“Гэгээн муза 2012” наадам болоход ганцхан хоног үлдлээ. Мэргэжлийн драмын урлагийн хамгийн том наадам 10 дахь жилдээ зохиогдож буй нь энэ. “Гэгээн муза”-н 10 насны төрсөн өдрөөр даацтайхан уран бүтээлүүд өрсөлдөж буй нь тодорхой боллоо. Учир нь өнгөрсөн жилүүдийн журмыг эвдэн нэр дэвшиж байгаа бүтээлүүд тайзнаа зөвхөн “Гэгээн муза”-д зориулан тавигдсан юм. Өөр нэг онцлог гэвэл “Гэгээн муза” нь Монголын төдийгүй олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа. Номинацид шинээр нэмэгдсэн ганц хүний жүжгийн төрөлд Канад, Коссова, Македоны уран бүтээлчид өрсөлдөхөөр ирсэн. Харин шүүгчээр ОХУ-аас ирсэн театр судлаач, найруулагч нар сууж байна.
Хүн төрөлхтний хамгийн анхны роман гэгддэг 1000-аад жилийн өмнө Японы Мүрасаки Шикибү зохиолчийн туурвисан “Гэнжийн туульс”-аас сэдэвлэсэн “Эсрэг дурлал” драмын жүжиг “Гэгээн муза”-гийн нэр дэвшигч. Япон Монголын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан өнгөрсөн онд шинээр тавигдсан учраас “Гэгээн муза” наадамд нэр дэвшиж байгаа билээ. Зохиолч, сэтгүүлч Б.Галааридын бичсэн зохиолоор урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулан тавьсан тус жүжгийн шигтгээ бол туслах дүр. Эрт дээр цагт Японы эзэн хааны ордонд болсон үйл явдал жүжигт өрнөнө. Ордныхоо нэгэн шивэгчинд хаан эзэн сэтгэл алдарч, бага хатнаа болгодог. Улмаар тэдний дундаас нэгэн хүү төрнө. Тэр бол ханхүү Гэнжи. Хааны ордны хатад, шивэгчин нар хааны ивээлд багтсан бүсгүйд атаархан хор уулган хороодог. Хаан хайрт хатнаа дурсан түүнтэй усны дусал мэт адилхан Фүжицубог бага хатнаа болгоно. Энэ үед ханхүү Гэнжи өсч томорсоор... Зүс царайгаараа хэний ч харааг булаадаг ханхүү хаан аавынхаа үзэсгэлэнт бага хатантай хайр сэтгэлтэй болно. Хаан аав нь энэ бүхнийг мэдээд “Хүн ёсны хайр сэтгэлээс минь ургасан чамайг би шийтгэж эс чадна. Бодолгүй зүйл хийхээс минь өмнө эндээс зугт” хэмээн хүүгээ явуулдаг. Гэхдээ оройтжээ. Фүжицубо хатан ханхүүгээс хөл хүндтэй болсон байлаа. Энэ хэрэг явдлыг хатан эхээс нь хойш ханхүүд шадарлах болсон шивэгчин л мэднэ. Тэрээр өөд болсон бага хатны зурагтай ярилцаж сэтгэлээ онгойлгодог зантай нэгэн. Ханхүү Гэнжиг ордноос явсны дараа тэрээр нэгэн өдөр өнгөрсөн явдлын талаар өөд болсон хатны зурагтай ярьж суухыг их хатны шивэгчин сонсоно.
Их хатны үг даалгавар бүрийг ёсчлон биелүүлдэг энэ шивэгчин Гэнжиг төрөөд удаагүй байхад их хатны даалгавраар бага хатныг хорлосон нэгэн билээ. Гэхдээ тэр бага хатны шивэгчнээр дамжуулан энэ бузар зүйлээ гүйцэлдүүлснээр зогсохгүй бага хатны шивэгчинг өөрийн эзнээ хороосон гэмт үйлдлийг чинь олонд дэлгэнэ хэмээн үргэлж шахалт үзүүлсээр ирсэн. Хатнаа хордуулж байгаагаа мэдээгүй шивэгчин ханхүү Гэнжигийн өмнө өөрийгөө үргэлж буруутгасаар ирсэн нэгэн билээ. Тийм ч учраас тэрээр их хатны явуулгаас ханхүүг авран хор ууж насан эцэслэнэ. Их хатны гар хөл болсон шивэгчин ч бас өөрийн эзний атгаг санаанд автан, хорлогдож энэ хорвоог орхино.
Ханхүү ордны гадна явахдаа өөрийн сэтгэлээ өгсөн Фүжицубог мартах гэж олон бүсгүйтэй учирч найр наадамд дурлана. Гэвч нэгэнт сэтгэлээ өгсөн хойт эхийгээ мартаж үл чадна. Тиймээс болох зүйлийг тэнгэрт даатгаад хайрт бүсгүйгээ зорьдог.
Шивэгчнээрээ дамжуулан Фүжицубо хатны тээж буй үр хэнийх болсныг мэдсэн эх хатан энэ байдлыг ашиглан өөрийн байр сууриа бэхжүүлэхээр санаархана. Их хатан хан хүү Гэнжитэй хайр сэтгэлтэй болсон Фүжицубод хор өгч, ханхүү Гэнжиг аврах хамгийн сүүлийн арга хэмээн ятгаж дөнгөнө. Ордонд зөвхөн өөд болсон хатны “амьд хөрөг” төдий амьдарсаар ирсэн Фүжицубо ханхүүтэй учирч, хайр дурлалыг мэдэрсэн нь түүний энэ насандаа амссан хамгийн их аз жаргал байлаа. Тийм ч учраас тэрээр их хатны өгсөн хорыг уудаг. Фүжицубог сүүлийн амьсгалаа авах мөчид хайртай залуу нь ирж, түүний уусан хороор өөрийгөө хордуулан насан эцэслэнэ.
Хүн төрөөд энэ амьдралдаа ариун ч бай, хар бараан ч бай ямар ч замаар явсан үйлийнхээ үрийг амсч, энэ хорвоогоос оддог гэдгийг харуулсан хоёр шивэгчний дүрд гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин Ц.Баясгалан нар тогложээ. Өөд болсон их хатныхаа зурагтай ярилцан Японы эртний аянд дуулсаар жүжгийг эхлүүлсэн жүжигчин Ц.Баясгаланг үзэгчид таньсангүй. Түүнийг япон хөгшин эмэгтэйн адил алхаа, нүүр буудалт, авир ингэж өөрчилсөн хэрэг л дээ. Харин их хатны шивэгчний дүр үзэгчдийн эгдүүцлийг төрүүлээд авснаас тэдний дүрээ хэрхэн бүтээсэн үнэлгээ гарна. Тийм ч учраас энэ жилийн наадамд тэдний дүр гялалзана даа...