Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.ГАНТУЯА: МОНГОЛ УХААН МАЙДАРЫН ЭРИН РҮҮ ОЙРТОЖ БАЙНА

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Богд хан уулын өвөрт энэ онд томоохон бүтээн байгуулалт өрнөх гэж байгаа билээ. Сайн цагийн таван бурхны нэг Майдар бурхны дүрийг /108 метр өндөр, 54 метр өргөн/ залах юм. Монгол түмний их шүтээн болох Майдар бурхны талаар МУИС-ийн Шашин судлалын тэнхэмийн эрхлэгч М.Гантуяатай ярилцлаа.
 
-Эхлээд та бүхний бүтээхээр зорьж, их ажил эхлүүлээд байгаа Их Майдар бурхны үүх түүхийн талаар хоёулаа ярилцах уу?
-Майдар бурхны талаар ярихын өмнө Бурхан шашны талаар ярих нь зөв болов уу. Бурхан шашныг үндэслэгч нь Будда буюу Сидхартха Гавутама манай эриний өмнөх 2500 жилийн тэртээ Энэтхэгт амьдарч байсан хүн. Тэрээр номын хүчээр орчлонгийн мөн чанарыг олж мэдээд хүмүүст тайлбарласнаар бурхны сургааль дэлгэрсэн гэдэг юм. Тухайн үедээ Будда 80 наслаад нирваан дүрийг олсон ч түүний сургаалийг одоог хүртэл дэлхийн олон хүн даган залбирч байна.
Сургаалийн гол утга нь алга болдог зүйл хэзээ ч байхгүй, бүх зүйл мөнх. Үйлийн үрээр тасралтгүй үргэлжилж амьдарсаар байдаг. Мөн шавж хорхойнууд биднийг хүн гэж харж чаддаг уу, үгүй юу гэдэг шиг бид хүн төрөлхтөнөөс агуу том амьтан байгааг харж мэддэггүй байж магадгүй шүү дээ. Тэдгээр агуу зүйлүүдийн тухай бурхны номонд маш тодорхой заасан байдаг.
Будда амьдарч байсан цаг үед энэтхэгчүүд оюун ухааныг маш их дээдэлдэг байж. Тийм учраас Будда тэр цаг үед төрөөд тэдэнд сургаалиа айлдахад ойлгох ухаан байж шүү дээ. Ер нь ямар нэг үндэстэн бурхны сургаалийг хүлээж авах бол тэр хэмжээгээр оюун санаагаа хөгжүүлсэн байх хэрэгтэй. Ямар нэг юмыг цуглуулахын тулд сав хэрэгтэй байдагтай адилхан. Хүн төрөлхтөн тэр оюун ухааныг дээдэлдэг, хүндэлдэг бол бурхад залраад л байна гэсэн санаа.
-Тэгэхээр бүх зүйл мөнх юм бол Будда одоо хаана байгаа вэ гэсэн гэнэн асуулт тавьбал та хэрхэн хариулах бол?
-Зургаан зүйлийн тэнгэрийн орон байдаг. Хамгийн доор нь Махранзын тэнгэр, 33 тэнгэр, Байлдаанаас хагацсан тэнгэр, Төгс баясгалант тэнгэр гэж байдаг. Будда нирваан дүр үзүүлсний дараа Төгсбаясгалант тэнгэрт залраад сургаалиа айлдаж байгаа гэж үздэг. Тэр орны нэг хоног нь хүний амьдралын 2000 жилтэй тэнцэх хэмжээний урт. Буддагаас хойш зургаан их хутагт дахин төрж, түүний сургаалийг үргэлжлүүлсэн. Тэдний нэг хутагт Асанга бясалгалын хүчээрээ Төгс баясгалангийн оронд очиж Буддагийн хойт дүр болох Майдар бурхантай уулзсан байна. Тэгэхээр Майдар бурхан бол Буддагийн хойт дүр байх нь.
-Та “Майдарын эрин: Нийгмийн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурлын үеэр Майдар бурхны таван сургаалийн талаар илтгэл тавьж байсан. Тэр таван сургааль нь хэзээ Майдар бурхнаас дамжаад хүн төрөлхтөнд ирсэн юм бэ?
-Худагт Асанга Майдар бурхантай уулзаад ирэхдээ таван ном сонсч ирсэн гэдэг юм. Тэр нь манай Монголд их алдаршиж, дэлгэрсэн. 20 дугаар зуунаас хойш түүнийг ухаж ойлгосон мэргэдүүд маань үгүй болчихсон гэж үздэг. Гэхдээ одоо тэр таван сургаалийг ухаж ойлгодог, билэг ухааныг дээдэлдэг болсон цагт Майдар бурхан заларч, таван сургаалиа улам гүнзгийрүүлэн айлдах болно гэдэгт л бурхны шашин шүтдэг хүмүүс итгэдэг юм.
-Майдарын таван номонд чухам юуны талаар сургасан байдаг юм бол?
-Хүний сэтгэлгээ хязгаарлагдмал. Үүнээс ангижрах арга бол аливаа юмны хоёр талын аль нэгийг барих биш дундыг нь барьж дадвал, сэтгэл ухаан уудам болно гэсэн сургааль байдаг. Аливаа юмыг тэнцүүлэх учиртай гэсэн үг. Бүх төрөлхтөн хоорондоо холбоотой. Түүнийг ойлгосон үед бүх төрөлхтөн нэгнээ хайрлаж нигүүлсэх болно. Тэр цагт л Майдар бидний дунд залрах учиртай гэж сургадаг юм.
-Майдар бурхан оюун санааг дээдэлдэг болсон цагт заларна гэсэн. Тэр цаг үеэс нь өмнө түүний дүрийг бүтээгээд, дахин шүтэх шаарлагатай юм уу?
-Шашны зан үйл, шүтлэг бол тухайн бурхныг шүтэж байгаагийн илэрхийлэл. Хүн бүр ээжийгээ хайрладаг. Тэгэхэд та бид ээжийгээ сэтгэлдээ хайрладаг болохоор хэлэхгүй байсан ч болно гэж бодоод яваад байх уу.
-Үгүй ээ. Хэлнэ.
-Түүнтэй л адилхан. Та ээждээ цэцэг аваад очиход авлига биш, хайраа илэрхийлж байгаа хэлбэр биз. Дээр хэлснээр бүх төрөлхтөн хоорондоо холбоотой юм бол дээр байгаа бурхдад ч гэсэн бид өөрсдийнхөө хүндэтгэлийг үзүүлж болно. Тэр хүндэтгэлийн нэг илэрхийлэл бол бурхны дүрийг бүтээж, дахин шүтэх.
-Тэгэхээр Майдар бурхан манай оронд ч гэсэн залрах боломж бий л юм байна...?
-Болохгүй гэх газаргүй. Хэзээ бид оюун санааг дээдэлж, хүндэлдэг болно тэр үед л Майдар бурхан залран ирнэ дээ.
-Дашчойлон хийд Майдар бурхныг гол болгож тахидаг юм билээ. Бас Майдар бурхны томоохон дүрийг бүтээх ажлыг эхлүүлээд байгаа гэсэн?
-Дашчойлон хийдээс Богд хаан уулын өвөрт Майдар бурхныг сүндэрлүүлэхээр зэхэж байгаа, “Их Майдар” төсөл өрнө зүгт хэрэгжихээр болсон, Дамбадаржаалан хийдээс нийслэлийн умард зүгт Майдар бурхныг залахаар зэхэж байна. Эд хоорондоо холбоогүй мөртлөө нэг цаг хугацаанд хийгдэхээр гараад ирсэн төслүүд байгаа биз. Үүнийг би цаанаасаа л учир холбогдолтой зүйл болов уу гэж билгэшээж байгаа.
-Магадгүй Майдарын эрин ойртож буйн дохио ч юм бил үү?

-Ямар ч байсан монголчууд маань хаа хаанаас илүү Майдарыг дахин шүтэж байгаа нь Монгол ухаан тэр зүг рүү ойртож байгаагийн илрэл байх.
-Баян Намсрай бурхныг эд хөрөнгө, мөнгөний бурхан гэж шүтдэг шиг Майдар бурхныг оюун ухаан дээдэлдэг бурхан гэж ойлголоо?
-Майдар гэдэг үг бол Асралт гэсэн үг. Асрах гэдэг нь бүх төрөлхтөн хоорондоо холбоотой түүнийгээ ойлгож нэгнийгээ тэтгэхийг бэлгэддэг бодь сэтгэл.
-Майдар бурхны дүрийг залах гэж буй нь сайн хэрэг. Гэхдээ номынх нь дагуу бүтээж чадахгүй бол буруудах байх?
-Хүний хийж байгаа ямар нэг зүйл чин сэтгэлээсээ л бол бурууддаггүй гэж бурхны номонд заадаг. Тэгэхээр сэтгэл нь зөв бол буруудах зүйлгүй.

Б.Цэдэв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан