Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Ганхуяг: Аав маань надаас болж театраасаа хөөгдсөнд харамсч явдаг

Монголын хамгийн анхны “Гал тойрог” нэртэй хувийн театр байгуулан Баянхонгорын Хөгжимт драмын театр, Архангай аймгийн Ардын дуу бүжгийн чуулгын ерөнхий найруулагчаар ажиллаж, Төв аймгийн “Монгол туургатан” театрын ерөнхий захирлын алба хашиж явсан энэ туршлага бол “хөдөөгийн” найруулагчийнх. Гэхдээ тэр одоо ЦДБЭЧ-ын дэд дарга, уран сайхны удирдагчаар ажиллаж байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуягтай ярилцлаа.

-Таны найруулсан “Нохойн сүрэг” жүжгийг тайзнаа тавихыг хориглосон гэсэн. Энэ үнэн үү?
-Хориглосон юм байхгүй ээ. “Нохойн сүрэг” жүжгийн бэлтгэл хийж байхад Өвөрхангай аймагт болох таван аймгийн бүсийн тоглолтын шийдвэр оройтож гарахад яалт ч үгүй “Ромео Жульетта” жүжгийг тавихаар болсон. Ингээд “Нохойн сүрэг”-ийг хойшлуулсан юм. Зарим нэг мэдээлэлд намайг “Монгол туургатан” болон одоо ажиллаж байгаа театртай хамааруулсан байдаг. Уг нь, тэгж болохгүй. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэгчээр ажил солигдсон явцын бурууг хэн нэгэн рүү чихээд баймааргүй байна. Би дотроо нэг л зүйлд залбирдаг. “Монгол туургатан” театр өмнө нь байсан төрхөөрөө байж, үйл ажиллагаа нь тогтмол, уран бүтээл нь чанартай, сайн үргэлжлээсэй гэж хүсдэг. Түүнээс биш бидний хооронд ямар нэгэн үл ойлголцох юм гараад, бодлогоор уран бүтээлээ зогсоосон зүйл байхгүй. Хишигбаярын хувьд ажлаа аваад учраа олохгүй, хаанаас нь эхлүүлэхээ мэдэхгүй, дээр нь аймгийн 90 жил болох гээд олон зүйл давхцаад хэцүү л байгаа.
-Та “Монгол туургатан” театрт “Нохойн сүрэг”, “Ромео Жульетта” жүжгийг найруулж, тайзнаа тавихад бэлэн болгосон. Тэгэхээр одоо Ч.Ганхуягийнх гэж овоглуулахгүй гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Хөрөнгө төсөв нь “Монгол туургатан” театраас гарах учраас. Би тэнд ажиллаж байхдаа өөрийнхөө нэрээр ихэнх бүтээлээ явуулдаг байсан. Тэр нэг талаар театртаа хийж байгаа менежмент юм шиг хэрнээ буруу л байж. Одоо хүртэл үзэгчид, хүмүүс ингэж хүлээж авсан байна шүү дээ.  
-Төв аймгийн “Монгол туургатан” театр төвийн мэргэжлийн урлагийн байгууллагуудтай өрсөлддөг. Гэтэл ямар учраас энэ театрын даргын ажлыг өгөх болов?
-Би үүнд нэг их эмзэглээгүй. Засаг төр солигдоход “Та зайлаач” гэж хэлээгүй. Удирдлагууд “Энэ театрыг өөрийнхөө бодлогоор цааш нь ажиллуулах сонирхолтой бай­на” гэж надад хэлсэн. Мэдээж, нэг нам гарч ирээд өөрийнхөө бодлого, шийдвэрээр ажлаа хийх гэж явдаг л юм чинь. Тэгэхээр заавал тээг болон буг болж суугаад яах вэ гэж бодоод “Тэг л” гэсэн. Хамгийн гол нь, “Монгол туургатан” театрыг “Муу ажиллуулж болохгүй” гэж хэлээд ажлаа өгсөн.
-Олон жилийн өмнө ч гэсэн Архангайн театрт ажиллаж байгаад нутаг заагдсан талаараа ярьсныг тань уншиж байсан юм байна?
