Ардын аман зохиолын төрлүүдээс бичгээр уламжлагддаг хоёрхон зүйл байдгийн нэг нь уртын дуу. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэн Ж.Сүхбаатар үе дамжин уламжилж ирсэн уртын дууны гар бичмэлээ олны хүртээл болгохоор шийджээ. Түүнд өвлөгдсөн гар бичмэлд 28 дууны үгийг монгол бичгээр буулгасан байсан ч цаг хугацааны эрхээр зарим хэсэг нь элэгджээ. Гэлээ ч эдгээр дууг сэргээхийн төлөө Ж.Сүхбаатар болон шинжлэх ухаан, түүх, соёлын өвийн асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд сэтгэл нэгдэн ажилласан байна. Энэ ажлын үр дүнд 19 уртын дууг ард иргэдийн дундаас, радио телевизийн архив фондоос олж амьдруулсан бол бусдынх нь аялгууг мэдэх хүн олж чадаагүй гэнэ.
Хэдий тийм ч гар бичмэлийг ном болгон хэвлүүлж, мэдэгдээд буй 19 дуугаар цомог гаргаж өчигдөр нээлтээ хийлээ. Өмнөговь аймгийн Баян-Овоо, Ханбогд, Даланзадгад сумын иргэд номын нээлтэд ирсэн байлаа. Тэднээс хамгийн онцгой нь Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, түүний ах Б.Цэвээнзэн нар юм. Б.Цэвээнзэн гуай бол өмнийн говийнхон дуулсаар ирсэн олон уртын дуунаас нэлээд мэддэг цөөхөн хүний нэг юм. Тэрээр “Хурдан сайхан” хэмээх уртын дуугаар номын нээлтийг эхлүүлж, хан хуурч Ц.Цэрэндорж хуураа эгшиглүүлэв. Энэ зуур уртын дууны өвлөгч Ж.Сүхбаатарын сэтгэгдлийг хуваалцсан юм.
-Сайн байна уу. Танд ховор сайхан уртын дууны гар бичмэл өвлөгдөж иржээ. Хэрхэн өвлөн авсан тухайгаа ярихгүй юу?
-Ардчилал сэргэж, ардын дуу эргэн ирж, манай ард түмэн Монголоороо бахархаж байгаа энэ түүхэн цаг хугацаанд уртын дууны гар бичмэлийг хэвлэж гаргахад тусалсан хүмүүстээ юуны өмнө баярлалаа гэж хэлье. 10 үеийн өвөг дээдэс минь энэ гар бичмэлийг өвлүүлсээр надад ирлээ. Олон үе дамжиж ирсэн учраас зарим мөр нь баларч, хуудас нь урагдсан явдалд харамсдаг байсан юм. Гэхдээ одоо унших ном хэвлэгдэж, сонсох цомог гарч олны хүртээл болж байгаад баяртай байна.
-Та энд байгаа уртын дуунаас хэдийг нь мэдэх вэ. Уртын дуу гэх өв соёлыг та юу гэж боддог вэ?
-Би зөвхөн дууны шүлгийн гар бичмэлийг өвлөснөөс биш өөрөө дуулдаггүй. Гэхдээ манай нутагт уртын дуу дуулж, сурталчилж байгаа олон хүн бий. Жишээ нь СГЗ, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж хуураар, түүний ах Б.Цэвээнзэн дуугаар өвлөж яваа. Уртын дуу уянгалахад манай улсын уудам дэлгэр нутагт хүн бүрт хүрдэг юм. Уулс хангай, ус ургамал, их эзэн Богд Чингис хаан, түүхийн улбааг холбож өгдөг соёлын үндсэн өв бол уртын дуу гэж би боддог. Яагаад гэвэл бидний уртын дуу Хан Хэнтийгээ Хэрлэнтэй нь, Хан тайшираа Тамиртай нь, Хөгнө ханаа хуртай нь, өргөн их говио хулантай нь, хөлгүй гол нуураа загастай нь, эзэн дээд тэнгэрээ Чингистэй нь, эцэг өвгөдийг минь эрдэнэстэй нь багтааж магтан дуулсан байдаг юм.
Ж.Сүхбаатар гуайн номын ажилд Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн, “Оюу толгой” ХХК-ийн Соёлын өвийн хөтөлбөрийн хамт олон гар бие оролцжээ. Хоёр жилийн турш дээрх уртын дуунуудаас мэдэх хүн олохоор эрэл хайгуул хийсэн гэнэ. Ингэхдээ 120 гаруй хүнээс их, бага хэмжээгэээр мэдээлэл авчээ. Соёлын биет бус өвийг эрэлхийлэх, судлах ажил хариуцсан ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун энэ ажлын мөрөөр уртын дуунаас гадна олон шинэ зүйл нээсэн гэлээ. Тухайлбал, зөвхөн Ханбогд сумын хэмжээнд 180 гаруй биет бус өвийн шинэ зүйл илрүүлжээ. Мөн Богд Зонхов, Далай ламд зориулсан уртын дууны үг, шүлэг олсондоо ихэд олзуурхаж байлаа. Түүнчлэн эртний цайны замын цаг үетэй холбогдох 800 ханз үсэг бүхий ховор бичиг олжээ.