Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.ЦЭГМИД: ХҮМҮҮС НЭР АЛДАРТ ХҮРЭХЭЭРЭЭ Л ӨӨРИЙНХӨӨ ТҮҮХИЙГ ГУЙВУУЛЖ ЭХЭЛДЭГ

“Тусгай салаа”, “Огцом эргэлт”, “Өдөр өдрийн нар”, “Ану хатан”, “Улаан дөрвөлжин” гээд сүүлийн үеийн кинонуудад туслах дүр бүтээх болсон ахмад жүжигчин бол А.Цэгмид. “Улаан дөрвөлжин” киноны нээлтийн үеэр түүнийг хуучны ямар кинонд тоглосон бэ гэдгийг нь оноож чадаагүй ч, утасных нь дугаарыг авч чадсан юм.
Үнэндээ тэр “Өндөр ээж” киноны ичимхий эмч бүсгүй байлаа. Түүнтэй уулзахаар очтол “Би чамайг ярьсан цагаас л яагаад надаас яриа авъя гэж бодсоныг чинь асуумаар санагдлаа. Чамайг над руу хэн явуулав” хэмээн асуугаад, жаахан жийрхүү угтлаа. Намайг хэн нэг танилын нэрээр ирээгүй гэдгийг сонсоод их л халуун дотноор яриа өрнүүлсэн юм. Түүнийг найзууд нь Цэкү гэж дуудаг. Цэкү эгч бид хоёр ярилцаж суусаар нэг л мэдэхэд таван цагийг өнгөрөөсөн байлаа. “Европод 15 жил амьдарсан болохоор эгч нь үндэсний хоол хүнсээ хэрэглэх дуртай” гээд л намайг Увсын үхэрийн нүд, арвайн гурилаар дайллаа. Ганцаараа амьдардаг гэхэд Цэкү эгчийнх нэг л дулаахан сайхан.

-Жүжигчин хүний залуу насыг өөртөө л хадгалаад үлддэг газар бол театр гэж би боддог. Тайзан дээр тоглож байсан хүмүүс амархан мартагддаг. Жишээ нь, Хүүхэд, залуучуудын театрт та насаараа шахуу ажилласан хүн?
-Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг төгсөөд л Хүүхэд залуучуудын театрт хуваарилагдсан. Театраа тарах хүртэл тэнд ажилласан. Театрт тавигдсан жүжиг бүрт тоглодог байсан болохоор кинонд тоглох завгүй явж л дээ. “Мартагдсан дууль”, “Их замын тоос”, “Өндөр ээж”, “Гал хам”, “Нэр төр” гээд цөөн хэдэн кинонд л дүр бүтээсэн байгаа юм.

-Европод 15 жил ажиллаж, амьдарчээ. Тайзан дээр амьдарч байсан хүн өөр ажил сонгож, харь орныг зорих хэцүү л байсан байх?
-Гэхдээ би тийшээ мөнгө олох эсвэл амьдрал судлах гэж яваагүй. Ажил ч үгүй, хань ч үгүй, орон гэргүй болчихсон хүн чинь энд байж юугаа хийх вэ дээ. Ямар ч байсан хил даваад үзье гэж бодоод л явсан. 15 жил тэнд ажиллахдаа зургаан айлын долоон хүүхэд өсгөлөө. Ардын уламжлалт бариа хийж сурсан. Эмийн талаар жаахан мэдлэгтэй боллоо. Гэхдээ наймаа л хийж чадахгүй юм билээ. Бага үнээр авсан зүйлээ үнэ нэмээд зарах нь бусдыг шулж байгаа хэрэг. Аливаа нэг ажлыг сурахгүй бол яаж хийдгийг нь мэдээд ав гэж эмгэн ээж маань захидаг байсансан.

-Хань тань хэцүүхэн үед орхиод явсан ч танд хоёр хүү байсан биз дээ?
-Хоёр хүү маань ааваасаа хойш алдаж эндсэн. Аав нь явахдаа хоёр хүү, хоёр өрөө байр үлдээсэн ч байраа луйварчдад алдчихсан. Тухайн үедээ хууль мэдэхгүйгээс л байраа алдсан гэдгээ сүүлд мэдсэн.

-Бурхан хүнд дааж чадах ачааг нь л оноодог. Тэгснийхээ хэрээр хайр халамжаа харамгүй өгдөг гэдэг дээ?
-Тэгэлгүй яахав. 15 жил хүний хийж болох бүгдийг л хийлээ. Тэр болгондоо нутгаа хүүхдүүдээ, ээжийгээ санана. Гэхдээ би баян. Миний ээж одоо 85 хүрч яваа хөгшин байдаг. Үр  хүүхдүүд маань өнөр өтгөн айл боллоо. Надад одоо өөр юу хэрэгтэй гэж.

-Та түрүүнээс хойш нөхрөө хань гээд л их хүндэтгээд ярилаа?
-Надад тэр хүнийг буруутгах шалтаг байхгүй ээ. Хоёр сайхан хүүгийн минь аав шүү дээ. 43 насандаа хайраа оллоо гэж байгаа хүнийг би яах билээ. Бариад хүлэлтэй биш. Намайг айл гэр аваад явж чадна гэж л авч суусан гэдгээ явахдаа хэлсэн. Нөхрөөсөө салснаас хойш намайг Цэгмид биш Чулуунбатын салсан эхнэр л гэж дуудах болсон. Найзууд, ойр дотныхон болгоомжилно. Олон ч удаа хардуулж, айлын эхнэрт алга­дуулсан даа. Гэхдээ миний хүүх­дүүдийн аав урт удаан наславал сайн л байна.

-Та надаас анх жаахан цэрвээд л байсан. Урлагийнхан уг нь нээлттэй, яриа байдаг шүү дээ...?
-Хэвлэл мэдээллийнхэнд яриа өгөх дургүй ээ. Хүний ярьсныг гуйвуулж бичих нь их болохоор нь. “Ану хатан” киноны нээлтийн үеэр Ардын жүжигчин Сарантуяа, гавьяат жүжигчин Оюундарь, бид гурав зогсч байсан чинь тэр хоёртой их аварга Дагвадорж гар барьж мэндлээд, надтай мэндлэхгүй яваад өгсөн. Харин тэгтэл саяхан нэг сайт “Цэгмид их аваргад гомдов” гээд л биччихсэн байна лээ. Ингэж хүмүүсийн хооронд яс хаяж байгаа юм шиг бичиж болохгүй шүү дээ. Миний хамгийн дургүй үг бол гомдох, ялах.

-Нэрийг нь хэлээд яах вэ. Би нэг мундаг жүжигчин эмэгтэйгээс яриа авахаар гэрт нь очиход их гундуу амьдарч байсан. Түүнд залуу үеийнх нь сайхан гэрэл зургаас өөр хань байхгүй болчихсон санагдсан. Гэтэл хүн бүр адилгүй бололтой. Та бол гялалзаж байна шүү дээ?
-“Сайхан хүүхэн байсан юм аа, би” гэдэг үг бий. Оросын жүжигчин Светлана Светличная гэдэг жүжигчин бий. “Эрдэнэ нуусан гар” киногоор хүмүүст танигдсан. Өнөөдөр 73 настай тэр хөгшин нохой, муурныхаа хоолноос идээд, хамгийн хямд нүүрний тос хэрэглээд, хийсэн бүтээсэн, бий болгосон нэр төрийнхөө хажууд дэндүү ядмаг амьдарч байгааг сэтгүүлчид олж илрүүлээд дэлхийгээр нэг цацсан. Түүн шиг манайд ч хийсэн бүтээснийхээ дэргэд дэндүү хөөрхийлөлтэй амьдарч байгаа уран бүтээлч олон бий.
Эмэгтэй хүний хувьд хань хамгийн чухал. Их олон жил ханьтайгаа хамт амьдарсан бол хөл алдах зүйл надад ч гэсэн тохиолдох байсан. Гэтэл 30 гаруйхан настай байхад хань маань орхиод явсан учраас бүх зүйлээ өөрөө хийгээд, хэнд ч найдахаа больсон. Гэхдээ хүүхэд, ач, зээтэйгээ ярьж болохгүй зүйл гэж бий. Тэр бүгдэд би хариулт олохын тулд ном л уншдаг. Шүлэг бичдэг. Анх хүүхдүүдийнхээ аавтай байхад бичдэг байсан тэмдэглэлээ эмхэтгэж, Лхагвасүрэнгээр хянуулаад нэг шүлгийн дэвтэр гаргаж байсан. Одоо ч гэсэн олон шүлэг бий. Ном болгох мөнгөгүй л байна. Найзууд маань намайг хөнгөн шингэн, тавьтиргүй гэдэг юм. Миний зан аашинд энэ нь тохирдог. Яагаад гэхээр би их сониуч хүн дээ.

-Тэтгэврийн мөнгөөр амьдраад явахад хэцүү болсон цаг. Кинонд тоглолоо гэхэд жүжигчдэд олигтой хөлс өгддөггүй юм шиг байна билээ. Хэрэгцээгээ хэрхэн зохицуулдаг вэ?
-Тэтгэврээ аваад байрны мөнгөндөө өгчихнө. Хүүхдүүдээсээ авах биш өгдөг эмээ баймаар байна шүү дээ. Гэтэл тэтгэврийн доод хэмжээгээр мөнгө авдаг хүн ач зээдээ юугаа өгөх билээ. Кинонд тоглоогүй үедээ даавуун тор оёж зардаг. Жүжигчдийн дунд цайны сүүний мөнгөөр тоглож, ханш унагалаа гэсэн яриа явдаг юм билээ. Гэхдээ байраа барьцаанд тавиад хамаг юмаа шавхаад кино хийж байгаа хүнээс яаж санасан хэмжээгээрээ мөнгө нэхэх билээ. Нэхээд авдаг хүмүүс нь авна л биз.

-Танайд орж ирээд ямар цэмцгэр эмээ вэ гэж хамгийн түрүүнд бодлоо?
-Манай найзууд намайг нөхрөөсөө салсны дараа гэрээ яаж цэвэрлэсэн байна гэж харахаар ирдэг байсан тухайгаа сүүлд ярьсан юм. Монгол хүний оюун ухаан гээд л ярьдаг Дэмбэрэл нэг удаа телевизээр “Би ааваараа овоглоод, эгэл жирийн байхдаа хүнээрээ байдаг юм” гэж ярьж байсан. Хүмүүс нэр алдарт хүрэхээрээ өнгөрсөн амьдралаа худлаа зохиогоод л ярьдаг юм. Сайн үйлийн төлөө бол худлаа ярьж болно. Хүмүүс, би амьдралдаа худлаа хэлж байгаагүй гэдэг. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Наад зах нь тэр хүн хоёр хүнийг эвлэрүүлэх гээд ганц ч гэсэн удаа худал хэлж явсан байж л таараа. Би ч гэсэн энэ амьдралдаа худал хэлж л явсан. Аавгүй өссөн ч Ардын жүжигчин эмэгтэй миний аав тийм сайхан хүн байсан гээд ярьж байгааг сонсч байлаа.

-Таны үеийнхэн сонирхол гэхээ­сээ илүү, хуваариар л их сур­гуульд ордог байсан. Та чухам яаж яваад жүжигчний мэргэжлийг эзэмшсэн юм бэ?
-Уг нь эмч больё гэж бодож явсан. Гэхдээ тэр хувь заяа маань төөрчихсөн. Тэглээ гээд жүжигчин болсноороо гутарч байгаагүй. Бидний залуу үед “энэ жүжигчин шүү дээ” гээд ярвайгаад өнгөрөх хүмүүс байсан. Жүжигчдийг жүжгийнхээ хэлээр ярьсан, улс төрийн боловсролгүй юмнууд гээд их л ад үздэг байлаа.

-Жүжигчин эмч хоёр чинь тэс ондоо мэргэжил шүү дээ. Тийм үнэлэмж муутай байсан юм бол өөр мэргэжил сонгож болох л байж..?
-Арван жилд байхдаа дуулдаг бүжиглэдэг гайгүй авьяастай байсан. Зургадугаар ангиасаа спортын гим­настикаар хичээллээд, улсын шиг­шээ багийн тамирчин болсон уч­раас хичээлээ хийх завгүй явсаар арав­дугаар ангиа муухан дүнтэй төгссөн. Тийм учраас техникумын хуваарь авчихлаа. Хуваариа бариад сургуулийн гадаа сэтгэл дундуур сууж байтал манай сургуулийн захирал Арилдий гэж багш хүрээд ирсэн. Тэгэхэд багш улаан Ява унадаг байлаа. Багш, Цэгмид яасан авсан хуваарь нь таалагдахгүй байна уу гэхээр нь “Тийм ээ, уг нь би эмч болох санаатай байсан юм” гэсэн чинь багш, “Алив миний араар суу. Би чамайг анагаахад хүргээд өгье. Шалгалт өгөөд тэнцвэл эмч болно биз” гэсэн. Тэр үеийн дүр зураг одоо ч миний нүдний өмнө тодхон харагддаг. Тэгээд л Анагаахын захирал Балдандорж гэж хүнтэй уулзуулсан. Тэр захирал нь ч намайг шалгалт өгөхийг зөвшөөрлөө. Ямар ч байсан техникумд орохгүй нь гээд  би чинь бөөн баяр. Спорт бэлтгэлийн төв дээрээ ирээд дасгалжуулагч Норов багшдаа болсон бүх зүйлээ ярилаа. Тэгсэн багш “Чамд Биеийн тамирын дээд сургуулийн томилолт ирсэн” гээд нэг томилолт атгуулчихлаа. Би эмч болно гэж шийдсэн ч нөгөө томилолтыг нь авчихлаа. Анагаахад шалгалт өгөөд тэнцэхгүй бол очно гэсэндээ л тэр.

-Бас давхар санаатай. Гэхдээ техникумын хуваарь авсан гэхээр нэлээд базаахгүй л сурдаг байж. Хүний амьдралд тааж тааварлашгүй зүйл олон тохиолдох юм даа?
-Тэгээд удалгүй анагаахад шалгалт өглөө. Биеийн тамирын сургуулийн захирал дээр орохгүй л яваад байсан. Сарын дараа Анагаахад шалгалт өгсөн хүүхдүүдийг комиссоор орууллаа. Надаас “Чи Биеийн тамирын дээд сургуулийн томилолт авчихаад энд юу хийж явдаг билээ” гэдэг юм байна. Аль хэдийнэ судалчихгүй юу. Тэгэхээр нь болсон бүх зүйлээ ярьчихсан. “Чи захирлын танил байх хамаагүй. Авсан сургуульдаа очиж ор” гээд л хөөчихсөн. Бэлтгэл дээрээ очсон чинь багш, яасан шалгалтандаа уначихсан уу гэж байна. Үгүй ээ, намайг хөөчихлөө гэсэн чинь, “Одоо яах вэ дээ. Томилолтоо барьж ороод биеийн тамирын дээддээ л орохгүй юу” гэсэн. Тэгээд Биеийн тамирын дээд сургуулийн захирал дээр орсон чинь хугацаа өнгөрсөн наад томилолт чинь хүчингүй гээд ураад хаячихсан.

-Ёстой нөгөө хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэгч болж. Тэгж явсаар сургуулиудын оюутан элсүүлэх хугацаа дуучихна биз дээ?
-Ингээд л, харих гээд Энхтайвны гүүрэн дээгүүр явж байтал гүүрний нөгөө талаар ардын жүжигчин Мэндбаяр эгч явж байна. Одоогийн мисстэй харьцуулахааргүй сайхан хүүхэн байлаа шүү дээ. Юун нөгөө урвайх. Мэндээ эгчийг харах гээд дагаад л гүйчихсэн. Түүнээс хойш гимнастикийнхаа бэлтгэлийг хийгээд л яваад байлаа. 1966 оны Румыны нөхөрлөл, 1967 оны Унгерийн тэмцээнд оролцох гээд бэлтгэл базааж байсан юм. Гэтэл нэг өдөр ангийнхаа Дашзэвэг гэдэг хүүтэй таарлаа. Одоо бурхан болсон л доо. Зохиолч болно гэж мөрөөдөж байсан ч чадалгүй Драмын театрт дагалдан жүжигчнээр орчихож. Нөгөөх маань намайг чи манайд очоод нэг шалгуулаач, эмэгтэй хүүхэд олдохгүй байгаа гэсэн гэхээр нь яваад очлоо. Нөгөө алтан үеийн мундаг жүжигчид эгнээд суучихсан би тайзан дээр гарлаа. Дуу дуулах уу гэхээр нь “Хар ус нуурын шагшуурга”-ыг дуулчихлаа. Тэгээд намайг театрт түр дагалдан жүжигчнээр авсан. Удирдаач Бүрэнбэх, жүжигчин Латиф гээд л надтай хамт мундаг хүмүүс дагалдангаар орсон юм.

