Манай улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хуралд гадаадын 104 орны 1215 төлөөлөгч оролцож байна.
Монгол Улс АОХН-ийг даргалагчийн хувьд өндөр төвшний эл хурлыг зохион байгуулах эрх өвөртөлсөн билээ. Тодруулбал, одоогоос хоёр жилийн өмнө Литва улсаас дэлхийн 150 орныг эгнээндээ нэгтгэсэн АОХН-ийг даргалах эрхийг шилжүүлэн авсан юм. Ингэхдээ иргэдийн ардчиллын боловсролд түлхүү анхаарч, авлигатай тууштай тэмцэхийг улс орнуудад уриалж байлаа. Харин өнөөдөр Монгол Улс тус нийгэмлэгийн тугийг дараагийн даргалагч орон болох Эль Сальвадорт шилжүүлнэ.
АОХН-ийн Сайд нарын VII бага хурал өнгөрсөн бямба гарагт Чуулга уулзалтын төлөөлөгчдийн хамтарсан хуралдаанаар эхэлсэн юм. Энэ хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж үг хэлэв. Тэрээр Монгол Улс 23 жилийн өмнө ардчилсан тогтолцоонд шилжсэнийг дурдаад “Ардчиллыг бэхжүүлнэ, түүнийг хамгаална гэдэг нь ард түмнээ эх орондоо сайн сайхан амьдруулна гэсэн үг. Ямар ч улсад бэрхшээл байдаг. Бэрхшээлийг даван гарах, төр засаг асуудлаа шийдэх хамгийн чухал арга зам бол иргэдтэйгээ хамтран ажиллах, тэдний оролцоог нэмэгдүүлэх явдал. Ингэж байж хөрсөнд буугаад буй ардчиллын үнэт зүйлийг хадгалж, улам хөгжүүлэх болно” гэж онцлон хэлсэн юм. Түүнчлэн “Хий хоосон дүр эсгэсэн ардчилал бус жинхэнэ ардчиллыг хөхиүлэн дэмжих” зорилт тавьсан АОХН-ийг хоёр жилийн хугацаанд даргалсан нь манай улсын хувьд нэр төрийн хэрэг байлаа гэв.
Чуулга уулзалтын төлөөлөгчдийн хамтарсан хуралдааны дараа салбар хуралдаанууд эхэлсэн. Өөрөөр хэлбэл, АОХН-ийн Сайд нарын VII бага хурлын хүрээнд Парламентчдын, Эмэгтэйчүүдийн, Залуучуудын, Иргэний нийгмийн, Бизнесийн чуулга уулзалт өнгөрсөн бямба, ням гарагт үргэлжиллээ. Салбар чуулга уулзалт тус бүр ардчиллын талаар зөвлөлдөж, бодлогын баримт бичиг боловсруулснаа өнөөдөр болох Сайд нарын VII бага хуралд хүргүүлэх юм байна. Гадаадын улс орнуудаас ирсэн зочид, төлөөлөгчид “Монголын ардчилал өсөн бойжиж, насанд хүрчээ” хэмээн дүгнэж, нэг нийгмээс нөгөөд шилжих шилжилтээ тайван замаар хийснийг бусдад үлгэр дуурайл болох ёстой гэдгийг хэлж байлаа.
Салбар чуулга уулзалтуудаар өөр нэг хөндсөн асуудал бол авлига. Авлига бол ардчиллын дайсан гэдгийг дэлхийн томоохон эрдэмтэд судалж, тогтоосон учир мэдээж, энэ сэдвийг хөндөхгүй өнгөрөх ёсгүй. Тиймдээ ч Монгол Улсын санаачилгаар АОХН-ийн Сайд нарын VII бага хуралд авлигыг онцолж байгаа юм.
