Оройн хоолны дараа гэртээ өөр өөрийн ажлаа эрхэлж телевиз үзээд, би компьютерийн ард интернетэд суулаа. Ер нь айл бүр адил даа. Ээж минь телевиз үзэж сууснаа гэнэт “Пээ ямар муухай алуурчин бэ” хэмээн дуу алдах нь тэр. Өнөөх АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотод "Сэнди Хүк" бага сургуульд 20 хүүхэд, 6 том хүний амийг буудан хөнөөсөн 20 настай Адам Ланза гэгчийн тухай мэдээ гарч байсан нь тэр юмсанж.
Насаараа шахам хараал хэлж үзээгүй, хүнийг муухайгаар хэлэх нь бүү хэл эвгүй ч харж байгаагүй 80 хүрч байгаагүй ээжийн минь амнаас хамгийн муухай үг л гарч байгаа нь энэ. Бүр сэтгэлээсээ хэлж байна.
Тэгээд би хүнд хайртай монгол эхийн тэр үгийг интернет дэх мэдээний дор коммент болгоод биччихье гэж бодов. Интернет, сайт гэдэг хаа очиж телевиз шиг нэг сонсоод өнгөрөхгүй, сонин шиг нэг уншаад хаягдахгүй хэзээ ч орсон мэдээлэл нь хадгалагдаад байж байх нь нэг давуу тал юм даа. Гэтэл харин ээжийн минь сэтгэлээсээ жигшин хэлсэн тэр “алуурчин” гэдэг үг гарч ирсэнгүй оронд нь хэдэн цэг гараад “Пээ ямар муухай ........вэ” гэсэн юм болчихлоо. Өөр бусад уншигчид үүнийг юу гэж унших юм бол.
Цэгийнх нь тоогоор багцаалаад “нөхөр”, “найз”, “залуу” гэж таах юм болов уу. Өмнө нь муухай гэсэн үг байгаа юм болохоор “гөлөг”, “гахай” гэх юм болов уу. Юу ч гэж уншлаа гэсэн өгүүлбэрийн утга, 80 хүрч яваа, монгол эхийн сэтгэлийн илэрхийлэл тэр хэвээрээ гарахгүй нь лав.
Тэгэхээр монголын ардын аман зохиолд гардагчлан “тэр олон хүнийг буудаад хядчихдаг алуурчныг чинь алуурчин л гэхгүй юм бол өөр ямар алуурчныг, хэзээ хэн, хаана алуурчин гэж нэрлэх юм бэ”. Мал алдаг хүнийг бол монголчууд яргачин л гэдэг. Үүнийгээ бас цээрлээд хар хүн гэдэг билээ. Монголчууд үгэн дотор үг, үхэр дотор гиваа гэдэг. Үгийг чинь хэлэх газар нь, хэлэх цагт нь онож хэлж байж л сая утгаа зөв илэрхийлдэг.
Үүнээс үүдээд бодоход монголчуудын хэдэн зууны туршид хэрэглэж, өөр хоорондоо харилцсаар ирсэн, монгол хэлний нэгээхэн хэсэг монгол үгсийг ер нь яагаад ялгаад салгаад, хаагуур нь зааглаад засаад, цэгээр орлуулаад байгаа билээ.
Энэчлэн тун олон үгийг интернетэд хэрэглэж болохгүй гээд цэгээр орлуулчихсан бол цаашдаа үндсэн текстэндээ оруулж болохгүй гэх нь халаг юм болж байна. Тэгээд жаахан цаашилбал эдгээр үгийг хэлж болохгүй болох юм биш үү. Саявтар МАН-ынхан Сүхбаатарын талбайд жагсаал хийв дээ. Тэд “...танхуяг огцор” гэсэн уриа барьсан харагдсан. Тэгэхнээ тэр нь өнөөх сайтаар хэлж болдоггүй бузар үг /үе/-ийг цээрлэж байгаа нь тэр юмсанж.
Ухаандаа их соёлтой, муухай үг хэлдэггүй, ёс жудагтай улстөрч хүмүүс болж харагдаж байгаа нь тэр юм байх.
Одоо тэгээд яахав. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны "Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам" –аар баталсан энэ 200 үгийн хувилбар нийт 755 үгийг монголчууд хэрэглээнээсээ бүр хасах уу. Гадаад үгийг нь ч яахав хасчихъя. Хэдийгээр муу муухай зүйлийг хэлж байгаа ч гэсэн өнөөх нь “Өсөхөөс сурсан үндэсний хэл, мартаж болшгүй соёл” болохоор монгол үгээ мартах уу.
Ухаандаа “согтуу” гэдэг үг энэ жагсаалтад орчихож. Үгүй тэгээд яах юм. Нэг уншигч “Согтуу жолооч дэндүү олон байна. Тэдэнд авах арга хэмжээг чангатгамаар юм” гэсэн сэтгэгдэл бичиж. Одоо ингээд харахад энэ бол төрийн албанд хэрэг болох л үнэхээр ажил хэрэгч санал. Тэр албаныхан нь уншиж, сонсдог бол шүү дээ. Гэтэл “........жолооч дэндүү олон байна” гээд гараад ирэхээр юу гэж ойлгох юм. Ёстой өнөөх “пизда жолооч” гэж ойлгох уу, эсвэл “илжиг жолооч” “шалиг жолооч” гэж ойлгох уу.
“Авлига” гэдэг үг бас энэ жагсаалтад байгаа. Монголын нийгэмд хамгийн их дэлгэрч, монгол улсыг муухай харагдуулж байгаа энэ үйлдлийг илрүүлж таслан зогсооход хагийн их түгээмэл мэдээллийн хэрэгсэл амаа хамхиад сууж байх болох нь. Авлига өгсөн нь шийтгүүлдэг өнөөгийн хуулиас айж эмээсэн нэгэн сайтын комментоор авлигачийг илчлээд бичиж болохгүй нь л дээ.
Уг нь бол хэлье гэвэл яагаад ч болов хэлчихэж болно биш үү. Өмнө өгүүлсэн “алуурчин” гэсэн үгийг оросоор бичээдэхсэн чинь сайтын коммент дээр тэр чигээрээ л гараад ирж байна. Үүнээс дор хараалын үг ч англиар юм уу, оросоор бол тэр л янзаараа гараад ирэх янзтай.
Үүнийг яах билээ....Харилцаа холбооны зохицуулах хорооныхоон. Зөвхөн монгол үг монгол хэлийг л ад үзээд байгаа юм уу.
Үүнээс гадна сэтгэгдэл буюу коммент гэдэг ямар чухал зүйл билээ. “Хэвлэл мэдээлэл бол олон нийтийн чөлөөт индэр”. Аа яа яа, мундаг тодорхойлолт шүү. Телевиз сонин хоёр бас орно. Гэхдээ энэ нь телевизийн захиргаанд ирдэг хэдэн захидал, “Ард түмний индэр”, “Надад хэлэх үг байна” зэрэг хэдхэн нэвтрүүлгээр л илрэх төдий. Сонинд мөн ялгаагүй, редакцид ирдэг захидлууд. Үүнийг нь сайндаа л сард нэг хоёр нүүрээр хэвлэхээс хэтрэхгүй. Өдрийн сонины “Индэр” булан гэх мэт.
Харин сайтын мэдээ мэдээлэл хамгийн хурдан. Сонин шиг маргаашийн нь дугаар дээр “Өчигдөр.......” гэж гарахгүй. Телевиз шиг “Өнөөдөр...” гэсэн мэдээ бэлтгэх гэж оройг хүлээхгүй. Сайтад бол “Яг одоо....” гэсэн мэдээ л гарна. “Яг одоо МАН-ын бүлэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хаяж гарлаа” гэсэн мэдээ бүх сайтуудад нэг хоёр секундын зөрөөтэй л гарч байсан. Үүний араас л өнөө ад үзээд байдаг коммент буюу сайнаар хэлбэл олон түмний индэр ажиллаж эхэлнэ дээ.
“Зөв өө, зөв....Ерөнхий сайд Н.Алтанхуяг хууль зөрчиж байна” гэх юм уу “МАН-ынхан өөрсдөө өмнө нь юу хийж байсан юм бэ. Одоо л нэг их ийм байх ёстой, тийм байх ёстой гэх юм” гэсэн үгнүүд ар араасаа хөвөрнө. Бусдын үгээр өөрийгөө тольддог ухаантай хүмүүс бол “Олон түмэн юу гэж байгаа бол” гээд сайтуудын коммент харааад л өөрийнхөө үйлдлийг дүгнэж цэгнэмээр.
Энэ чинь өнөө хэлээд байдаг “Төр ард түмний амьд холбоо” биш үү. Хэрэв дээдэс минь ухаантай юм бол энэ бүхнээс өөрсдийгөө тольдож байх ёстой биш гэж үү.
Олон түмний санаа бодол гэхээрээ заавал торгон дээл, костюмаа өмсөөд одон медалиа зүүгээд, Төрийн ордны ард байрладаг “11-11” төвд очиж дугаарлаж байгаад хэлэх ёстой гэж үү. Эсвэл нэг хурал цуглаан хийхийг нь хүлээж байгаад, гараа өргөж индэр дээр гараад илтгэвэл санал бодол болдог гэж үү. Өнөөгийн энэ ертөнц чинь улам бүр цахимжиж орон байрны мөнгөө хүртэл интернетээр тушаадаг болоод байгаа биш гэж үү.
Монголчууд өдрөөс өдөрт, цаг минут бүр улам бүр даяаршиж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн соёлжиж байна. Аймаг сумын төвд ганцхан дэлгүүрт хөлөө чилж, хөлсөө гартал дугаарладаг цагийг мартаж, тав зургаа алхаад л өөрөө өөртөө үйлчилдэг супермаркетад ороод хэрэгтэй зүйлээ аваад гарахдаа цахим карт уншуулаад л мөнгөө төлчихдөг болж. Лангууны араас үйлчилдэг дэлгүүр түүх болон үлдлээ. Үүн лүгээ интернет, сайт гэдэг өнөөдөр хэн хүний өдөр тутмын хэрэглээ болж, соёлтой хэрэглээ өнөө мөдгүй түгээл болно. Тэр цагт хэн нь хэнийхээ хэлж бичих ямар үгийг хэд гурван цэгээр төлөөлүүлж хааж боох юм бэ.