Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.САРАНТУЯА: МӨРӨӨДВӨЛ БИЕЛДЭГ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ БИЕЭРЭЭ МЭДЭРЧ ЯВНА


Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяатай хамгийн сүүлийн уран бүтээл болох “Миний сайхан ээж” дууны  тухай яриа өрнүүллээ. “Сүүний үнэр шингэсэн...” гэж эхэлдэг Монгол хүн бүрийн мэддэг энэ сайхан уран бүтээлийг тэрээр урын сандаа нэмж, шинэ өнгө аясаар дуулжээ.  

-Шинэхэн дуугаа саяхан өлгийдөж аваад, дүрсжүүлсэн гэсэн. Монголчуудын сайн мэдэх дууг шинээр  амилуулсан байна?
-1960-аад оны уран бүтээл болох “Миний сайхан ээж” дууг өөрийнхөөрөө дуулаад сонсогч, үзэгчдэдээ хүргэхэд бэлэн боллоо. Энэ дууны аяыг “Жалам хар” бүжгийн хөгжмийг зохиосон Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Чойдог гуай, үгийг нь яруу найрагч Дамдий Ядам зохиосон юм билээ. Анх гавьяат жүжигчин, дуучин Цэрэндолгор гуай дуулж олонд хүргэсэн шүү дээ.
...Миний ээж сайхан ээж
Мяндас зөөлөн уян ээж.../дуулж үзүүлэв/ гээд л дуулдаг. Харин энэ удаа хөгжмийн найруулгыг “Sweetymotion” хамтлагийн продюсер Чинбаат  хийсэн.

-Хүмүүсийн хамгийн сайн мэддэг энэ бүтээлийг та өөрийнхөөрөө дуулсан гэлээ. Дуулалтын хувьд ч юм уу юуг нь өөрчилсөн юм бол?
-Доогуур өнгөөр дуулсан. Хүмүүс дагаад дуулахад ч амар. Нарийхан өнгөөр эхлүүлээд л дээшээгээ орилоод дуулдаг шүү дээ. Түүнээс нь өөрөөр дуулсан. Эх орны сэдэвтэй дууг орилж дуулж байгааг сонсохоор хайрлаад эсвэл загнаад байгаа нь ялгагддаггүй юм. Тийм учраас намуухан өнгөөр ээждээ хайртай гэж аялгуулан дуулсан даа.

-Клипэндээ өөрийнхөө ээжийг тоглуулаагүй харагдсан?
-Нийтэд зориулж хийсэн уран бүтээлээ өмчиллөө гэдэг шүүмжлэл гараад байгаа. Тийм болохоор ээжийгээ тоглуулаагүй. Гэхдээ энэ дуугаа ээждээ зориулж дуулсан. Өмнө нь би ерөөсөө ээждээ тийм сэтгэл хөдөлгөсөн зүйлээр бэлэг барьж байгаагүй юм билээ. Миний дуулсныг сонсоод ээж маань маш их баярласан.

-Хүний сэтгэлд хүртэл дуулахын тулд бүтээлдээ уусах хэрэгтэй гэдэг?
-Тийм ээ. Энэ дуугаа бичүүлэхээр явахдаа Сарангоо эгчийгээ дагуулаад очсон л доо. Ээжийгээ бодоод уйлаад дуулж байхад намайг хүлээж байсан Сарангоо эгчид ч гэсэн хэцүү санагдсан гэсэн. Дүү нь уйлаад дуулж байхаар дагаад уйлмаар байсан ч хөгжмийн найруулагч, студийн ажилтнууд гээд олон хүний дунд уйлж чадахгүй их хэцүү байсан гэж билээ. Энэ дууг анх удаа ингэж ойлгож,  сонсч үзлээ гээд л эгч маань ярьсан.

-Удахгүй болох Цагаан сардаа хэр бэлтгэж байна даа?
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд буузаа хийлээ. 800 гаруй бууз болсон. Гадуур явж хүмүүсийн гар цайлгах бэлгээ цуглууллаа. Зочдоо дайлах зүйлсээ бүгдийг нь базаасан.

-Тэгвэл та сар шинийн баяртаа чамгүй сайн бэлдэж дээ?
-Тийм ээ. Битүүний өдөр Солонгост байгаа монголчуудтайгаа уран бүтээлээрээ бэлэг барьж “Аргагүй Монгол аялгуу” тоглолтоороо уулзах гэж байна. Тийм болохоор Цагаан сарынхаа бэлтгэлийг эрт базаасан. Шинэ жилээр тоглолт хийхээр уригдаж очоод Монголын найман айл тутмаас нэг хүн Солонгост ажил хийдгийг мэдсэн. Тийм учраас тэдэнд заавал энэ тоглолтоо хүргэхийг бодсон юм. Гэхдээ тасалбарын үнэ хямдхан байх болно. Би үнэгүй зүйлд дургүй. Монголчууд үнэгүй зүйл рүү хошуурдаг зан ерөөсөө таалагддаггүй. Энэ хорвоо дээр хэзээ ч үнэгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Өнөөдөр үнэгүй авсан юмныхаа үнийг маргааш заавал төлөх ёстой болдог.

-Таныг шинэ оноо Солонгост гаргасан гэж байсан. Цагаан сараар бас тэнд байх хэрэг үү?
-Битүүнд Сөүлийн Сёжон цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийчихээд, шинийн нэгэнд Монголдоо ирнэ. Үндэснийхээ баяраар гэртээ байхгүй бол болохгүй шүү дээ. Манай гэрийнхэн Цагаан сарынхаа баярыг их өргөн тэмдэглэдэг.

-Өнгөрсөн онд “Аргагүй Монгол аялгуу” тоглолтоо нэлээд хэдэн орноор тоглосон санагдана?
-Анх дэлхийг тойрч “Аргагүй Монгол аялгуу” тоглолтоо хийнэ гэсэн мөрөөдөлтэй байсан. Гэхдээ тухайн тоглолт хийсэн орныхоо томоохон цэнгэлдэх хүрээлэнгийн тайзан дээр тоглох бодолтой байлаа. Хагас жилийн турш мөрөөдлөө биелүүлэхийг зорьж зүтгэсэн. Мөрөөдвөл биелдэг юм байна гэдгийг биеэрээ мэдэрч байна даа.
Өнгөрсөн онд АНУ, Турк, Солонгос зэрэг орноор явж, тоглолтоо сонирхууллаа. Цаашид Европын орнуудаар аялан тоглолтоо хийнэ гэж бодож байгаа. Энэ жил заавал Японы төв театрт үндэсний хэв маягаа харуулсан тоглолт  хийнэ гэж төлөвлөсөн.

-“Аргагүй Монгол аялгуу 2” цомгоо гаргана гээд фэнүүддээ амлачихсан. Мартаагүй байх?
-Мартаагүй шүү. Цомгийн ажлаа эхлүүлсэн. Гэхдээ сүүлийн үед өөр шинэ уран бүтээл дээр төвлөрч ажиллаж байгаа. Тэднийгээ удахгүй хүргэх болно гэдгээ танай сониноор дамжуулаад шинэ уран бүтээлийг маань хүлээж байгаа хүмүүстээ хэлье.

-Сүүлийн үед рок попынхон кино урлагт хүч сорих боллоо. Таны хувьд кино урлагийг хэр сонирхдог вэ. Кинонд тоглооч гэсэн санал ирж байна уу?
-Уг нь нэг түүхэн кинонд тоглох санал ирсэн. Миний тоглолт уран бүтээлийн хуваарьтай давхцаад байсан учраас амжаагүй. Гэхдээ кино хийе гэсэн бодол бий. Найруулна гэсэн үг биш л дээ. Зохиолынх нь санааг гаргадаг ч юм уу, продюссерлэж болно. Гэхдээ би хайр, харуусал, уйтар гунигтай кинонд дургүй. Дүр бүтээхийн хувьд бол надад эрэлхэг дайчин эмэгтэйд тоглооч гэсэн санал ирвэл зөвшөөрнө. Тийм л дүр бүтээж чадах байх. Өнөөдөр /өчигдөр/ би “Ромео Жульетта” мюзиклийн өрлөг эхийн дүрийг бүтээж клипэнд  нь тоглоод ирсэн.

-Та “Ромео Жульетта” мюзикльд тоглохоор болов?
-Тийм ээ. Анх надад өрлөг эхийн дүрийг найруулагч Лхагвасүрэн санал болгоход “Би тийм хөгшин хүний дүрд тоглохгүй” гээд л шууд татгалзсан. Тэгсэн Лхагвасүрэн та youtube сайтаас “Ромео Жульетта” мюзиклийг ганцхан удаа л үзчих гэсэн. Үзсэн чинь юун хөгшин өрлөг эх. Ёстой сайхан хүн тэр дүрд тоглосон байлаа. Тэгээд л саналыг нь хүлээж авсан даа.

-Уран бүтээлчид нас тогтоод ирэхээрээ өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн ном, кино гаргадаг. Танд бодсон зүйл байдаг болов уу?
-Өөрийнхөө амьдралаар ном гаргах гээд ерөнхийдөө бэлтгэчихсэн. Кинонд бүх зүйлийг гуйвуулж ч юм уу, уран сайхны маягтай болгож гаргадаг. Миний амьдралд бусдын өмнө дэлгэцээр үзүүлж гайхуулах сонин зүйл байхгүй. Тэгээд ч би өөрийнхөө амьдралыг гуйвуулмааргүй байна.

-Дуучин Д.Болд өнөөдрөөс /өчигдөр/ өөрийнхөө “Монгол поп 2” цомгоо itunes-ээр худалдаалж эхэлсэн. Цомгоо интернэтээр худалдаалах талаар та боддог уу?
-Дуучид бид чинь минут тутам мөнгөө алдаж байгаагаа мэддэггүй. Бидний дууг ашиглан хууль бус аргаар мөнгө олж байгаа хүмүүс олон байна. Цаашид өөрийнхөө www.sarantuya.mn сайтаараа уран бүтээлээ худалдахаар төлөвлөж байгаа. itunes-ийн нэрийг барьсан хүмүүс ирж надтай гэрээ хийхээр оролдож байсан л даа. Гэхдээ одоо Болд маань гэрээ хийсэн учраас өөрийнхөө хуулийн зөвлөхийг уулзуулж, туршлага судална.

-Саяхан рок попынхон ШӨХТГ-т ам барьдаг дуучдыг илрүүлэх, хариуцлага тооцож өгөөч гэсэн хүсэлт хүргүүлсэн?
-Тэр хүсэлтийг дэмжиж байгаа. Бэлхүүсээрээ дуулдаг хүмүүс сүүлийн үед олон болж. Үзэгчид ч гэсэн ам барьдаг дуучдын тоглолтын тасалбарыг худалдаж авч үзээд тэднийг улам өөгшүүлээд байдаг. Тийм юм үзэж байхаар хэдэн арван хөгжимчдийн гараа хөдөлгөөд, улаан хоолойгоороо дуулж байгаа дуучны тоглолтыг үзэх хэрэгтэй шүү дээ.

0 Сэтгэгдэл
Та үнэгүй авсан бол хэзээ нэгэн цагт заавал төлнө .үүнийг баттай хэлье.Сараа бас үүнийг мэддэг юм байна л даа.
Хамгийн их уншсан