Өмнөх хоёр өдөр салбар хуралдаанууд үргэлжилсэн бол өнөөдөр Сайд нарын VII бага хурлын нээлт Төрийн ордны их танхимд болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинават, Коста Рикагийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Альфио Пива Месен, Нигерийн Дэд Ерөнхийлөгч Намада Самбо, Европын комиссын Дэд Ерөнхийлөгч Катринь Аштон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Кассын Жомарт Токаев, Нобелийн шагналт Ан Сан Сү Чи, Таваккол Карман, АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Лайсснар нар тэргүүлэгчдийн ширээнд суух юм. Түүнчлэн “Иргэний нийгэм, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд учир буй аюул” сэдэвт улс төр, нийгмийн хамтарсан хуралдаан, “Ардчиллын боловсрол”, “Авлига ба ардчилалд учирч буй бусад аюул”, “Арабын хаврын хоёр жил: Сурамж ба сорилтууд”, “Ардчилал ба Мянганы хөгжлийн зорилтууд”, “Онлайн болон хэвлэлийн эрх чөлөө” гэсэн сэдэвчилсэн салбар хуралдаан болно.
Хүчирхэг эмэгтэйчүүд хүчирхэг ардчиллыг бий болгодог
Манай улсад өнгөрсөн бямба гарагт эхэлсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII хуралдааны салбар хурал Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт боллоо. “Хүчирхэг эмэгтэйчүүд-хүчирхэг ардчилал” сэдэвтэй энэхүү чуулганыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нээж үг хэлэв. Түүний дараа АНУ-ын Төрийн Департментын Туслах нарийн бичгийн дарга хатагтай Сара Менделсон, Азийн сангийн Монгол дахь төлөөлөгч хатагтай М.Линдберг, “Зориг” сангийн гүйцэтгэх захирал Г.Бадруун нар мөн үг хэлж чуулганыг нээсэн. Эмэгтэйчүүдийн манлайлал ардчилалд хэрхэн нөлөө үзүүлж чаддаг, ямар чухал үүрэгтэйг тэдний үгэнд хэдэнтэй онцолсон байлаа. Хүчирхэг эмэгтэйчүүд үгүйгээр хүчирхэг ардчиллыг ч мөн төсөөлөхөд бэрх талаар илтгэлүүдэд дурдагдав.
Энэхүү эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үндсэн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тавьсан юм. Тэрээр “Ардчилсан нийгэм дэх эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт илтгэлдээ нийгмийн чухал салбарыг дандаа эмэгтэйчүүд авч явааг тоо баримттай нь хөндлөө. Өдгөө парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 17 хувьд хүрсэн нь манай улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт хэмээн тайлбарласан юм. 2008-2012 оны парламентад эмэгтэй гишүүдийн төлөөлөл ердөө 3.9 хувь байсан бол өнөөдөр 17 хувьд хүрч, УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг байгуулан ажиллаж байгааг ч хэлсэн. Засгийн газрын төвшинд яам тэргүүлсэн сайд гурав, дэд сайдын албыг хоёр эмэгтэй хүн хашиж буйг мөн тэрээр илтгэлдээ өгүүлж, энэ нь өмнөх үеэ бодвол эмэгтэйчүүдийн оролцоо дээшилж буй жишээ гэв. Эмэгтэйчүүд илүү их хөдөлмөрлөж байж улс төрд амжилтад хүрдэг учир тэднийг дэмжиж, аливаа үйл ажиллагааг сурталчлах нь чухал гэлээ.
Түүний дараа нэгэн хүндтэй зочин үг хэлэв. Тэр бол Швейцарийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө зүтгэлтэн, МУИС-ийн Хүндэт доктор хатагтай Анита Фарни-Майнир байлаа. Тэрээр 16 жилийн турш дуншиж байж батлагдсан Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулах, батлахад өөрийн улсын туршлагаас хуваалцаж, зөвлөгөө өгч байсан монгол эмэгтэйчүүдийн хувьд эртний танил нь аж. Хатагтай Анита ардчилсан нийгэмд эмэгтэйчүүд, эмэгтэй лидерүүдийн нөлөө ямар чухал болон Швейцарийн эмэгтэй улстөрчдийн талаар ярив. Орон нутгийн удирдлага, эмэгтэйчүүдийн жендэрийн байгууллагад идэвхтэй зүтгэж Тургау мужийн парламентын гишүүнээр 11 жил ажиллаж байжээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол чуулганы үдээс өмнөх хуралдааны төгсгөлд үг хэлсэн. Эмэгтэй улстөрчид том хариуцлага хүлээдэг ч гэсэн бид өнөөдрийг хүртэл олон зүйлийг ардаа орхисон байна. Ардчилсан нийгэмд шилжихэд эмэгтэйчүүдийн нөлөө, хүч их байсан. Ардчилалд хүрэхэд эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцолсон юм.
Үдээс өмнөх хуралдаан ийнхүү үндсэн илтгэлээ сонссоноор өндөрлөж, үдээс хойш салбар хуралдаанууд болохоор түр завсарласан. Энэ үеэр хурлыг даргалж явуулсан Эрүүл мэндийн сайд Н.Удвал улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар ингэж ярилаа. “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлдэг олон зарчим бий. Тухайлбал, УИХ-д жагсаалтаар нэр дэвшиж орно гэвэл эрэгтэй, эмэгтэй гэж ээлжлэх маягтай. Эсвэл 50:50 хувь гэхгүй бол хоёр эрэгтэй, нэг эмэгтэй гэх мэтээр 60:40 харьцаагаар жагсаалтад бичигдэх боломжтой. Зарим улсад эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо 60 хувь болчихсон байгаа тохиолдол бий. Ингэж эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлдэг арга байдаг. Харамсалтай нь, энэ нь манай улсын хувьд улс төрийн шийдвэр гаргах төвшиндөө дэмжигддэггүй” гэлээ.
Ингээд бямба гарагт нээлтээ хийсэн АОХН-ийн Сайд нарын VII бага хурлын Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үдээс хойш салбар хуралдаануудаар үргэлжилсэн. “Ардчилал ба эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн эрх, эрх мэдэл”, “Авлигын эсрэг, ил тод байдлын төлөө”, “Ардчилал, жендэрийн тэгш эрх ба соёлын хүчин зүйл”, “Хүчтэй төлөөллийг дэмжих тогтолцоо” сэдвээр дөрвөн салбар хуралдаан болж, орон орны эмэгтэйчүүдийн төлөөллийн илтгэлийг сонсч, хэлэлцүүлэг өрнүүллээ. Салбар хуралдаан тус бүртээ зөвлөмж гаргаснаа нэгтгэж, хуралдааны нэгдсэн зөвлөмж гаргасан юм.
Парламентчид авлигад анхаарав
АОХН-ийн Сайд нарын VII бага хурлын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Ардчиллын төлөөх парламентчдын чуулга уулзалтад гадаадын 15 орны парламентын 28 гишүүн, 50 гаруй ажиглагч оролцлоо. Төрийн ордоны “Б” танхимд өнгөрсөн бямба гарагт эхэлсэн эл чуулга уулзалтын сэдэв “Авлигын эсрэг парламентын хамтын ажиллагаа” байв. УИХ-ын дарга З.Энхболд чуулга уулзалтыг нээж, үг хэлэхдээ “Хүний эрхийг дээдлэх, хуулийн засаглалыг тогтоох явдал бол хүн төрөлхтний түгээмэл, салшгүй үнэт зүйл, баримтлах үндсэн зарчим юм. Хуулийн засаглал, авлига хоёр зэрэгцэн орших учиргүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлд хэлсэн үгэндээ “Авлига нь халдварт өвчний нян лугаа адил тул түүний өөдөөс урьдчилан довтолж, таслан зогсоох ёстой” хэмээн мэдэгдсэн. Ийм ч учраас авлигатай хийх тэмцэлд парламентын гишүүд Та бид тэргүүлэн оролцох учиртай” гэв. Түүнчлэн тэрээр чуулга уулзалтын үеэр авлигатай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гарч байгаа ахиц дэвшлийн талаар танилцууллаа.
Ардчиллын төлөөх парламентчдын чуулга уулзалтад оролцогчид авлигын эсрэг парламентын үйл ажиллагаа, парламентын гишүүдийн ёс зүй, парламент хоорондын цаашдын хамтын ажиллагаа, авлигатай тэмцэх парламентын чадавхийг дээшлүүлэх талаар хэлэлцсэн юм. Энэ талаар тогтоол гаргаж, АОХН-ийн Сайд нарын VII бага хуралд танилцуулахаар болов. Өөрөөр хэлбэл, авлигатай тэмцэх, энэ чиглэлээр авах нэгдсэн арга хэмжээний талаар тунхаглал баримт бичиг гаргаснаа өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ардчиллын төлөөх парламентчдын форумын Ерөнхийлөгч Эмануэлис Зингерис мэдэгдсэн юм. Эл тунхаглалдаа дэлхий нийтэд хандан таван зүйлийг уриалга болгожээ. Тухайлбал, мэдээллийн ил тод байдлыг хангах, нууцлалыг хамгаалах эрх чөлөө, иргэдийн хяналтад ямар нэг байдлаар саад болох ёсгүй гэсэн зүйлүүдийг тусгасан байна. Түүнчлэн Ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудын Засгийн газрыг авлигатай тэмцэх үйл хэрэгт 5-6 чиглэлээр анхаарал хандуулах болон дэмжлэг үзүүлэхийг уриалсан юм.
АвлигАтай тэмцэхэд хувийн хэвшлийн санаачилга чухал
АОХН-ийн Сайд нарын VII бага хурлын нэг салбар хуралдаан нь Бизнесийн ардчиллын чуулга уулзалт билээ. Энэ чуулга уулзалт бямба гарагт МҮХАҮТ-д боллоо. Үүнд АНУ, Энэтхэг, ОХУ, Турк, Солонгос, Лаос, Кувейт, Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин яам, олон улсын байгууллага, бизнесийн төлөөлөл, 20-иод орны 150 гаруй зочид төлөөлөгчид оролцсон юм. Чуулганаар “Төр хувийн хэвшлийн хэлэлцээг бизнесийн төвшинд авч үзэх”, “Ил тод байдал, авлигатай тэмцэх талаар хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн гаргасан санаачилга”, “Компанийн нийгмийн өмнө хүлээх хариуцлага” гэсэн асуудлыг авч хэлэлцэв. Өнөөдөр дэлхийн улс орнуудын шүдний өвчин гэх болсон авлига сайн засаглал тогтвортой хөгжилд чөдөр тушаа болж буй билээ.
Өнөөдөр ил од байдал, сайн засаглал, хууль дүрэм журмыг бэхжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо чухал юм. Энэ талаар Дэлхийн эдийн засгийн форумын /ДЭЗФ/ Авлигын эсрэг түншлэлийн ахлах менежер Пуонг Дуонг илтгэл тавив. Мөн УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл Монгол Улсын Авлигын эсрэг түншлэлийн талаар мэдээлэл хийсэн юм. Эдүгээ ДЭЗФ-ын Авлигын эсрэг түншлэлд Монголын 158, НҮБ-ын Даян дэлхийн гэрээнд 180 компани нэгдсэн байна. Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу Компанийн нийгмийн өмнө хүлээх хариуцлагын талаар илтгэл тавив.
Чуулга уулзалтын үеэр уг хурлыг удирдсан УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлтэй уулзлаа. Тэрээр “АОХН-ийн Сайд нарын VII бага хурлын нэг гол асуудал бол компанийн ардчилал юм. Хэлэлцэж байгаа гол сэдэв нь төр хувийн хэвшлийн харилцааг хэрхэн хөгжүүлэх талаар олон улсын байгууллага болон улс орнуудын туршлага ямар байгааг ярилцлаа. Тухайлбал, Монголын туршлага ямар байгааг танилцуулсан. Мөн авлигын эсрэг корпорацын төвшинд яаж тэмцэх талаар хэлэлцэх юм. Бас компанийн нийгмийн хариуцлага гэдгийг олон улсын төвшинд юу гэж ойлгох, ямар үйл ажиллагаа үндэсний хэмжээнд явуулж байгаа, төр засаг хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ямар байх ёстой, орчин үеийн компанийн хөгжлийн шинэ загвар нийгмийн хариуцлага мөн үү гэдэг талаар ярилцана. Энэ чиглэлээр НҮБ-аас улс орнуудад хандан уриалж байгаа зүйлийг сонсоно. Эцэст нь бүгдийг нь нэгтгээд үйл ажиллагааны тунхаглал гаргана. Хоосон тунхаглахгүй. Цаашдаа ардчилсан орнуудын хувийн хэвшил, Засгийн газар юу хийх, тэдний хамтын ажиллагаа ямар байх ёстой гэдгийг л тодорхойлох юм” гэлээ.