Нанжины хотын захиргаа шинэ орон тоон дээр ажилтан авахаар зар тавихад уламжлал ёсоор хэдэн зуун өргөдөл, анкет хүлээн авчээ. Сонирхолтой нь, үүний 100 гаруй нь ганцхан хүний бичиж илгээсэн анкетууд байж. Түүнийг Ванг хэмээх залуу бичиж ирүүлсэн бөгөөд ингэж хуурамч анкет олноор өгөх болсон шалтгаан нь олон хүн өрсөлдөж байна гэж бусдыгаа айлгах санаатайгаас гадна ур чадвар багатай болгон бичсэн хуурамч нэр дэвшигчдээс өөрийгөө товойлгон харуулах гэсэн зорилготой байжээ. Мэдээж Вангийн заль мэх илэрч, ойрын таван жилийн хугацаанд төрийн албанд орох тухай бодолтгүй болсон байна.
Төрийн албанд орохын тулд ийнхүү заль мэх хэрэглэсэн Вангийн жишээ бол сүүлийн жилүүдэд хятад залуус хувийн хэвшил бус төрийн алба руу хэрхэн хошуурч байгаагийн тод жишээ юм. Одоогоор хятад залуусын хувьд төрийн албанд орох нь хамгийн “гялалзсан ирээдүйтэй” карьерт тооцогдож байна. 1980-аад оны үед Хятадын аль чадвартай мэдлэгтэй гэсэн бүхэн өндөр цалин, ирээдүйгээ бодож хувийн салбар руу хошуурч байсан бол сүүлийн жилүүдэд эсрэгээрээ төрийн алба руу буцан ирэх болжээ. 2013 оны төрийн албаны шалгалтад орохоор 1,5 сая хүн бүртгүүлээд байгаа нь үүний нэг нотолгоо. Энэ бол өмнөх оныхоос 15 хувиар өссөн тоо юм. Үүнийг бүр нарийвчлан авч үзвэл нэг ажлын байранд гэхэд 9000 хүн орохоор өргөдөл өгсөн байх жишээтэй. Энэ тухай Хятадын Ренмин их сургуулийн хүний нөөцийн институтын профессор Лиу Син ярихдаа “Бусад оронд, жишээлбэл Америкт авьяас чадалтай хүн хэзээ ч төрийн албанд орох гэдэггүй. Тэдний хувьд номер нэг сонголт нь хувийн хэвшил байдаг. Харин Хятадад энэ яг эсрэгээрээ байдаг. Залуу мэдлэг боловсролтой хүмүүс Засгийн газрын харьяа байгууллагууд, төрийн албанд орохыг л мөрөөддөг болсон” гэжээ. Ингэж төрийн албыг мөрөөдөх болсон нь угтаа цалин хөлсдөө ч биш, ямагт найдвартай, баталгаатай ажлын байр гэдэгт байгаа юм. Дэлхий дахины эдийн засаг үе үе хямарч байгаа энэ үед хувийн хэвшлийн байгууллага, компаниудад ажлын байраа хадгалж үлдэх эсэх нь эргэлзээтэй учир төрийн албанд нэг ороод авбал ажилгүй болно гэж санаа зовох зүйлгүй болдог байна. Хэрвээ аймшигтай том алдаа гаргадаггүй юм бол, эсвэл өөрийн саналаар л өргөдлөө өгдөггүй юм бол албан тушаалдаа насаараа ч үлдэж болохоор байдаг гэнэ. Түүнчлэн төрийн албан хаагч нь хоол, унааны мөнгөөр хангагдаж, хямд үнээр ч орон байртай болох боломж гардаг бөгөөд амарлаа гэхэд хөлс мөнгөтэй байдаг гээд хувийн хэвшлийг бодвол хангамж сайтай байдаг нь ч залуучуудыг татах шалтгаан болж байна.