Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ламхай нарын эрх хаана байна вэ

Монголчууд эрт дээр үеэс л хөх тэнгэрээ шүтэж ирсэн. Гэхдээ түүний хажуугаар өөр өөр шашин сүлэлдэн байсан ч Манжийн дарлалын үед айл бүрт түвд үсэгтэй судар тарааж, монгол бичиг бүхий судруудыг шатааснаар буддын шашин Монголд голлох байр суурь эзэлсэн билээ. Тэр үед ядуу доодсын үрсийг албан хүчээр ламхай болгож, багш ламынд ном сургах биш зарцлуулдаг байсан талаар түүхийн шаргал хуудаснаа болон зохиол бүтээлд дурдсан байдаг...
Харин өнөөдөр Ардчилсан нийгэм цогцолж, хүн бүр хүссэн шашнаа шүтэх халдашгүй дархан эрхтэй болсон. Сүүлийн жилүүдэд сүм хийдийн тоо нэмэгдэхийн хэрээр тэнд шавилан суух хүүхдүүд ч нэмэгдсэн судалгаа гарчээ. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд “Хүүхэд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Гэхдээ заавал эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөл авах ёстой” гэж заасан байдаг.
Мөн хүүхэд бүрт ерөнхий боловсролыг тэгш олгох ёстой ч гэсэн хуулийн заалт бий. Шашны боловсролыг үүнд оруулан тооцно гэсэн зүйл үгүй. Тэгэхээр энэ хоёр хуулийн заалт харшилж байна гэсэн үг. Нэгэнт өөрийн дур сонирхлоор лам болохоор шийдэн сүм хийдэд шавилан суух багачуул бурхан номын хичээлээс гадна ерөнхий боловсролын мэдлэгийг жирийн хүүхдүү­дийн адил эзэмшиж чадахгүй байгаа. Учир нь, сүм хийдийн дэргэдэх сургууль БШУЯ-нд харьяалалгүй.
Тэр ч байтугай, тус сургуулиудыг БШУЯ зөвшөөрдөггүй. Гэхдээ тухайн сургуулийн сурагчдад ерөнхий эрдмийн багш нараар албан бус сургалт явуулдаг ч энэ нь үр дүнгээ өгөх нь өдрийн од мэт. Дээрх хоёр заалтын золиос нь нөгөө л хэвлүүхэн яриатай, улаан орхимж нөмөрсөн ламхай нар.

Ерөнхий эрдмийн хичээл огт үзэж байгаагүй гэнэ үү

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд шашны сургалтын тухай “Шашны сургуульд суралцагчдад иргэний суурь боловсрол олгохыг тухайн сургууль хариуцна. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Засгийн Газраас баталсан журмын дагуу үүнд шаардагдах зардлын тодорхой хэсгийг гаргаж, багшлах боловсон хүчнээр ханган, мэргэжлийн хяналт тавина” гэсэн ганц заалт бий.
Үүнээс харахад ламхай нарыг бурхны номд шамдуулах нь лам багш нарын үүрэг. Гэхдээ ерөнхий эрдмийн хичээл заах нь харьяа газрын боловсролын газар болж таарч байна. Нийслэлд Шашны сургалттай 112 дугаар бүрэн дунд сургууль, Бэтүб хийдийн харьяа дунд сургууль, Дашчойлин зүүн хүрээ хийдийн харьяа “Зүүн хүрээ” шашны коллеж, Гандантэгчинлэн хийдийн харьяа Дашчойнпэл дацан гэх мэтчилэн шашны боловсролын сургууль бий.
Гэхдээ эдгээр сургуулиас 112 дугаар сургууль, Бэтүб хийд л ерөнхий боловсролын хичээл заадаг. Гэвч дипломгүй багшаар заалгаж байсан зөрчлийг нь Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа илрүүлж байжээ. Уг нь, Боловсролын газраас багш нарын ажлын хөлсийг нь өгөхийг хуульчлан заасан байхад тэр хөрөнгө хаашаа ороод байна. 

Гэртээ харимаар л байна, даанч...

Сүм хийдийн дэргэдэх сургуульд бага ангиа дүүргэсэн хүүхдүүд элсдэг. Тэд цаашид ч бүрэн дунд боловсрол эзэмших ёстой. Гэтэл сурагчид зөвхөн ном уншлага, шашны хичээлээ өдөрт олон цагаар давтдаг. Учир нь, бурхан номын хичээлээсээ өөр зүйлд анхаарлаа хандуулах завгүй байдаг гэнэ. Ингээд жирийн нэг ламхайтай хөөрөлдлөө. Б нь 13 настай, Дашчойнпэл дацанд шавилаад нэг жил таван сар болж байгаа. Тэр Завхан аймгаас иржээ. Төрсөн эцэг эх нь Завханд байдаг ч, хотод төрсөн эгчийндээ амьдардаг байна.
Хичээлээ таслаад сурлага, сахилгадаа тааруу байсан учир ээж нь лам болгоё гэхэд өөрөө ч зөвшөөрөн тус дацанд иржээ. Гэтэл хүргэн ахтайгаа таарамж муутай байдгаас дацангийн манаа хийх лам нартай хонох нь бий гэнэ. Ингэж дацангийн манааны ламтай хонох нь дацангийн дүрэмд таарахгүй ч хүргэн ахтайгаа таарамж муутай учраас өөр арга байдаггүй аж. Гэхдээ тэр сүүлийн үед бас нэг очих газартай болсон нь РС тоглоомын газар. Дашчойнпэл хийд дотуур байртай ч тэнд холын аймгуудаас ирсэн, хотод хамаатан садан нь байдаггүй хүүхдүүд байрладаг байна. Хүү “Багш лам нар дацанд хоноход дургүй. Би гэртээ харимаар л байна. Даанч аав, ээж хоёр намайг мундаг лам болно гэж итгэж байгаа. Тэгээд ч жирийн сургуульд оръё гэхээр хичээлээ мартчихсан” гэж ярилаа. Үүнийг нь анзаарсан лам багш нар дацангаасаа хөөнө гэж сүрдүүлдэг гэнэ. Гэхдээ хүүд өөр сонголт үлдээгүй аж.

Г.ЗОЛЖАРГАЛ: Шавилан сууж байгаа хүүхдүүдийн амьдрах орчин маш хүнд

Ингээд Хүүхдийн эрхийн үндэсний комиссын Ажлын албаны дарга Г.Золжаргалаас дараахь зүйлийг тодруулсан юм. Хүүхдийн эрхийн үндэсний комиссоос сүм хийдүүдийн дунд байнга судалгаа явуулдаг байна.

