Урин цаг ирж газар тариалан, уул уурхайн ажил өрнөж манай улсын эдийн засгийн идвэхжил эхэлдэг. Чухам энэ л үед манай улсын шатахууны хэрэглээ эрс нэмэгддэг билээ. Газрын тосны газраас гаргасан тооцоогоор эдүгээ улсын хэмжээнд дунджаар 31 хоногийн нөөцтэй гэж байна. Гэвч шатахуун тус бүрийн нөөц харилцан адилгүй байгаа юм. Тухайлбал А-80 авто бензин 37, Аи-92 авто бензин 32, дизелийн түлш 20 хоногийн нөөцтэй аж.
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнбулган “Шатахуун хангамжийн асуудал дээр ахиц дэвшил гарч байгаа. Хятадын “Чайна ойл” компанитай бүтээгдэхүүн худалдан авах гэрээ байгуулсан. Мөн БНСУ, Белрусс, Швейцариас шатахуун авна. Ирэх сард шатахууны үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр буурна гэдгийг албан ёсоор хэлье. Цаашид үнэ өсгөхгүй тогтвортой байлгах чиглэлээр ажиллаж байна” гэсэн билээ. Мөн шатахууны хангамж үнэ ханшийн талаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Хятадын талтай олон улсын зах зээлийн ханшид суурилсан үнэ тохирч шатахуун авахаар болсон. Мөн ОХУ-ын “Роснефть” компанитай олон улсын биржийн үнээр тохирох томъёог хэлэлцэж байна. Одоогоор урьдчилан санал солилцож тохирох шатандаа явж байгаа. Урд нь “Роснефть” компани манайд шатахуун нийлүүлэх үнээ сар бүрийн эцэст өгдөг байсан. Ингээд голдуу нэмэгддэг хааяа хямдраад ирдэг байв. Гэтэл энэ үнэ нь олон улсын зах зээлийнхтэй нийцсэн зүйл байдаггүй байсан. Өнөөдөр энэ байдлаас ангижирсан. Бас ОХУ-ын хэд хэдэн компаниас шатахуун авах гэрээ хэлцэл ч хийсэн байгаа” гэв.
Тэгэхээр жил бүрийн хавар хэрэглээ нь өсөхөөр дагаад нэмэгддэг шатахууны үнэ эдүгээ буурах нь. Нөгөө талаар өссөн л бол эргээд бууддаггүй царцанги хөшүүн байдал нь арилж зах зээлийн үнэтэй уялдаж уян хатан тогтох боломж анх удаа гарч байгаа ажээ. Энэ он гарсны дараахан манай талаас ОХУ-ын “Роснефть” компанид ”Шатахууны үнэ зах зээлийнхээс хэтэрхий өндөр байна. Иймд бүтээгдэхүүнийхээ үнийг буулгаач гэсэн санал тавьсан. Тэгээд шатахууны нийлүүлэлт, үнэ ханшийн талаар хэд хэдэн удаа уулзаж хэлэлцээр хийсэн юм. Үүний үр дүнд тус компани бүтээгдэхүүнийхээ үнийг олон улсын жишигт нийцүүлж дэлхийн зах зээлийн ханшид суурилсан аргачлалаар тооцох санал ирүүлсэн байна. Нөгөө талаар “Роснефть” компанийн шатахууны үнэ сүүлийн саруудад бусад нийлүүлэгчийнхээс хэт өндөр байж. Иймд тус компанийн манай улсад нийлүүлэх шатахууны хэмжээ нь огцом буурчээ. Жишээлбэл энэ оны эхний улиралд тус компаниас гэрээний дагуу хамгийн багадаа 135 мянган тонн бүтээгдэхүүн авах ёстой байв. Гэвч үнэ нь хэт өндөр байсан тул манай улсын шатахуун импортлогчид нийтдээ 65 мянган тонн бүтээгдэхүүн л авсан аж.
Эдүгээ Хятадын “Чайна-Ойл” компанийн Хөх хотын салбар үйлдвэрээс шатахуун тогтмол авах гэрээ хийжээ. Тэгэхдээ “НИК”, “Магнай трейд”, “Шунхлай” компаниуд эхний ээлжинд сард хамгийн багадаа 4000 тонн шатахуун авна. Цаашид 10 мянган тонн хүртэл нэмэгдүүлэх юм. Хятадын “Чайна-Ойл” компанийн нийлүүлэх уг шатахуун нь “Монгол-93” нэртэй байх аж. Энэ шатахуун авах гэрээний нэг онцлог нь “Чайна-Ойл” компаниас нийлүүлэх шатахууны үнийг Монгол Улсаас БНХАУ-д экспортолж байгаа түүхий газрын тосны үнийг суурь болгосон томьёолол дээр үндэслэхээр тохиролцсон явдал юм. Монгол Улсын экспортолж буй газрын газрын тос Сингапурын бирж дээр “Дачин-33” гэдэг маркийн үнээр борлогддог аж. Уг маркийн газрын тос өнгөрсөн нэгдүгээр сард нэг тонн нь дундажаар 850 орчим ам.доллар байв. Үүнийг баррельд шилжүүлэн тооцвол нэг баррель нь 110 орчим ам.долларт хүрчээ. Харин энэ сарын дундаж үнэ нэг тонн 700 ам.доллар байгаа. Тэгэхээр нэг баррель нь 90 гаруй ам.доллар болох юм. Ойрын хугацаанд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх дүр зураг ажиглагдахгүй байна гэж шинжээчид үзэж буй. Иймд цаашид манай улсын импортын шатахууны үнэ, хангамж тогтвортой байна гэж ойлгож болох нь.