Галт буугаар буудаж буй манжууд руу Бундир арваад цэргийн хамт сэлмээ сугалан довтлоход Ану хатны өөдөөс давшин орж ирэх арваад манжтай Балсан, Баваасан нарын цэргүүд цавчилдах.
“Бүслэлт сэтэрлээ” хэмээгээд Ану хатныг суманд оногдож үхэтхийн унахад ар өвөргүй сум зоолгоостой Балсан эзэн хатнаа тэврэн авна. Манал баатар Ану хатныг харавсан жанжныг жадлан хөнөөв. Эр зориг, эрэмгий зан, гоо үзэсгэлэн гээд бүх зүйл цогцлон заяасан Ану хатан өөрийн насны хайрт Галдан хааныг манжуудад амьдаар баригдах вий хэмээн өөрийн амиа золин байж манжийн бүслэлтийг сэтэлсэн нь энэ. Ану бол ойрад нутгийн Хошуудын Очирт сэцэн хааныг нас сүүдэр тавь хүрч явахад нь голоос хайртай Доржравдан хатнаас нь заяасан отгон үр нь юм.
Түүх ийн эхэлдэг. Агуу хайр дурлалынхаа төлөө өөрийгөө золиосолсон домогт Ану хатны түүх дэлгэцнээ бодитоор амилах мөч ирлээ. Бүтэн жилийн хугацаанд бүтээсэн Монгол хатны тухай хоёр дахь томоохон бүтээл бэлэн болжээ. Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” зохиолоор бүтсэн тус киноны найруулагчаар Т.Алтанцэцэг, гол дүрд дуучин Д.Отгонцэцэг тоглосон юм. Энэ нь түүхэн эмэгтэйн тухай киноны голлох ажлыг эмэгтэйчүүд нугалсан гэдгийг харуулах биз ээ.
Д.Отгонжаргал чадах болов уу“Ану хатан” киноны гол дүрийн жүжигчнээр дуучин Д.Отгонжаргалыг сонгоход гайхаж, эргэлзэх хүн олон байсан гэсэн шүү. Түүнийг сонгоод байхад зохиолч, продюсер Б.Шүүдэрцэцэгт хүмүүс хандаж, “Мандухай хатны дүрийг монголд байгаа киноны жүжигчний мэргэжилтэй хоёр хүний нэг бүтээсэн шүү дээ. Ардын жүжигчин Н.Сувд гуай Мандухайг амилуулчихаад байхад, хүмүүс тэрнээс илүүг л харахыг хүснэ. Дуучин хүний чадах зүйл мөн үү” гэх нь их байжээ. Гэсэн ч шийдвэртээ үнэнч зогссон нь амжилт дагуулсан аж. Анхны зураг авалтад өнгөрсөн дөрөвдүгээр сард гарахад уран бүтээлчдийн ихэнх нь сэтгэл дундуур байсан ч Д.Отгонжаргал “Өвлийн хүйтэнд хоол ундгүй хөдөө тоглолтоор явах үе байдаг” гээд огт шантраагүй гэсэн. Түүгээр ч зогсохгүй тэрээр дайны хэсэг бүрт өөрөө тоглосон талаар киноны уран бүтээлчид ярьж байлаа. Түүний дүрийн нэг хэсэг морин дээр давхиж байгаад газраас сум шүүрэхийг олон удаа дахиулсан ч тэрээр энэ бүхнийг орлон тоглогчгүйгээр амжилттай гүйцэтгэжээ.
Б.Шүүдэрцэцэгийн 42 насанд төрсөн хүүхэдКино санаачилсан, зохиолыг бичсэн, продюсерласан гээд арын албыг хашсан Б.Шүүдэрцэцэг 42 настайдаа хүүхэдтэй болжээ. Энэ бол мэдээж “Ану хатан”. Өнөөдөр түүний төрсөн өдөр билээ. “Кино бол хамгийн азгүй урлаг. Учир нь, түүний бүх зүйл мөнгөнөөс хамаардаг” хэмээн нэгэн мэргэн хүн онож хэлсэн байдаг. Гэтэл тэр азгүй урлагт зоригтойгоор хөл тавьсан түүнд төрсөн өдрийн мэнд хүргэе. Гэхдээ тэрээр анхны дэлгэцийн бүтээлээ далайцтай хийсэн гэхэд болно. “Ану хатан” түүхэн кино хоёр цаг 45 минут үргэлжилнэ. Тийм ч учраас кино театруудаар гарах үнийн тариф нь ердийнхөөс 2000 төгрөгөөр илүү байна гэсэн.
Сонин хүн
“Мөн ч их хүлээсэн дээ” гэдэг үгийг эхнэрийнхээ биш, охиныхоо амнаас сонсдог цэргийн залуугийн дүр бүтээдэг гэхээр хүмүүс андахгүй л болов уу. “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэгийн дүрийг бүтээсэн жүжигчин С.Ариунбямба “Ану хатан” киноны Данжила жанжины дүрд тоглосон байна. Малын эмч мэргэжилтэй тэрээр өмнө нь “Мандухай сэцэн хатан” киноны Нинхай баатарын дүрийг бүтээж байсан билээ.
Гэр бүлээрээ хүчин зүтгэсэн гэнэ үүАну хатны дүрийг бүтээсэн, дуучин Д.Отгонжаргал охин Э.Мөнгөншагайн хамт ээж, охин болон тоглосон байна. Дөрвөн настай Э.Мөнгөншагай Галдан хааны хайрт гүнж Юмчихайн бага насны дүрд тоглосон гэнэ. Мөн ерөнхий продюсер Д.Болдхуяг, зохиолч Б.Шүүдэрцэцэг нарын дунд охин Б.Анима Ану хатны бага насанд, отгон охин Б.Анхилмаа Галдан хааны гүнж Юмчихайн дунд насны дүрийг бүтээсэн байна.
Гавьяат жүжигчин Г.Равдан, хүү Р.Баттогтохын хамт “Ану хатан” кинонд тоглосон бол, ерөнхий найруулагч Т.Алтантуяагийн нөхөр В.Агар нэгдүгээр найруулагчаар ажиллажээ.
“Ану хатан” кинонд Монголын түүхэн дэх 33 тулааны нэг болох Зуун модны байлдааныг дүрслэсэн юм. Тулаантай хэсгийн найруулагч, орлон тоглогчоор ажилласан, ушугийн олон улсын хэмжээний мастер Аска буюу Д.Цэендаштай ярилцлаа. Тэрээр 2005 оноос хойшхи бараг бүх адал явдалт кино, клипний тулаантай хэсгийг найруулж, орлон тоглосон юм.
-Тулаантай хэсгийг найруулсан бас орлон тоглогчоор ажилласан байна. Багагүй хүндрэл гарсан байх?
-Энэ кинонд гарсан бүх тулаантай хэсгийг өөрөө бичиж, ерөнхий найруулагчдаа танилцуулаад, тэр хэсгийг нь найруулсан. Тулаантай хэсэг гэхээр сэлмээр зодолдох, нум сумаар харвах, мориор давхих гээд тулааны талбар дээр юу болж болох уу тэр бүгд л орно. Гэхдээ өөр тулаантай Монгол кинонууд дээр гардаг зүйлүүдийг давтахыг хүсээгүй. Тулаан дундахь хүмүүсийн сэтгэл зүйг харуулахыг чухалчилсан. Шархдаад зовж байгаа хүүгээ илүү зовоохгүйн тулд өөрийн гараар бурхны орон руу илгээх эцэг хүний царай ямар байх уу гээд л их олон деталийг оруулсан.
-Киноны зураг авалтын өмнө жүжигчдэд морь унах, нум сумаар харвах зэрэг хичээл заасан гэж байсан?
-Түүхэн кино учраас түүхийг бодитоор харуулах ёстой. Тиймээс судалгаа их хийсэн. Нум сумыг европууд, азиуд өөр өөрөөр барьдаг. Тэрийг буруу үзүүлж болохгүй шүү дээ. Морин дээрээс яаж унах вэ, сэлмээ яаж барих вэ гээд олон зүйлийг жүжигчиддээ заах хэрэг гарсан. Хэдийгээр тулааны хэцүү хэсгүүдэд орлон тоглогч тоглуулсан ч, аль болох жүжигчдийг өөрсдийг нь тоглуулбал зүйтэй шүү дээ. Тэгэхийн тулд жүжигчин тус бүрт сургалт явуулах хэрэгтэй болсон. Гэхдээ бас орлон тоглогчдоо ажилгүй болгож болохгүй. Тэр бүгдийн тунг нь тааруулах гэж хичээсэн дээ.
-Тэгэхээр таниас өөр орлон тоглогчид ажилласан гэсэн үг үү?
-Манай багт надаас гадна 11 хүн ажилласан. Бүгд л 20-30 удаа үхсэн дээ. Орлон тоглогч хүн тулааны хэсэг дээр аль болох царайгаа харуулахгүйгээр л үхэх ёстой. Иймэрхүү том тулаануудад олон мянган цэргийн амь үрэгдэнэ. Тэр олон мянган цэргийг төлөөлж бид хэд үхэж байгаа болохоор танигдаж болохгүй.
-Багт тань эмэгтэй хүн байсан уу. Эмэгтэйчүүдийг орлох хэцүү байх?
-Хоёр нь эмэгтэй байсан. Гэхдээ эрэгтэй хүн эмэгтэй жүжигчинг орлох үе гарсан. Хамгийн гол нь биеийн харьцаа хоорондоо адил байх ёстой. Эмэгтэй эрэгтэй хүн чинь хоорондоо шал өөр шүү дээ. Морин дээр давхиж байгаа, гүйж байгаа нь хүртэл өөр.
-Өмнө нь ийм тулаантай хэсгийг найруулж байсан туршилга бий юү. Түүхэн киноны тулааныг найруулахад хэцүү байх?
-2005 онд гарсан дуучин Сэрчмаагийн “Эрх саран” дууны клипэнд самурайгийн дүрд тоглосноос хойш олон адал явдалт бүтээл дээр ажилласан. Тулаантай хэсгүүд дээр өөртэйгээ зодолдоод, өөрийгөө зодоод л явдаг. Орлон тоглодог учраас намайг гэж үзэгчид мэддэггүй.
-Орлон тоглогч гэдэг мэргэжил манайд тийм ч танил болоогүй байгаа?
-Тийм ээ. Манай алтан үеийн киночид өөрсдөө л хамаг юмаа хийдэг байсан болохоор үзэгчид одоо ч тийм хэвээрээ л байгаа гэж ойлгодог.
М.МЯГМАР: ГАЛДАН ХААНЫ ДҮРД ТОГЛОСОН НЬ МИНИЙ АМЬДРАЛЫН ХУВЬД БАС НЭГЭН КИНО БАЙЛАА

-Галдан хааны дүрийг бүтээх саналыг хэзээ хүлээж авсан бэ. Шалгаруулалт явуулсан гэсэн?
-Одоогоос жил гаруйн өмнө “Ану хатан” киноны дүрийн шалгаруулалтад орж байлаа. Тэр үед сахлаа нэлээн ургуулсан, үс бас тийм ч багагүй байсан. Галдан хааны төрсөн ах Сэнгэ хунтайжийн дүрийг санал болгож дараа нь Галдан хааны баруун гарын жанжин болох Данжила гэх дүрийг санал болгосон юм. Тухайн үед түүхэн кинонд тоглох юм чинь аль ч дүр байсан хичээж ажиллана даа л гэж бодсон. Харин дараа нь тус киноны уран бүтээлчдээс Галдан хааны дүрд тоглох болсноо дуулаад дотроо маш их баярласан ч яг тийм хэмжээгээр айдаст автсан. Хаан хүний сүр хүч, өнгөрсөн олон зуун жилийн үнэн түүхээс жийрхсэн хэрэг л дээ. Дүрээ судлах хугацаа бага байсан ч мэргэжлийн хамт олон, “Ану хатан” киноны зөвлөх найруулагч, ардын жүжигчин Г.Жигжидсүрэн багштайгаа хамт нэг уран бүтээлд орох болсондоо олзуурхаж сэтгэл шулуудсан.
-Таны хувьд анхны түүхэн дүр байх. Дүрээ гаргахад хэцүү байсан уу?
-Ер нь, амархан ажил гэж байхгүй шүү дээ. Амжилтад хүрэх замд хэцүү хүнд бэрх зүйл их тааралддаг. Галдан Бошгит хааны 27-53 насны хооронд туулж өнгөрүүлсэн амьдралыг гаргасан. Энд мэдээж манай зураачид болон нүүр хувиргагч нарын мэдрэмж, ажлын туршлага гол үүрэг гүйцэтгэсэн.
Дүрийн дотоод сэтгэл талаас гэвэл тэр хүний эх орныхоо төлөө амь бие, хайр сэтгэл, үр хүүхэд, амьдралаа гаргуунд нь хаяж тууштай тэмцэж явсан агуу түүхийг өөрийн биеэр дамжуулж гаргана гэдэг нь маш их судалгааны ажил шаардсан. Дотор сэтгэлгээний тал дээр өөртэйгөө их ажиллах хэрэг гарсан. Сэтгэл санаагаа ч дүртэйгээ нэгтгэх гэж их хичээсэн. За тэгээд тулааны хэсэг, ордны хэсэг гээд бүгд л хэцүү зураг авалтууд байсан.
-Цаашид түүхэн дүр бүтээх санал ирвэл хүлээн авах уу?
-Дүр л жүжигчин хүнийг голдог болохоос, жүжигчид дүрийг голох эрхгүй гэж багш маань үргэлж хэлдэг байсан. Надад ямар ч дүр санал болгосон, тухайн дүр нь надад бууж байвал жүжигчин мэргэжил эзэмшсэнийхээ хувьд үүргээ биелүүлэх хэрэгтэй гэж бодогдож байна.
-Та ихэнхдээ эерэг талын дүр бүтээдэг. Тэгэхээр эсрэг дүр санаанд тань буудаггүй гэсэн үг үү?
Эсрэг дүрийг би эерэгээр хардаг. Тэр маш олон хүний уур ундууцлыг хүргэн байж киноны үйл явдлыг сонирхолтой болгодог ч цаанаа мөн л зорилгооосоо хазайдаггүй, үхтлээ үзэл бодолдоо үнэнч нөхрийг илэрхийлдэгт нь би дуртай. -Галдан хаантай сэтгэл санаагаа хүртэл нэгтгэхээр хичээсэн гэсэн шүү дээ. Жүжигчин хүний бүтээсэн дүрээс бага ч гэсэн өөрийг нь харж болдог гэж ярьдаг. Тэгэхээр Галдан Бошгит хаан, жүжигчин М.Мягмар хоёрт ижил төстэй зүйл хэр их байсан бэ?
-Галдан хаан бол том зорилго урдаа тавиад түүндээ хүрэх гэж тууштай зүтгэдэг, аливаа хүнд чадах зүйлээ амладаг, эр хүн шиг байж чаддаг энэ шинж нь миний эрхэмлэж явдаг зан чанартай адилхан байсан. Бас нэг зүйл нэмж хэлэхэд, би Монгол улсын иргэн хүн учраас Монгол нутаг, газар шорооныхоо төлөөх тэмцлийг, өөрийнхөө доторхи эмзэглэлийг Галдан хааны дүрээрээ гаргахыг эрмэлзсэн. Газар нутгийнхаа төлөө гэсэн тэмцлийг бодитоор харуулсан түүхэн дүр учраас дүрдээ үнэхээр дурласан.
-Ану хатны дүрд дуучин Д.Отгонжаргал тоглосон. Түүний хувьд анхны дүр нь. Хамтран тоглоход бэрхшээлтэй зүйл гарч байв уу?
-Би бас дуучин. Урлагийн хүн, дуучин хүн ч ялгаагүй тайзан дээр гарахдаа дуундаа орж жүжиглэдэг. Урлагийг мэдрэх мэдрэмж гэж бий. Отгонжаргал бид хоёрын хувьд мэдрэмжээрээ маш сайн ойлголцож, хамтран ажилласан. Мэргэжлийг нь эзэмшсэн жүжигчин надаас дутах зүйл түүнд байгаагүй. Өөрийгөө өөд өргөөд байх дургүй хүн, хүнийг ч доош дарах сонирхол байдаггүй.
-Гэхдээ сүүлийн үед цөөн уран бүтээл хийчихээд л биеэ тоох залуус их болж?
-Тийм ээ, зөвхөн би гэсэн үзэлтэй залуус их болж. Миний хувьд “Би” гэдэг үзлээр өвчилж явах дургүй л дээ. Онгирох, гоцрох дургүй. Ийм үзэл миний төрөлхийн зан чанарт нийцдэггүй юм.
-Галдан хаан их үйлсийн төлөө зорьж, зорьсноо авдаг дүр гэж тодорхойлсон. Таныг зорьж яваа зүйл ч юм уу, мөрөөдлөөсөө яриач гэвэл...?
-Одоохондоо хэлмээргүй байна. Би мөрөөдлөө зорилго болгоод явж байгаа уран бүтээлч. Бага хугацаагаар хэмжигдэхгүй том мөрөөдөлтэй.
-Жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ ухаажиж, хүмүүждэг гэдэг. Та Галдан хааны дүрээс өөрт үлдсэн зүйлийг залуустайгаа хуваалцахгүй юу?
-“Сэтгэлдээ багтааж чадваас их багын ялгаа үгүй” гэж Галдан хааны хэлсэн үгийн цуурай мөнхөд үлджээ гэж бодогдсон. Шидийн гэмээр хүчтэй болгодог үг. Энэ үгийг хэлүүлэхэд хүргэсэн гол асуудал нь Газар нутгийн төлөөх цуцашгүй тэмцэл. Бид эх орондоо хайртай. Энэ л бидний үнэт зүйл. Эх орондоо хайртай хүн бүхэн үнэт зүйлээ алдаж болохгүй л гэж санагдсан даа.