-ОХУ-ын Алс дорнодод их хэмжээний цас орсноос Хабаровск-Биробижан хоорондын зорчигч тээврийн автобусны хөдөлгөөн саатлаа.
-Украйны нийслэл Киев хоногт 40 сая тонн цас унасан нь сүүлийн 100 жилд тохиож байгаагүй үзэгдэл юм байна.
-АНУ-ын зүүн, зүүн хойд нутгаар их хэмжээний цас орсноос болоод нисэх буудлууд 500 гаруй нислэгээ цуцлахад хүрчээ.
-Европын орнууд Герман, Франц, Польш улсад их хэмжээний цас орлоо. Австрид орж байгаа цаснаас болж 100 машин мөргөлдсөн том осол гарсан байна.
-Их Британид их хэмжээний цас орсноос 100 мянга орчим барилга байшин гэрэл цахилгаангүй болж, 400 орчим сургууль хаагджээ.
Энэ бол ердөө л өчигдөр түгсэн мэдээнүүд. Манайд ч гэсэн хасах хэмтэй хонож, өдөртөө ч жиндүү хэвээр байна. Хэдийнэ хавар болчихсон нар ээж байдаг улс орнууд цасанд дарагдаж зуд нүүрлэчихээд байхад дөрвөн улиралтай, “хаврын салхи хавирга нэвт үлээнэ” гэж ярьдаг манайд ч аргагүй юм уу даа. Нэг хэсэгтээ дулаарахгүй тухай цаг уурынхан мэдээлж байна.
Дээрх мэдээнүүдээс нэг л зүйл нь ижил байна. Юу гэхээр салхи, шуурга, цасны хэмжээг аль ч улс оронд сүүлийн хэдэн арван жилд тохиож байгаагүй гэдгийг зориуд тэмдэглэж байна. Өнгөрсөн даваа гарагийн шөнө Австрид -7 хэм болсныг энэ жилийн хамгийн хүйтэн байлаа гэж байна. Аргагүй шүү дээ, хавар бүү хэл өвөлдөө нэмэх градустай өвөлждөг газар.
ОХУ-ын нийслэл Москвад ердөө гурав хоногийн өмнө орсон цасыг нэг сард ордог хэмжээний хур тундас гэж байна. Украйнд орсон их цас 600 гаруй суурин газрыг гэрэл цахилгаангүй болгож, бүх төрлийн тээврийг саатуулсан нь сүүлийн 100 жилд ороогүй их хэмжээний цас гэнэ. АНУ-д ч тэр, Европт ч тэр машин тэрэг, барилга байшингийн нэгдүгээр давхар бүхэлдээ цасанд дарагдаж, хүмүүс урьд өмнө үзээгүйгээ үзэж гайхаж байна. Манайх шиг нийслэлдээ цас цэвэрлэх долоохон машинтай улс байтугай хэдэн мянган ийм машинтай том хотууд цасаа цэвэрлэх гэж тэвдэж байна. Украинд орсон их цасыг цэвэрлэж амжихгүйгээс энэ долоо хоногийн эхний өдрүүдийг амралтынх болгож өөрчиллөө. Москвад цас цэвэрлэх 7000 машин ажиллаад арай гэж амжиж байгаа тухай мэдээлэв. Гэтэл энэ их цас түрүүчээсээ хайлаад шар усны үер эхэлж байна. Нэг их сайхан зун налайхгүй байлаа ч дулаардаг жамаараа дулаарч энэ их цас үерийн гамшиг дагуулна. Хар тив ч гэдэг, халуун тив ч гэдэг Африкт цас ордог боллоо.
Ер нь, яагаад энэ байгаль дэлхий ингэж зангаа гэнэт өөрчилчихөв өө. Монголчуудын шоглон хэлдгээр “тэнгэрийн чавганц зөнөглөчихөөд” цаг тооллоо мартаж будилаад хавар, зун болох цагийг андуураад байгаа юм болов уу.
Их Британийн Засгийн газрын шинжлэх ухааны зөвлөх профессор Жон Бэддингтон энэ бүхнийг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж байна.
Дулаарал гээд байгаа хэрнээ хүйтрээд байдаг нь ямар учиртай юм бол гэж та гайхаж байна уу. Тэр ингэж хэдэн зуун хотыг дарж байгаа их цасны гол шалтгаан нь дэлхийн дулаарал гэж байна. Нээрээ, ийм үзэгдэл болж байсан бил үү. Энд, тэнд их цас ордог, салхи шуурга болдог л байсан. Гэхдээ ингэж энэ жилийнх шиг бүхэл тивээрээ, хаа саагүй нэгэн зэрэг ийм зуд болж байсан нь үгүй. Эрдэмтэн цааш нь нэгэнт л дэлхий нийтэд нэгэн адил тохиож байгаа үзэгдэл болохоор хүн төрөлхтөн, улс гүрнүүд үүнд дасан зохицохоос аргагүй хэмээн тайвшруулсан байна.
Цаг уур урьд урьдынхаас улам өөрчлөгдөн дулаарч байгаа болохоор цаг агаарын ийм таагүй үзэгдэл, өөрчлөлт цаашид байнга тохиолдоно гээд манай дэлхийн цаг агаар 100 жилийн өмнөхөөс буюу 1910 оныхоос бүтэн нэг хэмээр нэмэгдсэн гэлээ. Эрдэмтэн ийм үзэгдэл гэдэгтээ зөвхөн их цасыг ч хэлээгүй салхи шуурга, ширүүн бороо, үер, хэт халуун гэж онцолжээ.
Нээрээ, өнгөрсөн зун Оросын нутгаар, Белоруст, Европт хэт халуун болж үүнийг сүүлийн 100 жилд болж байгаагүй халуун гэж онцолж байсан. Парис, Прага, Берлин гээд том хотод халуунаас болж олон хүн эмнэлэгт хүргэгдэж, хүмүүс усан оргилуурт орж сэрүүцэж байлаа. Энэ зуныг ч гэсэн урьд хожид байгаагүй халуун зун болно гэж цаг уурчид урьдчилан мэдээлж байна. Дэлхийн дулаарал гэж яриад байгаа юм чинь дулаан ч бололгүй дээ.
Дэлхийн дулааралтай холбоотой эрдэмтэн судлаачдын бас нэг сэтгэл зовоож байгаа зүйл бол Хойд мөсөн далайн их мөс. Үнэхээр л дулаараад байгаа юм бол мөс хайлахаас яахав. Хойд мөсөн далайн яг төвд нь ажилладаг Норвегийн судалгааны хүрээлэнгийн судлаач эрдэмтэн Эдмонд Хансен харсаар байтал туйлын мөс маш хурдан хайлж байгааг дурдаад “Эрдэмтэн хүний хувьд би ийм үзэгдэл хамгийн багаар бодоход сүүлийн 1500 жилд тохиолдоогүй гэдгийг хэлж чадах байна. Энэ үнэхээр гайхмаар, санаанд оромгүй өөрчлөлт болж байна” гэжээ. Тэднийхээр бол ийм хурдаар хайлбал Хойд мөсөн далай буюу Арктик 2080 юм уу 2090 он гэхэд мөсгүй болно гэжээ. Энэ их мөс хайлахтай зэрэгцээд олон арал усан доор орно. Японы арал жил бүр хэдэн см-ээр “доош сууж” байгаа баримт ч бас бий.
Эрдэмтэд дэлхийн дулаарал, байгаль цаг уурын энэ их өөрчлөлт байгалийн өөрийн нь цаг хугацааны өөрчлөлттэй холбоотой ч нэлээд хэсэг нь хүний үйл ажиллагаатай, хамгийн гол нь хүн төрөлхтний ялгаруулж байгаа хүлэмжийн хий улам нэмэгдэж байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж байгаа юм.
Та бидний агаарт гаргаж байгаа хүлэмжийн хий нэмэгдэхийн хэрээр цаг уур улам дулааран ингэснээр мөс хайлж далайн усны түвшин дээшилж улмаар орох хур тундасны хэмжээ нэмэгдэж байгаа хэмээн цаг уурчид тайлбарлаж байна. Дэлхийн дулаарал нэмэгдэхийн хэрээр байгалийн элдэв үзэгдэл цас зуд, үер ус, салхи шуурга, хөрсний гулгаа, халуун, хуурайшил, ган гээд гамшгийн тоо давтамж улам нэмэгдэх нь.