Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Ариунаа: Миний загвараас өрнө, дорныг харж болно

Дэлхийн топ таван загварын долоо хоногт тооцогддог Токио хотын загварын өдрүүдэд “Ариунаа Сүри” хэмээх брэндийг үндэслэгч С.Ариунаа оролцох эрхээ авсан билээ. Тэрээр “Мерседес Бенз Токио” өдрүүдэд дэлгэх загвараа өмсүүлэх моделио сонгожээ.

-Та өөрийн нэрийн “Ариунаа Сүри” брэндээ хэзээ эхлүүлсэн бэ?
-Би анх 2011 онд Германд сурч, ажиллаж байхдаа энэ брэндээ гаргах эрхээ авсан юм. Тэгээд эх орондоо ирээд, 2012 оны зунаас хамт олноо бүрдүүлж, өөрийн брэндээ үүсгэсэн.
-Удахгүй болох “Мерседес Бенз Токио” загварын өдрүүдэд оролцох болсон. Сэтгэгдлээ хуваалцаач?
-Бид анх  томоохон загварын долоо хоногт оролцох зорилго тавьж, өнгөрсөн оны есдүгээр сараас хойш загвараа гаргаж ажилласан. Удалгүй “Мерседес Бенз Токио” шоуг сонирхоод шаардлагатай бүх зүйлээ бөглөж, өөрсдийн эх загвар, цаанаас шаардсан зүйлсийг явуулсан юм. Ингээд нэгдүгээр сарын сүүлчээр хариу иртэл биднийг маш их баярлуулсан, гэнэтийн үйл явдал болсон. Гэхдээ ганцхан удаа санал тавиад шууд шалгарсандаа жаахан гайхаж байсан шүү. Уг нь, бид брэндээ эхлүүлээд, оролцох хүсэлтээ илгээж байтал хэдэн жил өнгөрч, тэгээд эрх олгоно гэж  бодож байсан л даа. Тийм ч учраас брэндийн анхны жил том шоуны хүрээнд болдог загварын жижиг өдөрлөгүүдэд оролцохоор төлөвлөөд байсан юм. Тэгэхээр ийм том шоунд шууд оролцох болсондоо жаахан эмээх шиг.
-Загвар өмсөгч охидоо ямар шалгуураар сонгож авсан бэ?
 -Охид маань 15-19 настай, наймуулаа явахаар болсон. Ерөнхийдөө загварын шоунд энэ насныхан оролцдог. Учир нь, тэд илүү шинэлэг, өвөрмөц харагдуулж чаддаг юм. Өөрийн алхаа гишгээ, өвөрмөц царай төрх, жигд сайхан биетэй. Бас шоуг сонирхох хүмүүс, хэвлэл мэдээллийнхний анхаарал татахуйц байж чадна гэсэн үүднээс сонгосон.
-Шоунд бэлдсэн загварууд тань ямар сэдэв, агуулгатай байх бол?
-Би  2013, 2014 оны намар, өвлийн 40 орчим иж бүрэн загвараа зэхээд байна. Эдгээрийн дотор 170 гаруй загвар багтсан. Анх удаа оролцож байгаа болохоор монгол гэсэн онцлогийг харуулахыг хичээсэн. Гэхдээ Европ стандарт загварын чиг хандлага дээр монгол деталиудыг чимэг болгож оруулсан өдөр тутмын загварууд. Төрөл бүрийн материалаар хийсэн. Миний загварыг нарийн мэдрэмжээр харвал юу илэрхийлж, ямар материал ашигласан нь илүү мэдэгдэх болно. Сэдвийн хувьд өрнө, дорныг холбон хослуулж, бүх юмны хооронд оршигч байна гэсэн агуулга санаатай.
-Дизайнер С.Ариунаагийн цаашдын зорилго юу вэ?
-Манай улсад “Гоёо”, “Говь” гээд хувцас үйлдвэрлэлийн олон брэнд байна. Харин дизайнерын брэнд алга. Үүнийг хүмүүст зөв замаар таниулж, дэлхийн том дэлгүүрүүдээр монгол дизайнерын брэнд болсон загварын хувцас зардаг болгомоор байна. Тэр мөрөөдлийнхөө төлөө ажиллана даа.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан