Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТООН ДОТРОО ҮСЭГТЭЙ “ГЭГЭЭН МУЗА”


Тэнгэрийн их эзэн Зевсийн ер бусын үзэсгэлэнтэй, оюун ухаан авьяас билгээрээ онц гойд есөн охин ой дурсамжийн бурхан болох дарь эх Мнемосинагийн алтан хэвлийгээс мэндэлжээ. Олимп ууланд тэнгэрийн бурхад залран чуулах үеэр Зевсийн есөн охин морилон саатахад, тэнд хуран цугларагсдын оюун ухаан тэлж, үг хэл нь хурц мэргэн, сэтгэл санаа нь уужим тайван болцгоодог ажээ. Сод авьяас шингэсэн эдгээр охид номлол сургааль айлдаж, яруу найраг, дуу хөгжим, театр урлагийн их цэнгүүнийг үүсгэн, ер бусын баяр баяслыг бэлэглэдэг байлаа. Зевсийн есөн охиныг Муза буюу дагина хэмээн нэрийддэг байв. Тэд театр урлаг, утга зохиол, дуу хөгжим, шинж­лэх ухааныг ивээн тэтгэж, хөхиүлэн хөгжөөдөг далдын увидастай байсан юм. Тиймээс ч Музагийн ивээлээр дэлхийн урлаг, утга зохиол, сод их авьяастнууд мэндэлдэг хэмээн Грекийн эртний домогт өгүүлсэн байдаг билээ.

Тэр л “Муза” драмын мэргэжлийн урлагийн гол шүүлтүүр болон Монголын драмын урлагийн тайзнаа морилон ирснээс даруй 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд нийгмийн амьдрал дахь алдаа дутагдал, ололт амжилтыг амилуулсан бүтээлүүдийг дэнсэлсээр бас үзэгч олны хүсэн хүлээдэг наадам болжээ.
УДЭТ, “Гэгээн Муза” академи, Урлагийн ажилтны холбооноос хамтран өчигдөр Олон улсын театрын өдөр буюу гуравдугаар сарын 27-ны өдөр уламжлал болон зохион байгуулагдах болсон “Гэгээн Муза 2012” наадмын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, наадамд нэр дэвшсэн уран бүтээлчдэд батламж гардуулсан юм. Энэ жилийн наадам илүү өргөн хүрээнд зохиогдох гэж буй. Мөн цаашид олон улсын чанартай болох эхлэл тавигдах нь. Учир нь, Молдав, ОХУ-ын театр судлаач, найруулагч нар ирж шилдгийг шалгаруулах шүүгчийн бүрэлдэхүүнд орох гэнэ. Энэ талаар “Гэгээн муза” академийн төлөөлөл болох төрийн шагналт жүжигчин С.Сарантуяа “Анх “Гэгээн муза” наадмыг зохион байгуулж эхэлсэн цагаасаа л бид ОХУ-ын “Золотая маска” наадмын адил өргөн хүрээг хамарсан арга хэмжээ болгох хүсэлтэй байсан. Тэгвэл одоо “Золотая маска” наадмын шүүгч, Молдав улсын театр судлаач Зойка Анжелина ирж шүүгчдийн багт ажиллах болсон нь бидний зорилго нэг алхмаар урагшилж буйн илэрхийлэл” хэмээн ярилаа.

Шилдэг болохоор төвийн болох хөдөөгийн театрын уран бүтээлч 11 бүтээлээр дөрвөн төрлөөр өрсөлдөж буй нь хамгийн олон уран бүтээлчид Музагийн шүүлтүүрээр орж буй тохиолдол юм. Өмнөх есөн жилийн хугацаанд драмын болон дуулалт жүжиг, драмын болон хүүхдийн жүжиг гэх зэргээр хамгийн ихдээ л гурван төрлөөр шилдгээ шалгаруулдаг байсан. Тэгвэл энэ удаа драмын, инээдмийн, хүүхдийн, нэг хүний гэсэн дөрвөн төрлөөр уралдах нь. Инээдмийн болон нэг хүний жүжгийн төрөл өмнө хэзээ ч шалгаруулж байгаагүй, шинээр нэмэгдсэн төрлүүд учраас өрсөлдөгчид ч хүчтэй байгаа нь харагдсан.

Нэг хүн ч нийгмийн байдлыг тольдож болно

“Гэгээн муза 2012” наадамд нэг хүний жүжгийн төрөлд дөрвөн бүтээл өрсөлдөх юм. Энэ бол драмын хамгийн хэцүү төрөл хэмээн судлаачид үздэг. Театрын уран бүтээлчид тэр чигээрээ оролцож байж үзэгчдэд хэлдэг санааг ганцхан хүн өөрийнхөө инээд, нулимс, дуу хоолой, зүс царайгаараа хүргэнэ гэдэг мэдээж амаргүй. Гэхдээ тайзан дээр нэг хүн жүжиглэх ч, тайзны ард өөр, өөрийн үүргээ биелүүлэн, үзэгчдэд түүний хийсэн зүйл хэр хүрэх эсэхийг хараад амьсгаа даран зогсох олон уран бүтээлч бий. Ингээд нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдөж буй жүжигчдийн сэтгэгдлийг сонслоо.


Ц.Баясгалан: Дуулна, уйлна, бүжиглэнэ

/УДЭТ-ын жүжигчин/

-Та “Би Эдип Пиаф байна” хэмээх нэг хүний жүжгээр нэр дэвшжээ. Эдип Пиаф францын алдарт дуучин байх аа?
-Тийм ээ. Гудамжны хүнд хэцүү амьдралаас алдар нэртэй дуучин болсон хүн. Түүний амьдралаар нийгэмд байдаг жирийн хэрнээ болохгүй бүтэхгүй зүйлийг харуулахыг зорьж энэ бүтээл дээр ажиллалаа.
-Түүний амьдралыг гаргахын тулд түүн шиг дуулах хэрэгтэй...?
-Би дуулна, уйлна, бүжиглэнэ. Тэр мэдээж үнэхээр агуу дуучин. Миний найзууд болох дуучин Наран, Алтанцэцэг, Сарантуяа гээд мундаг дуучдын шүтээн. Гэхдээ би түүний дүрийг бүтээхдээ өөрийгөө голоогүй. Тийм ч учраас үзэгчдэд хүрвэл надад нэр алдрыг авч ирэх даацтай уран бүтээл гэж найдаж байгаа. “Ану хатан” жүжгийн дууг ч гэсэн өөрөө дуулсан.
-Тантай ямар уран бүтээлчид хамтран ажилласан бэ?
-Баатар найруулагч намайг анх сонгоод энэ жүжигт тоглох санал тавьсан. Зураачаар Батбилэг гээд залуу ажилласан. Энэ бол Францын алдарт зохиолчийн бүтээл шүү дээ.
-Үзэгчдэд хэзээнээс хүрч эхлэх бол?
-Би бол “Гэгээн Муза”-гаас өмнө тоглож хүргэх хүсэлтэй байна. Ер ньболомж олдвол хэзээ ч тоглосон бэлэн байна.


Д.Ганцэцэг: Уран бүтээлчийн эмзэглэлээ гаргах гэж зорьсон
/УДЭТ-ын жүжигчин/

-Ганц хүний жүжгийн төрөлд хэний зохиол, ямар бүтээлээр өрсөлдөх гэж байна?
-Францын зохиолоос сэдэвлэсэн. Өнөө үетэй нийцүүлж найруулан бичих ажлыг нь өөрөө хийсэн. “Бурханд илгээсэн захидал” нэртэй ганц хүний жүжгээр өрсөлдөх гэж байна. Найруулагчаар маань хүүхдийн жүжиг найруулдаг Хишигзаяа гэж эмэгтэй ажилласан.
-Та өөрөө найруулан бичсэн гэлээ шүү дээ. Энэ жүжгээрээ дамжуулан хэлэх таны гол санааг нууц биш бол сонирхоё?
-Уран бүтээлч хүний эмзэглэлээ л гаргах гэж зорьсон. Хүн өөрт ногдсон хугацаандаа л өөрийгөө эрж олж, мөнхжүүлээсэй гэсэн санаа гаргасан. Бурхнаас хүн бүрт адил тэгш хугацаа өгдөггүй шүү дээ.
-Хэзээнээс үзэгчдэд хүрэх бол?
-Өчигдөр /уржигдар/ хүүхэлдэйн театрын тайзнаа нэг удаа тоглосон л доо. Үзсэн хүмүүс ахиад тоглуулах санал тавьж байгаа ч боловсруулалт дутуу байна гэж бодсон. Сайжруулж байгаад “Гэгээн Муза” наадмаас өмнө тоглох боломж гарвал тоглоно.

Хөдөөгийн театр хүчтэй өрсөлдөгч гэдгээ баталсан

Гурав дахь удаагийн “Гэгээн Муза” наадмаар драмын болон дуулалт жүжиг, хөдөөгийн театрынхан гэсэн гурван төрлөөр шилдгээ шалгаруулж байсан. Түүнээс хойш хөдөөгийн театруудыг ингэж ханаар тусгаарласан удаагүй ч тэдний уран бүтээл нийслэлийнхэнд хүрэх нь ховор. Тэгвэл үүнийг үгүй хийсэн зүйл өнгөрсөн онд тохиосон билээ. Төв аймгийн “Монгол туургатан” театрынхан “Хязгааргүй” моно операг найруулан тавьж, олон үзэгчид хүргэсэн төдийгүй “Гэгээн Муза”-гийн Гран приг авч чадсан байдаг.
Энэ амжилтыг үргэлж­лүүлэхээр “Гэгээн муза 2012”-т хөдөөгийн театруудын олон чанартай уран бүтээл өрсөлдөж байна. Эдгээр бүтээлийн төлөөлөл болгож Архангай айм­гийн Хөгжимт драмын теат­раас өрсөлдөж буй “Тамын дур­лал” драмын жүжиг, “Чип­поли­нод тохиолдсон адал явдал” хүүхдийн жүжгийг найруул­сан УДЭТ-ын найруулагч Ч.Түвшингийн сэтгэгдлийг сонслоо.
-Таныг УДЭТ-ын най­руулагч атлаа Архангайн Хөгжимт драмын театраас оролцож буйд гайхах хүн олон байгаа?
-Би УДЭТ-т тавигдсан бүх жүжигт оролцож өөрийнхөө үүргийг гүйцэтгэсэн. Ажлаа цалгардуулаагүй. Гэхдээ Архангайн хөгжимт драмын театрынхан надад итгэл хүлээлгэж, энэ жил тавьсан уран бүтээлүүдээ найруулах боломж олгосон. УДЭТ-ын ч, Архангайн театрын ч бай аль нэг нь шилдэг бүтээл болбол миний нэр гарах болов уу гэж бодож байна.
-Хамгийн хэцүү үзэгч бол хүүхэд гэдэг шүү дээ. Хүүхдийн жүжгийг най­руулан тавихад хэр хүндрэлтэй байдаг юм бол?
-Ирээдүйн театрын үзэгчдийг бэлдэхийн тулд шинэ хүүхдийн жүжгүүдийг аль болох олон тавих ёстой. Тийм ч учраас үүнийг өөрт ногдсон үүрэг гэж уран бүтээлч хүний хувьд үздэг. Тиймээс ээлжит хүүхдийн жүжгээ найруулан тавиад “Гэгээн Муза” наадамд сойгоод байна. Миний хийсэн уран бүтээлийн л нэг. Хийсэн зүйлээ дараа нь тэр хэцүү байсан гээд тоочих дэмий.

Тоон дотор үсэг цохиж явна

“Гэгээн Муза 2012”-т өрсөлдөж буй уран бүтээлчид батламжаа гардах үед хошин урлагийн “ТВ коктейл” хамтлагийнхан болон жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, П.Эрдэнэзаан нар хүрэлцэн ирсэн нь их содон харагдаж байлаа. “ТВ коктейл” хамтлагийнхан энэ жил Францын “Хоёр ертөнцийн буудал” драмын жүжгийг тоглосон нь өдөр бүр суудал дүүрэн үзэгчтэй байсан. Тэд энэ жүжгээрээ драмын жүжгийн төрөлд нэр дэвшиж буй. Бас л энэ жилийн ширүүхэн тулааны өвдөг чичрүүлсэн өрсөлдөгчид.
Харин Амбий, Заанаа хоёрын хувьд инээдмийн жүжгийн төрөлд өрсөлдөж байгаа “Дорнод нутаг” клубийн бүтээл “Найрын ширээний ууц” жүжгийн уран бүтээлчдийг төлөөлөн иржээ. Амбий өөрийн батламжаа гардаад “Өө, миний хамгийн муухай гарсан зургийг батламж дээр тавьсан байна” гэхийг сонссон Заанаа “Танд өөр гоё зураг байдаг юм уу, бүгд л иймэрхүү юм билээ” хэмээн хошигносон. Заанаагийн хувьд түүний тоглосон дүрийг өмнө нь ардын жүжигчин Ц.Гантөмөр бүтээж байсан учраас дүрээ их хайрладаг хэмээн ярьж байсан юм.
Ингээд морьд гараанаасаа гарлаа. Чухам хэний гарт “Гэгээн Муза”-гийн 10 дахь цом гялалзахыг хүлээх л үлдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан