Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Азтай цагаач


Аз сохор гэдэг ч заримдаа үнэхээр нүдээ олдог нь сайхан. Үүний нэг жишээ саяхан Америкт болжээ. Доминиканаас цагаачлан ирсэн Педро Кесада гэдэг долоон гишүүнтэй гэр бүлээ тэжээх гэж хоногт 17 цаг тасралтгүй, ёстой л борви бохис хийлгүй ажилладаг нэгэн байжээ. Ингээд тэрээр Нью-Жерси хотноо байдаг хатуу ундааны дэлгүүрээс цэвэр сонирхлын үүднээс  “Powerball” сугалааны тасалбар худалдан аваад бөглөх ёстой зургаан  тоог нь бөглөж өгчихөөд харьжээ. Удалгүй юмыг яаж мэдэх вэ, аз таарсан байж магадгүй гээд сугалаа авсан дэлгүүрээрээ шагайтал мань эрийг бөөн сэтгүүлчид бүчин авч сандаргажээ. Сэтгүүлчид олон зуун саяын хожил таарсан сугалааг хаанаас авсныг олж мэдчихээд эзэн нь ирэхийг хүлээж байсан нь тэр аж. Гэтэл 338 сая ам.доллар хожсон хэргийн эзэн нь өөрөө гэдгийг Кесада олж мэдээд төрөлх испани хэлээ англитай хольж хутган бөөн юм болжээ. Мань эр 17, 29, 31, 52, 53,  31 зургаан тооны дарааллыг таачихсан байв. Тэрээр “Би ямар их аз жаргалтай байна вэ. Дөнгөж сая хожсон гэдгээ олж мэдлээ. Би саятан болчихлоо” гэж сэтгүүлчидтэй англиар ярингаа эхнэр рүүгээ утсаар залган испаниар ярьж байсан гэнэ.

Америкт татвар гэдэг тун ч хатуу, ялангуяа ажил хөдөлмөрөөр олоогүй мөнгөнд бүр ч хатуу байдаг болохоор бүх суутгал татвараа төлсний дараа Кесада 338 сая ам.доллараас 152 саяыг авна. Кесада “Би хэр их хэмжээний мөнгө байдаг гэдгийг мэдэргүй байна. Би мөнгөө авч амжаагүй байна шүү. Бүх мөнгөө гэр бүлдээ зарцуулна, Бүгдэд хэрэгтэй хэмжээний мөнгө” өгнө гэжээ. Таван хүүхэдтэй эхнэр нөхөр Кесадад энэ мөнгө ямар ч байсан илүүдэхгүй. Шинэхэн саятаны хүү Касионогийн хэлж байгаагаар тэрээр бүр залуудаа Америкт цагаачлан ирсэн бөгөөд сүүлийн долоон жилийн турш хүүгийнхээ ажиллуулдаг хүнсний жижиг дэлгүүрт  худалдагчаар ажиллаж байжээ.

Хөршүүд нь саятан эрийг “тайван, олон юм яриад байдаггүй, ажиллахаас өөр юм мэддэггүй хүн” гэж тодорхойлжээ. Хөрш Хосе Гонсалес “Мань эр заримдаа өглөө зургаад гараад орой 11-т ирж байдаг юм. Заримдаа бүр мэнд ч мэдэх гээд ч чаддаггүй юм. Түүний өмнөөс бид маш их баярлаж байгаа” гэжээ.

“Powerball” сугалаагаар жекпот хөгжих магадлал нь 175 саяас нэг байдаг аж. Кесадагийн хожил нь энэ сугалааны түүхэнд дөрөвдүгээр орж байна. Хамгийн том хожлыг “Poweball” сугалаанаас 2006 онд хожсон байдаг бөгөөд тэгэхэд 365 сая ам.доллар хожиж байв. Өнгөрсөн жил “Poweball”-ын жекпотоор 579,9 сая ам.доллар хожсон байдаг ч хожлын зургаан тоог хоёр хүн зэрэг таасан болохоор энэ их мөнгийг хуваан авчээ.

Ер нь, сугалаагаар асар том жекпот хожих тохиолдол цөөнгүй.  Тэр бүрт хожлын сугалаа худалдаж авсан ба хожсоны дараахь түүх сонирхол татам.
2002 оны арванхоёрдугаар сард Жек Уиттэйкер гэгч америк эр сугалаагаар 314,9 сая ам.доллар хожжээ. Гэтэл ингээд чи хожоорой гэсэн шиг элдэв азгүйтэл салахаа байсан байдаг. 49 настай Жекийг хоёр удаа дээрэмдэж, согтуугаар машин барилаа гэж хоёр удаа баривчилсан байна. Тун удалгүй найзынх нь ач охин хар тамхины тунг нь хэтрүүлж хэрэглээд гэрт нь өөд болсон бол хоёр сарын дараа өөрийнх ач охин ч мөн л хар тамхи хэтрүүлээд нас барсан байна. Дайран дээр давс гэгчээр Атлантик-Ситид байдаг казиногийн эзэн мань эрийг 1,5 сая ам.доллар алдчихаад хуурамч чек бичиж өгсөн гээд казиногийн алдагдал ба өөрийн сэтгэл санааны хохирлыг бүр ч илүү хэмжээгээр нөхөн төлөхийг шаардсан байдаг. Бүтэлгүйтлийн давалгаанд өртсөн эхнэр нь залхаад “Хожлын тасалбарыг тэр даруйд ураад хаячих байсан юм” гэж уулга алдсан гэдэг.
Их Британийн үндэсний сугалаагаар нэг хүн 18,9 сая фунт хожсон ч хожлынхоо хойноос ирээгүй сураг тасарсан байдаг. Ер нь, энэ улсын түүхэнд сугалаагаар хожиж байсан хамгийн их мөнгө 35 сая фунт юм байна. 2007 онд Анжела Келли гэдэг бүсгүй Европын холбооны орнуудын дотор явагддаг “EuroMillions” сугалаанаас ийм хэмжээний мөнгө хожиж байжээ.  “EuroMillions”  сугалааны түүхэнд гарч байсан хамгийн том хожлыг  нэрээ хэлэхийг хүсээгүй испани хүн хожжээ. Тэрээр 56 сая фунт буюу 76 сая евро хожсон.

2000 онд Америкийн Иллинойс ба Мичиган мужид амьдардаг хоёр залуу дундаа 363 сая ам.доллар хожсон байдаг. Хожлоо мэдээж дундуур нь хуваасан. Ларри Росс гэдэг нэгэн азтан сугалаанд ер оролцдоггүй хүн байжээ. Зүгээр нэг удаа хоёр ам.доллараар хот-дог авч идэж гэнэ. Бутархай мөнгө байхгүй болохоор бүхэл зуутын дэвсгэрт худалдагчид өгчээ. Гэтэл хариулах мөнгө байсангүйн дээр Ларригийн гэдсэнд орсон хот –догийг буцааж авахаас эрс татгалзсан байна. Ингээд Ларри худалдагч эртэй нэлээд удаан хэрүүл хийсний эцэст арга буюу 98 ширхэг сугалааг хариулт болгон авсан нь ийнхүү аз авчирсан хэрэг.
2004 онд Хуан Родригес гэгч бас нэгэн цагаач эр сугалаагаар 149 сая ам.доллар хожсон юм. Үүнээс өмнө Колумбиас цагаачлан ирсэн тавь шахсан энэ эр Нью-Йоркийн нэгэн авто зогсоолын харуул хийдэг байж. Мэдээж өөдтэй цалин авдаггүй болохоор эхнэр Ирис гэгч нь өөрийгөө ажилгүйг мартан байнга үглэж яншдаг байсан гэнэ. Ядаж байхад хоёулаа банкинаас зээл авчихсан байж. Тэгээд банкинд төлөх мөнгөний хэмжээ нь 44 мянган ам.доллар хүрэхэд арга барсан эр халаасандаа байсан сүүлийн ганц доллараараа сугалаа худалдаж аваад хожсон нь энэ. Гэтэл ердөө арав хоногийн дараа эхнэр нь салах өргөдлөө өгч хожлын талыг авна гэж заргалджээ. Шүүгч яагаад салах болсон юм гэж асуухад “Илүү их мөнгө хожиж болох л байсан шүү дээ” гэсэн гэдэг.
Америкийн түүхэнд гарч байсан хамгийн том таван сугалааг сонирхуулъя.

365 сая ам.долларын хожлын талаар дээр дурдсан. Энэ хожлыг Небраска мужид байдаг 24 цагийн жижиг дэлгүүрээс сугалаа авсан эр хожсон.
314 сая 900 мянган ам.долларыг Зүүн Виржинигээс сугалааны тасалбар авсан хүн хожсон. Тухайн үед ингэж хожих магадлал нь 120,5 саяд нэг байжээ.
290 сая ам.доларыг Массачусетс мужид амьдардаг эр хожсон байдаг.
254 сая ам.долларыг 84 настай Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин Жеймс Вилсон хожсон байдаг. Тэрээр мөнгөө ойр дотны хүмүүстээ  хуваан өгчээ. Хожил авах үед хоёр хүү нь 50 хэдийн гарчихсан ажилгүй нөхдүүд гэртээ дэмий сууж байсан гэдэг.

230 сая ам.долларыг Виржини мужийн шатахуун түгээгүүрээс сугалаа авсан залуу 2006 онд хожиж байв.
Энд заавал авсан газрыг нь дурдаад байгааг та лав анзаарсан байх. Зүгээр ч нэг дурдсангүй. Азын сугалааг зарсан дэлгүүр, лангуу, хот-догийн худалдагч, шатахуун түгээгүүр гэх мэт газруудыг сугалааны зохион байгуулагчид 25 мянган ам.доллараар шагнан урамшуулдаг.

Хожлын мөнгөө бас тийм ч амархан авчихдаггүй. Сугалааны журам ёсоор хожлын мөнгийг 30 жилийн турш сунган төлөх ёстой аж. Татвараа төлсний дараа үлддэг нийт хожлын гуравны нэгээс бага зэрэг илүү мөнгийг шүү дээ. Үлдсэн мөнгө нь чамлахааргүй их болохоор хожсон хүн тэсч чадалгүй нэг зэрэг шууд авдаг. Ингэж авахаар бол нөгөө их хожлын хэмжээ нь хоёр дахин багасна. Учир нь, мөнгөтэй компани гарч ирээд түүнд авах ёстой мөнгөний хагасыг нь өгдөг. Тэгээд өөрсдөө өмнөөс нь 30 жилийн турш цувуулан авдаг юм байна.

0 Сэтгэгдэл
Mongol hvn hojloo gej sonsogdvol nadruu zalgaarai .Mungu heregtei ni shvv dee.
Хамгийн их уншсан