-Хүүхэд бүрт ерөнхий боловсрол эзэмшүүлэх ёстой. Гэтэл сүм хийдэд шавилан суудаг хүүхдүүдийн боловсрол хангалтгүй байна?
-Сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдүүдийн боловсролын төвшин  бусад жирийн сургуульд суралцдаг сурагчдынхтай харьцуулахад маш доогуур. Ерөнхийдөө бүрэн дүүрэн боловсрол эзэмшиж чадахгүй байна гэсэн үг. Энэ нь, сургалт олгож буй арга барилтай нь холбоотой. Сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдүүдийг албан бус боловсролын хөтөлбөрт хамруулж, эсвэл багш нар тухайн сургуульд нь очиж хичээл заах гэсэн байдлаар явж байна. Гэхдээ энэ нь үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүйгээс эдгээр хүүхэд өөрийнхөө насныхан авсан байх ёстой боловсролоо эзэмшиж чадахгүй байна.
-Миний мэдсэнээр хоёр л хийдийн дэргэдэх сургууль л ерөнхий боловсролын хичээл заадаг. Дийлэнх сүм хийд адилхан байна уу?
-Исламын болон христийн сүм хийдэд хүүхдүүдийг шавилуулан суулгадаг явдал практикт байхгүй. Буддын сүм хийдийн хувьд хүүхэд сүм, хийд дацанд шавилан суудаг эсвэл өдөртөө очоод орой гэртээ харьдаг байдлаар ихэнх цагаа өнгөрүүлдэг. Үүнээс шалтгаалж хүүхдүүдэд боловсрол олж авахад бэрхшээл тулгарч байна.
-Ламхай нартай уулзахад сурах орчин гайгүй гэж хариулсан. Танайхаас сурах орчинг нь судалсан уу?
-Манайх 62 байгууллагыг хамруулсан судалгааг өнгөрсөн онд гаргасан. Тэгэхэд 14 нь орчин үеийн ширээ сандал, 11 нь уламжлалт болон  орчин үеийн холимог, 37 нь уламжлалт хэлбэрийн ширээ сандлыг хүүхдүүдэд зориулан ашиглаж байсан. Уламжлалт ширээ сандал ашиглаж хичээллэх нь хүүхдийн хэвийн өсөлтөд сөрөг нөлөөтэйг анхаарах хэрэгтэй.
Шавилан сууж байгаа хүүхдүүдийн амьдардаг байр нь өнөөгийн шаардлагад нийцээгүй, зарим газар 12 ам.метрийн хэмжээтэй өрөөнд 7-10 хүүхдийг нэг дор байрлуулсан, түүнээс ч дор нөхцөлд байлгадаг нь ажиглагдсан. Дээрээс нь, эдгээр байгууллага хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлж өгөөгүй, биеийн тамирын заал, урлагийн зэрэг соёл хүмүүжлийн ажилд зориулсан анги танхим маш цөөн байна.
-Сүм хийдийн сурагчдад хичээл заах багш нарыг Боловсролын газраас хариуцна гэсэн хуулийн заалт байдаг юм билээ. Гэтэл дипломгүй багш хичээл зааж байсан гэсэн?
-Ерөнхий боловсролын мэдлэгийг заах эрх авсан багш л хүүхдүүдэд хичээл орох ёстой. Тэгэхээр сүм хийдийн лам багш нарт багшлах эрх, хэм хэмжээний лицензийн зөвшөөрөл байхгүй. Тийм учраас эдгээр хүүхэд сүм хийддээ шавилан сууж байгаа тохиолдолд нэг бол зохион байгуулалттайгаар багш авчирч хичээл заалгах эсвэл өөрсдөө албан бус боловсролд хамрагдахаар суурь боловсрол олж авдаг. Зарим сүм хийд дацангийн дэргэдэх сургуулиудад мэргэжлийн хоёр, гурван багш ажилладаг.
Төрөөс нэг хүүхдэд ногдох хувьсах зардал болон сүсэгтэн олны хандиваар хүүхдийн ном, сурах бичиг, багш нарын цалинг шийддэг.
-Эрт үед ламхай нар ном сурах биш багш ламдаа зарцлагддаг байсан гэдэг. Гэтэл одоо ч энэ ёсыг халаагүйгээр барахгүй ламхай нарыг багш нь зоддог гэж сонссон?
-Сүм хийдийн багш нар ажилчид нь ламхайн нарыг элдвээр хэлж, гутаан доромжлох, бие махбодод нь тодорхой хэмжээгээр халдаж, гэcгээх үйлдлүүд байдаг гэдгийг хүүхдүүд ярьдаг.  Түүнээс гадна шавилан сууж байгаа орчинд нь үе тэнгийнхэн нь нэгнийгээ дарамтлах, энгийн иргэд  хүүхдүүдийг дээрэлхэх  зэрэг үйлдэл гардаг. Энэ  нь маш ноцтой асуудал л даа.
Сүм хийдийн удирдлага  хүүхдүүдийн  байгаа орчныг аюулгүй болгох үүрэг хүлээдэг. Хэрвээ хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол төрөөс шаардлага тавих хэрэгтэй. Шаардлага биелүүлэхгүй бол өндөр хариуцлага тооцдог болмоор байна.
-2010 онд Амарбаясгалант хийдэд нэгэн ламхай амь насаа алдсан хэрэг гарч байсан. Нийслэлийн хийдүүдэд гэрээсээ хол ном эрдэмд шамдаж буй ламхай нар бий. Тэд эмнэлгийн үйлчилгээ авахдаа хэр байдаг вэ?
-Эмнэлгийн үйлчилгээний хувьд тухайн орон нутгийн харьяа хэсгийн эмнэлэгт эсвэл сүм хийдийнхээ оточ, маарамбад үзүүлдэг. Зарим газарт мэргэжлийн зөвшөөрөлтэй эмчгүй, гадаадын сайн дурын ажилтан, эмчлэх эрхийн гэрчилгээгүй хүнийг эмчээр томилсон тохиолдол гарч байсан. Мөн эм тарианы хангамжийн талаар анхан шатны ойлголтгүй, эмчилгээ үйлчилгээний наад захын тоног төхөөрөмжгүй байна.
Сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдүүд өвдсөн тохиолдолд хэнд түрүүлж ханддаг вэ гэж асуухад бараг тал нь багшид ханддаг гэж хариулж байсан. Ер нь, эдгээр хүүхдийн эрүүл мэндэд анхаарах ёстой асуудлын нэг яах аргагүй мөн. Тухайн сүм хийд, дацангийн удирдлагууд маш анхааралтай хандаж, тодорхой бодлого боловсруулах ёстой.

Б.Цэдэв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан