсон хүмүүст үйлчилгээ үзүүлж байна. Дээрээс нь эрх шилжүүлэх, мөн эзэмших эрхийнх нь хугацаа нь дууссан иргэд зориулалтын дагуу ашигласан нэгж талбайнхаа эрхийг сунгах ажил явагдаж байна.
-Газрын нөөцийн хувьд ямар байгаа вэ?
-Нөөц бол яг үнэндээ алга. Бүүр хол байгаа амууд руу ч хүмүүс орчихсон байна. “Одоо энд хоосон байна . За ав” гээд өгч болохгүй байна. Сургууль цэцэрлэгтээ ч талбай олдохгүй болчихож. 21 дүгээр хороонд очоод иргэдтэй уулзахад бидэнд газар өгөхгүй гэж хориглочихоод яахаараа сургууль цэцэрлэгт өгч байгаа юм хэмээн өөдөөс асуугаад зогсч байдаг. Ухамсар бол ийм л хэмжээнд байгаа. Маш зөв, хатуу зохион байгуулалтад орохгүй бол газар Дашбалбар агсны хэлсэн үг санаанд ороод байна. Тэгэхээр иргэддээ хэлэхэд үнэхээр газар худалдан авах эрх шилжүүлэх ажиллагаа хийх гэж байгаа бол манай дээр ирээд лавлагаа аваарай. Лавлагаа авах эрх бол хүн бүрт нээлттэй. Яагаад гэвэл би энэ нэгж талбайг авах гэсэн юм. Хуулиар үүнийг авч болох уу гэвэл гаргаад л өгнө.