-Тэгсэн, тэгсэн. Багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгсөөд Архангай аймгийн Соёлын ордонд очсон юм. Соёлын ордныг театр болгож гайгүй ажиллаж байгаад нөгөө болдоггүй зангаасаа болж хөөгдөн нутаг заагдаж ч явлаа. Аймгийн намын хорооны дарга нартай таарахгүй байсан юм. Тэгээд жаахан шалтаг гарч хөөчихгүй юү. Манай театрын хувцасны өрөөнөөс материал алга болоод хувцасны эрхлэгч цагдаа дуудсан юм байж. Гэтэл цагдаа нь хулгайч барина гээд нохой дагуулаад хүрээд ирж. Театр дотор нохой явж байхаар нь чулуу шидэж, “Театр бол нохой ордог газар биш” гээд нохойтой нь хөөгөөд явуулчихсан юм. Гэтэл дээшээ мэдээлчихэж. Театрын найруулагч болсон ч багын зангаа тавиагүй байж л дээ. Өмнө нь, ганц нэг хүнд гар хүрсэн байсан юм. Тэгээд намайг мөрдөнд 45 хоног суулгаад, 1,5 жилийн хорих ял оноосон. Надаас болж аав минь 30 гаруй жил ажилласан театраасаа хөөгдсөнд харамсдаг. Би найруулагчаар нь очоод буруудангуут аавыг минь бас хөөсөн. Гэхдээ би энэ удаа ажлаа өөрөө өгсөн шүү дээ.
-Тэр үед таны амьдрал нэлээн уруудаж байсан гэсэн. Ял эдлээгүй өршөөгдсөн ч нутаг заагдан баларч байсан гэсэн...?
-Чи миний тухай сайн судалсан байна шүү. Тэр үед Октябрийн хувьсгалын 70 жилийн ой таарч, өршөөлийн зарлигаар суллагдсан л даа. Гэхдээ Намын төв хорооноос намайг найруулагчаар ажиллуулахгүй байх тушаал гаргаж, нутаг заан сумын клубийн эрхлэгчээр томилсон. Аймгаас гаргаж болохгүй, байнга хяналт тавих найдваргүй этгээдийн тоонд орчихсон явж байлаа шүү дээ. Тэгэхээр нь машины ачааны бүтээлэг доогуур нь нуугдаад Улаанбаатарт ирж байлаа. Хотод орж ирээд ч Намын төв хороо найруулагчаар ажиллуулж болохгүй гэж шийдсэн хүнийг хэн ажилд авах вэ дээ. Ардын хянан шалгах хороонд миний асуудлыг нягталж өгөөч гэсэн өргөдөл гаргаад хариуг нь хүлээж хоёр сар гаруй хотод байв. Тэр хооронд ёстой нэг дампуурсан даа. Вокзалын арын таван давхар угсармал саарал байрны орцонд хонож өнжинө. Хэдэн бүтэхгүй нөхөртэй нийлчихсэн, спирт авч найруулж уучихаад хөзөр тоглоно. Айлын үүдний гишгүүрийг авчирч дэвсэж унтчихаад, босохоос өмнө аваачиж тавьчихаад гараад өгнө. Муу Доржсамбуу багш минь миний араас их хөөцөлдсөн дөө. Тэр үед намын төв хорооноос энэ хүн буруугүй, ажлыг нь хийлгэж болно гэсэн шийдвэр гаргасан юм билээ. Гэтэл тэр шийдвэр нь Соёлын яаманд очоогүй, Намын төв хорооны бичиг хэрэгт дарагдчихсан, би тэр шийдвэрийг нь хүлээгээд хоёр сар “золбинтож” явсан. Хүлээж ядаад Соёлын яаманд очиж асуутал шийдвэр ирээгүй гэхээр нь Намын төв хорооны Ламжав дарга дээр орж, уйлж гуйлаа. Гэтэл “Чиний асуудлыг аль хэдийнэ шийдчихсэн шүү дээ” гэв. “Би дөнгөж сая яамаар ороод ирлээ. Шийдвэр гараагүй байна” гэтэл Соёлын яамны Сумъяа сайд руу утсаар ярьж, “Энэ нөхрийг одоо танай яам руу явууллаа. Өнөөдрийн дотор ажлыг нь шийдэж өг” гэсэн. Би ч баярласан гэж жигтэйхэн. Тэндээс яаж гарснаа одоо санадаггүй юм. Тэгээд болоогүй ээ, Ламжав даргаас “Та намайг ёстой уучлаарай. Надад мөнгө зээлүүлээч. Би ажилдаа ороод хамгийн анхны цалингаасаа буцааж өгнө” гээд гуйж байлаа. Одоо эргээд дурсахад сайхан л дурсамж.

-Тэгж цагаатгагдаад  хаана ажилласан бэ?
-Тэгээд яаманд очтол шууд сайд руу орууллаа. Сайдын өрөөнд Мөнхдорж, Доржсамбуу багш, Нямгаваа найруулагч нар сууж байна. Доржсамбуу багш “Нямдаваа Ганхуягийг Хүүхэд залуучуудын театрт авна гэсэн” гэтэл Мөнхдорж багш Драмын театрт ажиллуулна гэж байна. Тэгэхээр нь би орох орон, хоргодох хүн ч байхгүй юм чинь хөдөө явна гээд зүтгэчихсэн. Гэтэл аймгийн театрууд намайг авдаггүй. Архангайгаас бусад бүх аймгийн театрт миний тодорхойлолтыг явуулчихсан байсан. Харин Сумъяа сайд Дундговийн хүн учраас аймгийнхаа дарга нартай уулзаж байж тэнд ажиллуулахаар болж билээ. Дундговийг Соёлын ордонтой байхад нь очоод театртай болгосон. Дундговьд очоод миний амьдрал ч шал өөр болсон доо.
-Төр засгийн халаа сэлгээ урлагийн байгууллага руу хальж байгаа нь урлагийн чанарт нөлөөлнө гэж үзэх хүн ч байна. Та урлагийн тогоонд багтаж яваа хүний хувьд ямар бодолтой байна вэ?
-Эрх барьж байгаа улсуудын амбиц л юм. Би Хишигбаярыг театрын дарга болголоо гэж дургүйцээгүй. Ганцхан юманд гэдэн хөдөлсөн. “Яах гэж театраар оролддог юм. Би болохгүй юм юу хийсэн юм бэ” гэдэг дээр л...  Гэхдээ намайг болохгүй зүйл хийсэн гэж хэлээгүй. Монголчуудын нэг муухай зүйл байна л даа. Ганхуяг өмнөх Засаг даргатайгаа найз, дотно байсан гэдгээр намайг ажлаа өг гэсэн болов уу. Би ажлаа өгөхгүй гэж суугаад байвал байх л байсан. Гэхдээ дургүй ламыг дарж байж сахил хүртээж болдоггүйтэй адил нэгэнт толгой дотроо юм бодсон улсуудын дэргэд буг болж суугаад ямар ч нэмэргүй. Ямар ач холбогдолгүй, дээр нь дэмжлэггүй болохоор болгоомжилж өгсөн. Яг үнэндээ МАН, АН-ын хоорондын зөрчил ингэж л үргэлжилж байгаа юм билээ. Би янз бүрийн хэрүүлд хутгалдах дургүй.
-Театр бол урлагийн нүүр царай. Гэтэл мэргэжлийн урлагийн байгууллагуудыг туршлагагүй хүний гарт атгуулж байгаа нь хэр хор уршиг дагуулах юм бол доо...?
-Төр засгийн явуулж байгаа бодлого шүү дээ. Харин ямар хор уршигтай вэ гэдгийг цаг хугацаа л харуулна. Уг нь, төр засгийнхан урлагийн байгууллагад оролцох шаардлагагүй л юм. Гэвч гаргасан шийдвэрийг буруу гэж мянга хашгираад яах вэ. Бид мэтийн хэлсэн үг хаданд очоод хашгирахтай адил шүү дээ.
-Таны тавьсан “Хязгааргүй” жүжиг “Гэгээн Муза” наадмын бүх шагналыг хүртэж байсан удаатай. Гэвч сүүлийн жилүүдэд шүүлтийн системээ өөрчлөх гээд үзсэн ч үнэ цэнээ алдаж байгаа гэх нь бий?
-“Гэгээн Муза”-г ойлгохоо больсон. Уг нь, Монголын уран бүтээлчдийн сонирхлыг татах, мөн хөгжүүлэх, өдөөх гэсэн аятайхан үндэсний наадам болох нь дээ гэж бодож байсан. Одоо бол худлаа. Яагаад гэвэл, орон нутагт театруудын дунд уралдаан зарлахад Монголын урлагийн ажилчдын холбоо зохион байгуулсан юм. Энэ байгууллага хамгийн хариуцлагагүй, бүдүүлэг, хоцрогдсон шүүлтээр энэ уралдааныг явуулсан. Ийм балиар юм хийж, түүний шүүлт, дүгнэлтээр “Гэгээн Муза”-д оролцох, оролцохгүй гэдэг цензур тавьж байлаа. Уг нь, би “Ромео Жульетта” жүжгийг “Гэгээн Муза”-д оролцуулъя гэж бодсон юм. Тэр бүтээл бол өөр л дөө. Гадаадын фестивальд сойх гэж хийсэн бүтээл. Харин Урлагийн ажилчдын холбоо, яамнаас томилсон комисс тэр уралдааныг өрөвдмөөр шүүсэн. Жүжиг, концерт уралдуулж байж театр судлаачгүй, шүүлт явуулсан нь хүмүүс нь юманд бодитой хандах чадваргүй байгаа нь харамсалтай л байлаа.

-“Гэгээн муза”-д шалгарсан бүтээлийн чанар чансаа театрын урлагийн нүүр царайг тодорхойлох ёстой шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Би одоо Монголд зарлагдаж байгаа уралдаан, тэмцээнд оролцохгүй. Нэг байгууллагын нэр дээр оролцоод хэдэн уран бүтээлчийн урам зоригийг нугалж, хугалаад яах юм бэ. Харин гадагшаа томоохон фестивальд явж үзмээр юм билээ.
-Алдааг нь харсан юм чинь гарах арга замыг нь ч гэсэн харсан байлгүй дээ?
-Мэдэхгүй юм. Толгой доторх вирусээ цэвэрлэж, өөрсдөө юмандаа бодитой хандах хэрэгтэй л байх. Уг нь, Сарантуяа эгч юманд няхуур ханддаг. Гэтэл Урлагийн ажилчдын холбоонд бүх юмаа даатгаад алдаа хийж байна билээ. Энэ бол “Гэгээн Муза”-гийн нэр хүндийг унаж байна гэсэн үг. Балган явсан газар балагтай, батгана явсан газар баастай гэдгээр монголчуудын оролцсон юм болгон тийм болдог.
-Гэхдээ урлаг соёлыг хариуцсан тусдаа яамтай боллоо. Энэ жилийн “Гэгээн муза”-г ч гэсэн дэмжлээ. Энэ бүхнээс харахад хонгилын үзүүр дэх гэрэл тодрохгүй байна гэж үү?
-Урлагийн мэргэжилтэн байхгүй юм чинь юугаараа хөгжих билээ. Оргил гэдэг хүн байдаг л гэсэн. Тэр хүн нь урлагийн ямар сургууль төгссөн гэдгийг мэдэхгүй. Тэнд ажиллаж байгаа мэргэ­жилтнүүд нь алсыг хардаг байх ёстой. Нэг ёсондоо хөгжим, дуу, драм, жүжгийг нь харж, соёлын бусад юмыг мэддэг байх нь чухал. Гэтэл тэр тал нүдний шилтэй хүн юугаа хардгийг мэдэхгүй. Ц.Оюунгэрэл сайд гоё яриад байгаа. Тэр чинь ганц толгой. Дор нь теарт мэддэг толгой нэг ширхэг ч алга байна шүү дээ. Онцлог нь үгүй гэж хэлж чаддаггүй хүмүүс сууж байгаа учраас юунд найдахаа мэдэхгүй л байна. Энгэртээ тэмдэгтэй болгон мундаг биш шүү дээ. Тэр хүн ямар боловсрол эзэмшсэн юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Монголын урлагт юу хийсэн юм гэдгийг ядаж жагсаамаар юм. Бүх юмыг үгүйсгээд явж байдаг хүн олон бий. Яамтай болдог нь сайхан. Гэтэл нь яаманд театр урлагийн мэргэжилтэн нэг шир­хэг байхгүй болохоор ямар юмаараа урлагаа хөгжүүлэх вэ дээ.  
-“Хязгааргүй” жүжгээ бууриа сэлгэхдээ аваад ирсэн. Шинээр тавихад хэр байна?
-“Хязгааргүй” жүжгээ шинэчилж тавилаа. Өмнө нь, гурван хүнд тулгуурлаж тавьж байсан шүү дээ. Одоо бол 40-50 хүнтэйгээр тоглож байна. Орон нутгийн театруудаар явж байна. Гадаадын томоохон театруудад жүжгээ тавих санал явуулсан ч дийлэхгүй юм билээ. Бид чинь халаасандаа улаан мөнгөгүй. Гэхдээ яах вэ мөрөөдөж л сууна. Ямар нэгэн байдлаар гадаадын фестивальд оролцуулна гэсэн мөрөөдөл байгаа.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
tanid amjilt husie.
Хамгийн их уншсан