-Хүн өтлөхийн цагт дурсамжаа мэрж амьдардаг гэдэг. Өнгөрсөнтэй үлдсэн таны амьдралаас алдсан нь их юм уу, оносон нь их юм уу?
-Энэ амьдралд олон ч удаа алдлаа даа. Алдсан дурсаад яах юм бэ. Алдаа л биз. Оносон зүйлээ дурсах, ярих дуртай.

-Тэгвэл амьдралынхаа нэгээ­хэн жаргалтай хэсгийг хамт өнгөрүүлсэн ханийн тань талаар асуумаар байна?
-Бүүр жаахан охин байхаасаа л радио сонсох их дуртай. 15, 16 настай байсан санагдана. Нэг өдөр радио сонсч байтал “Хялар хатны домог” гээд найраглал явсан. Их өрөвдөлтэй. Түүнийг сонсоод уйлахад нагац эгч маань намайг радио тэвэрчихээд л уйлаад сонин хүүхэд шүү гэж билээ. Тэр найраглалыг нэг их бүдүүн хоолойтой хүн уншиж дуусаад “Нэвтрүүлэг уншсан Чулуунбат” гэж хэлсэн нь миний сэтгэлд их тод үлдсэн. Драмын театрт анх “Гарын таван хуруу” жүжгийн хамгийн бага хүү Идэрийн дүрийг бүтээгээд жинхэнэ ажилчин болчихсон. Түүний дараа Лодойламба гуайн “Манай сургуулийнхан” романы Нусанжурд тоглож, радио дээр очоод бичүүлэх боллоо. Тэгэхэд радио одоогийн Төв шууданд байсан. Тэгээд бичүүлж байтал харахад тийм ч царайлаг биш, туранхай эрэгтэй намайг хараад л байна. Дотроо энэ ямар сонин хүн бэ гэж бодоод л өнгөрсөн. Гэтэл жүжигчин Сэлэнгэ эгч “Чамтай радиогийн нэвтрүүлэгч Чулуунбат танилцъя гээд байна. Жүжиг уншиж байхад харсан гэнэ” гэлээ. “Радиогийн хөгшин хар юм уу” гэтэл, “юу ярьж байгаа юм. Тэр чинь алдартай нэвтрүүлэгч хүн” гэлээ. Чулуунбат гэдэг хүний хоолойг нь сонсоод бүдүүн, олон хүүхэдтэй эр гэж яагаад төсөөлсөн юм бүү мэд. Нэг л толгойд буухгүй байсан.

-Радио телевиз хоёрын ялгаа энэ шүү дээ. Нөгөө л нэг сэтгэлд үлдсэн хоолойг тийм хүн гэж төсөөлөөгүй байх нь аргагүй. Түүнээс хойш таныг “эргүүлж” эхэлсэн үү?
-Тэгээд хэсэг чимээ алдарсан. Нэг орой жүжигт тоглочихоод харих гэж байтал хүүхдүүдийн маань аав сайхан хувцаслаад, цэцэг барьчихсан ирээд гэр хороололд байдаг намайг хүндэтгэлтэйгээр хүргэж өгсөн. Тэгж амархан танилцсан шигээ маш амар­хан гэрлэсэн. Удалгүй нөхөр маань Москва руу мэргэжилтнээр явахаар болоод хоёр сарын дотор л гэрлэлтээ батлуулаад нөхрөө дагаад явсан даа.

-Хүн өөрийнхөө хувь заяанаас зугтаж болдоггүй гэдэг. Жүжигчин болох хүртэл та олон тийшээ зугтах гэж оролдсон байна шүү?
-Тийм ээ. Нөхөр маань намайг жүжигчин болгох их дургүй байсан. Гэхдээ би зөрөөд 1974 онд Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангид шалгалт өгөөд орчихсон. Дипломын ажлаа эрэгтэй хүүхдийн дүрээр хамгаалсан боло­хоор Хүүхэд залуучуудын театр жүжигчнээр авчихсан юм. Уг нь, УДЭТ-т орж болохоор л байсан. Жүжиг­чин гэдэг ажил амархан зүйл биш. Энэ мэргэжлийг нэгэнт эзэмшчихээд хийхгүй бол зүрх өвдөөд байдаг юм билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан